Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 272

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 5 дугаар багт хаягийн бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12 дугаар гудамж 13 тоотод түр оршин суух, /РД-ДС87020906/, Боржигон Загдын Нүрзэдийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Ажилласан хугацааны цалин 277588 төгрөг, 2014 оны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нийт 347.788 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Нүрзэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Нүрзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Нүрзэд нь Хөхморьт сумын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажилд эгүүлэн томилоод 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр цомхотгосон. Мөн Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж 2016 оны 04 дүгээр сарын 21-ний шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг олгох шийдвэр гарсан юм. 2015 оны 01 дүгээр сараас 06 сар хүртэл хугацааны цалинг иргэний шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгч 2.500.000 төгрөгийн цалин авсан. Тэмдэгтийн хураамж хариуцагчаас гаргах шийдвэр гарсан боловч цалингаас суутгаж авсан 50.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж, мөн 2014 онд шүүхэд тушаасан 70.200, 2015 онд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тушаасан 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх цалин 331.143 төгрөг, нийт 521.543 төгрөгийг Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна гэжээ. 

Нэхэмжлэгч З.Нүрзэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөхморьт сумын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2015 оны 12 дугаар сарын 08-нд ажилд эгүүлэн томилоод 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр цомхотголоор халагдсан. 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх бүх цалингаа авсан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 09 дүгээр сарын цалингаа авсан. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Мөн иргэний хэргийн шүүхээр 2015 оны 09 дүгээр сараас  2015  оны 12 дугаар сарын цалинг авсан. Нийт 3 удаагийн шүүхийн шийдвэрээр цалингаа авсан. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалинг олгоно уу гэж Засаг даргын Тамгын газрын даргаас удаа дараа гуйсан боловч олгоогүй. 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр халагдаад 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эргэж ажилд авч 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эргэж халсан. 2014, 2015 оны улсын тэмдэгтийн хураамжийг цалингаас суутгасан. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 2.500.000 төгрөгийг нэхэмжлэхэд улсын тэмдэгтийн хураамжид 55.000 төгрөг тушаасан үүнийг мөн миний гар дээр авах цалингаас  суутгасан. 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нэг сарын цалин 277588 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Захиргааны хэргийн шүүхэд хандахдаа 70.200 төгрөг тушаасан. Гэтэл Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас миний төлсөн 70.200 төгрөг төлөх байсныг надад олгох цалингаас суутгаж авсан. Мөн 2015 онд Захиргааны хэргийн шүүхэд хандсан 70.200 төгрөг тушаасныг цалингаас суутгаж авсан. Ажилгүй хугацааны цалин 1.383.777 төгрөг олгохоос 1.000.000 төгрөг нь миний данс руу ороод 210.000 төгрөг цалин, 70200 төгрөгийг Засаг даргын Тамгын газраас авах байсныг миний цалингаас гүйцэтгэх хуудасныхаа ажиллагааг дуусгах гэж суутгаж авсан. Гэхдээ өнөөдөр өглөө хурал орохоос өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай уулзахад Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас орсон талаарх баримтыг надад өгсөн, түүнийг хэрэгт хавсаргасан. Тэгэхээр уг мөнгийг гаргуулахгүй. Одоо шүүхээр 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нэг сарын цалин 277.588 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан надад гарт олгогдох цалингаас аваад гүйцэтгэх хуудасны ажиллагаагаа хаасан. Засаг даргын Тамгын газраас надад олгох улсын тэмдэгтийн хураамж орж ирээгүй. 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх хугацааны нэг сарын цалин 277588 төгрөг, 2014 оны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нийт 347.788 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч З.Нүрзэд нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалинд 331.143 төгрөг, цалингаас суутган авсан тэмдэгтийн хураамж 190.400 төгрөг, нийт 521.543 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нэг сарын цалин 277.058 төгрөг, 2014 оны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нийт 347.258 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч З.Нүрзэдийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/21 дугаартай З.Нүрзэдийг ажилд эргүүлэн томилох тухай тушаалаар ажилд эгүүлэн томилж, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ажилд томилох тухай тушаал, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын  талаарх  нотлох  баримтаа  өөрөө  гаргаж  өгөх,  цуглуулах  үүрэгтэй  гэж,  мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс 14 хоногийн дотор ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Батбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагчид 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 98174498 дугаарын утсаар мэдэгдэхэд “...би амарч байгаа, өөр хүн томилж явуулна...” гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газраас 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалинд 277.058 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 347.258 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Нүрзэдэд олгох нь үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас 347.258 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11.068 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага гаргаагүй тул шүүх хүсэл зоригийн зарчмын дагуу зөвхөн цалинг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газраас ажилласан хугацааны цалин 277.058 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллгаааны явцад улсын тэмдэгтийн хураамжид суутган авсан 70.200 төгрөг, нийт 347.258 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Нүрзэдэд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Нүрзэдийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газраас 11.068 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д  зааснаар  нэхэмжлэгч,  хариуцагч,  тэдгээрийн  төлөөлөгч,  өмгөөлөгч  шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН