| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0088/э |
| Дугаар | 2019/ШЦТ/92 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Энхмаа,
хохирогч Б.Энхтуул,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч-д холбогдох 1934000410036 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймаг Өндөрширээт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шуудангийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр баг Чулуутын 16 тоотод оршин суух хаягтай, Б овгийн Д.Ч гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр багт байрлах “Очир төв” үйлчилгээний газарт зохион байгуулж байсан шинэ жилийн арга хэмжээний үеэр Г.Галсайхан, Д.Ч нарын зодооныг салгах гэж Д.Ч-гийн хүзүүнээс татсан Б.Энхтуулыг гараараа хүчтэй цохисноос Б.Энхтуул нь газар шал мөргөж унан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.Энхтуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Нэг нутаг усны үр хүүхэдтэй үеийн хүмүүс тул ял шийтгүүлмээгүй байна ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/, хохирогч Б.Энхтуулын Төв аймгийн Өндөр ширээт сумын цагдаагийн хэлтэс гаргасан өргөдөл /хх-07-08 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-09 тал/, камерын бичлэг хураан авах тухай тэмдэглэл /хх-10 тал/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-11 тал/, хохирогч Б.Энхтуулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13-14 тал/, гэрч Д.Буянжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17 тал/, гэрч Г.Галсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18 тал/, гэрч С.Баярсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19 тал/, гэрч Ж.Жавзандуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20 тал/, гэрч З.Тунгалагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21 тал/, гэрч Ц.Оюунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22 тал/, гэрч Ч.Мөнхцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №30 дугаар дүгнэлт /хх-25 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №88 дугаар дүгнэлт /хх-29-30 тал/, Б.Энхтуулын өвчний түүх /хх-32-39 тал/, Д.Чгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50 тал/, эд зүйл, баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай /хх-51 тал/, хохирлын баримт /хх-64 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-71 тал/, гэрч С.Уранаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-72 тал/, гэрч Х.Ариунаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-73 тал/, гэрч А.Нямсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-74 тал/, гэрч А.Сансархүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-75 тал/, гэрч Б.Хашчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-76-77 тал/, шинжээч Э.Эрхэмбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-78-79 тал/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай прокуорын тогтоол /хх-85 тал/, Д.Ч-гийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Д.Ч-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр багт байрлах “Очир төв” үйлчилгээний газарт зохион байгуулж байсан шинэ жилийн арга хэмжээний үеэр Г.Галсайхан, Д.Ч нарын зодооныг салгах гэж Д.Ч-гийн хүзүүнээс татсан Б.Энхтуулыг гараараа цохисноос Б.Энхтуул нь шал мөргөж унан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгомжгүйгээр учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
Хохирогч Б.Энхтуулын: “ ... Би 2018 оны 12 дугаар сарын 27-ны орой сумын төвд байдаг Очир төв караоке дотор сумын төрийн болон төрийн бус байгууллагын дарга эрхлэгч нарын шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхад гаднаас сумын хүн тээврийн жолооч Д.Ч нь найз С.Баярсайханы хамт нэг, нэг шил архи авч орж ирсэн тэгээд бид хэдтэй сууж байгаад Хаан банкны эрхлэгч Г.Галсайхантай муудалцсан Галсайханд архи өгөх гээд байсан Галсайхан уухгүй гээд уурлаад байсан удалгүй ширээний хажууд Галсайхан, Д.Ч хоёр зогсож байгаад Галсайхан нь Д.Чг цохиод авсан Д.Ч нь Галсайханыг доороо хийж цохилцсон тэгээд байсан хүмүүс салгах гээд бүгд барьж авсан би сууж байгаад босоод Д.Чг бариад авахад намайг гараараа цохисон тэгээд намайг хүзүүдэж барьж аваад газар унагасан би газар хүчтэй унасан унахдаа шал мөргөсөн тэгээд духнаас цус гарсан би газраас босохдоо духаа гараараа дархад цус гараад байсан тэгээд би шууд эмнэлэг явсан надтай хамт Д.Ч, Баярсайхан, Буянжаргал нар нь явсан. Би эмнэлэг дээр очиход хоёр оёдол тавиулж толгойгоо боолгоод гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-13 тал/,
Гэрч Д.Буянжаргалын: “ ... Орой 23 цагийн орчим байх тарах гэж байхад гаднаас хот хооронд явдаг шугамын жолооч Д.Ч нь найз С.Баярсайханы хамт орж ирсэн Баярсайхан нь орж ирэхдээ хамраас нь цус гоожсон байдалтай байсан. Д.Ч, Баярсайхан хоёр орж ирэхдээ нэг шил архи, нэг том пивотой орж ирсэн тэгээд архи хундагалаад Галсайханд өгсөн тэгээд Галсайхан нь уухгүй гээд маргаад байсан тэгээд Галсайхан Д.Чг нэг цохьсон цээж хавьд нь байх тэгээд Д.Ч нь Галсайханг доороо хийгээд цохиод нуруу руу нь гараараа цохиод байсан тэгтэл Энхтуул босож ирээд Д.Чг бариад авсан байсан хүмүүс бас Галсайхан, Д.Ч хоёрыг салгах гээд барьж авсан тэгтэл Энхтуул нь Д.Чг миний хөгшин болио гэж хэлээд бариад авахад нь газар руу тонгороод шидэх шиг болсон Энхтуул газраас босохдоо духаа дараад миний дух хагарчихлаа гэж хэлсэн тэгээд бид хэд сандраад эмнэлэг рүү явсан. Энхтуул унахдаа толгой болон нүүр нь хэсгээрээ газар унасан. Тухайн унасан газар нь плита шал байсан. Эмнэлэг рүү Энхтуулыг Д.Ч, Баярсайхан, бид гурав авч явсан эмнэлэг ороод Энхтуул 2 оёо тавиулсан” гэх мэдүүлэг /хх-17 тал/,
Гэрч Г.Галсайханы: “ ... 2018 оны 12 дугаар сарын 27-ны орой Өндөрширээт суманд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага нарын эрхлэгч, дарга нар нь Очир төвд шинэ жил тэмдэглэсэн юм. Тарах гэж байхад гаднаас хот хооронд явдаг шугамын жолооч Д.Ч ах, Баярсайхан ах нар нь орж ирсэн ирэхдээ нэг шил архи нэг том пивотой орж ирсэн тэгээд Д.Ч ах архиа хундагалаад тойруулж байсан надад өгөхөөр нь би уухгүй гэж хэлэхэд Д.Ч ах намайг чи яах гэж уухгүй маяглаад байгаа юм авгай нартай ууж идэж байгаа юм байж гэж хэлэхээр нь миний уур хүрээд Д.Ч ахыг цохих гэтэл халтираад цээж нь хавьд нэг удаа цохисон тэгтэл Д.Ч ах эргэж хараад намайг барьж аваад доороо хийгээд ганц нэг удаа цохисон тэгээд бид хоёрыг байсан хүмүүс салгах гэж бариад байсан нэг мэдэхэд Энхтуул эгч газар унацан духаа дараад босоод ирсэн. Энхтуул эгч босож ирэхдээ Д.Ч ахыг чи намайг цохиод газар унагачихлаа миний духнаас цус гараад байсан гэсэн байх тэгээд Энхтуул эгч болон Буянжаргал, Д.Ч, Баярсайхан нар нь эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Гэрч С.Баярсайхан: “ ... Д.Ч архи тойруулж хундаглаж байгаад Хаан банкны эрхлэгч Галсайхантай муудалцаад байсан би чимээгүй сандал дээр нь суугаад байсан тэгтэл манай найз Д.Чг Галсайхан цохисон тэгээд Д.Ч барьж аваад доороо хийгээд Галсайхантай ноцолдоод байсан тэгээд байсан хүүхнүүд Галсайхан, Д.Ч хоёрыг салгаад байж байхад Энхтуул газраас босож ирээд миний толгойг хагалчихлаа гээд духаа дараад байсан” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Гэрч Ж.Жавзандуламын: “ ... Д.Ч нь Галсайханыг архиар шахаад байсан тэгээд энэ хоёр Галсайхан нь Д.Чг нэг удаа гараараа цохих шиг болсон тэгээд Д.Ч нь эргэж хараад Галсайханг барьж аваад доороо хийгээд цохиод байсан би болон байсан хүмүүс салгах гээд байсан Энхтуул эгч сууж байгаад босож ирээд Д.Чг араас нь барьж аваад хойш нь татсан тэгтэл Д.Ч нь баруун гараараа савласан тэгтэл Энхтуул эгч газар хүчтэй унасан унаад босоход нь унасан хэсэг газар нь цус болсон байсан. Тэгээд Энхтуул эгч босож ирэхдээ гараараа духаа бариад босож ирсэн. Тэгээд Энхтуул эгч миний духыг хагалаад хаячихлаа гэж чанга орилсон Буянжаргал эгч, Д.Ч, Баярсайхан ах нар нь эмнэлэг рүү аваад явсан тэгээд үлдсэн хүмүүс нь тараад гэр гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-20 тал/,
Гэрч З.Тунгалагийн: “ ... Баяр болоод дуусах гэж байхад манай шугамын жолооч Баярсайхантай орж ирээд бид хэдтэй нийлсэн юм орж ирэхдээ 2 шил архи нэг пивотой орж ирсэн тэгээд Д.Ч нь бид хэдэд өгөөд тойрч байхад Галсайхан, Д.Ч хоёр маргасан юунаас болж маргаж муудсан талаар би мэдэхгүй байна би баруун буланд сууж байсан нэг мэдэхэд муудалцаад Энхтуул, Д.Ч рүү чи миний толгойг хагалчихлаа гээд хашиграад байсан” /хх-21 тал/гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Оюуны: “ ... Би сумын төвийн соёлын төвийн эрхлэгч Энхтуулын хамт сууж байсан тэгтэл Энхтуул босоод явсан нэг мэдэхэд харахын зуургүй Энхтуул газар буюу шалан дээр доошоо хараад унасан байсан босож ирэхдээ толгойноос нь цус гараад босож ирээд эмнэлэг яваач гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-22 тал/,
Гэрч Ч.Мөнхцэцэгийн: “ ... Тэгээд Энхтуул Д.Ч ахыг араас нь хүзүү хавиар нь тэврээд авсан нэг мэдэхэд Энхтуул эгч газар унацан байсан. Энхтуул эгч газраас босож ирэхдээ Д.Ч чи намайг сая цохиод унагачихлаа гээд байсан тэгээд цуг сууж байсан хүмүүс эмнэлэг яв гээд Энхтуул эгч, Буянжаргал, Д.Ч, Баярсайхан нар нь түрүүлээд эмнэлэг явсан араас нь байсан хүмүүс нь гараад явсан. ....Энхтуул эгчийн унасан гэх газар цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Шинжээч Э.Эрхэмбаярын: ...Миний хувьд эхний дүгнэлтийн үзлэгийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийхэд эмнэлгийн бичиг баримт байхгүй толгойн компьютер томографи хийлгээгүй байсан учир духанд үүссэн шархыг нь үндэслэн хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон. Үүнээс хойш үзүүлэгч Б.Энхтуул нь гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж толгойн компьютер томографи хийлгэсэн байх бөгөөд мөрдөгчийн нэмэлтээр шинжилгээ хийлгэх тогтоолоор эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн духанд үүссэн шарх гэмтэл нь тархинд цус харвалт үүсгэсэн байсан учир гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр зэрэгт хамаарна гэж үзсэн. Үзүүлэгч Б.Энхтуулын духанд үүссэн шарх, тархинд үүссэн цус харвалт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл юм” гэх мэдүүлэг /хх-79 тал/,
“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-09 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №88 дугаартай “1.Б.Энхтуулын биед гэмтэл согог судлалын өвчний түүхийг үндэслэн тархинд цус харвалт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-30 тал//, Б.Энхтуулын өвчний түүх /хх-32-39 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-71 тал/-ээр нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгчийн хохирогч Б.Энхтуулын гарыг цохьсны улмаас Б.Энхтуул нь шал мөргөж улмаар Б.Энхтуулын эрүүл мэндэд “тархинд цус харвалт” бүхий “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсаныг ойлгоно”Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Ч-гийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан түүнд ял шийтгэлийг оногдуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Энхтуулд хохирлын төлбөрт 681000 төгрөг төлсөн, хохирогч Б.Энхтуул нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Д.Ч-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Ч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Энхтуулд 681000 төгрөгийг төлж барагдуулсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Энхтуул нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ