Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00329

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00329

 

 

 

2024 02 19 210/МА2024/00329

 

М Р -ХХК, Б- ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03718 дугаар шийдвэртэй

М Р -ХХК, Б- ХХК нарын нэхэмжлэлтэй, Т.Г-од холбогдох,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00--- шийдвэрт заасан 382,790,202 төгрөгийн төлбөрийн үүрэг Т.Г-од шилжсэнийг тогтоолгох, уг үүргээ биелүүлэхийг даалгах, түүний өмнөөс төлсөн 340,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г Б-ХХК нь А М- ХХК, түүний эцсийн өмчлөгч Т.Г-, түүнтэй хамаарал бүхий хуулийн этгээд Б- ХХК, К- ХХК, П И-ХХК-ийн хооронд үүссэн зээл, төлбөр тооцооны асуудлаар үүссэн иргэн, захиргааны болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа асуудлаа эвийн журмаар шийдвэрлэхээр тохиролцож 2017 оны 05 сарын 01-ний өдөр ----- эвлэрлийн ерөнхий гэрээ байгуулсан. Улмаар Улсын дээд шүүхийн 2016 оны - тогтоолоор Б- ХХК-аас 28,825,478,052 төгрөг гаргуулж Г Б-ХХК-д олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотой, Б А- ХХК-ийн өмчлөлд Б- ХХК-ийн хувьцааг шилжүүлэх замаар төлбөрийг барагдуулахаар талууд 2017 оны 05 сарын 01-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулсан.

 

1.2. Б- ХХК-ийг шилжүүлэхтэй холбогдуулан өр авлагын мэдээллийг гаргаж, ямар өрийг хэн хариуцах талаар тохиролцож жагсаалт үйлдсэн нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт-1 баримт юм. Ийнхүү шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн --- шийдвэрээр Б- ХХК-ийн А Т- ХХК-д төлөх төлбөрийг хувьцаа худалдагч тал болох Ф- буюу тус компанийн эцсийн өмчлөгч Т.Г- нар хариуцах үүрэг хүлээсэн. Ийм учраас хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан өр төлбөрийн жагсаалтад энэ өр төлбөрийг оруулаагүй.

 

1.3. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 7 сард дээрх өрийг барагдуулах ажиллагааг явуулж байгааг мэдэгдсэн ба бид мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж энэхүү өрийг төлөхийг Ф- буюу түүний эцсийн өмчлөгч Т.Г-оос шаардсан ч тэрээр татгалзсан тул арга буюу шүүхийн шийдвэрт заасан 382,790,202 төгрөгийн төлбөрийг төлбөр авагчтай тохиролцон 340,000,000 төгрөгийг Т.Г-ын өмнөөс нэхэмжлэгч нь төлсөн.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн --- шийдвэрт заасан 382,790,202 төгрөгийн төлбөрийн үүрэг Т.Г-од шилжсэнийг тогтоолгох, уг үүргээ биелүүлэхийг даалгах, 340,000,000 төгрөгийг Т.Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан А Т- ХХК-д төлөх төлбөрийг Б- ХХК-ийн өмнөөс хариуцах үүрэгтэй этгээд нь Б- ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч Ф- ХХК болохыг тогтоолгох гэсэн агуулгатай байна. Гэтэл хувьцаа эзэмшигч байсан, хувьцаагаа худалдсан Ф- ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байна. Хариуцагч нь Ф- компанид хувьцаа эзэмшдэггүй, Худалдах-худалдан авах гэрээг Ф- компани болон Б А- ХХК нар байгуулсан. Уг гэрээнд хариуцагч нь Ф- компанийн хувьцаа эзэмшигчээр оролцон гарын үсэг зураагүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 124 дугаар зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б А- ХХК /М Р -ХХК/, Б- ХХК нарын хариуцагч Т.Г-од холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн --- шийдвэртэй 382,790,202 төгрөгийн төлбөрийн үүрэг Т.Г-од шилжсэнийг тогтоолгож, уг үүргээ биелүүлэхийг даалгаж, 340,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М Р -ХХК, Б- ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,071,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. А Т- ХХК-ийн өрийг төлөх үүрэг Ф- ХХК, түүний эцсийн өмчлөгч Т.Г-од үлдсэн тухайд: Г Б-ХК нь А М- ХХК, түүний эцсийн өмчлөгч Т.Г-, түүнчлэн түүнтэй хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн хооронд 2012 оноос эхэлсэн эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг эвлэрэн хэлэлцэх замаар 2017 оны 05 сарын 01-ний өдөр гэрээ байгуулан шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Улсын дээд шүүхийн 2016 оны - тогтоолтой 28,825,478,52 төгрөгийг Б- ХХК-иас гаргуулж "Голомт банк" ХХК-д олгох шийдвэрийг биелүүлэхээр Хувьцаа худалдах, худалдан авах тухай А-2 дугаар, Компанийн эрх шилжүүлэх тухай А-2 дугаар гэрээг мөн өдөр байгуулж (Г Б-ХХК-ийн нэр заасан хуулийн этгээд) Б А- ХХК-ийн өмчлөлд Б- ХХК-ийн хувьцааг шилжүүлж төлбөрийг барагдуулсан. Гэрээнд Б- ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийн хэн хариуцаж, хэрхэн төлөхийг тохиролцсон ба Б- ХХК өөрөө болон Б А- ХХК-ийн хариуцах өрийг заасан Хавсралт-1 гэх баримтыг үйлдсэн.

 

4.2. Гэвч анхан шатны шүүх хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт №1 Өглөг товчоо тайлан, Авлагын товчоо тайлан 2017 оны 04 сарын 30-ны тайлант үе гэсэн баримтад --- шүүхийн шийдвэрт заасан 382,790,202 төгрөгийг дурдаагүй нь хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэж үйл баримтыг алдаатай, илт үндэслэлгүй дүгнэсэн. Гэрээний хавсралт-1 дэх төлбөрийг Б А- ХХК төлөх, түүнд тусгагдаагүй аливаа төлбөрийг худалдагч Ф- ХХК, түүний эцсийн өмчлөгч Т.Г- хариуцан төлөхийг тогтоосон. Шүүхээс 382,790,202 төгрөгийн төлбөр нь хавсралтад тусгагдаагүй гэсэн ч түүнийг төлөх үүрэг Ф- компани, Т.Г- нарт үүсээгүй гэсэн нь уг хавсралт-1 гэсэн баримт дахь төлбөрийг Б- ХХК төлөхийг тогтоож буй атлаа, түүнд дурдаагүй төлбөрийг хувьцаа шилжүүлэгч хариуцах үр дагаврыг бий болгож буйг зөв дүгнээгүй.

 

4.3. Талууд Эвлэрлийн болон Худалдах худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед дээр төлбөрийг хавсралт-1т тусгаагүй үлдээх замаар хариуцагчид үлдээсэн. Иймд гэрээ байгуулах үед талуудын хэн алин нь мэдэж байсан төлбөрийг мэдэж зохицуулахгүй орхигдуулсан гэх үндэслэлгүй. Нэгэнт "Б А-" ХХК, "Б- ХХК-ийн хариуцах төлбөрийг тусгайлан хавсралтад заасан ба түүнд дурдагдаагүй аливаа өр төлбөрийг гэрээний нөгөө тал Ф- ХХК, эцсийн өмчлөгч Т.Г- хариуцах нь цорын ганц үндэслэлтэй дүгнэлт юм. Хувьцаа худалдах худалдан авах гэрээний 2.5, 2.6-д зааснаас үзвэл Б А-" ХХК, Б- ХХК нь гэрээний хавсралт №1-д дурдсан өр төлбөрөөс бусад өр төлбөрийг төлөх хүсэл зориггүй байсан буюу зөвхөн хавсралт №1-д дурдсан өр төлбөрийг л төлөх хүсэл зориг илэрхийлж, гэрээ, түүний хавсралтыг үйлдсэн гэж үзнэ.

 

4.4. Хавсралт 2 гэх баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдол нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны --- шийдвэрийн хуулбарыг Б А- ХХК-д өгсөн талаар л дурдсан. Гэтэл шүүх Хавсралт-2 гэх баримтаар Т.Г-ын хариуцах төлбөрийг тодорхойлсон, уг баримтыг гаргаж өгөөгүй мэтээр дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэгч талын тайлбар, түүний үндэслэлийн талаар бодитой дүгнэлт хийж чадаагүйг нотолж байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ий Хавсралт 2 нь Т.Г-ын төлөх төлбөрийг тодорхойлоогүй, гагцхүү хувьцааг шилжүүлэхэд хүлээлгэн өгсөн баримт, хөрөнгийн жагсаалт тул хэрэгт шууд хамааралгүй юм.

 

4.5. Шүүхээс нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гэрээ байгуулсан 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсон нь алдаатай болсон. Т.Г-, Ф- ХХК нар нь өрөө төлөөгүйг мэдсэн даруй 2021 оны 10 сард нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу 2021 оны 07 сард шаардах эрх үүссэн хэмээн үзэх учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Ф- ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Т.Г- гэж тайлбарлаж байна. Хэргийн баримтаар Н.Цогтгэрэл, н.Идэр, н.Ариунболд нар хувьцаа уг компанийн хувьцааг эзэмшдэг нь тогтоогдсон. Тухайн компаниудын хооронд үүссэн өр, авлагын талаар эвлэрэн хэлэлцсэн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн гэрээ нь ямар учраас иргэн Т.Г-од холбогдоод байгаа нь ойлгомжгүй. А М- ХХК болон Б- ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ф- ХХК байсан бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч Н.Ц, н.И, н.А нар байдаг. Ямар эрх зүйн ойлголтоор болон ямар баримтыг үндэслэж Т.Г-од холбогдуулж байгаа нь ойлгомжгүй. Иргэн Т.Г- хувьцаа эзэмшигчийн хувиар оролцсон талаарх баримт хэрэгт байхгүй. 2017 оны 05 сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулах үед мэдээгүй гэх ямар баримт байгаа вэ гэх асуудал яригдана. Иргэн Т.Г-од холбогдох ямар хууль зүйн үндэслэл байгаа гэдэг нь ойлгомжгүй. Хувьцаа эзэмшигчээр Т.Г- гэж хүн байхгүй байхад хамаатуулж, мөнгө гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М Р -ХХК /Б А- ХХК нь оноосон нэрээ сольж М Р -ХХК болсон/, Б- ХХК нар хариуцагч Т.Г-од холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн --- шийдвэрт заасан 382,790,202 төгрөгийн төлбөрийн үүрэг Т.Г-од шилжсэнийг тогтоолгох, уг үүргээ биелүүлэхийг даалгах, түүний өмнөөс төлсөн 340,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг шийдвэрийг хариуцах этгээд биш, төлбөрөө Б- ХХК төлсөн учир Т.Г-ын өмнөөс өр төлсөн гэх үндэслэлгүй гэсэн тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

4. Улсын Дээд шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн - тогтоолоор хариуцагч Б- ХХК-аас 28,825,478,053 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г Б-ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүх маргааныг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дараах этгээдүүдийн хооронд дор дурдсан агуулгатай хэлцэл хийгдсэн байна. /хх 19-27/

4.1. Хэрэгт 2017 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан ----- Эвлэрлийн ерөнхий гэрээ нотлох баримтаар авагдсан. Уг гэрээг нэг талаас Г Б-ХХК, иргэн Д.Б, Б.Г, Н.Э нар, нөгөө талаас А М- ХХК, Б- ХХК, Британийн Виржинийн арлууд улсын хуулийн этгээд Ф- компани, Корпорейт хотел энд конвейшн центр ХХК, П И-ХХК, иргэн Т.Г- нар байгуулж, талуудын хооронд үүссэн иргэн, эрүү, захиргааны хэрэг, маргаантай асуудлаа эвийн журмаар шийдвэрлэхээр тохиролцжээ. Талууд гэрээний хавсралтад нэрлэн заасан хэрэг, маргааныг хавсралтад заасан арга, хэлбэрээр шийдвэрлэж дуусгах нөхцөлийг тохиролцсон байна. /хх 7-18/

4.2. Дээрх гэрээний 2 дугаар зүйл, гэрээний хавсралтын 3-т заасныг үндэслэн мөн /2017 оны 05 сарын 01/ өдөр Б А- ХХК, Ф- компани нар А-2 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, худалдагч Ф- компани нь өөрийн охин компани болох Б- ХХК-ийн 100 (100 хувь) ширхэг энгийн хувьцааг 100,000,000 төгрөгөөр худалдан авагч Б А- ХХК-д худалдах, мөн өдрийн А-2 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ээр Ф- компани нь Б- ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхээ Б А- ХХК-д шилжүүлжээ. /хх 28-32/

 

4.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн ---тай шийдвэрээр Б- ХХК-аас 382,790,202 төгрөг гаргуулж Аж богд трейд ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 12 тоот Шаардах эрх шилжүүлэн авсан тухай гэрээ, мөн өдрийн 05/30-01 тоот Эвлэрлийн гэрээ-ний дагуу Б- ХХК нь 340,000,000 төгрөгийг ТЭП материал менежмент ХХК-д төлсөн байна.

 

5. Нэхэмжлэгч Б- ХХК-ийн дээрх төлбөрийг худалдан авагч Б А- ХХК төлөхөөр тохиролцоогүй тул талууд эвлэрлийн ерөнхий гэрээ, түүний хавсралтад тухайлан заагаагүй, уг төлбөрөө хариуцагч Т.Г- төлөх үүрэгтэй байсан, шүүхийн шийдвэрийг үндэслэн төлбөрийг төлсөн тул уг 340,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар шүүхэд нотлоогүй, хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. /хх 35-36, 65, 67-68/

 

6. Талуудыг 2017 оны 05 сарын 01-ний өдөр Эвлэрлийн ерөнхий гэрээ болон Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө дээрх ---тай шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болжээ. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар дээрх 382,790,202 төгрөгийг Аж богд трейд ХХК-д төлөх Б- ХХК-ийн (шүүхийн шийдвэрт заасан) үүргийг хариуцагч Т.Г- өөртөө шилжүүлэн авсан гэх баримтыг зохигч үйлдээгүй байна.

Иймд Эвлэрлийн ерөнхий гэрээний талууд дээрх өрийг хэн хариуцахаар гэрээндээ заагаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б- ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж Аж богд трейд ХХК-(ТЭП материал менежмент ХХК)-д төлсөн 340,000,000 төгрөгийн төлбөрөө хариуцагч Т.Г-оос шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Энэ агуулгаар нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Түүнчлэн Ф- компани нь Британийн Виржинийн арлууд улсын хуулийн этгээд бөгөөд хувьцаа эзэмшигчээр Т.А, М.И, Н.Ц нар бүртгэлтэй талаар Эвлэрлийн ерөнхий гэрээ, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Ф- компанийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн Эрх олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд дурджээ. Хэрэгт эдгээр баримтаас өөр Ф- компанитай холбоотой баримт авагдаагүй байна.

Хариуцагч Т.Г- нь Ф- компанийн эцсийн өмчлөгч учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлтэй гэж нэхэмжлэгч нар үндэслэлээ тодорхойлсон. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ...тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг эцсийн өмчлөгч гэж тодорхойлж, энэ хуулиар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзсэн аливаа харилцагчийн үйл ажиллагааг удирдаж, ашиг олж байгаа этгээдийг эцсийн өмчлөгч гэж тооцохоор зохицуулсан нь зохигчийн хоорондын маргаанд хамаарахгүй.

Хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээний үүргийг тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч хариуцах үндэслэлтэй эсэх харилцаа нь Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааснаар зохицуулагдсан. Энэ агуулгаар хариуцагч Т.Г- нь Б- ХХК, Ф- компаниудын хувьцаа эзэмшигч болохыг нэхэмжлэгч нотлоогүйн зэрэгцээ хуульд заасан ямар үндэслэлээр дээрх компаниудын эцсийн өмчлөгчийн хувьд хариуцагч нь нэхэмжлэлийг хариуцах үндэслэлтэйг нэхэмжлэгч шүүхэд тайлбарлаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд биш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй болжээ.

 

8. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үр дагаврыг хариуцвал зохих этгээд хариуцагч Т.Г- болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэгч тал шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг шүүх дүгнэхгүй, иймд энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг үүгээр залруулав.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч М Р -ХХК, Б- ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,071,902 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ