Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 282

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Говь-Алтай Эм хангамж” ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал эмнэлэгт холбогдох

170.162,28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Говь-Алтай Эм хангамж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагаас 170.162,28 төгрөгийг нэхэхэд манайх танайд өргүй бид авсан зүйлийнхээ мөнгийг дор бүр нь буюу дараа нь банкаар шилжүүлж төлж байсан гэдэг хариу өгдөг. Бугат сумын Тахийн тал эмнэлэгтэй өрөө тулгаж үзэхэд ямар нэгэн өртэй гэсэн цаасан баримт байхгүй зөвхөн программ дээр л 170.162,28 төгрөгийн өртэй гэж гарч ирдэг. Иймд дээрх байгууллагаас 170.162,28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч “Говь-Алтай Эм хангамж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагыг тодорхойлоход нэхэмжлэгч нь хариуцагч Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал эмнэлгээс 170.162,28 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Бугат сумын тахийн тал эмнэлэгт нэхэмжлэлийн хувийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан боловч гарлан авснаас хойш 14 хоногийн дотор буюу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг судлахад үйл баримт 2003 онд болсон бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлд “...хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна...” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нотлох баримт шинээр бүрдүүлэх цуглуулахтай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулж, зохигчдын эрхийг хангасан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.754,86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал эмнэлэгт холбогдох 170.162,28 төгрөг гаргуулах тухай “Говь-Алтай Эм хангамж” ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.754,86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН