| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/04894/И |
| Дугаар | 210/МА2024/00262 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2024/00262
2024 02 02 210/МА2024/00262
Л.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/04220 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож, ажлын хөлс 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Л.Б- болон Г ХХК нар нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №GH01/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Л.Б- нь өөрийн зурсан 2 зураг дээрээ суурилж Г ХХК-ийн захиалгын дагуу аяга таваг угаагч шингэн, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгслийг 6 төрөл, нийт 8 төрлийн бүтээгдэхүүн дээрх баглаа боодлын загвар дизайныг хийж гүйцэтгэсэн болно. Гэрээний дагуу зах зээлд нийлүүлэгдэж байгаа өөрийн зохиосон загвар бүхий баглаа боодолтой бүтээгдэхүүний ширхэг бүрээс 2 төгрөгөөр тооцож төлбөр авахаар нэхэмжлэгчид тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүй нөхцөл байдлууд удаа дараа гарсан. 2022 оны 05 дугаар сард хариуцагчтай уулзаж, гэрээгээ дуусгавар болж, уг загвар дизайныг хийсэн 8 төрлийн бүтээгдэхүүний загварыг гэрээний нэгдүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу хариуцагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлээд загвар гаргахад ажлын хөлс 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон боловч гэрээг дуусгавар болох гэрээнд гарын үсэг зурж, төлбөрийг шилжүүлээгүй. Иймд Л.Б- болон Г ХХК нар нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан №GH01/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож, загвар гаргасан ажлын хөлс 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй Л.Б-тай Г ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №GH01/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Л.Б-гийн зурсан 2 зураг дээрээ суурилж Г ХХК-ийн захиалгын дагуу аяга таваг угаагч шингэн, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгслийг 6 төрөл, нийт 8 төрлийн бүтээгдэхүүн дээрх баглаа боодлын загвар дизайны ажил хийж гүйцэтгэх, гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан урьдчилгаа 300,000 төгрөгийг төлж, зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний ширхэг бүрээс 2 төгрөгөөр тооцож төлбөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. 2015 оноос 2022 оны дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн өөрийнх нь болон төрсөн дүү Л.Дашдэмбэрэлийн дансаар төлбөрөө төлж ирсэн бөгөөд нийт 1,302,296 төгрөгийг шилжүүлсэн нь байгаа нь хилээр оруулж ирсэн бараанаас тооцвол илүү төлсөн гэж харагдана. Тооцоо нийлсэн акт үйлдээгүй, гэрээг дуусгавар болгож, 6,000,000 төгрөг төлөхөөр тохиролцоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6,000,000 төгрөг нь зах зээлд 3,000,000 бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байж төлөх мөнгө юм. Гэрээний дагуу хилээр оруулж ирсэн бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь заалтыг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан GH01/15 тоот ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож, хариуцагч Г ХХК-аас 2,557,714 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,442,296 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 55,873 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 165,000 төгрөг, хариуцагчаас 165,000 төгрөгийг тус тус гаргуулж, шинжээч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь танилын хувьд гэрээний үнэ хөлсийг тухайн үед зах зээлд өөрийн хийж гүйцэтгэж байсан үнэ хөлснөөс багаар хийж өгсөн. Учир нь Г ХХК шинээр байгуулагдаж байсан, тул танилын хувьд дэмжиж, санхүүгийн боломж бололцоог нь харгалзан үзэж, мөн энэ төслийг урт удаан хугацаанд үргэлжлэх төсөл гэж итгэж байсан тул өөрийн ажлын хөлс, төлбөрийн нөхцөл зэрэгт уян хатан хандсан.
Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр Л.Б-гийн хийж гүйцэтгэсэн 8 нэр төрлийн бүтээгдэхүүний загвар дизайны ажлын хөлсийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 5,560,000 төгрөг гэж тодорхойлсон. Гэтэл шүүхээс 2015 оны ажлын хөлсний үнэлгээгээр тооцож шийдвэрлэсэн нь хууль бус юм.
Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 5,560,000 төгрөгөөс тооцон шүүхээс хангаж шийдвэрлэсэн 2,557,714 төгрөг дээр 3,002,286 төгрөгийг нэмж 5,560,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 6,236,500 төгрөг нэхэмжилснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож, ажлын хөлс 6,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Г ХХК нь Л.Б-тай 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч Л.Б-гийн зурсан 2 зураг дээр суурилж захиалагч Г ХХК-ийн захиалгын дагуу аяга таваг угаагч шингэн, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгслийг 6 төрөл, нийт 8 төрлийн бүтээгдэхүүн дээрх баглаа боодлын загвар дизайны ажил хийж гүйцэтгэх, гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан урьдчилгаа 300,000 төгрөгийг төлж, зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний ширхэг бүрээс 2 төгрөгөөр тооцож төлбөр төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /хх5-6/
3. Талуудын хооронд хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Зохигчдын хооронд ажлын хөлс дутуу байгаа эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Б- нь гэрээний дагуу Г ХХК-ийн 24:00 брэнд, 365 брэндийн үндсэн логог гаргаж, 24:00 брэндийн ариун цэврийн өдөр тутам, өдөр, шөнийн хэрэглэл, 365 брэндийн ариун цэврийн өдөр тутам, өдрийн, шөнийн хэрэглэл, 24:00 брэндийн аяга таваг угаагч шингэн, 365 брэндийн угаалгын нунтагийн үндсэн шошго, барааны сав боодлын дизайн гаргаж Г ХХК-ийн өмчлөл эзэмшилд шилжүүлэн өгсөн, Г ХХК 6 удаагийн гүйлгээгээр Л.Б-д ажлын хөлсөнд 1,302,296 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг хэргийн баримтад үндэслэн зөв тогтоосон байна.
4.1. Талууд урьдчилгаа хөлс 300,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс 3 хоногийн дотор гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх, үлдэгдэл хөлсийг зах зээлд нийлүүлэгдэж байгаа гэрээнд тусгасан 2 нэрийн барааны ширхэг бүрийг 2 төгрөгөөр тооцож жилд 2 удаа олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Ажил гүйцэтгэх гэрээ нь урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт заасан зохицуулалт хамаарна.
4.2. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүрэг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлахаар зохицуулсан байна. Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзэж, гэрээнээс татгалзаж болно.
4.3. Нэхэмжлэгч Л.Б- нь 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний тооцоог хийх талаар, мөн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Г ХХК-д гэрээнд өөрчлөлт оруулан, дээрх хийсэн загвар дизайны ажлын хөлсийг нийтэд нь 6,000,000 төгрөгөөр тооцон гэрээг дуусгавар болгох тухай хүсэлтийг гаргаж байсан талаар хүсэлт болон нэхэмжлэх, загварыг хийж гүйцэтгэсэн үнэлгээний хамт шүүхэд ирүүлсэн байх боловч хариуцагч талаас уг баримтыг няцааж, эс зөвшөөрсөн тухай нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна./хх 60-75/
Иймд талуудын хооронд байгуулагдсан урт хугацааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтэд хариуцагч талаас боломжит хугацааны дотор хариу өгсөн баримтгүй байх ба нэхэмжлэгч нь дээрх гэрээг цуцалж, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилсон байх ба Х ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр Л.Б-гийн хийж гүйцэтгэсэн аяга таваг угаагч шингэн, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгслийн 6 төрөл, нийт 8 төрлийн бүтээгдэхүүн дээрх баглаа боодлын загвар дизайны ажлын хөлс 2015 оны 11 дүгээр сарын байдлаар 3,860,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын байдлаар 5,560,000 төгрөг болохыг тодорхойлсон байна./хх110-134/
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн загвар дизайны ажлын хөлсийг 3,860,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулсан нь үндэслэл муутай болжээ. Учир нь гэрээг байгуулснаас хойшхи цаг хугацаа болон зах зээлийн үнэ ханшийг харгалзан 2022 оны 10 дугаар сарын байдлаар 5,560,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээг үндэслэн гэрээ цуцалснаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцнэ.
6. Иймд ажлын гүйцэтгэлд шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын байдлаар 5,560,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,302,296 төгрөгийг хасаад 4,257,704 төгрөгийг хариуцагч Г ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,742,296 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/04220 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2,557,714” гэснийг “4,257,704” гэж, “3,422,296” гэснийг “1,742,296” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “55,873” гэснийг “83,073” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,987 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ