Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж,

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-т холбогдох 1934000270033 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Бургалтай гэх газар оршин суух хаягтай, Х овгийн Ц.Ц гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Бургалдай” гэх газраас хохирогч Ч.Жаамаагийн 20 толгой адууг хулгайлж, бусдад 17120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, Ч.Жаамаагийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-4-5 тал/, мөнгө хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-7 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-12 тал/, №00007514 дугаар мал, амьтны эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээ /хх-13 тал/, Ц.Цын бичиж өгсөн тодорхойлолт /хх-14 тал/,  эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-15 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №5 дугаар тогтоол /хх-17-18 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /хх-20 тал/, хохирогч Ч.Жаамаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-22-23 тал/, гэрч А.Баттулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-31-33 тал/, гэрч М.Чулуунбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-35-36 тал/, гэрч Д.Эрдэнэцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-37-39 тал/, гэрч М.Ариунжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-40-41 тал/, гэрч Ч.Эрдэнэбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-42-43 тал/, гэрч Д.Даваанямаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-44 тал/, гэрч Б.Рагчаасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-45 тал/, гэрч Л.Болорчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-46-47 тал/, Ч.Жаамаагийн өмчлөлийн 20 тооны адууны шинжээчийн дүгнэлт/үнэлгээний тайлан/ /хх-49-61 тал/, 63-10 ТӨА улсын дугаартай Хьюндай маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-33 тал/, Ц.Цын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-95 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-98 тал/, гэрч Г.Отгончулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-104 тал/, Л.Болорчулууны өмчлөлийн нэг тооны адууны үнэлгээний тайлан/хх-106-110 тал/, хохирол хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-116 тал/, шүүгдэгч Ц.Ц-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

 Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Бургалтай” гэх газраас хохирогч Ч.Жаамаагийн 20 толгой адууг хулгайлж, бусдад 17120000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Ч.Жаамаагийн мэдүүлсэн: “Би өөрийн эзэмшилдээ буурал азаргатай 20 толгой адуугаа Төв аймгийн Батсүмбэр сумын Бургалдай гэх газарт бэлчээрт 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орхисон байсан ингээд маргааш өдөр нь адуугаа эргэхээр очиход орхисон газартаа байгаагүй ингээд ойр орчимоороо 2 өдөр машинтай морьтой зэрэг хайгаад олдоогүй ингээд байж байтал манай сахалт айлын хүн Одонгарав над руу утсаар залгаад эмээлтэд буурал азрагатай адуу нядлагдаж байгаад баригдсан гэж цагдаагаас ярилаа гэж хэлээд бид хоёр хамт очиход эмээлтэд манай алдсан 20 толгой адуунаас 10 хашаатай байж байсан үлдсэн 10 толгой адууг нь нядалсан гэж махны үйлдвэрийн малын эмч хэлсэн. Ингээд цагдаа руугаа яриад адуугаа хүлээж аваад 2 портер машин хөлслөөд 80 мянган төгрөг өгөөд гэртээ аваачсан. Цагдаагаас махны мөнгө болох 7540000 төгрөг бэлнээр хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч А.Баттулгын мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд 89051721 гэх дугаараас миний 96309292 утасны дугаарт Ц.Ц нь залгасан юм. Тэгээд утсаар ярихад “Би Архангай аймгаас хүмүүстэй нийлж адуу ачиж авчирсан юм, хүмүүс нь гарал үүслийн бичигтэй бүгд адуунуудаа зарчихлаа, би наашаа ирэх замдаа гарал үүслийн бичгээ гээчихсэн юм ганцаараа адуунуудаа зарж чадахгүй үлдчихлээ” гэхээр нь “найдвартай адуунууд уу, хулгайн адуунууд биш биз дээ? Ирээд хэд хоносон юм бэ” гэж асуусан чинь “найдвартай адуунууд, хулгайн адуунууд бишээ , ирээд 3 хонож байна гэсэн би хариуд нь адуугаа 1 кг хэдэд өгөх юм бэ, 5500 төгрөгөөр өгөх юм уу, гэж асуухад 5500 өгнөө зөвшөөрч байна” гэсэн юм. Би тэгээд Төв аймгийн Лүн сумын малын эмчээс гарал үүслийн бичгийг нь би өөрийнхөө машин дээр авч явж байна гэж хэлж бичүүлээд авсан юм. Гарал үүслийн бичигээ авчихаад шууд Улаанбаатар хотын Эмээлтэд ирж Ц.Цтай уулзахад Ц.Ц нь “надад ямар ч бичиг баримт байхгүй” гэхээр нь 5 шарын “Сүү” ХХК-ын дотор байдаг ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний лавлагаа авсан. Тэгээд буцаж эмээлт рүү очиж адуугаа авчихаад Сүмбэр гэдэг мал нядалгааны газар нэг кг-ын 6000 тохирон оруулсан юм. Тэгэхэд тухайн нядалгааны газрын малын эмч бүх адууны зургыг нь авч Ц.Цаар адууны мал, зүс эм тамгыг бичүүлэн авч мөн иргэний үнэмлэхний лавлагааг аваад байж байтал цагдаа ирж бид нарыг шалгасан” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Гэрч М.Чулуунбатын мэдүүлсэн: “Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ишүүст Сүмбэр” ХХК-ын мал нядалгааны газарт малын эмч ажилтай. Өнөөдөр 16:30-17:00 цагийн хооронд буурал азаргатай, 4 унагатай, 1 халиун зүсмийн нийт 20 тооны адууг нэг залуу малын ченж Баттулгатай орж ирээд гарал үүслийн бичгийг хартал цагдаагийн гарын үсэг байхгүй болохоор нь малын эзэн гэх бор дээлтэй Цаас асуусан чинь малын бичгийг сайн мэдэхгүй худалдаж авсан ах бичгийг нь авч өгсөн би 4 унагыг нь нядалгаанд оруулахгүй зарж байгаа учраас авч харина харин бусад 16 адууг нядлуулна гэж хэлсэн. Тэгээд Цаар өөрөөр нь тодорхойлолт бичүүлээд нядалгаанд оруулж байтал 11 дэх адууг нядлах гэж байтал цагдаагаас залгаад байж бай гэхээр нь нядалгаагаа зогсоосон” гэх мэдүүлэг /хх-36 тал/,

Гэрч Д.Эрдэнэцэцэгийн мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би 10 цагийн үед ажил дээрээ байж байхад миний танил манай багын иргэн Баттулга гэж хүн ирээд нийт 16 тооны адуунд малын гарал үүслийн бичиг авах гэсэн юм. Би өөрийн адуунаас авч зарах гэж байгаа юм гэж хэлэхээр нь итгээд л бичиг хийгээд өгчихсөн юм” гэх мэдүүлэг /хх-38 тал/,

Гэрч М.Ариунжаргалын мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүмбэр махны үйлдвэр дээр 4 унагатай нийт 20 тооны адуу нядалгаанд орж ирсэн байсан. Дээрх 20 тооны адууг худалдан авсан тухай үйлдвэрээс мэдэгдсэний дагуу намайг үйлдвэр дээр очиход манай үйлдвэр дээр цагдаа нар ирсэн байсан. Ямар асуудал болоод байгаа талаар асууж тодруулахад дээрх 20 тооны адуу хулгайн адуу болох тухай олж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-41 тал/,

Гэрч Ч.Эрдэнэбаярын мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай үйлдвэрт баруун талын гуян дээрээ давхар саран тамгатай буурал/улаан/ зүсмийн азаргатай 4 унагатай 20 тооны адуу орж ирсэн. Тухайн адууг манайд худалдахаар авчирсан хүн нь тухайн адуунуудын гарал үүслийн гэрчилгээг үзүүлж уг гэрчилгээг үндэслэн дээрх адууг худалдан авсан юм. Тухайн адууг зарж байгаа хүн уг адуугаа Төв аймгийн Лүн сумаас тууж ирсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-43 тал/,

 Гэмт хэргийн талаархи, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/, хохирогч Ч.Жаамаагийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-04-05 тал/, мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8 тал/, №00007514 дугаартай мал, амьтны эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээ /хх-13 тал/, Ц.Цын бичсэн тодорхойлолт /хх-14 тал/, Ч.Жаамагийн өмчлөлийн 20 тооны адууны шинжээчийн дүгнэлт/үнэлгээний тайлан/ /хх-49-61 тал/, хохирол хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-116 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц-ын Л.Болорчулууны морийг гуйж унаад хохирогч Ч.Жаамаагийн өмчлөлийн буурал азаргатай 20 тооны адууг Төв аймгийн Батсүмбэр сумын Бургалдай гэх газарт байхад хулгайлж, Эмээлт захад аваачснаар бусдын өмчлөлийг үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

          “Мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.

          “Олон тооны мал” гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодийг гурван богоор тооцно” гэж хуульчилсан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Ц.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.Ц-ын бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хууль бусаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.3-т заасан шаардлагад түүнд оногдуулах зүйл анги нь интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

        

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг харгалзан үзлээ.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Ц.Ц төлсөн болох нь 2018 оны 12 сарын 21-ний өдөр мөнгө хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл,эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “ 7540000 төгрөг өглөө” гэж,  хохирол хүлээж авсан тухай тэмдэглэлд “ 6000000 төгрөг ... авлаа.. цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж тус тус тэмдэглэгдсэн байх тул шүүгүдэгчийг сайн дураараа хохирол нөхөн төлсөн гэж үзнэ.

 

 Шүүгдэгч Ц.Ц-ын гэмт хэрэг үйлдэх үедээ бусдын өмчлөлийн морийг ашигласан талаар тухайн адууны хууль ёсны өмчлөгч Л.Болорчулуун мэдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул морь битүүмжилсэн” Төв аймгийн Прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  эмээлтэй морийг хууль ёсны өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй байна.

            Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байх тул Ц.Ц-ын өмчлөлийн 0.2 га газар бимүүмжилсэн 2019 оны 2 сарын 4-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 0.2 га газрыг Ц.Цт буцаан олгох нь зүйтэй.

Харин шүүгдэгч Ц.Ц-ын гэмт хэрэг үйлдэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдэлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугатах зорилгоор  хэрэглэсэн морийг /үнэлгээгээр тогтоогдсон хх-106 тал/ үнэ 807500 төгрөгийг Ц.Ц-аас гаргуулж, Улсын орлого болгож шийдвэрлэвэл зохино.

          

             Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтар хураагдсан зүйлгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Х овгийн Ц.Ц-ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ыг 1 /нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-т оногдуулсан 1 /нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Ц.Ц нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Ц.Ц-ын өмчлөлийн 0,2 га газрыг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 0.2 га газрыг Ц.Ц-т буцаан олгож, Ц.Ц-аас 807500 төгрөг гаруулан Улсын орлого болгосугай.

 

6.Шүүгдэгч Ц.Ц-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ