Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 40

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0038/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Ц.Цэен-Ойдов,

Хохирогчийн өмгөөлөгч                                              Г.Амарсайхан,

Хохирогч                                                                       Б,

Хохирогч                                                                       Ц,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                         Т.г,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                         Г.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч             Э.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Д.Гангантөгс,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Х.Биязхан,

Шүүгдэгч                                                          Т.Ц нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавнан овгийн Ц-д холбогдох 1839003860264 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 01 сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт Хэнтий аймаг Баян-Адрага сум 3-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овгийн Ц  /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 08 сарын 05-ны орой Хэнтий аймгийн Мөрөн сумын “Чандганы тал” гэх газарт 25-98 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ын дүрмийн 8.2, 2.7а, 1.5 дах заалтуудыг зөрчсөнөөс 29-47 СҮА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Б.Т, Т.Х, Д.И нарын амь насыг хохироосон, иргэн Б, Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 08 сарын 05-ны орой Хэнтий аймгийн Мөрөн сумын “Чандганы тал” гэх газарт 25-98 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 29-47 СҮА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Б.Т, Т.Х, Д.И нарын амь насыг хохироосон, иргэн Б, Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

1. Хохирогч Цын “...УБ хот руу цагаа идээгээ борлуулахаар 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 25-98 ХЭА улсын дугаартай портер маркийн автомашинд ачаад урьд нь надтай хамт миний машиныг барьж явдаг байсан найзын хүү Ц-г машин бариулаад ээж ааваас нь гуйж аваад мөн хүргэн О бид гурав 16 цагийн үед Баян-Адрага сумаас УБ хот руу гарсан. ...Мөрөн сум өнгөрөөд явж байхад Одончулуун зүүрмэглээд унтаж байсан. Би жолоочийн хажуу талд сууж явсан. Тэгээд Чандганы замд ороод явж байхад өөдөөс хурц гэрэл туссан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 17-18 тал/

 

2. Хохирогч Бгийн “...Би 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр УБ хотоос хүргэн Б.Т, талийгаач охин Б.Т, ач охин Г.Х, И гэх хүний хамт 29-47 СҮА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 17 цагийн орчим гарсан. Анх УБ хотоос гарахдаа талийгаач охин Б.Т машинаа жолоодоод гарсан. Тэгээд Хэнтий аймгийн Чандганы тал гэх газар ирээд бид машинаас бууж бие засчихаад манай хүргэн Түвшинтөгс машинаа жолоодоод хөдөлсөн. Тэгж хөдөлсний дараа 10 минут явсан байх бидний өөдөөс хурц гэрэлтэй машин цагаан зурвас даваад ороод ирсэн. Тэгээд нэг ухаан ороход машины гадаа хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх 20-22 тал/

 

3. Хохирогч Р.А “...2018 оны 08 дугаар сарын 03-ны 18 цагийн орчим манай ээж Д.И УБ хотоос Сүхбаатар аймаг руу Түвшинтөгс ахтай машинтай гарлаа гэж утсаар ярьсан. Тэгээд тэр шөнө буюу 2018 оны 08 сарын 04-ний шөнийн 03 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад Түвшинтөгс ахын дүү Төмөртогоо ирээд нөгөө хэд чинь Хэнтий аймагт Чандганы тал гэх газар зам тээврийн осолд орчихсон байна гэсэн. Би өглөө 08 цагийн үед Хэнтий аймагт очиход манай ээж Д.И, Т ахын эхнэр Б.Т, охин Т.Х нар нас барсан байсан. ...талийгаачийн оршуулгын зардалд 4500000 төгрөг, манай талийгаач ээж 3 сая төгрөгийн тэтгэвэрийн зээлтэй байсан. Тиймээс буруутай талаас нийт 10 сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 29 тал/

 

4. Хохирогч Т.гийн “...2018 оны 08 сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим манай эгч Б.Туяацэцэг, түүний нөхөр Т, манай аав Б, Т охин Х, Д.И нар УБ хотоос Сүхбаатар аймаг руу явж байх үедээ Хэнтий аймгийн Чандганы тал гэх газар зам тээврийн осолд орсон гэдгийг мэдсэн. Талийгаачийн оршуулгын зардал 13 сая төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх 31 тал/

 

5. Хохирогч Э.Ггийн “...талийгаачийн оршуулгын зардал 10 сая төгрөг болсон. Аав Түвшинтөгст ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 33 тал/

 

6. Гэрч Б.Т “...бид хэд 08 сарын 04-ний орой 18 цагийн үед Сүхбаатар аймаг руу буцахаар болоод эхнэрийн эзэмшлийн приус-20 маркийн машинтайгаа хажууд эхнэр суугаад эхнэрийн арын суудал дээр И эгч, голд нь манай охин, миний ард хадам аав суугаад явсан. Манай эхнэр хотод барьж чаддагүй болохоор хотоос өөрөө барьж гараад наашаа явж байгаад Багануур дөхөөд эхнэрт үрүүлээ шилжүүлсэн. Тэгээд Багануураас наашаа хөдлөхдөө эхнэрийг Жаргалтхаан өнгөрөөд надад жолоогоо шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд наашаа явж байгаад би нэг хэсэг зүйрмэглээд унтаад өгсөн байсан. Тэгсэн эхнэр намайг сэрээгээд нөгөө муухай зам чинь эхэллээ гэж хэлэхээр нь сэрээд харахад Чандганы зам ороод ирчихсэн машинаа замын хажууд зогсоочихсон байсан. Тэгээд эхнэр надад жолоо шилжүүлээд би машинаа бариад хөдөлсөн. Эхнэрээс жолоо аваад удаагүй 2-3 км  хиртэй явж байхад өөдөөс ирж явсан машин холын гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь би гэрлээ шилжүүлээд гэрлээрэй дохисон чинь нөгөө машин гэрлээ шилжүүлэхгүй өөдөөс миний эгнээгээр шахаад ороод ирэхээр нь би сандраад баруун гар тал руугаа дарах шиг болоход нөгөө машин өөдөөс ирж мөргөж тас хийсэн...” гэх мэдүүлэг /хх 34-35 тал/

 

7. Гэрч Г.О “...Хэнтий аймагт орж ирээд хоолонд орчихоод шууд УБ хот гарсан. Хэнтий аймгийн Мөрөн сум өнгөрөөд явж байсан. Хүмүүс Чандганы тал гэдэг юм байна лээ. Машин Ц бариад явж байсан. голын суудал дээр Ц сууж явсан, би захад буюу хаалганы хажууд суугаад арагш суудлын түшлэгээ налаад явж байсан чинь би унтаагүй сэрүүн явж байсан. Өөдөөс хурц гэрэл туссан тэгээд юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 36-38 тал/

 

8. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №54, 55, 56 тоот шинжилгээ /хх 74-76 тал, /

9. Хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №464 тоот дүгнэлтэд Бгийн биед зүүн хөлийн дунд чөмөгний хүзүүний далд хугарал гэмтэл тогтоогсон. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх 99 тал/

10. Шүүх эмнэлгийн №374 тоот дүгнэлтэнд...

-Цын биед зүүн хөлийн шагайн дотор хавчаар ясны хугарал, гадна тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх 34 тал/

12. 25-98 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ, 4395000 төгрөг /хх 114 тал/

13. 29-47 СҮА улсын дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ, 8915000 төгрөг /хх 123 тал/

14. Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт

-29-47 СҮА улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Т нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй.

-25-98 ХЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц нь МУ-ын ЗХД-ийн 8.2-д эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 2.7а-д жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй.

-2 автомашин анх мөргөлдсөн гэх А цэг байгаа зорчих эгнээ 29-47 СҮА улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Түвшинтөгсийн зорчих эгнээний зам /хх 132-133 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Ц-гийн дээрх үйлдэл нь Монгол Улсы Замын Хөдөлгөөний Дүрмийн 8.2, 2.7а, 1.5 дахь заалтуудыг зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна. Прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон. Хэрэгт нэмж шалгуулвал зохих зүйл байхгүй байна.

Иймд шүүгдэгч Т.Ц-д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, гэм хорын хохирол гаргуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогч Цэрэнсодном хэргийн газрын үзлэг хийхэд хохирогч Ц-г байлцуулах байсан, түүний эрхийг хангаагүй, хууль зөрчсөн гэх боловч хуулинд хэргийн газрын үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хөндлөнгийн гэрч нь хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн этгээд байхаар заасан байх тул тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй хохирогч Цэрэнсодномыг байлцуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч нараар гарын үсэг зуруулаагүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан байдлаар гарын үсэг зуруулсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б, Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Б.Т, Т.Х, Д.И нарын амь нас хохирсон бөгөөд хэрэгт авагдсан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан - Бгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 849048 /найман зуун дөчин есөн мянга дөчин найм/ төгрөг гаргуулж хохирогч Бд,

- Б.Т, Т.Х нарын оршуулгын зардалд 10466741 /арван сая дөрвөн зуун жаран зургаан мянга долоон зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.г, Э.Г нарт,

- Д.И оршуулгын зардалд 3773895 /гурван сая долоон зуун далан гурван мянга найман зуун ерэн тав/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А,

- Ц-ын эд хөрөнгө (цагаан идээ)-н гэм хорын хохиролд 7030000 /долоон сая гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц-д олгуулах,

иргэний хариуцагч Д.Н Б.Т эзэмшлийн 2947-СҮА улсын дугаартай тоёота-приүс маркын авто машины эвдрэлийн хохиролд 8915000 /найман сая есөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.гд тус тус олгуулах нь зүйтэй байх бөгөөд хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар бусад гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Ц-гийн №1156798  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т овогт Т Ц-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж 3 хүний амь насыг хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/  жилийн хугацаагаар хасч, 05 /тав/ жил хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4,  505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Ц-гээс:

- Бгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 849048 /найман зуун дөчин есөн мянга дөчин найм/ төгрөг гаргуулж хохирогч Б-д,

- Б.Туяацэцэг, Т.Х нарын оршуулгын зардалд 10466741 /арван сая дөрвөн зуун жаран зургаан мянга долоон зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.г, Э.Г нарт,

- Д.И оршуулгын зардалд 3773895 /гурван сая долоон зуун далан гурван мянга найман зуун ерэн тав/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Аюурзэдэд,

- Ц-ын эд хөрөнгө (цагаан идээ)-н гэм хорын хохиролд 7030000 /долоон сая гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Цд олгуулах,

иргэний хариуцагч Д.Н Б.Т эзэмшлийн 2947-СҮА улсын дугаартай тоёота-приүс маркын авто машины эвдрэлийн хохиролд 8915000 /найман сая есөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.гд тус тус олгуулсугай.

5. Хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар бусад гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн №1156798 дугаартай жолоочийн үнэмлэхийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА