Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00248

 

 

 

 

 

 

 

 

     2024        01            31                                    210/МА2024/00248

 

 

О ХХКК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03881 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О ХХКК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг, зогсоолын төлбөр 1,094,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 85,094,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, З.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

О ХХКК нь Н.Б-тай 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр МБЗИТ-1-427 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зогсоолын төлбөр хоногт 2000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч Н.Б- нь хүү, алданги, үндсэн зээлээс төлөлт хийгээгүй. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээг 517 хоногийн турш зөрчиж, зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлэхгүй. Талууд зээлийн гэрээний 2.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0.5 хувийн алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 50,000,000 төгрөгөөс алданги тооцоход нийт 129,250,000 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Н.Б-гаас нийт 25,000,000 төгрөгийн алданги нэхэмжилнэ. Иймд хариуцагч Н.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг, зогсоолын төлбөр 1,094,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 85,094,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх тээврийн хэрэгсэл нь манайд өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа гэжээ.

 

2. Хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 60,344,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХКК-д олгож, илүү нэхэмжилсэн 24,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 583,420 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 459,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч О ХХКК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчид нэхэмжпэлийн хувийг гардуулахад тодорхой хугацаа өнгөрсөн.

Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг гардаж авснаас хойш ямар нэгэн хариу тайлбарыг өгөөгүй ба шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд удаа дараа ирээгүй. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “хариуцагч нэхэмжпэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн МБИЗТ-1-427 гэрээг хүчин төгөлдөр эсэх болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй холбоотойгоор маргасан зүйлгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт анхан шатны шүүх хэрэг маргааныг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй болохыг хуульд заасан байхад өнгөрсөн хугацаанд дан ганц хариуцагчтай холбоотой асуудлаар шүүх хуралдааныг товлохгүй хуулийн хугацааг биелүүлээгүй. Мөн хариуцагч маргахгүй байгаа буюу хүлээн зөвшөөрч байгаа байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан хуульд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэрээний алдангид 24,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, зээлийн гэрээнд эрх зүйн дүгнэлт өгсөн нь буруу. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу эрх ашиг нь зөрчигдөж байгаа барьцааны гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч А ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулж, хариу тайлбар авч, хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Эдгээр зөрчлүүдийн  талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч О ХХКК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 50,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг, зогсоолын төлбөр 1,094,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 85,094,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч Н.Б- нь нэхэмжлэлийн хувийг гардаж авч, зохигчийн эрх үүрэгтэйгээ танилцсанаас хойш хуульд зааснаар 14 хоногийн хугацаанд тайлбар болон нотлох баримтаа ирүүлээгүй байх бөгөөд шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэлийн талаар тайлбар хийж, нотлох баримт гаргаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

2. О ХХКК нь хариуцагч Н.Б-тай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн МБЗИТ-1-427 дугаартай зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 6-7/

 

3. Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гэрээнд гарын үсэг зурсан байх тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч О ХХКК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрх бүхий этгээд байх тул талуудын хоорондох харилцаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журам үйлчилнэ. /хх 4/

 

4. Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, 6 сарын зээлийн хүүг шаардах эрхтэй байна.

 

4.а. Харин талууд гэрээний 2.2.-т “зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд ... төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдлээс алданги 0.5 хувийн алданги төлөх”-өөр тохиролцсон байх ба 10 хоногийн алдангийг  хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт нийцнэ.

 

4.б. Мөн гэрээний 1.4-т зааснаар автомашины зогсоолын төлбөрт 1 хоногт 2000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байх ба автомашины зогсоолын 547 хоногийн төлбөрт 1,094,000 төгрөгийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд энэ тухайд хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

4.в. Иймд үндсэн зээлд 50,000,000 төгрөг, зээлийн хүүд 9,000,000 /1,500,000*6/ төгрөг, алдангид 2,500,000 /50,000,000*0.5%=250,000 *10/ төгрөг, зогсоолын төлбөрт 1,094,000 төгрөг, нийт 62,594,000 төгрөгийг хариуцагч Н.Б-гаас гаргуулж, нэхэмжлэгч О ХХКК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангана.

 

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зүйл заалт нь оновчгүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03881 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Б-гаас 62,594,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХКК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “459,670” гэснийг “470,920” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ