Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 280

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Говь-Алтай Эм хангамж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын эргэлтийн эмийн санд холбогдох

506.855 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Говь-Алтай Эм хангамж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллагаас 506.855 төгрөгийг нэхэхэд манайх танайд өргүй бид авсан зүйлийнхээ мөнгийг дор бүр нь буюу дараа нь банкаар шилжүүлж төлж байсан гэдэг хариу өгдөг. Манай компанийн нягтлан бодогч болон Алтай сумын эргэлтийн эмийн сангийн эмийн санчтай өрөө тулгаж үзэхэд ямар нэгэн өртэй гэсэн цаасан баримт байхгүй зөвхөн программ дээр л 506.855 төгрөгийн өртэй гэж гарч ирдэг. Иймд дээрх байгууллагаас 506.855 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Эргэлтийн эмийн сан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эм хангамж ХХК-аас 2003 онд үүссэн, 506.855 төгрөгийн нэхэмжлэл ирсэн тул тус сумын эргэлтийн эмийн сан нь Говь-Алтай Эм хангамж ХХК-д 506.855 төгрөгний өглөггүй учир энэ нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч “Говь-Алтай Эм хангамж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагыг тодорхойлоход нэхэмжлэгч нь хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Эргэлтийн эмийн сангаас 506.855 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Зохигчдын тайлбар, нотлох баримтыг судлахад үйл баримт 2003 онд болсон бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлд “...хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна...” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нотлох баримт шинээр бүрдүүлэх цуглуулахтай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулж, зохигчдын эрхийг хангасан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.855,65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Эргэлтийн эмийн санд холбогдох 506.855 төгрөг гаргуулах тухай “Говь-Алтай Эм хангамж” ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.855,65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН