Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00328

 

 

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00328

 

К С Э Ү Х- ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-

ны өдрийн 181/ШШ2023/03817 дугаар шийдвэртэй

К С Э Ү Х- ХК-ийн нэхэмжлэлтэй, А- ХХК-д холбогдох,

Алданги 858,826,109 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. К С Э Ү Х- компани нь А- ХХК-тай 2014 оны 05 сарын 30-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байх О Р- оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгад 205 м.кв орон сууц, авто зогсоолыг захиалсан. Гэрээний үнийг 557,520.12 ам.доллар байхаар, хүлээлгэн өгөх хугацааг 2015 оны 06 сарын 30-ны өдөр гэж гэрээнд тусгасан. К С Э Ү Х- компани нь гэрээний үнэ 557,520.12 ам.долларыг төлсөн ч А- ХХК нь орон сууцны төлбөрийг дутуу төлсөн гэх үндэслэлгүй тайлбар гаргаж, уг орон сууц, автозогсоолыг хүлээлгэж өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Улмаар манай компани шүүхэд хандаж Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 000 дугаартай-тогтоолоор Сүхбаатар дүүргийн 1 хороо, Олимпын гудамж, О Р- нэртэй үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгын 1101 тоот 205 м.кв талбайтай, орон сууц, зоорины давхарт байх автомашины зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг А- ХХК-иас гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгаж, тус компаниас алданги 54,605,531 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2022 оны 09 сарын 23-ны өдөр орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ К С Э Ү Х- компаниийн нэр дээр гарсан ч орон сууцны түлхүүрийг 2022 оны 12 сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанаас хүлээн авч, 06-ны өдөр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

1.2. А- ХХК нь орон сууцны өмчлөх эрх, эзэмшлийг К С Э Ү Х- компанид шилжүүлж өгөлгүй манай компанийн эрх ашгийг зөрчсөн учир энэ хугацааны алдангийг А- ХХК-аас нэхэмжлэх эрхтэй. Алдангийг 2018 оны 12 сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл тооцоход 1095 хоног болсныг гэрээний үнэ 557,520.12 ам.доллараас хоног тутамд 0,5 хувиар тооцвол 3,052,422 ам.доллар болж байгаа ч хуульд нийцүүлэн багасгахад 278,760 ам.доллар болсон. Гүйцэтгэгч А- ХХК нь орон сууцыг захиалагчийн эзэмшилд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэхгүй, түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн тул орон сууц захиалан бариулах гэрээний 6.2-т зааснаар алданги нэхэмжилж байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч А- ХХК-аас 2018 оны 12 сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алданги 278,760 ам.доллар буюу 858,826,109 төгрөгийг гаргуулж К С Э Ү Х- компанид олгож өгнө үү.

1.3. К С Э Ү Х- компани нь тус орон сууцыг бусдад хөлслүүлж орлого олох боломжтой байсан ба энэ хугацааг Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 06 сараас эхлэн шүүхийн шийдвэр биелэгдэж түлхүүр хүлээн авах хүртэлх хугацаа буюу 2022 оны 12 сар хүртэл тооцоход 18 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацааны орлогыг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж тооцоход 18 сарын хугацаанд олох байсан орлогыг 124,025,000 төгрөг гэж тооцсон. Иймд 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлж олох байсан орлого 124,025,000 төгрөгийг хариуцагч А- ХХК-иас гаргуулж өгнө үү

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь А- ХХК-д гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж удаа дараа шүүхэд хандаж өнөөдрийг хүргэсэн бөгөөд хариуцагчийг гэрээний үүргээ хожимдуулсан хэмээн дахин алданги нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлий хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өмчлөгчөөр тогтоолгох гэж тодорхойлсон. Гэтэл хариуцагч талаас талуудын хооронд 2014 оны 05 сарын 30-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч дээрх төлбөрөө хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүргэсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч А- ХХК-иас 124,025,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Кэй си эйч үйлдвэрийн хөгжил компанид олгож, нэхэмжлэлээс 858,826,109 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,452,090 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 9,175,115 төгрөгөөс 4,976,595 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас 4,198,520 төгрөгийг, хариуцагч А- ХХК-иас 778,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Кэй си эйч үйлдвэрийн хөгжил компанид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алдангид 278,760 ам.доллар буюу 858,826,109 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч А- ХХК-ийн үүргийг Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 000 дугаартай-тогтоолоор үүрэг дуусгавар болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гарснаар үүрэг дуусгавар болохгүй бөгөөд тухайн үүргийг биелүүлснээр үүрэг дуусгавар болно. Улсын Дээд шүүхийн 657 дугаар тогтоол нь гагцхүү талуудын хоорондын төлбөр тооцооны үүргийг дүгнэснээс бус хариуцагч А- ХХК-ийн алдангийн үүргийг дуусгавар болгоогүй. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын нэг төрөл учир үүрэг биелэгдсэн тохиолдолд л дуусгавар болох зохицуулалттай.

Мөн А- ХХК-иас 2018 оны 12 сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 278,760 ам.доллар буюу 858,826,109 төгрөгийг гаргуулах асуудлыг нэхэмжлэгч нь урьд нь шүүхээр шийдвэрлүүлж байгаагүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, төлбөр тооцооны үүргийг дуусгавар болгосныг өргөжүүлэн тайлбарлаж, хариуцагчийг гэрээний үндсэн хариуцлага болох үүргийг гүйцэтгэлийг хангуулах аргаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч А- ХХК-иас 2018 оны 12 сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 858,826,109 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь талууд өмнө нь маргаж, 3 шатны шүүхээр маргааныг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоол гарч Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу харилцан үүргийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Тус асуудлыг нэгэнт хянан шийдвэрлэсэн учир дахин шаардах нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч талаас гаргасан гомдол нь үндэслэлгүй гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, шийдвэр нь хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хохироосон гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь Улсын Дээд шүүхийн 000 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 08 сарын 13-ны өдрөөс эхлэн явагдсан. Гэтэл шүүхээс хариуцагч сайн дурын үндсэн дээр үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаас хойш ямар шалтгаанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан, хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагаа байгааг тогтоосон тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангасныг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан талаар хуульд заасан гомдол гаргах эрх нь нээлттэй байхад энэ талаар гомдол гаргасан баримт хэрэгт байхгүй байхад хариуцагчийг буруутгаж байгаа нь илт үндэслэлгүй.

Дээрх хугацаанд дэлхий нийтэд дэгдсэн корона вирус цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхгүйгээр сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Ийнхүү биелүүлэхгүй учир албадан гүйцэтгэх процесс руу шилжээд 18 сарын хугацаа өнгөрсөнд бид буруугүй гэх тайлбар нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хаягаа сольж хугацаа удааширсан. Мөн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцагчид орон сууны түлхүүрыг хүлээлгэж өг гэж 18 сарын турш мэдэгдэл хүргүүлсэн зэргээр шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаанд хариуцагч саад учруулсан. Нэхэмжлэгч талаас 2 удаа дээрх хүсэлтийг гаргасан, хариуцагч нь 18 сарын дараа биелүүлсэн эсэх асуудалд маргаагүй. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч К С Э Ү Х- ХК нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 858,826,109 төгрөг, орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс олох байсан орлогыг хохиролд тооцон 124,025,000 төгрөг, нийт 982,851,109 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлөөгүйн улмаас өөрөө хугацаагаа хэтрүүлсэн ба алдангийн шаардлагыг шүүх урьд нь шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсанд хариуцагч буруутайг нэхэмжлэгч нотлоогүй тул олох байсан орлого шаардсан нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

3. Талуудын хооронд 2014 оны 05 сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэх нэртэй гэрээгээр А- ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 хороонд баригдаж буй О Р- барилгын 1101 тоотод байх 205 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн барилгын зоорийн давхарт байх автозогсоолыг К С Э Ү Х- ХК-д 557,520.12 ам.доллараар худалдаж, 2015 оны 06 сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, К С Э Ү Х- ХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу 557,520.12 ам.долларыг худалдагчид төлж хөрөнгөө хүлээн авах үүргийг харилцан хүлээжээ.

Талуудын хооронд худалдан авагч гэрээний үнийг бүрэн төлсөн эсэх, худалдагч орон сууц, автозогсоолыг шилжүүлэх үүргээ зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсч, нэхэмжлэгч К С Э Ү Х- ХК нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт мэдээллийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, алдангид 304,124,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн  магадлалаар А- ХХК-аас 152,062,465 төгрөгийг гаргуулж К С Э Ү Х- ХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин Улсын дээд шүүхийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 000 дугаар тогтоолоор маргааныг нэг мөр шийдвэрлэж, нэхэмжлэгч К С Э Ү Х- ХК нь гэрээний төлбөрөөс 97,456,934 төгрөгийг дутуу төлснийг, хариуцагч А- ХХК нь алданги 152,062,465 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйг тус тус тогтоож, зохигчийн шаардлагыг харилцан тооцох замаар дуусгавар болгож, орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг болон алданги 54,605,531 төгрөгийг хариуцагч А- ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч К С Э Ү Х- ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /1хх 33-62 дахь тал/

 

4. Анхан шатны шүүх дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг шүүх харилцан тооцох замаар үүргийг дуусгавар болгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй, нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой хохирлыг дахин шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

5. Талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний маргааныг шүүх хянан шийдвэрлэснээр гэрээний үүрэг дуусгавар болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар зохигч уг асуудлаар дахин маргах эрхгүй. Иймд нэхэмжлэгч нь дуусгавар болсон гэрээний үүргийг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги гаргуулахаар шаардах эрхгүй тул орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 858,826,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 1 хороо /14220/, Олимпийн гудамж 22 байрны 0000- тоотод байх 205 м.кв талбайтай орон сууц, мөн байрны зоорийн давхрын 00- тоотод байршилтай, 13.5 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр 2022 оны 09 сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэж нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ. /1хх 197-198 дахь тал/

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үр дагавартай, хэрэв сайн дураар эс биелүүлбэл албадан гүйцэтгэхээр заасан тул хариуцагч А- ХХК нь Улсын дээд шүүхийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 000 дугаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч К С Э Ү Х- ХК нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6.2. Улсын дээд шүүхийн шийдвэр 2021 оны 06 сарын 04-ний өдөр гарснаас хойш хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд 2022 оны 09 сарын 23-ны өдөр, эзэмшилд 2022 оны 12 сарын 06-ны өдөр шилжүүлсэн үйл баримтад хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсанд хариуцагч буруутайг тогтоогоогүй, дээрх хугацаанд Ковид-19 цар тахал бий болж хөл хорио тогтоосон байсан гэх гомдол ач холбогдолгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон эзэмшлийг шилжүүлэхтэй холбоотой маргаанд Ковид-19 цар тахал бий болсон нь уг шийдвэрийг биелүүлэхэд нөлөөлөхгүй юм. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

7.1. Маргаж буй орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг Улсын дээд шүүхийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 000 дугаартай-тогтоолоор хариуцагчид даалгасан ч уг үүргийг биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэж 2022 оны 12 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн хугацаагаар нэхэмжлэгч алдагдсан боломжоо хохиролд тооцон 124,025,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасантай нийцсэн байна.

7.2. Нэхэмжлэгчээс 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлсөн бол 124,025,000 төгрөгийн орлого олох байснаа нотолж Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй байна. Уг олох байсан орлогыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон нь үндэслэлтэй, хуульд зааснаар үүрэг бүхий этгээд нь олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй тул шүүх хариуцагчаас А- ХХК-аас 124,025,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К С Э Ү Х- ХК-д олгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 4,198,520 төгрөг төлжээ. Уг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,198,520 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй, харин шаардлагаа өөрчилсөн нь мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй.

Иймд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,198,520 төгрөгийг илүү төлсөн агуулгаар буцаан олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаархи хууль хэрэглээний алдааг залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 59 дүгээр зүйлийн 59.4 гэснийг 58 дугаар зүйлийн 58.1 гэж өөрчлөлт оруулна.

 

9. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03817 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...59 дүгээр зүйлийн 59.4... гэснийг 58 дугаар зүйлийн 58.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орохисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К С Э Ү Х- ХК-ийн төлсөн 4,453,285 төгрөг, хариуцагч А- ХХК-ийн төлсөн 779,275 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ