Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 278

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 4 дүгээр гудамж 9 дүгээр байр 12 тоотод оршин суух Бүрэнхайрхан Түмэнжаргалын Эрхэмбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Эрхэмбаяр, хариуцагч Д.Сономцэвээн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Эрхэмбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т.Эрхэмбаяр нь 2014 оны 09 сарын 29-ний өдрөөс эхлэн Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргээ хангалттай биелүүлж байсан. Гэтэл Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Сономцэвээн нь 2016 оны 05 сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн талаар мэдэгдсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүй гаргасан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Мөн уг тушаалыг надад албан ёсоор танилцуулаагүй бөгөөд тушаалын хувийг бичиг хэргийн ажилтнаас гуйж авсан болно. Иймд Гэтэл Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Сономцэвээн нь 2016 оны 05 сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хянан үзэж намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Сономцэвээн шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 05 дугаар сарын сүүлээр М.Эрдэнэбилэг дарга Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга болсноор Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад даргын үүрэг үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Намайг ажилд томилогдсоны дараа Т.Эрхэмбаярын сонгуульд бие даан нэр дэвшсэнтэй холбоотойгоор асуудал гарч ирсэн. Т.Эрхэмбаярын ажиллаж байсан албан тушаал нь олон улсын байгууллагаас санхүүждэг. Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын ажилтны дүрэм, журамд нийцэхгүй байна. Тийм учраас Т.Эрхэмбарыг ажлаас чөлөөлөх талаар аймгийн удирдлагаас санал болгосон. Т.Эрхэмбаяр нь залуучуудын хөгжлийн төвийн ажлыг хийж чадахгүй байна гээд Т.Эрхэмбаярын ажлыг хийх хүнийг надад санал болгосон. Нэхэмжлэл гаргасан Т.Эрхэмбаяр нь тус Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст 2009 онд ажилд орсон бөгөөд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэж 2011 онд Төрийн албан хаагчийн тангараг өргөн Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тус хэлтсийн дэргэд Залуучууд хөгжлийн төв байгуулагдахад 2014 оны 09 дүгээр сараас эхлэн зохицуулагчаар ажиллаж байсан. Залуучууд хөгжлийн төв нь манай улсын хэмжээнд 16 аймагт ХГБХХ-ийн дэргэд байгуулагдсан бөгөөд НҮБ-ийн Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксенбургийн Засгийн газрын санхүүжилтаар санхүүждаг, ХАХНХЯ-тай хамтран ажилладаг Залуучуудын хөгжил 2013-2017 төслийн хүрээнд байгуулагдсан олон улсын санхүүжилттай төслийн байгууллага юм. Залуучуудын хөгжлийн төслийн санхүүжүүлэгч байгууллагын зүгээс Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь ямар нэг нам, улс төрийн хүчний үйл ажиллагаанаас ямагт ангид байх шаардлагыг бүх хамтрагч талууд, яам, агентлаг, орон нутгийн удирдлагуудад холбоогоор болон албан бичгээр зөвлөмж болгож байдаг. Т.Эрхэмбаярын өөрийн хүсэл бодлоор шийдвэр гаргаж сонгуулийн үйл ажиллагаанд оролцож нэр дэвшсэн сонголтыг хувь иргэний хувьд хуулинд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгааг хүндэтгэж үзэж болох боловч эрхэлж байгаа ажил, албан тушаал нь санхүүжүүлэгч байгууллагын бодлого, зарчим, дүрэм журамтай нийцэхгүй байгаа тул ажлаас чөлөөлөх шалтгаан болсон. Т.Эрхэмбаярын ажлаас чөлөөлөгдөх шийдвэр гаргахаас өмнө өөрийнх нь сонгуульд нэр дэвшсэнтэй холбоотойгоор өөртэй нь биечлэн уулзаж ярилцах, санал бодлыг нь сонсох, тавьсан хүсэлтийг нь биелүүлж яаран сандран ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалгүй хүлээцтэй хандаж, Залуучууд хөгжлийн төвийн зохицуулагч сонгуульд нэр дэвшиж болох эсэх талаар НҮБ-ын хүн амын сан, ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан ажилтнуудтай утсаар холбогдож тэднээс мэдээлэл авах, албан бичиг хүргүүлж хариу ирүүлэхийг хүсэх гэх мэт асуудлыг судлахын зэрэгцээ авсан мэдээллээ өөрт нь танилцуулах зэргээр Т.Эрхэмбаярын ажлаас чөлөөлөгдөх шийдвэрийг гаргах хүртэл баримт, үндэслэлтэй байх талаас нь ихээхэн анхаарсан болно. Ингэж удирдах дээд шатны байгууллагаас тодруулга авахад НҮБ-ын хүн амын сан, ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан ажилтнууд аль аль нь "Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагчаар ажиллаж байгаа хүмүүс нь Залуучуудын хөгжлийн төвд ажиллаж байх хугацаандаа аливаа сонгуульд нэр дэвшиж болохгүй, нэр дэвших шаардлага гарвал ажлаасаа чөлөөлөгдөөд дэвшиж болохыг үгүйсгэхгүй, харин тухайн ажилтныг ажлаас чөлөөлөх асуудлыг зохицуулагчаар авч ажиллуулсан байгууллагын удирдлага, орон нутаг шийдвэрээ гаргана." гэсэн чиглэл тайлбарыг өгснийг үндэслэж Т.Эрхэмбаярыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Залуучууд хөгжлийн төвийн зохицуулагчийн ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан юм. Т.Эрхэмбаярыг   Залуучууд   хөгжлийн   төвийн   зохицуулагчийн   ажлаас   чөлөөлөх тушаалд үндэслэл болгосон заалтууд:

а.  ХГБХХ-ийн хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг хэлтсийн дэргэд Залуучууд хөгжлийн төв байгуулагдахад өөрийнх нь хүсэлт зөвшөөрлөөр төслийн хугацаа дуустал сэлгэн ажиллуулсан учир Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг,

б.  Залуучууд хөгжлийн төвийн зохицуулагч нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан учир ТҮ-12-1-ээр цалинжиж байгаа нь агентлагын даргын цалингийн ТЗ-9-с дээгүүр   ТЗ-10,   ТЗ-11-ийн   дундажтай   дүйцүүлэн   765000   төгрөгийн   үндсэн   цалингаар цалинждаг учир  Төрийн  албаны  тухай  хуулийн  23.2,   Сонгуулийн  тухай  хуулийн   154.4 заалтуудыг,

в.  ХАХНХЯ-ны Сайдын 2014 оны А/72 тоот тушаал, мөн тушаалд нэр дурдаагүй ч санхүүжүүлэгч байгууллагын анхааруулга зөвлөмж, албан бичгийг тус тус үндэс болгосон болно. / ЗХТ-ийн ажилтнуудын цалин, үйл ажиллагааны бүх зардал НҮБ-аас санхүүждэг/

Залуучууд хөгжлийн төвийн зохицуулагчийн үүрэгт ажлаас Т.Эрхэмбаярыг чөлөөлөх болсон шалтгаан нь түүнийг төрийн жинхэнэ албан хаагч төсөл хэрэгжих хугацаанд шилжин ажиллаж, НҮБ-ын санхүүжилтаар санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг ажил албан  тушаалтай  байх  үедээ  сонгуульд  нэр  дэвшсэнтэй холбоотой бөгөөд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан болно. Иймээс Т.Эрхэмбаярын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Т.Эрхэмбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Т.Эрхэмбаяр нь Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагчаар ажиллаж байсан болох нь  хэрэгт нотлох баримтаар авагдсан Т.Эрхэмбаярыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох  гэсэн шаардлагыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явц, ажлаас халах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг “сонгуульд бие даан нэр дэвших болсон тул” гэсэн үндэслэлээр гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн харилцааг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг баримталсан байх ёстой бөгөөд Б/13 дугаар тушаалын удирдлага болгох хэсэгт Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1, төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.2, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, ХАХНХЯ-ны сайдын 2014 оны А/72 тоот тушаалыг тус тус баримталсан байна.

Монгол улсын Дээд шүүхийн 20016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолд “...хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино...” гэж заасан байдаг ба Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаартай тушаалд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байх тул уг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч Д.Сономцэвээн нь  шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Т.Эрхэмбаяр нь төрийн жинхэнэ албан хаагч, төсөл хэрэгжих хугацаанд шилжин ажиллаж, НҮБ-ын санхүүжилтаар санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг ажил албан тушаалтай байх үедээ сонгуульд нэр дэвшсэн учир холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан болно...” гэж тайлбарлаж байгаа нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан №04 дугаартай хөдөлмөрийн гэрээний гэрээ цуцлах нөхцөлд тусгагдаагүй, мөн сонгуулийн тухай хуульд төслийн зохицуулагчийн талаар тухайлсан, хориглосон заалт байхгүй байна.

 Иймд Бүрэн хайрхан Түмэнжаргалын Эрхэмбаярыг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Бүрэн хайрхан Түмэнжаргалын Эрхэмбаярыг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагчийн  ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН