Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар багт байрлах Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 11-1а тоотод оршин суух Норовын Загддорж, Нямбуугийн Ариунаа нарт холбогдох

Зээлийн нийт төлбөр 92.348.191,37 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад орлогоор хангуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ханджав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Загддорж нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хас банкны зээлийн шугамын 5001362758 дугаартай гэрээ байгуулж 80,000,000 /Наян сая/ төгрөгний зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар, 24 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар: 1. 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Баталгаат ипотекийн 5000359048-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-0518000631, гэрчилгээний 000166101 дугаартай Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Баянхайрхан баг Нийгмийн даатгалын хэлтсийн баруун талд байрлах 90 м2, 2 өрөө худалдааны зориулалттай дэлгүүр, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Баталгаат ипотекийн 5000359048-01 дугаар гэрээгээр улсын  бүртгэлийн  Ү-0518000632, гэрчилгээний 000166102 дугаартай Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан баг Нийгмийн даатгапын хэлтсийн баруун талд байрлах 200 м2, 3 өрөө граш, агуулах, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Барьцааны 5001362758-01 дугаар гэрээгээр гэрчилгээний дугаар 000530000, НТД-060720074 дугаартай Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баяншанд баг 11-1а тоотод байрлах 2002, 2м2, 3 тал хашаа газрын хамт, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Барьцааны 5001362758-02 дугаар гэрээний хавсралтаар 01-11ГАА улсын дугаартай, Тоуota land cruiser маркийн автомашин, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Барьцааны 5001362758-02 дугаар гэрээний хавсралтаар бүх төрлийн хүнсний бараа анхны өртөгөөрөө тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн шугамын 5001362758 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй  тохиолдолд  Банкны  шаардлагыг   дээрх   барьцаалуулсан   хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Н.Загддорж, Н.Ариунаа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж   шаардаж  байсан  боловч  гэрээний  үүргээ  хэрэгжүүлж,   тодорхой  арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд 5001362758 дугаартэй гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Н.Загддорж, Н.Ариунаа нар нь зээлийн шугамын 5001362758 дугаартай гэрээний 3.4-т заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Н.Загддорж, Н.Ариунаа нарын зээлийн үлдэгдэл 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар: 1.  Зээлийн   шугамын   5001362758   дугаартай   гэрээний   үндсэн   төлбөр 80,000,000 төгрөг, хүү 12,348,191.37 төгрөг, нийт 92,348,191.37 төгрөг. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна: 1.  Зээлийн   нийт   төлбөр   болох   92,348,191.37   төгрөгийг   Н.Загддорж, Н.Ариунаа нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах, улсын тэмдэгтийн хураамжийг Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн дансанд 92,348,191.37 төгрөгөөс тооцож тэмдэгтийн хураамжид 619,691 тегрөг төлсөн болно. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ханджав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хас банкны Говь-Алтай салбар нь Н.Загддорж, Н.Ариунаа нарт холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5001362758 тоот зээлийн шугамын гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 80.000.000 төгрөг, хүү 12.348.191,47 төгрөг нийт 92,348,191.37   төгрөгийг   Н.Загддорж, Н.Ариунаа нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Н.Загддорж, Н.Ариунаа нар нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 80.000.000 төгрөгийг   24  сарын хугацаатай авсан болох нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №5001362758 тоот зээлийн шугамын гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №5001362758-01 дугаартай барьцааны гэрээгээр нотлогдож байна.

Зээлийн шугамын гэрээний 5 дугаар зүйлд гэрээ цуцлах нөхцөлийг зохицуулсан байх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.1-д зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд хэсэгчлэн болон бүрэн биелүүлээгүй, 5.1.4-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа  зогссон  бол  зээлдэгч  гэрээнээс  татгалзах  эрхээ   алдан   банк   нэг   талын санаачилгаар гэрээг цуцалж зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг зээлдэгчээс шаардахаар заажээ.

Зээлдэгч нь зээлийн шугамын гэрээний 3.2.4 дэх хэсэгт заасан зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Н.Загддорж, Н.Ариунаа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж   шаардаж  байсан  боловч  гэрээний  үүргээ  хэрэгжүүлж,   тодорхой  арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн...” гэх тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс 14 хоногийн дотор ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба хариуцагч Н.Загддорж, Н.Ариунаа нарт 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус тус нэхэмжлэлийг гардан авсан байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан байна.

Иймд хариуцагч Н.Загддорж, Н.Ариунаа нараас 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5001362758 тоот зээлийн шугамын гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 80.000.000 төгрөг, хүү 12.348.191,47 төгрөг нийт 92,348,191.37   төгрөгийг  гаргуулж Хас банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн  619.691 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Загддорж, Н.Ариунаа нараас 92.348.191,37   төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 619.691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Норовын Загддорж /РД:ДЮ74081014/, Нямбуугийн Ариунаа /РД:ДЗ74092901/ нараас үндсэн зээл 80.000.000 төгрөг, хүү 12.348.191,47 төгрөг нийт 92.348.191,37   төгрөгийг гаргуулан Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн  619.691 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Загддорж, Н.Ариунаа нараас 92.348.191,37   төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 619.691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-дзааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                   

 

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН