Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0054/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                   М.Долгоржав,

Улсын яллагч                                                                 Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                                        П нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пд холбогдох  1839006340021  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, саригийн 08-14 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй,  Боржигон овогт П /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 8-14 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Уийг хөлнөөс нь татаж унаган толгойг нь хагалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 8-14 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Уийн толгойг нь хагалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

1. Хохирогч Д.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн... Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ хамгийн бага 3 настай хүүхдийн хамт хоёулаа байсан. Манай нөхөр П ганцаараа гаднаас архи уучихсан согтуу орж ирээд хэнтэйгээ мэссежлээд байдаг юм гэж хэлээд надад агсам тавиад гэрийн хаалганы зүүн хатавчинд байсан 25 литрийн шар савтай усыг хөлөөрөө татаад асгасан. Тэгээд надад нөхөр маань агсам тавиад байхаар нь би гараад зугтах гэтэл үүдэнд асгасан усан дээр хальтраад унахдаа духаараа гэрийн хаалганы босгыг мөргөж унасан. Тэгээд дахин босоод гарах гэтэл нөхөр маань зүүн хөлний шагай хэсгээс татахад би гэрийн хаалга дамнаад унахад үүдний амбаар дотор хүүхдүүд тоглож байгаад орхисон сул төмрийг толгойгоороо мөргөөд толгойгоо хагалсан. Тэгээд би босоод дуудлага өгсөн. Намайг бол П гараараа цохиод, хөлөөрөө өшиглөсөн асуудал байхгүй. Харин миний хөлнөөс татаж унагаах явцад миний толгойн баруун дээд хэсэг хагарсан. Ингээд би эмнэлэгт очиж үзүүлж толгойдоо 4 оёдол тавиулсан....гэх мэдүүлэг..../ХХ-ийн 20-22 дугаар хуудас/

2. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт....

- Д.Уын биед духны шарх, 2 нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, бугалга, шуу цээжний зулгарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна......гэх дүгнэлт....../ХХ-ийн 14 дүгээр хуудас/

6. Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ... /хх-ийн 55-67 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Пгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Уийн эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд хохирогч Д.У нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Пг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт  П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Пд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ГАНЗОРИГ