Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0068/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  М.Долгоржав,

Улсын яллагч                                                  Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                          Э.У нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  У-д холбогдох 1939000480040 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1984 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт хувийн малаа маллан амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй Хатгин овогт У /РД: ЛЙ84101970/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.У нь 2018 оны 12 дугаар сарын 19-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг “Сонгинот” гэх газраас иргэн Н.Батдэлгэрийн 1 тооны хүрэн зүсмийн морийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.У нь 2018 оны 12 дугаар сарын 19-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг “Сонгинот” гэх газраас иргэн Н.Батдэлгэрийн 1 морийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Н.Батдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн төвд оршин суудаг юм. Манай адуу Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт буюу Хэрлэн голын урд талаар сумын төвөөс урагшаа идээшилж бэлчдэг юм. Манай адуу нутагшсан учраас хол яваад байдаггүй тул хариулга нэг их шаардаад байдаггүй болохоор би сумын төвөөс явж адуугаа бүртгэдэг юм. ...Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сумын төвөөс  гэрээсээ мотоцикльтой адуундаа явахад  манай адуу сумын төвөөс урд зүгт 7 км орчмын зайд “Мод толгой” гэх газарт байсан. Гэтэл миний хэсэг тусдаа адуугаа дагаад явдаг морьд дотор байсан хүрэн зүсмийн морь маань алга болчихсон байсан. Намайг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвд гэртээ байхад над руу тус сумын иргэн У гэдэг залуугийн эхнэр Отгонтуяа утасдаад манай нөхөр Э.У таны хүрэн морийг чинь хулгай хийгээд үгүй хийчихээд одоо цагдаад шалгуулж байна аа. Бид хоёр таны хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн юм. Тэгээд би хүрэн морийг маань Э.У хулгай хийсэн юм байна гэж мэдсэн........... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 11-16 хуудас/

 

2. Гэрч Б.Амарболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Надаас Баян-Овоо сумын 1 дүгээр багт нутагладаг У гэдэг залуу мөнгөний хэрэгтэй байна чамд 2 даага зарна гээд 2018 оны 09 дүгээр сард 500.000 төгрөг бэлнээр авсан юм. Тэгээд намайг 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр сумын төв дээр байдаг гэртээ өвлийнхөө идшийг хийгээд байж байхад Э.У нь над руу утасдаж чамд өгөх адуугаа өгөх гээд сумын төв дээр адуугаа авчираад Хэрлэнбаярын адууны хашаанд нь хашчихлаа ирж адуугаа аваа гэж хэлсэн учраас би нар шингэж байхад тэр хашаанд нь очиход У адуугаа хашчихсан байсан. Бид хоёр хамжиж толин сартай хүрэн зээрд зүсмийн охин даага, туранхай хүч таргаар муутай улаан хүрэн зүсмийн морь гэсэн 2 тооны адууг барьж авч надаас авсан мөнгөнийхөө оронд өгсөн. Харин У нь өөрийнхөө адуунаас дахин хүрэн зүсмийн охин даагыг барьж өгөөд энэ даагыг чи Хэнтий аймаг руу явахдаа борлуулаад найздаа мөнгө болгоод өгчихөөрэй гэж хэлээд 3 тооны адууг барьж өгөөд бид хоёр тэр 3 тооны адууг нь хөтөлж яваад манай гэрийн хашаанд аваачиж малын саравчин дотор оруулж уясан. ... 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр адуунуудаа гэрийнхээ хашаанд бойлсон юм. Надад эдгээр 3 тооны адууг Дүүдээ гэдэг ах бойлж өгсөн юм. Харин Дүүдээ ах бид хоёрыг адуу бойлж байхад У өөрөө гурван адууныхаа гарал үүслийн бичгийг малын эмч Орхон эгчээс надад авчирч өгсөн... гэсэн  мэдүүлэг. /Хх-ийн 17-19 хуудас/

 

3. Гэрч А.Эрдэнэсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай сумын Амарболд гэдэг залуу манай гэрт ирээд намайг 3 тооны адуу бойлоод өгчих гэж гуйсан учраас би Амарболдын гэрт очиход тэдний хашаан дотор байдаг малын жижигхэн саравчин дотор толин сартай зээрд зүсмийн охин даага, хүрэн зүсмийн охин даага, эцэнхий хүрэн зүсмийн морь гэсэн 3 тооны адуу уяатай байсан. ... хүрэн морь нь номхон морь байсан. Би 3 тооны адууг бойлсны хөлс гэж Амарболдоос 75.000 төгрөг бэлнээр авсан. Намайг адуу бойлж байхад Амарболдын хашаанд У мотоциклтой хоёр ч удаа ирсэн... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 20-22 хуудас/

 

4. Гэрч Н.Отгонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай нөхөр У нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай адуунд нийлсэн байсан Батдэлгэр гэдэг ахын хүрэн зүсмийн морийг нь Амарболд гэдэг хүнд өрөндөө өгөөд явуулсан байсныг би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нөхрөөсөө сонсож мэдсэн. Нөхөр маань намайг Батдэлгэр ах руу утсаар залгаарай гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 27 хуудас/

5.  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /Хх-ийн 6-7 хуудас/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Уын бусдын 1 морийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Батдэлгэрт 600000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Уоос хохирол төлбөрөө авсан болох нь хохирогч Н.Батдэлгэрийн хүсэлтээр /хх-ийн 59 тал/ тогтоогдож байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч  нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  У-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.4, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийг тэнсэгдсэн хугацаанд зөрчил үйлдэхгүй байх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч У-од анхааруулсугай.. 

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Уын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ГАНЗОРИГ