Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00356

 

 

 

 

 

 

 

 

     2024        02            21                                    210/МА2024/00356

 

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03882 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ерөнхий боловсролын Х ХХКК-д холбогдох,

Сургалтын төлбөрийн урьдчилгаанд төлсөн 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Ц- Ерөнхий боловсролын Хобби сургуультай 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ерөнхий боловсролын Х ХХКК болон суралцагчийн хууль ёсны төлөөлөгч нар хоорондын гэрээг байгуулж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр сургалтын төлбөрийн 15,000,000 төгрөгөөс урьдчилгаа 1,500,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн. Гэтэл 08 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлээд, 2 хоногийн дараа гэрээг цуцалсан. Урьдчилгаа төлбөрт төлсөн 1,500,000 төгрөгөө хүүхдийнхээ бичиг баримттай цуг авъя гэтэл хүүхдийн бичиг баримтыг өгөөд, урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө шүүхдээд аваарай гэсэн. Нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээний 7.11-д “энэхүү гэрээний 7.4, 7.5, 7.6.2, 7.7 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр гэрээг цуцлагдсан нөхцөлд төлбөрийг буцаан олгохгүй” гэсэн. Гэтэл дээрх гэрээ цуцалсан нөхцөл нь буцаан өгөхгүй гэсэн нөхцөлд хамаарахгүй байх тул сургалтын төлбөр болох 1,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Сургалтын төлбөр төлөх хугацааг сургуулиас мэдэгдсээр байхад төлөөгүй байснаас гэрээ цуцлагдсан. Нэхэмжпэгч нь гэрээ цуцалсантай холбоотойгоор маргахгүй байгаа нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээг судалбал нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөг нь үндсэн бүртгэлийн хураамж нь сургалтын төлбөр төлөх үүргийн биелэлттэй шууд шалтгаант холбоотой. Гэрээний 6.4-т зааснаас үзвэл гэрээний 5.1-д заасан сургалтын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд энэ заалтад заагдсан мөнгийг эргүүлэн нэхэмжлэх шаардах эрхээ алдахаар заасан. Нэхэмжлэгч нь сургалтын төлбөрийг төлөөгүй ба энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжилж буй төлбөрийг шаардах эрхээ алдсаныг баталж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын Х ХХКК-аас урьдчилгаа төлбөрт төлсөн 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжпэгч Б.Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр улдээж. хариуцагч Ерөнхий боловсролын Х ХХКК-аас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний бүртгэлийн хураамжид төлсөн 1,500,000 төгрөгийн эрх зүйн харилцааг “дэнчин” хэмээн зөв тодорхойлсон боловч шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт дурдсанаар Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 болон 233.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхийг тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 болон 6 дугаар зүйлд дээрх 1,500,000 төгрөгийг хэзээ төлөх, юунд зориулах, ямар тохиолдолд сургуулиас хасах, үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх зэргийг тодорхой тусгасан. Гэрээ цуцлагдсан шалтгааныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэрэв гэрээний үүргээ зөрчөөгүй, эсхүл буруу цуцлагдсан талаар маргаж байсан бол хүүхдээ сургуульд үргэлжлүүлэн сургах талаар шаардах байсан. Харин инйхүү гэрээ цуцлагдсан тохиолдолд урьдчилан төлсөн дэнчинг хэрхэх талаар зохицуулалт гэрээнд нарийвчлан тодорхой тусгагдаагүй байна. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хүүхэд нь сургуулиас хасагдаж байгаа нь тэдний үүрэг хариуцлага байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Үүнээс харахад дэнчин тавьсан этгээд буюу нэхэмжлэгч өөрийн хариуцлага буюу сургуулиас хүүхэд хасагдсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байх тул урьдчилан төлсөн дэнчинг шаардах эрхгүй байна.

4.б. Шүүхээс хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус буюу хүчин төгөлдөр бус байж болох хэлцлийг Иргэний Хуулийн 56 дугаар зүйлээс 60 дугаар зүйлд нарийвчлан тодорхой тусгаж өгсөн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага эсхүл талуудын тайлбар, татгалзал үгүй, энэ тухай тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Гэтэл шүүхээс дээр заасан үндэслэлүүдийн яг аль хэсгээр нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шаардах эрхийг тодорхойлсон нь ойлгомжгүй байх тул шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Ерөнхий боловсролын Х ХХКК-д холбогдуулан сургалтын төлбөрийн урьдчилгаанд төлсөн 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Б.Ц- нь Ерөнхий боловсролын Х ХХКК-тай байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Ерөнхий боловсролын Х ХХКК, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээ”-гээр 2023-2024 оны хичээлийн жилийн суралцагчийн сургалтын үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, үүнээс сургалтын төлбөрт бүртгэлийн хураамж нэрээр 1,500,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор урьдчилан, сургалтын төлбөрийн үлдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх3/

 

3. Нэхэмжлэгчээс сургалтын төлбөрийн урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар талууд маргаагүй, харин гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхийн үндэслэл нь маргааны зүйл болжээ.

 

4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Ц- нь гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн суралцагчийн сургалтын төлбөрийн үлдэгдлийг 2023.08.15-ны өдөр төлөх үүргээ гүйцэтгээгүйтэй холбогдон хариуцагч Х ХХКК-аас 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл нэхэмжлэгчид хүргүүлсэн, 2 хоногийн дараа гэрээг цуцалсан үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Ерөнхий боловсролын Х ХХКК-аас сургалтын төлбөрийн урьдчилгаанд төлсөн 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олгохоор шийдвэрлэсэн зөв боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг хэрэглэсэн нь оновчгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах боломжтой.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Ц- нь суралцагчийн сургалтын төлбөрийг тогтоосон хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбогдон хариуцагч гэрээнээс татгалзсан үйл баримтад нэхэмжлэгч маргаангүй тул хариуцагчийг дээрх хуульд заасны дагуу гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулагдсан гэрээ бодитоор хэрэгжээгүй. Энэ тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үүснэ. Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03882 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ