Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0054/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       М.Долгоржав,

Улсын яллагч                                                     Ц.Цэен-Ойдов,

Шинжээч эмч                                                      Л.Бямбатуяа,

Хохирогч                                                             Д,

Хохирогчийн өмгөөлөгч                                    Л.Цогзолмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Б.Жавхлан,

Шүүгдэгч                                                            Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рааш овогт  Б-д холбогдох  1839005740001  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт  Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 1 дүгээр баг, “Нарийн хөндийн” гэх газар оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй,  Рааш овогт Б /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сайхан 1 дүгээр багийн нутагт “Мааньтын үзүүр” гэх газар иргэн Н.Бо, Д нарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сайхан багийн нутагт “Мааньтын үзүүр” гэх газар иргэн Н.Бо, Д нарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Хохирогч Н.Богийн мөрдөн байцаалтанд өгсөн... гадаа тас харанхуй, юу болж байгаа нь харагдахгүй байсан. Тэгсэн Б ах хаалга татаж онгойлгосон. Би Сэндэмшүхэр ахтай шахалдаж сууж байсан болохоор хаалга гэнэт онгойход машинаас газар унасан, намайг машинаас унаад босоогүй байхад Б ах намайг өшиглөсөн. Шижиртуяа эгч намайг холдуулж байхад миний зүүн гар халуун оргиод явсан....гэх мэдүүлэг..../ХХ-ийн 20-22 дугаар хуудас/

2. Хохирогч Дын мөрдөн байцаалтад өгсөн: ...Б ах машины баруун гар талын хойд талын хаалгаар гадагш гараад эхнэрийн сууж байсан талын урд хаалгыг онгойлгоход манай эхнэр газар унасан. Манай эхнэрийг газар унасан хойно нь Б ах өшиглөв үү гэж бодсон. Тэгээд би машины баруун талын хойд хаалгаар буугаад араар тойроод Б ахын дэргэд очиход эргээд надруу харсан. Тэгснээ миний зүүн хөлийн ташааны доод хэсэгт гар хүрэх шиг болсон.  Тухайн үед харанхуй байсан болохоор Б ахын гарт юу байсныг хараагүй. Тэгтэл гэнэт миний хөл сулраад зүүн хөлийн ташаан толгой орчим нойтон оргиод ирсэн. Тэгээд машин дотор мөлхөж байгаад ороод харахад миний зүүн хөлийн ташаан толгой орчмоос цус гарсан байсан. Манай эхнэрийг машинд орж ирэхэд нь зүүн гарын сарвууны урд доод хэсгээр болон эрхий хурууны салаа хэсгээс нь цус гарсан байсан. Эхнэр Жаргалмаа нь арын суудалд унтаж байсан. Б ахыг хатгасны дараа машинд ороод намайг Б ах хатгачих шиг боллоо гэж машинд байсан хүмүүст хэлсэн.....гэх мэдүүлэг..../ХХ-ийн 14-17 дугаар хуудас/ 

3. Гэрч Ү.Жаргалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...бид нар буцаж явахдаа Зүүн даваа гэх газар зогсож архи хувааж уусан. Би бол архи уугаагүй. Би машин дотор суугаад үүрэглээд явж байсан. Тэд нар шаагалдаад байсан. Би юу болсныг мэдээгүй. Бид нар бүгд манайд ирэхэд Д гэмтсэн байсан ...../ХХ-ийн 28-29 дугаар хуудас/

4. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 491 дугаартай дүгнэлт....

- Дын биед зүүн гуяны урд дээд хэсгийн булчин завсрын цусан хураа, булчин тасрал, хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь зүүн гуяны урд дээд хэсгийн булчин завсрын цусан хураа, булчин тасрал, хатгагдаж зүсэгдсэн шарх үүссэн байна.

- Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна......гэх дүгнэлт....../ХХ-ийн 40 дүгээр хуудас/

5. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 496 дугаартай дүгнэлт....

- Н.Богийн биед зүүн гарын эрхий хурууны болон шуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

-  Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна......гэх дүгнэлт....../ХХ-ийн 43 дугаар хуудас/

6. Шинжээч эмч Ч.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “.... Н.Богийн биед үүссэн гэмтэл буюу хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогч Н.Богийн биед үүссэн дээрх гэмтэл нь крылонд үүссэн байвал арьс урагдсан шарх үүснэ... Харин Н.Богийн биед үүссэн гэмтэл шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хатгагдаж зүсэгдсэн учир хутгаар үүсгэгдэх боломжтой...”  гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Бийн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бо, Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хэрэгт авагдсан хохирлын баримтаар хохирогч Н.Богийн хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч Дт нийт 2.932.600 төгрөгийн хохирол зардал учирсан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 582.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа ба үүний 300.000 төгрөгийг төлсөн талаар хохирогч мэдүүлсэн тул үлдэх 282.000 төгрөгийг гаргуулж хохирогч Дт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Харин хохирогч Дын нэхэмжилж байгаа бусад хохирол зардал нь хэрэгт хавсаргагдсан баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдоогүй байх тул нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна

Шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Рааш овогт  Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын тамгын газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б-аас 282.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д-т олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч Д нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ГАНЗОРИГ