Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 275

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12-20 тоотод оршин суух Харчин Лхамжавын Нармандахын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Нармандах, хариуцагч Г.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оноос 2016 оны 05 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт сахиулаар ажиллаж байсан юм. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус байгууллагын дарга Г.Ганбаатар нь намайг хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь миний бие удаа дараа давтан зөрчил гаргаагүй, ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа ууж хэрэглээгүй, ажлаас халагдах хэмжээний ноцтой зөрчил дутагдал гаргаагүй, харин ч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн. Хэдийгээр би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож цагдаагийн байгууллагад саатуулагдаж жолоодох эрхээ хасуулж торгуулийн арга хэмжээ авагдсан нь үнэн боловч энэ нь ажлаа хийж байх явцдаа биш харин ээлжийн амралттай байх хугацаанд болсон асуудал бөгөөд дээрх гаргасан зөрчил дутагдал дээрээ арга хэмжээ авагдсан юм. Гэтэл дээрх зөрчлийг дахин гаргуулахгүй байх, байгууллагынхаа ажилчдад энэ талаар урьдчилан сэргийлэх тодорхой ажил зохион байгуулахыг мэдэгдсэн тухай цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн намайг ажлаас халсан асуудал нь хууль эрх зүйн хувьд нийцэхгүй, байж боломгүй асуудал гэж үзэж байна. Иймд холбогдох материалыг үндэслэн намайг миний урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын дарга Г.Ганбаатар  шүүхэд  ирүүлсэн  хариу  тайлбар  болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус байгууллагад сахиулаар ажиллаж байсан Лхамжав овогтой Нармандах нь 2016 оны 06 дугаар сарын 10-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус байгууллагын даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй байна би сахилгын зөрчил давтаж гаргаагүй, ажлын байран дээр архи уугаагүй гэж нэхэмжилжээ. Би байгууллагын удирдлагын хувьд Л.Нармандахын ахуй амьдралыг харгалзан үзэж, мөн садан төрөл, ах дүүсийн ажлаас нь гаргалгүй байлгаж байгаач, бид нар ярьж хэлж ойлгуулья гэсэн гуйлтыг бодож олон удаа зүгээр өнгөрөөсөн. Мөн байгууллагын ажилчдын хурал дээр аман анхааруулга, санамж өгч байсан. Эдгээрийг Л.Нармандах үл тоож архи уух байдал гарч, улмаар ажил тасалсан, үүнд нь Хөдөлмөрийн хуулийн 131.1.1 дэх заалтаар сануулах шийтгэл ноогдуулж хамт олонд нь мэдээлсэн. Сануулах арга хэмжээтэй байх хугацаанд дахин архи ууж ажил тасалсан учир хөдөлмөрийн хуулийн 131.1.2 дахь заалтаар цалин бууруулах арга хэмжээ ноогдуулсан. Эдгээр сахилгын арга хэмжээтэй байх хугацаандаа архи ууж ажлаа хийж байгаа хүмүүсийг архи уухад уруу татах, шаардлага тавихаар хэл амаар доромжлох, байгууллагын байранд согтуугаар нэвтрэх, согтуугаар машин тэрэг жолоодох зэрэг зөрчлүүд гаргаж, Цагдаагийн газрын арга хэмжээ авагдсан байгаа. Энэ байдлыг нь уулзаж ярилцаж ойлгуулж дахин архи уухгүй гэж гар бичмэл хийж ам тангараг өгсөн боловч удалгүй ажлын өдөр ууж дотоод журам болон Цагдаагийн газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/19 тоот мэдэгдлийг зөрчсөн, хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 заасны дагуу хөдөлмөрийн сахилгын зөрчилийг давтан гаргасан учир ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Л.Нармандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Л.Нармандах нь Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын Хүүхэд залуучуудын паркийн сахиулаар ажиллаж байсан болох нь  хэрэгт нотлох баримтаар авагдсан Л.Нармандахыг ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт  нөхөн  бичилт  хийлгэх  гэсэн шаардлагыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явц, ажлаас халах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байна.

Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газар нь Л.Нармандахын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, тус газрын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол...” ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан тайлбартаа “...Л.Нармандах үл тоож архи уух байдал гарч, улмаар ажил тасалсан, үүнд нь Хөдөлмөрийн хуулийн 131.1.1 дэх заалтаар сануулах шийтгэл ноогдуулж хамт олонд нь мэдээлсэн. Сануулах арга хэмжээтэй байх хугацаанд дахин архи ууж ажил тасалсан учир хөдөлмөрийн хуулийн 131.1.2 дахь заалтаар цалин бууруулах арга хэмжээ ноогдуулсан. Эдгээр сахилгын арга хэмжээтэй байх хугацаандаа архи ууж ажлаа хийж байгаа хүмүүсийг архи уухад уруу татах, шаардлага тавихаар хэл амаар доромжлох, байгууллагын байранд согтуугаар нэвтрэх, согтуугаар машин тэрэг жолоодох зэрэг зөрчлүүд гаргасан учир ажлаас чөлөөлсөн…” гэж тайлбарласнаас үзэхэд хуулийн дээрх заалтын хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг үндэслэлээр чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Л.Нармандахад Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар “сануулах”, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/41дүгээр тушаалаар “үндсэн цалинг 2 сарын хугацаатай 10% бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт “...сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно...” гэж заасан бөгөөд Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар “сануулах” сахилгын шийтгэлийн ногдуулснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар “үндсэн цалинг 2 сарын хугацаатай 10% бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд мөн энэхүү сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2016 оны 5 сарын 18-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд ажил олгогч хуулийн заалтыг хэлбэрийн хувьд зөв ойлгосон байгаа боловч үйл явцын хувьд буюу дээрх сахилгын зөрчлүүд нь тус бүрдээ тогтоогдсон байх хуулийн агуулгыг шүүхэд баримтаар нотлоогүй байна. Иймд ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл бүхий байдал хэрэгт баримтаар тогтоогдохгүй байх тул ажилтанг үндэслэлгүй халсан гэж үзэн Харчин Лхамжавын Нармандахыг урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын Хүүхэд залуучуудын паркийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байх ба ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын буюу 2016 оны 03, 04, 05 дугаар саруудын цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 433.812 + 300.000 + 305.684 = 1.039.496, 1.039.496 : 3 сар = 346.498, нэг өдрийн цалин 346.498 : 21.5 = 16.116 төгрөг байх тул 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 59 өдрөөр тооцож олговорт 950.844 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн үндсэн цалингаас тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Нармандахын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 950.844 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж  27.370 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Харчин Лхамжавын Нармандахыг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын Хүүхэд залуучуудын паркийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Л.Нармандахын ажилгүй байсан хугацааны цалин болох 950.844 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны цалингаас зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл,  хураамжийг  тооцон,  Л.Нармандахын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 950.844 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж  27.370 төгрөг, нийт 97.570 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН