Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 020/2014/0471/з |
Дугаар | 001/ХТ2016/0098 |
Огноо | 2016-03-28 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2016/0098
У.Цогтбилэг, Н.Сэлэнгэ, С.Оюунцэцэг, И.Нямхүү,
С.Мөнх-Алдар, Э.Өлзийбаяр нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, нэхэмжлэгч И.Нямхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болорцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, А.Цолмон, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 742 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дүгээр магадлалтай, У.Цогтбилэг нарын 6 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч У.Цогтбилэг, Н.Сэлэнгэ, С.Оюунцэцэг, И.Нямхүү, С.Мөнх-Алдар, Э.Өлзийбаяр нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 54, 55, 56, 57-1, 57-2, 65 дугаар орон сууцнуудын дунд /хүүхдүүд тоглодог жижиг/ талбай дээр 2011 оноос хэн үл мэдэгдэх хүмүүс фундамент ухаад орхисон. Байрны оршин суугчид барилгын суурийн хэмжээ нь эргэн тойрон байрлах 3 орон сууцнаас 3-6 метрийн зайд ухагдаж эхний орон сууцны сууринд цууралт үүсэж, хамгаалалтгүй их хэмжээний нүх ухсанаас түүнд бага насны хүүхэд унаж, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэл үүсэж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. Хэн, ямар компани энэ хууль бус ажиллагааг хийж байгааг тогтоож, үйл ажиллагааг зогсоолгохоор Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын газарт хандаж өргөдөл гомдол гаргасан. Нийслэлийн газрын албаны дэд дарга Б.Энхбаатар нь 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/269 дугаар албан бичгээр “Нийслэл дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзэж хүчингүй болгох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан нарийвчилсан судалгаа гаргах ажил хийгдэж байна” гэсэн хариу өгч байна. Тухайн бичгийн агуулгаас харахад тухайн газар нь Нийслэл, дүүргийн Засаг даргын ямар нэгэн захирамжтай байсан түүнийг судалж үзэж шийдвэрлэх юм байна гэж оршин суугчид бид ойлгож байсан.
Гэтэл шинээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжаар “Бэгдү констракшн” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Монгол Улсын үндэсний баяр наадам, хүмүүсийн амралтыг далимдуулан 12 давхар барилга барих зориулалтаар газар шорооны ажлыг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Бэгдү констракшн” ХХК-ний захиалгаар эхлүүлээд байна. Барилгын ажлыг ингэж эхэлснээр олон мянган оршин суугчдын амгалан тайван байдал алдагдаж байна. Барилгын үйл ажиллагааг нэн даруй зогсоохгүй бол олон хүний эрүүл мэнд болон урьд нь баригдсан барилга байгууламж нурах аюул нүүрлэж байна. Мөн уг барилгын ажил нь хууль зөрчсөн, “Бэгдү констракшн” ХХК хууль, дүрэм зөрчсөн талаар эрх бүхий байгууллагууд дараах шийдвэрүүд гаргаад байгаа боловч үл тоон барилгын ажлыг хүч хэрэглэн үргэлжлүүлж байна. Одоогоор дараах эрх зүйн баримт бичгүүд гаргаад байна. Үүнд:
1. Нийслэлийн газрын албаны Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 54, 55, 56, 57 дугаар байрны оршин суугчдад хандсан 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/269 дугаар албан бичиг, 2. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын “Бэгдү констракшн” ХХК-д гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2835 дугаар мэдэгдэл, 3.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хандсан 2014 оны 09 дүгээр сарын 19-ний 02-07/2910 дугаар албан бичиг, 4.Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02-07/2846 дугаар мэдэгдэл, 5. Улсын байцаагчийн актыг хэрэгжүүлж барилгын ажлыг түр зогсоох тухай 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын А/851 дугаартай захирамж 6. Барилгын угсралтын ажлыг түр зогсоох тухай “Бэгдү констракшн” ХХК гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02-07-85/344 дүгээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт, 7. Эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай “УБЦТС” ТӨХК-д хаягласан 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 02-07-98/357 дугаар Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт, 8. Баянгол дүүргийн 6 дугаар хороонд баригдаж буй барилгын тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11/2618 дугаар албан бичиг, 9. Барилга хоорондын зайн хэмжээний тухай “Бэгдү констракшн” ХХК-д хаягласан Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02-07-94/1241 дүгээр дүгнэлт, 10. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Кран буулгах тухай” “Бэгдү констракшн” ХХК-д өгсөн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02-07-94/1751 дүгээр дүгнэлт зэрэг төрийн захиргааны байгууллагын дүгнэлт гаргаад байна.
Газрын тухай хуульд зааснаар аж ахуй нэгжид Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд зааснаас их хэмжээний газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцуулах ёстой байдаг. Мөн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Экс инженеринг” ХХК, “Бэгдү констракшн” ХХК, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр захирамж гаргасан. Гэтэл газар эзэмшигчид газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хугацаанд гаргаагүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Нийслэлийн Засаг дарга акт гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад илт хууль бусад тооцогдох нөхцөл шаардлагыг хангасан захиргааны акт гаргасан байна. Иймээс маргаан бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдийн тоглоомын талбай дээр газар эзэмшүүлэхээр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжийн “Бэгдү констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Нийслэлийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Спорт цогцолбор”-ын дэргэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгат орон сууц барихаар газар олгогдсон байна.
Дээр дурдсан байрыг барих гүйцэтгэгчээр “Бэгдү констракшн” ХХК томилогдон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан ажилласны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Бэгдү констракшн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 11700 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх авсан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулсан орон сууцанд ноогдох 7134 м.кв талбайг хасуулж, цаашид ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах орон сууцны барилгын 3014 м.кв талбайг 2 байгууллагын хамтарсан нэр дээр, 1552 м.кв талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус компанийн нэр дээр тус тус шинэчлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар захирамжаар “Бэгдү констракшн” ХХК-д 1584 м.кв “Бэгдү конмтракшин” ХХК, “Эск инженеринг” ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2993 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 тоот захирамжаар “Бэгдү констракшн” ХХК-д 1200 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Архитектор төлөвлөлтийн даалгавар олгогдож, мэргэжлийн эрх бүхий байгууллагаас холбогдох техник нөхцөлүүдийн шаардлагыг тавьдаг. Эдгээр даалгавар, шаардлагыг биелүүлэхдээ 1200 м.кв талбай бүхий газар дээр бүхэлд нь барилга барина гэсэн ойлголт байхгүй. Учир нь уг газар эзэмших эрхийн 70 хувьд барилга барих талбай, 30 хувьд ногоон байгууламж, гаражийн орц гарц гэсэн зүйлүүдийг төлөвлөдөг. Гэтэл иргэд энэхүү барилга баригдвал орц, гарц, нар салхийг хаана, бидний эрх зөрчигдөнө гэж ирээдүйд бий болох зүйлийг ярьж маргаж байна. “Бэгдү констракшн” ХХК-ийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа. Уг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй газар дээр холбогдох норм, дүрмийг баримтлаад, иргэдийн эрх ашгийг хөндөлгүй барилга барих боломжтой гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Гуравдагч этгээд “Бэгдү констракшн” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бэгдү констракшн” ХХК нь 2001 оноос эхлэн “Бэгдү” хотхоны бүтээн байгуулалтыг хийсээр ирсэн. 2003 онд эхний байрыг ашиглалтанд оруулж Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээний үндсэн дээр харьцангуй хөнгөлөлттэй үнээр борлуулсан. Энэ үед Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний болон барилгын эскизийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өөрөө гаргуулсан байдаг. Ингээд нийтдээ 11700 м.кв талбай бүхий газар дээр хотхон барих ажлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлж байсан. Үүний үр дүнд эдгээр иргэд энэ хотхоны байранд орсон байгаа. 2007 оноос эхлээд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас хотхоны бүтээн байгуулалтын ажил удааширсан. Иймээс 2007 оны захирамжаар уг бүтээн байгуулалтад “Экс инженеринг” ХХК хамтарч ажиллах болсон. Үүнтэй холбогдуулж “Экс инженеринг” ХХК, “Бэгдү констракшн” ХХК, Нийслэлийн Засаг даргын тамгын газар “Хамтран ажиллах гэрээ” байгуулсны үндсэн дээр 65 дугаар байрыг барьсан. 65 дугаар байр баригдсаны дараа 65 дугаар байранд хамаарах газрыг нь салгаж 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжийг гаргасан. Энэ захирамж гарахаас өмнө “Бэгдү констракшн” ХХК одоо маргаж байгаа барилгыг барихаар бүх бичиг баримтыг бүрдүүлээд ажиллаж эхэлсэн. 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 325 дугаар захирамжаар “Бэгдү констракшн” ХХК, “Экс инженеринг” ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгогдсон газрыг салгаад “Бэгдү констракшн” ХХК-д 1299 м.кв газрыг олгосон. Бидний гаргасан зураг төслийг мэргэжлийн байгууллага шалгаад нийтийн эзэмшлийн зам, талбайтай давхацсан байна гэж үзэн 99 м.кв талбай бүхий газрыг хассан.
Холбогдох хууль, тогтоомжийн дагуу асуудлыг шийдвэрлэж 2 жилийг зарцуулсны үндсэн дээр 04 дүгээр сарын 23-ны өдөр ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсан. Барилгын хөгжлийн төвөөс гаргасан экспедицийн дүгнэлт гэдэг зүйлийг үндэслэн ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргасан учир бид барилгын ажлыг эхлүүлсэн.
Нэхэмжлэгч нар “Бэгдү констракшн” ХХК барилга барьснаар тэдний эрх ашиг, сонирхол хөндөгдсөн гэж үзэж болно. Гэхдээ энэ нь эрх бүхий байгууллагын тушаал, захирамжаар нотлогдсон байхыг шаарддаг бөгөөд энэ нь одоогийн байдлаар нотлогдоогүй асуудал юм. Иймээс нэхэмжлэгч нарын гаргаж байгаа тайлбар газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нараас хүүхдийн тоглоомын талбайгүй боллоо, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байна гэж тайлбарлаж байна. Гэтэл гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашгийг хөндөж байгаа талаар нэхэмжлэгч үндэслэл бүхий тайлбар гаргасангүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч У.Цогтбилэг, Н.Сэлэнгэ, И.Нямхүү, С.Оюунцэцэг, С.Мөнх-Алдар, Э.Өлзийбаяр нарын гаргасан “....Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны А/205 захирамжийн “Бэгдү констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээд “Бэгдү констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Магадлалын хянах хэсэгт дурдаад байгаа мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт нь газар эзэмших эрхтэй ямар ч холбоогүй барилга барих эрхтэй холбоотой акт бөгөөд одоогоор хүчин төгөлдөр болоогүй, захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа маргаантай эрх зүйн баримт юм. Газрын маргааныг шийдвэрлэсний дараа тухайн барилга барихтай холбоотой актыг хянан хэлэлэцэхээр уг маргаан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар түдгэлзсэн байхад энэхүү актыг үнэлж дүгнэхийг давж заалдах шатны шүүх шаардаж байгаа нь тус хуулийг зөрчиж байна.
Шүүх хянах хэсэгтээ барилга барихтай холбоотой асуудлаар баримт цуглуулахыг анхан шатны шүүхээс шаардсан нь газар эзэмших эрхтэй холбоотой маргааны гол зүйлээ ойлгоогүй байгааг харуулж байна. Нэхэмжлэлийн шаардлага газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах гэж байгаа. Мөн шинжээчийн хариултыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлуулахыг хүссэн мэтээр "..шаардлага хангасан хариулт өгөөгүй байна.." гэсэн нь шинжээчийн эрхэнд халдан хариуцагчид ашиггүй нөхцөл байдал үүсгэх гэж оролдсон мэт харагдаж байна. Шүүх шинжээчийн дүгнэлтэнд өөрийн дотоод итгэл үнэмшлээр хандах нь зүйтэй байхад шүүх өөрийн хүссэн хариуг авах гэж байна. Шинжээчийн дүгнэлтэнд хэн аль нь маргаагүй. Энэхүү шинжээчийг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх томилсон.
Давж заалдах шатны шүүх газар эзэмшүүлсэн захирамжаас өөр барилга барих захирамж байгаа эсэх түүнийг хэрэгт хавсргах нь зөв хэмээж байгаа нь маргаанд ач холбогдолгүй баримт хавсаргахыг үүрэг болгосон байна. Учир нь уг газарт барилга барих захирамж байгаа эсэх талаар аль аль нь маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нар газар эзэмших эрхтэй, нэхэмжлэлийн үндэслэлээ барилга барих эрхтэй холбогдуулан маргаж байхад Давж заалдах шатны шүүх түүнийг өөрийн үзэл бодолдоо нийцүүлэн, газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх эрхийн маргаантай холбон тайлбарлах нь буруу юм. Гуравдагч этгээдийн газар эзэмшсэн маргаан нь шүүхийн зориуд мушгин гуйвуулах аргаар тайлбарлаад байгаа шиг барилгын байршил зааж газар эзэмшүүлсэн өөр шийдвэрийг хайж эрж олох зүйлтэй ямар ч хамаагүй байхад шүүх маргалдаагүй байгаа өөр ямар нэгэн захирамжийг эрж хайж олох тухай хянах хэсэгтээ дурдсан нь шүүх хэргийг үнэн зөвөөр шийдэх хүсэлгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгааг нотолж байна. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заагдсан үүргээ биелүүлсэн байхад Давж заалдах шатны шүүх уг үүргээ биелүүлээгүй хэмээн нэхэмжлэгч нарын гомдолд дурдагдаагүй зүйлсээр шийдвэрийг хүчингүй болгосон байгаа нь уг хуулийг ноцтой зөрчиж байгааг харуулж байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжийн “Бэгдү констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “маргаан бүхий газарт баригдах барилгын суурь эргэн тойронд байрлах 3 орон сууцнаас 3-6 метрийн зайд ухагдаж, эхний орон сууцны сууринд цууралт үүссэн, хамгаалалтгүй их хэмжээний нүх ухсанаас бага насны хүүхэд унаж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй, үүний улмаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна” гэж маргажээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж газар эзэмшигчийн үүргийг заажээ.
Гуравдагч этгээд “Бэгдү констракшн” ХХК-ийн маргаан бүхий газарт барьж буй орон сууцны барилга нь Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02-07-94/1241 дүгээр дүгнэлт, мөн барилгын үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02-07-85/3444 дүгээр акт, тус компанид олгосон 40/2014 дүгээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосныг мэдэгдсэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Дээрх зөрчил арилсан талаар гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч уг зөрчлийг хэрхэн арилгасан тухай баримт хэрэгт авагдаагүйгээс тухайн хэргийг үнэн зөв, бодитой шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН