Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг дарга Б.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Цалингаас хийсэн суутгалыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Жаргалсайхан, хариуцагч Л.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Бархаагийн Жаргалсайхан нь Есөнбулаг сумын Харзат багийн Засаг даргаар 2000 оноос хойш одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2012 онд Есөнбулаг сумын төвийн 4 багт УИХ-ын гишүүн Ц.Дашдорж санаачлан 43 инчийн хавтгай дэлгэцтэй өнгөт зурагтыг хандивлаж өгсөн юм. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын эхээр Наро-Ванчин гэгээнтний хүндэтгэлийн ёслол болж наадам зохион байгуулж байхад Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга Л. Эрдэнэ нь багийн Засаг дарга нарыг өрөөндөө байгаа зурагтаа морь барианы газарт аваачиж тавь гэсний дагуу бид зурагтаа аваачиж тавьсан боловч шуурга шуураад зурагт асаах боломжгүй байсан тул буцааж машинд ачиж байтал салхинд машины хаалга савж хаагдаад цохиод хагалсан юм. Тухайн үед элэгдэл хорогдолыг тооцож хохирлыг барагдуулж байгууллагыг хохиролгүй болгоё гэсэн хүсэлт гаргаж өргөдөл өгөхөд өргөдлийн хариуг өгөөгүй юм. Тэгж байгаад гэнэт зурагтны үнэ болох 639.000 төгрөгийг бүтнээр нь төлүүлнэ гэж миний хөдөлмөрийн хөлс болох цалин хөлснөөс сар бүр суутгал хийнэ гэж ямар нэгэн тушаал захирамжгүйгээр цалингаас мөнгө суутгасан асуудал нь хуульд нийцэхгүй шударга бус үйлдэл гэж үзэж байна. Дээрх зурагт нь 2012 онд хандиваар орж ирсэн бөгөөд бүтэн 4 жил ашиглагдсан зурагт тул элэгдэл хорогдолыг тооцох нь зүйтэй байх гэж үзэж байна. Иймд миний цалингаас хууль бусаар суутгасан мөнгийг суутгасан мөнгийг надад буцаан олгуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Телевизийн үнийг бүрэн төлөхгүй, элэгдэл хорогдолыг тогтоож мөнгийг нь авах талаар хүсэлт гаргасан. Уг гаргасан өргөдөлд хариу өгөлгүй байж байгаад цалингаас шууд суутгасан. Эхлээд шууд 100.000 төгрөг авахад нь би мэдсэн. Ашигласан хугацааны элэгдэл, хорогдолыг тооцуулах хүсэлттэй байна. Элэгдэл, хорогдолыг тооцоход 180.000 төгрөг болж байсан. Иймд миний цалингаас суутгасан 300.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлттэй байна гэв.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Есөнбулаг сумын Харзат багийн 14-10 тоотод оршин суух Бархаа овогтой Жаргалсайханы нэхэмжлэлтэй хэрэгт хариу тайлбар хүргүүлж байна. Б.Жаргалсайхан нь манай байгууллагад Харзат багийн засаг даргаар ажилладаг бөгөөд 2012 онд Улсын Их хурлын гишүүн Ц.Дашдоржийн санхүүжилтээр манай байгууллагын төвийн 4 багт 4 ширхэг телевизор хандивласан бөгөөд үүнийг 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр НББ-д тусгаж байгууллагын данс бүртгэлд тусгасан байна. Уг телевизорыг   2015 оны 8 дугаар сард Наро банчен гэгээнтэнд бат оршил өргөх наадам болж морь барианы газарт телевизор суурилуулахаар багийн 4 телевизорыг морь барианы газарт байршуулсан юм. Морь барианы газарт ашиглагдаагүй учраас нярав З.Бүрэнтөгс авчирч багийн засаг даргад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Дараа нь баг руугаа зөөхдөө Б.Жаргалсайхан өөрөө машины хаалганд цохиж дэлгэцийг нь хагалсан бөгөөд 2015 оны 12 дугаар сард дэлгэц хагарсан тул ашиглах боломжгүй болсон актлаж өгнө үү хэмээн өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу судалж үзэхэд уг телевизор нь багт бараг ашиглагдаагүй шинээрээ бөгөөд  ашиглалтын  хугацаа  дуусаагүй  байгууллагын өмч хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байсан учраас актлах боломжгүй гэсэн хариуг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/531 тоот албан бичгээр хүргүүлсэн. НББ-ийн тухай хуульд зааснаар дутагдуулсан буюу эвдрэл гэмтэл гарсан хөрөнгийг өртөг зах зээлийн аль өндрөөр төлүүлнэ гэсэн байдаг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын цалингаас телевизорын 639.000 төгрөгийг цалингаас суутган тооцсон боловч Б.Жаргалсайханы аавын бие муудаж хотруу явах болсон тул одоо төлөх боломжгүй байна гээд 639000 төгрөгийг цалин  олгосон. 2015 оны жилийн эцсийн аудитаар телевизорын үнэ болох 639000 төгрөгийг санхүүгийн тайлангаар авлагад тусгаагүй гэж үзээд авлагад тусгуулан тайланг засварлуулсан учраас заавал төлүүлэх шаардлага гарсан. Иймээс 2016 оны 04 дүгээр сараас эхлэн сар   бүр   100000   төгрөгийг   цалингаас   суутган   телевизорын   үнийг   төлүүлж байгууллагын авлагыг    бууруулж    байгаа    болно. Иймд    уг    телевизорын үнийг төлүүлэхгүйгээр     хэрэгсэхгүй болгох боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг даргаар ажилладаг бөгөөд түүний 2016 оны 04, 05, 06 дугаар сарын цалингаас тус бүр 100.000 төгрөг суутгасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 04 дүгээр сар, 05 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт, зохигчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч Б.Жаргалсайханыг байгууллагын өмч хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй 43 инчийн хавтгай телевизийг гэмтээсэн гэсэн үндэслэлээр 2016 оны 04, 05, 06 дугаар саруудын цалингаас тус бүр 100.000 төгрөгийг суутгажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт “байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно” гэж заасан бөгөөд уг телевизорыг 639.000 төгрөгийн үнэтэй гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна.

         Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Жаргалсайхан нь 502.234 төгрөгийн бодит цалин авдаг байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхээр заасан байна. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх харъяалан шийдвэрлэхээр заасан байгаа нь мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан агуулгыг тодорхойлж байна.

Нөгөө талаар энэ шийдвэрийн шууд үндэслэл болохгүй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 63  дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тохиолдолд ажил олгогчийн шийдвэр гарсан байх ёстой бөгөөд нэхэмжлэгч Б.Жаргалсайханаар хохирлыг нөхөн төлүүлэхээр ямар нэгэн шийдвэр гараагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Жаргалсайханы цалингаас 2016 оны 04, 05, 06 дугаар саруудад үндэслэлгүйгээр буюу ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий тушаал шийдвэргүйгээр суутган авсан 300.000 төгрөгийг  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох 300.000 төгрөгт ноогдох 9.650 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн  63.1, 63.4, 128 дугаар зүйлийн 128.1.3, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас үндэслэлгүйгээр суутгасан 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Товог Бархаагийн Жаргалсайханд олгосугай.  

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох 300.000 төгрөгт ноогдох 9.650 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН