Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0161/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                              Ц.Цэен-Ойдов,

Хохирогч                                                                       Э,

Хохирогчийн өмгөөлөгч                                              Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             П.Амаржаргал,

Шүүгдэгч                                                                      О нарыг оролцуулан

   Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О-т холбогдох 1839001410221 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1990 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,  хүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 15-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97-р зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт О /РД:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Эыг жирэмсэн байхад нь  2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг булгийн 15-09 тоотод оршин суух хашааныхаа гадаа гэдэсний баруун хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, 2018 оны 01 сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг булгийн 15-09 тоотод гэртээ толгойны баруун хэсэгт цохисон, 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг булгийн 11-15 тоотод зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчимийн нийтийн байрны 12 тоотод үснээс нь зулгааж толгойгоор нь 2 удаа шал мөргүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э-тай хэрүүл маргаан үүсгэж үснээс нь зулгааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Эыг жирэмсэн байхад нь  2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг булгийн 11-15 тоотод хашааныхаа гадаа гэдэсний баруун хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, 2018 оны 01 сарын 04-ний өдөр мөн гэртээ толгойны баруун хэсэгт нь цохисон, 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөн гэртээ зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчимийн нийтийн байрны 12 тоотод үснээс нь зулгааж толгойгоор нь 2 удаа шал мөргүүлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үснээс нь зулгааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:  

 

1. Хохирогч Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 сарын 10-ны өдөр намайг дагуулаад 13 цагийн үед төрсөн эгч Отгонтуяагийнд нөхөр нь болох Өнөрөө ахтай 2 шил 0.75 граммын хараа архи уусан. Отгонтуяа эгч бид хоёр уугаагүй. Тэндээс гэр рүүгээ ирээд 3 сартай жирэмсэн байхад Булгийн 15-09 тоотод хашааныхаа гадаа орой 16 цагийн үед эргэж эгчийндээ очиж архи ууна гэхээр нь явуулахгүй гэж хориход гэдэсний маань баруун хэсэг рүү 2 удаа хүчтэй өшиглөсөн. Би өшиглүүлээд газар унахад нэг машин ирж зогсоод зүүн талын айлын Батбаяр ахын галд ажилладаг Ууганаа гэх хүү нь бууж ирээд О-ыг боль, битгий жирэмсэн хүн зод гэсэн. Би шууд босоод яваад өгсөн. Эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй. Үүний дараа 2018 оны 01 сарын 04-ний өдөр Булгийн 15 дугаар гудамжний 09 тоотод гэртээ Оын хамт ноосны үйлдвэрт ажиллаж байсан гэх Намхан ах түүний эхнэр нь 3 настай хүүхэдтэй ирсэн. Ингэж гэртээ ирэхдээ О 1 шил 0.75 граммын Ерөөл архи авч ирээд тэр хоёртой хувааж уусан... намхан ахын эхнэр нь гэртээ харъя гэж хэлэхэд явахгүй гээд байсан. Эхнэрийнх нь гар утас олдохгүй байсан... Эхнэр нь гар утсаа аваад хүүхдээ болон сүүлд ирдэг эмэгтэй эрэгтэй 2 хүнийг дагуулаад яваад өгсөн. Тэгсэн чинь О намайг баруун орон дээр сууж байхад миний толгойны баруун дээд хэсэгт том цэвэр устай саваар 1 удаа маш хүчтэй цохисон. Намхан ах О-ыг барьж аваад намайг дахин цохиулахгүй гээд хорьж байхад би босоод гэрийнхээ хаалгаар гарах гээд явахад 2 удаа өшиглөсөн. Би өшиглүүлээд алхаж явж чадахгүй болсон. Гэдэс маань хатуураад ирсэн. Би доошоо явган 2 хөлөө нугалаад хэсэг суусан. Намайг гэрээс гарах гэтэл О баруун гарын бугалганаас базаад тавьсан. Тэгээд би Оын төрсөн эгч Г.Отгонтуяагийнд ганцаараа явган алхаад очсон. Отгонтуяагийн гэрт очиход нөхөр Өнөрөөтэйгөө байсан. Оын гэрээс гараад явж байхад доошоо цус гараад байсан. Энэ талаар цагдаа болон эмнэлэгт хэлээгүй.

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр онцгой байдлын хувцастай 3-н залууг орой гэртээ авчирсан. Ингэж ирэхдээ 2 шил чингис нэртэй архи авч ирсэн. Тэгээд би 7 настай хүү Цагаанбаатарыг дагуулаад Отгонтуяагийнд очоод хоносон. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 01 сарын 06-ны 13 цагийн үед О ганцаараа согтуу ирээд гэртээ хонохгүй яасан юм гэж уурлаад намайг Отгонтуяа эгчийн зүүн талын орон дээр сууж байхад миний зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Отгонтуяа эгч болиоч гээд О дүүгээ барьж авахад О эгчийгээ зайл гээд хөөсөн. Дуудлага өгсөн. Амартүвшинд мэдүүлэг өгсөн Доошоо тонус өгсөн.

2018 оны 01 дүгээр сарын 08-нд дүүгийндээ байж байхад согтуу ирээд яасан их цагдаад өгдөг гичий вэ гээд 2 гараараа үснээс зулгааж толгойгоор 2 удаа шал мөргүүлсэн. Өөдөөс харсан хаалганы залуу ирж салгасан. Цагдаагийн газарт дахин дуудлага өгсөн. О зугтаад явчихсан байсан. Тэр өдрөө эрүүлжүүлэхэд хоносон байсан.

2018 оны 01 сарын 10-нд гэрээсээ хувцасаа авахаар 18 цагийн үед очиход О цагдаагийн газарт шалгагдаж байгаа гээд нэг ахтай хамт байсан. Тэр хоёр нилээн архи уусан халамцуу байсан. Тэр хоёр хамт гараад явсан. Тэгэхээр нь утас руу нь залгаад би хувцасаа аваад явлаа чи хүрээд ир гэхэд ганцаараа буцаж орж ирээд намайг урдаас маань 2 гараараа үснээс зулгааж бариад доош нь дараад байсан. Тэгэхээр нь би тавиач ээ гээд хашгираад байсан чинь тавьсан. Энэ үед гаднаас хамт байсан ах нь орж ирсэн. Тэгээд намайг цүнхтэй хувцасаа аваад гарах гэтэл О намайг баруун гараараа үснээс зулгааж шалан дээр унагаагаад шалан дээгүүрээ чирсээр гэрийнхээ хаалгаар гадагш гаргатал хамт байсан ах Оыг надаас салгаад аваад хашаанаас гарсан. Тэгээд цагдаагийн 102 дугаарт дуудлага өгөхөд 2 цагдаа ирсэн. Тэгээд О зугтаачихсан. Энэ үед Амартүвшин нэг цагдаатай ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-38 хуудас/

2. Гэрч Г.Отгонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 01 сарын 04-ний орой 23 цагийн үед О хүүгээ дагуулан ирсэн. Тухайн үед Э О надтай хэрүүл маргаан үүсгээд байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай дүү О гэрт ороод ирсэн чинь Э уурлаад галын хайч аваад Оын хөл рүү нь 2-3 удаа цохисон чинь О яагаад байгаа юм бэ гээд Эын гуя хөл хэсэг рүү нь 1 удаа өшиглөөд яв зайл гэсэн. Тэгээд дахиж ирээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/

3. Гэрч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... намайг очиход бол тэр эмэгтэй эрэгтэй 2 хоорондоо маргалдаад зууралдаад байсан. Эмэгтэй нь жирэмсэн бүр цондгор гэдэстэй байсан. Би машиныхаа цонхыг онгойлгоод эрэгтэйд нь хандан чи одоо эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэхэд тэр залуу хөгшин минь зүгээрээ зүгээр гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/

4. Гэрч З.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манай эгч Э нь 2017 оны эхээр шиг санаж байна. О гэдэг хүнтэй танилцаад жирэмсэн болоод хамтран амьдрах болсон. Эгч маань надад Отай хамт амьдарч байхдаа олон удаа зодуулсан талаар хэлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр намайг гэртээ байж байхад манай эгч манай гэрт ирээд От зодуулаад зугтаагаад ирлээ гэж хэлсэн. Тухайн үед би эгчид хандан Оыг цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 01 сарын 08-ний өдөр О манай гэрт ирээд эгч Эыг зодож байсан. Би тэр үед гаднаас орж ирсэн чинь О эгчийг маань үсдээд доош нь дарсан байдалтай байсан. Тухайн үед О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эгчийг маань зодож байхад хажуу айлын залуу цагдаа дуудсан байсан. ... эгч маань байнга зодуулдаг гэж ярьдаг. О тэр эгчийнхээ хажууд манай эгчийг зодсон талаар утсаар ярихдаа эгч чинь худлаа ярьж байгаа юм. Би эгчийг чинь зоддоггүй гэж хэлж байсан боловч манай гэрт эгчийг зодоход би мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/

5. Гэрчээр З.Отгонжаргалын дахин өгсөн: .. Намайг 2018 оны 01 сарын 06-ний өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчимийн ажилчдын нийтийн байранд гэртээ байж байхад манай эгч Э От Хэрлэн сумын 02 дугаар баг Булгийн 11 гудамжинд орших эгчийнх нь гэрт зодууллаа гээд 16 цагийн үед уйлаад манайд ирсэн. Эгч Э маань Оын хүүхдийг тээж байсан учир жирэмсэн байсан. Эгч Э хэлэхдээ О эгчийг нь гэртээ хоносонгүй гэсэн шалтгаанаар зодож зүүн хөлийнх нь гуяны гадна хэсэгт хөхрүүлсэн. Тухайн хэсэг газартаа эгчийн маань зүүн хөлийн мах нь хөхөрч алагласан, жирэмсэн байсан учир зодуулснаас болж доошоо цус гарсан гэж эгч хэлсэн учир би цагдаа дуудсан. Тухайн үед 2 цагдаа ирээд эгчийг 103-т дуудлага өгч биеэ үзүүл гээд Оыг эрж хайхаар дуудлагын дагуу явсан. Тэгээд би эгчийгээ аваад 103-т дуудлага өгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт тэр өдөр нь эгчтэй хамт очоод үзүүлж анх үзсэн эмчийн тодорхойлолтыг авч эгчийг бас ЭХО-д харуулсан. О нь 2018 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн эгчийнхээ гэрт зодож биед гэмтэл учруулсны улмаас жирэмсэн байсан учир эгч маань доошоо цус алдсанд маш их гомдолтой байгаа талаар гомдол гаргасан юм. Эгч бид 2-ыг цагдаад мэдүүлэг өгөөд манай гэрт очсон хойно О нь 2018 оны 01 сарын 06-ны орой гар утсаар эгч рүү залгаад чи намайг цагдаад өгсөн байна, би чамайг ална, чи хаана байгаа юм гээд олон дахин залгаад байсан. Эгч манай гэрийн хаягийг От зааж өгсөн гэсэн.. Үүний дараа манай гэрт эгч Эыг байж байхад 2018 оны 01 сарын 08-ны өдөр О нь ганцаараа согтуу орж ирээд намайг гэрийнхээ тогоо антенийг гадаа тохируулж байхад эгчийг зодсон байсан. Намайг гадаа байж байхад хүмүүс шуугилдаад эгч орилж чарлахаар нь намайг гэртээ орж ирэхэд эгч Эыг О нь толгойнх нь урд хэсгээс үснээс нь 2 гараараа зулгаагаад шалан дээр доош дараад шал мөргүүлээд зодож байсан. Би ороод шууд Оын гарыг нь эгчийн толгойны үснээс зулгаагаад шал мөргүүлээд байсныг салгаж эгчээс холдуулсан. О чи муу яасан их цагдаад дуудлага өгдөг юм бэ? Надад тэр хууль чинь үйлчилдэггүй юм гээд орилоод байсан... Харин тэр шөнөө эрүүлжүүлэхэд хоносон гэсэн. Энэ үед манай нийтийн байранд хамт амьдарч байсан Туул гэх эмэгтэй зодож байхыг харсан юм. Эгч болохоор тэр эмэгтэйг тухайн үед зодуулж байсан учир эрэгтэй хүн гээд буруу мэдүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 хуудас/

6. Гэрч Т.Мөнхтуулын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны эхээр шиг санагдаж байна 19 тоотод унтаж амарч байхад манай баруун урд коридорт хүн орилж хашгираад чимээ гарахаар нь 10 тоотод ороход  нэг залуу нэг хүүхнийг үснээс нь зулгааж байсан. Үснээсээ зулгаалгасан хүүхэн нь шалан дээр хэвтсэн орилж байсан. Тэр залуу үснээс нь зулгаасан эмэгтэйд хандан чи худлаа хэлээд яваад салсан нөхөр дээрээ ирлээ гээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 154 хуудас/

7. Жирэмсэн эмэгтэйн хяналтын карт /хх-ийн 23 хуудас/

8. Эын Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр дуудлага өгсөн талаарх мэдээлэл /хх-ийн 28 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний гэр бүлийн хамаарал бүхий жирэмсэн хүнийг байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Эын эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд хохирогч нь  өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт О-ыг гэр бүлийн хамаарал бүхий жирэмсэн хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ыг 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-т оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ