Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1171

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Равдандоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/02154 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Равдандоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Энхзориг, О.Сэр-Од нарт холбогдох,

 

Нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор бичгээр уучлалт гуйлгуулахыг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч С.Энхзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн С.Энхзориг нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “zaluu.com”, “mongolnews.mn” сайтуудад өгсөн ярилцлагадаа “...шалгалтаар худалдан авалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн, ...гомдлын дагуу дахин шалгах гэхэд нөхцөл боломж олгоогүй, ...шалгуулахгүй гэж зүтгэдэг байгууллага тэднийхээс өөр алга, ...төлөвлөгөөт шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэнтэй холбоотойгоор намайг дарамталсан, удирдах албан тушаалтнаас шахалт үзүүлж, шалгалтын дүнг ТӨХ-ны хуралд танилцуулахгүйгээр өөрчил гэж дарамталж байсан, …компанийн захирлыг гэрээ дүгнэсэнтэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн” зэргээр  миний талаар бодит байдалд нийцээгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээ тарааж нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор бичгээр уучлалт гуйлгаж нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхийг хүсч байна.

Мөн ТӨХ-ны Бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Мэдээ.mn сайтад өгсөн ярилцлагадаа “...гэрээний хугацаа дууссан учраас ТӨХ-ны хурлаар сунгахгүй гэсэн шийдвэр гарсан, ...Цогтбаатар дарга хамгаалдаг байсан, ...тамга, гэрчилгээ хоёрыг аваад явчихсан, ...Дарханыг найдвартай тоггүй болгоно, тэнд миний найдвартай холбогч байгаа гэж хэлсэн, ...ах дүү хамаатан саднаа ажилд авч, авгайгаа нягтлангаар тавина гэдэг” гэж, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “...шалгалтаар 9.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн,...манай байцаагчийг Равдандорж өөрийн биеэр болон утсаар удаа дараа дарамталж, удирдах албан тушаалтнаар шахалт үзүүлж байсан. Хурлаар оруулахгүй, ална гэж сүрдүүлсэн, ...шалгалтаар очсон манай хоёр байцаагчийг хөөгөөд явуулсан, ...хувийн компани ч шалгуулдаг шүү дээ. ТӨХ шалгаж чаддаггүй энэ байгууллагыг Засгийн газар, яамдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ч шалгах гэтэл Үгүй гээд сууж байна, ...Равдандоржийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан учир гэрээг дахин сунгаагүй” гэж, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр www.mminfo.mn. сайтад өгсөн ярилцлагадаа “...ЦДҮС ТӨХК зөвхөн дөрөвдүгээр сард 600 сая төгрөгийн алдагдалтай ажилласан” гэж бодит байдалд нийцээгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээг тарааж нэр хүндэд халдсан тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор бичгээр уучлалт гуйлгуулж нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхийг хүсэж байна.

Намайг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ТӨХ-ны мэргэжилтэн С.Энхзориг нь “төлөвлөгөөт шалгалт хийнэ” гэж удирдамжаа барьж ирсэн бөгөөд тус удирдамжид шалгалтыг мэргэжилтэн н.Жанцанхорлоотой хийх ёстой байсан боловч уг шалгалтыг ганцаараа хийгээд явсан. Үүний дараа 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр С.Энхзориг манай компани дээр надтай ирж уулзахдаа “ТӨХ-ны тогтоолын төсөл Шалгалтын мөрөөр авах арга хэмжээ” нэртэй ямар ч гарын үсэг, тамга тэмдэггүй, албажаагүй бичиг авчирч үзүүлээд “уг төслөөр 9 42 387 300 төгрөг, мөн 49 995 800 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна та үүнийг хүлээн зөвшөөрч байна уу” гэхэд нь би “албан ёсны гарын үсэг, тамгагүй төсөл байна би ийм зөрчил гаргаагүй, хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн. Гэтэл 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “ЦДҮС” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд 2014 онд хийсэн шалгалтын тайлангийн хавсралт гэх бичгийг авчирч шалгалтаар 2 625 995 000 төгрөгийн зөрчил дутагдалтай байна гэсэн.

Миний бие ийм зөрчил дутагдал гаргаагүй тул санал нийлээгүй бөгөөд шалгалтын дүнг өөрийн хүслээр 7 тэрбумаар хасаж дураараа аашилсан С.Энхзориг нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дахин компани дээр ирэхдээ өмнөх 2 625 995 000 төгрөгийн зөрчил, дутагдалтай байна гэсэн хавсралтынхаа дагуу ТӨХ-ны тогтоолын төсөл боловсруулж ирснийг би хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил дутагдал байхгүй талаар ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарт удаа дараа хэлж байсан. Иймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Энхзориг шүүхэд хариу тайлбартаа:

ТӨХ-ны даргын 2014 онд баталсан төлөвлөгөөний дагуу Төрийн өмчийн, бүртгэл, ашиглалт хяналтын газрын даргын баталсан удирдамжийг үндэслэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 2012-2013 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд мэргэжилтэн С.Энхзориг, мэргэжилтэн С.Жанцанхорол нар 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ажлын 12 хоногийн хугацаанд хяналт, шалгалт хийсэн. Миний бие ажлын тайланг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусган үсэг зурж, ахлах мэргэжилтэн Н.Батбаатараар хянуулан, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Одод танилцуулсан. Тэрээр шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг тус компанийн захирал, ерөнхий нягтлан бодогч, хангамжийн дарга нарт танилцуулж, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг зуруул гэсэн. Захирал холбогдох ажиллагсад очихоор байхгүй, утсаар залгахаар огт авдаггүй байсан.

2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Равдандоржийн өрөөнд очиж шалгалтын дүнг танилцуулхад хүлээн зөвшөөргүй, би дарга нартай чинь уулзана” гэж хэлсэн. Баримтын шалгалт хийж, асуулт тавьж зөрчлийг тэмдэглэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалт зарлаагүй, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулаагүй, урьдчилгаа төлбөр өгөх талаар тендерийн баримт бичигт тусгаагүй, төлбөрийн баталгаагүй урьдчилгаа өсгөн, нийт төсөвт өртгийг үндэслэн багцлан нээлттэй тендер шалгаруулалт явуулаагүй, харьцуулалтын арга ашиглаагүй, үндэслэлгүй гэрээ хийсэн зэрэг зөрчил, дутагдлыг тухай бүр танилцуулж байхад Хангамжийн хэлтсийн дарга Я.Гансүх, Ерөнхий нягтлан бодогч Ц.Норовжамц болон холбогдох мэргэжилтэнгүүд шалгалтаар илэрсэн зөрчлийг бүрэн хүлээн зөвшөөрч байсан. Нээлттэй тендер зарлаагүй, худалдан авалтын төлөвлөгөөнд суугаагүй, онцгой нөхцөл байдал үүссэн гэж худалдан авсан боловч Сангийн яам, ТӨХ-д мэдэгдээгүй гэрээ байгуулсан. Гэрээгээр 2013 оны намар тус трансформаторыг нийлүүлж суурьлуулах ёстой байсан боловч 2014 оны зун суурилуулсан нь тус худалдан авалт яаралтай, шуурхай байсан гэхэд худлаа байна.

Гэвч тус хяналт, шалгалтын дүнг ТӨХ-ны удирдлага, хуралдаанд танилцуулах чиглэл өгөлгүй, шалгалтын дүнг өөрчлөх байдлаар шахалт үзүүлж байсан. Үүний улмаас хуралдаанд танилцуулан албажуулж чадаагүй өдий хүрсэн. Тус байгууллагын 2012-2013 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар худалдан авалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн зөрчилтэй албажаагүй шалгалтын тайлан, хавсралт, тогтоолын төслийг 2014 оны 6 дугаар 01-ний өдөр ТӨХ-ны хяналт, шалгалтын материалын нэгтгэлд нэгтгэсэн.

Үүнтэй холбоотой захирал асан Ж.Равдандорж удаа дараа намайг “ална шүү” гэж дарамталж байсныг ТӨХ-ны удирдлага болон Тамгын газарт тухай бүр мэдэгдэж байсан. Дээрх асуудлыг хяналт, шалгалтын мэргэжилтэнгүүд мэдэж байгаа. Түүгээр ч зогсохгүй 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хяналт шалгалт хийхээр очиход Ж.Равдандорж өөрийн өрөөндөө “ярих юм байвал хэлээрэй зохицуулна” гэж хэлэхэд нь би “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Мөн өрөөндөө 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр надад хандан “Шалгалтын дүнг зөрчилгүй болгоод өг, тэгвэл ах нь чамд байрны хөнгөлөлттэй квот өгье” гэж авлига санал болгож байсан. Тэгэхэд нь би “Надад байр хэрэггүй ээ би чинь өөрөө байртай, өөр хүмүүстэйгээ л ярьсан нь дээр байх, надад бол юу ч өгөх гээд хэрэггүй” гэж хэлж байсан. Гэтэл Ж.Равдандорж өөрийнхөө ярьж байсан зүйлийг эсрэгээр нь намайг хэлсэн мэтээр бичсэн байна. Мөн шалгалтын ажлын хэсгийг ажиллах нөхцлөөр хангахгүй, ТӨХ-нд албан бичиг хүргүүлж, хууль бус шалгалтад шалгуулахгүй гэсэн.

Миний бие түүний ууль зөрчсөн үйлдлийг бус тухайн байгууллагын 2012-2013 санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг албан үүргийнхээ дагуу хяналт, шалгалт хийсэн манай байгууллагын удирдах албан тушаалтангууд мэдээлэл өг гэсний дагуу дээрх мэдээллүүдийг өгсөн нь үнэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч О.Сэр-Од шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Төрийн өмчийн хорооны даргын 2014 онд баталсан төлөвлөгөө, Төрийн өмчийн, бүртгэл, ашиглалт хяналтын газрын даргын баталсан удирдамжийг үндэслэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 2012-2013 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд мэргэжилтэн С.Энхзориг, С.Жанцанхорол нар 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ажлын 12 хоногийн хугацаанд хяналт, шалгалт хийж, дүнг гарын үсэг зурж, хяналтын ахлах мэргэжилтнээр хянуулж, газрын даргад танилцуулан, холбогдох байгууллагын удирдлагад танилцуулж зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар гарын үсэг зуруулж, ТӨХ-ны хуралдаанд танилцуулан шийдвэрлэдэг журамтай.

Шалгалтын тайланг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгаж, дээрх журмын дагуу надад танилцуулсан. Үүний дараа ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатарт уг шалгалтаар 9.4 тэрбум төгрөгийн худалдан авалтын зөрчил илэрснийг танилцуулсан, тэрээр шалгалтын талаар С.Энхзоригийг удаа дараа дуудаж уулзсан байсан. 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр миний бие С.Энхзоригт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг тус компанийн захирал, ерөнхий нягтлан бодогч, хангамжийн дарга нарт танилцуулж, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг зуруул гэж албан үүрэг өгсөн. Түүний дагуу С.Энхзориг “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, холбогдох албаны дарга нарт танилцуулхад Ж.Равдандорж захирал гарын үсэг зурахгүй, дарга нартай чинь уулзана гэсэн тухай надад хэлсэн.

Гэвч шалгалтын дүнг ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар түр харзнах талаар хэлж хойшлуулсан учраас өдий хүртэл шийдэгдээгүй байдаг. ТӨХ-ны 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар захирал Ж.Равдандоржийг хөлсөөр ажиллах гэрээ сунгаагүй шалтгааны улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хотод цахилгааны томоохон саатал гарсан, хэрхэх талаар мэдээлэл ТӨХ-нд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн байдаг. Үүний дагуу цахилгааны аваар, сааталтай холбоотой хэвлэлийнхэн ТӨХ-нд цугларч холбогдох удирдлагууд тайлбар өгсөн, ямар шалгааны улмаас ажлаас чөлөөлсөн талаар асууж тодруулсан.

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ТӨХ-ны мэргэжилтэн холбогдох асуудлаар хэвлэлд хариулт өгч, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би аваар саатал, ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдээлэл өгсөн. Гол нь хяналт, шалгалт хийсэнтэй холбоотой халагдаагүйг мэдэгдсэн ба гомдол мэдээллийн мөрөөр ТӨХ-оос 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийхээр очиход шалгуулахгүй гээд мэргэжилтэнгүүдийг буцаасан, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан шалгалтын ажлын хэсэг хяналт шалгалт хийхээр очиход уулзаагүй, шалгуулахгүй гэсэн байдаг. Хамтарсан ажлын хэсгийн гишүүд шалгалт хийгээгүй тухай протокол үйлдээд буцсан байсан. Шалгалтаар 10.9 тэрбум төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан Ж.Равдандоржийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,

хариуцагч С.Энхзоригийн “zaluu.com”, “mongolnews.mn” сайтад 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “...шалгалтаар худалдан авалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн, ...гомдлын дагуу дахин шалгах гэхэд нөхцөл боломж олгоогүй,...шалгуулахгүй гэж зүтгэдэг байгууллага тэднийхээс өөр алга, ...төлөвлөгөөт шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэнтэй холбоотойгоор намайг дарамталсан, удирдах албан тушаалтнаас шахалт үзүүлж, шалгалтын дүнг Төрийн өмчийн хорооны хуралд танилцуулахгүйгээр өөрчил гэж дарамталж байсан” гэсэн ярилцлага, мэдээлэл,

хариуцагч О.Сэр-Одын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Мэдээ.mn сайтад “...Цогтбаатар дарга хамгаалдаг байсан, ...тамга, гэрчилгээ хоёрыг аваад явчихсан, ...Дарханыг найдвартай тоггүй болгоно, тэнд миний найдвартай холбогч байгаа гэж хэлсэн” гэсэн ярилцлага, мэдээлэл, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Өдрийн сонин”-д “...шалгалтаар 9.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн, ...манай байцаагчийг Равдандорж өөрийн биеэр болон утсаар удаа дараа дарамталж, удирдах албан тушаалтнаар шахалт үзүүлж байсан. Хурлаар оруулахгүй, ална гэж сүрдүүлсэн, ...шалгалтаар очсон манай хоёр байцаагчийг хөөгөөд явуулсан, ...хувийн компани ч шалгуулдаг шүү дээ. Төрийн өмчийн хороо шалгаж чаддаггүй энэ байгууллагыг Засгийн газар, яамдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ч шалгах гэтэл “Үгүй” гээд сууж байна”, www.mminfo.mn сайтад 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “...ЦДҮС ТӨХК зөвхөн дөрөвдүгээр сард 600 сая төгрөгийн алдагдалтай ажилласан” гэсэн ярилцлага, мэдээлэлээр нэхэмжлэгч Ж.Равдандоржийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээ тараасан уг хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч С.Энхзориг, О.Сэр-Од нарт үүрэг болгож,

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.Энхзоригийн “zaluu.com”, “mongolnews.mn” сайтад “...компанийн захирлыг гэрээ дүгнэсэнтэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн”, О.Сэр-Одын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Мэдээ.mn сайтад “гэрээний хугацаа дууссан учраас Төрийн өмчийн хорооны хурлаар сунгахгүй гэсэн шийдвэр гарсан, ...ах, дүү хамаатан саднаа ажилд авч, авгайгаа нягтлангаар тавина гэдэг”, “Өдрийн сонин”-д “...Равдандоржийн хөлсөөр ажиллах гэрээ хугацаа дууссан учир гэрээг дахин сунгаагүй” гэсэн ярилцлага, мэдээлэлүүдэд нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээх, албан ёсоор бичгээр уучлалт гуйлгуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Равдандоржоос 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхзориг, О.Сэр-Од нараас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Энхзориг давж заалдах гомдолдоо:

...нэхэмжлэгч Ж.Равдандорж 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. С.Энхзориг би 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ярилцлага өгсөн учир нэр төр гутаагдсан гэсний дараа гарсан асуудал юм. Мөн ... Ж.Равдандоржид Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдэгдсэнийг үндэслэн уг хэргийг хойшлуулах хүсэлтийг 2 удаа гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.

Нэхэмжлэлийн шаардлагад миний өгсөн ярилцлагын “...шалгалтаар худалдан авалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн" гэсэн нь ТӨХ болон бусад байгууллагуудын хамтарсан шалгалтаар илэрч тогтоогдсон зөрчлийн асуудал бөгөөд би иргэний байр сууринаас ярилцлага өгсөн тухайгаа мэдэгдсэн, "...гомдлын дагуу дахин шалгах гэхэд нөхцөл боломж олгоогүй, ...шалгуулахгүй гэж зүтгэдэг байгууллага тэднийхээс өөр алга" гэсэн нь ТӨХ-д тус байгууллагын удирдлагатай холбоотой гомдол ирсэнийг үндэслэн удирдамж гарсны дагуу хяналт, шалгалт хийх гэтэл шалгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч Ж.Равдандорж 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Medee.mn сайтад ярилцлага өгөхдөө хэлсэн, бас шүүх хурал дээр хэлсэн, "...төлөвлөгөөт шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэнтэй холбоотойгоор намайг дарамталсан, удирдах албан тушаалтнаас шахалт үзүүлж, шалгалтын дүнг ТӨХ-ны хуралд танилцуулахгүйгээр өөрчил гэж дарамталж байсан", гэсэн нь С.Энхзориг би ярилцлага өгөхдөө хүний нэр дурдаагүй намайг дарамталсан үйлдлүүд гаргасан тухай ярилцлага өгсөн бөгөөд удирдах албан тушаалтнаас шахалт үзүүлсэн тухай нь нэхэмжлэгчийн нэр төрд хамаагүй, шахалт үзүүлсэн гэх хүн нь нэхэмжлэх ёстой гэсэн үндэслэлээр давж заалдаж гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт цаг хугацааг анхаарч үзээгүй, хүсэлт гаргасныг хүлээн аваагүй, нэр төр нь гутаагдсан байдал тодорхойгүй гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийн үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Ж.Равдандорж хариуцагч С.Энхзоригт, О.Сэр-Од нарт холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт, залруулга хийлгэж, албан ёсоор бичгээр уучлалт гуйлгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч С.Энхзориг нь нэхэмжлэгч Ж.Равдандоржийн талаар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр www.zaluu.com, www.mongolnews.mn цахим хуудсанд: “...шалгалтаар худалдан авалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн, ...гомдлын дагуу дахин шалгах гэхэд нөхцөл боломж олгоогүй, ...шалгуулахгүй гэж зүтгэдэг байгууллага тэднийхээс өөр алга, ...төлөвлөгөөт шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэнтэй холбоотойгоор намайг дарамталсан, удирдах албан тушаалтнаас шахалт үзүүлж, шалгалтын дүнг Төрийн өмчийн хорооны хуралд танилцуулахгүйгээр өөрчил гэж дарамталж байсан, ...компанийн захирлыг ... ажлаас нь чөлөөлсөн” гэх ярилцлага,

хариуцагч О.Сэр-Од нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр www.medee.mn цахим хуудсанд: “ хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан учраас Төрийн өмчийн хорооны хурлаар сунгахгүй гэсэн шийдвэр гарсан, ...Цогтбаатар дарга хамгаалдаг байсан, ...тамга, гэрчилгээ хоёрыг аваад явчихсан, ...Дарханыг найдвартай тоггүй болгоно, тэнд миний найдвартай холбогч байгаа гэж хэлсэн, ...ах дүү хамаатан саднаа ажилд авч, авгайгаа нягтлангаар тавина гэдэг...” гэх ярилцлага,

2015 оны 5 дугаар сарын 26-ны “Өдрийн сонин”-д: “...шалгалтаар 9.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн, ...манай байцаагчийг Ж.Равдандорж өөрийн биеэр болон утсаар удаа дараа дарамталж, удирдах албан тушаалтнаар шахалт үзүүлж байсан. Хурлаар оруулахгүй, ална гэж сүрдүүлсэн, ...шалгалтаар очсон манай хоёр байцаагчийг хөөгөөд явуулсан, ...хувийн компани ч шалгуулдаг шүү дээ. Төрийн өмчийн хороо шалгаж чаддаггүй энэ байгууллагыг Засгийн газар, яамдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг шалгах гэтэл “Үгүй” гээд сууж байна, ... Ж.Равдандоржийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан учир гэрээг дахин сунгаагүй...” гэх ярилцлага,

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр www.mminfo.mn цахим хуудсанд: “...Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК зөвхөн 4 дүгээр сард 600 сая төгрөгийн алдагдалтай ажилласан...” гэх ярилцлага нийтлэгдсэн талаарх үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэн зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч нар тухайн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын хүрээнд, өөрийн байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дээрх ярилцлагыг нийтлүүлсэн, энэ нь бодит үнэнд тулгуурласан гэж тайлбарлажээ.

 

Гэвч хариуцагч С.Энхзоригийн хувьд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн www.zaluu.com, www.mongolnews.mn цахим хуудсанд өгсөн ярилцлагын “...шалгалтаар худалдан авалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн...”,  “...гомдлын дагуу дахин шалгах гэхэд нөхцөл боломж олгоогүй, шалгуулахгүй гэж зүтгэдэг байгууллага өөр алга...”, “...төлөвлөгөөт шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэнтэй холбоотойгоор намайг дарамталсан, удирдах албан тушаалтнаас шахалт үзүүлж, шалгалтын дүнг Төрийн өмчийн хорооны хуралд танилцуулахгүйгээр өөрчил гэж дарамталж байсан...” гэх хэсэг,

хариуцагч О.Сэр-Одын хувьд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр www.medee.mn цахим хуудсанд өгсөн ярилцлагын “...Цогтбаатар дарга хамгаалдаг байсан ... тамга, гэрчилгээ хоёрыг аваад явчихсан ... Дарханыг найдваргүй тоггүй болгоно, тэнд миний найдвартай холбогч байгаа гэж хэлсэн...”,

Өдрийн сонины мөн өдрийн дугаарт “...шалгалтаар 9.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн ... манай байцаагчийг н.Равдандорж өөрийн биеэр болон утсаар удаа дараа дарамталж, удирдах албан тушаалтнаар шахалт үзүүлж байсан. Хурлаар оруулахгүй, ална гэж сүрдүүлсэн, ... шалгалтаар очсон манай хоёр байцаагчийг хөөгөөд явуулсан,  Төрийн өмчийн хороо шалгаж чаддаггүй энэ байгууллагыг Засгийн газар, яамдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ч шалгах гэтэл үгүй гээд сууж байна.”,

www.mminfo.mn цахим хуудсанд “...Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК зөвхөн 4 дүгээр сард 600 сая төгрөгийн алдагдалтай ажилласан...” гэх ярилцлагад дурдсан мэдээлэл тус бүрийн үнэн, бодиттой болохыг хариуцагч нар Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад хийсэн шалгалтын тайлан эцэслэн батлагдаагүй байхад нэхэмжлэгч Ж.Равдандоржийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хамаарах зүйлийн талаар нийтэд мэдээлэл тараасан нь нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хангах үндэслэл болсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл болон тухайн мэдээний үнэн зөвийг нотлоогүй гэж үзнэ.

 

Энэ утгаараа хариуцагч нар тухайн этгээдийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, тараасан хэлбэр, хэрэгслээр уг мэдээг няцаах үүргийг хүлээнэ.

 

Харин www.medee.mn цахим хуудсанд хариуцагч О.Сэр-Одтой хийсэн ярилцлагын нэхэмжлэгч Ж.Равдандоржийг “үүрэгт ажлаасаа бидний хийсэн шалгалтаас хамаарч чөлөөлөгдөөгүй, үндэслэл нь хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан учраас  чөлөөлсөн” гэх хэсэг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар бусдын нэр төр болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжийг агуулаагүй байна.

 

Түүнчлэн уг ярилцлагад дурдсан “...Ах дүү хамаатан саднаа ажилд авч, авгайгаа нягтлангаар тавина гэдэг” гэснийг нэхэмжлэгчид хандсан гэж үзэхгүй талаар шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Энхзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/02154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Энхзоригийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Т.ТУЯА