Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2016/00201/и/ |
Дугаар | 284 |
Огноо | 2016-08-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 284
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух Нянцангийн Наранцэцэгийн Батдэлгэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 20 дугаар байр 3-19 тоотод оршин суух Баасанжавын Гүнжинлхам, Цэвэгсүрэнгийн Баянмөнх нарт холбогдох
Орон сууцны урьдчилгаа төлбөр 10.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1985 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт төрсөн, ам бүл гурвуулаа, аав ээжийн хамт амьдардаг. Миний бие 2015 оны 11 дүгээр сард Баасанжавын Гүнжинлхам болон түүний нөхөр Баянмөнх нарын барьсан Харзат багийн Баянговь дэлгүүрийн урд талын 3 давхар байрнаас 45 м2 буюу 2 өрөө байрыг 40.000.000 төгрөгөөр худалдаж авах тухай хэлэлцээд 10.000.000 төгрөгийг бэлнээр Баянмөнхийн данс болох 5315030261 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 02-нд шилжүүлсэн. Мөн 2001 онд үйлдвэрлэгдсэн 21-49ГАҮ дугаартай истана маркийн машинаа 15.000.000 төгрөгөнд тооцож 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн. Ингээд 11 сарын 04 өдөр байрандаа орсон. Үндсэн 15.000.000 төгрөгийг 12 дугаар сард төлөх байсан боловч тухайн байр маш хүйтэн, цонх нь цан татаж, хана нь хөлөрч хүн амьдрахад маш хэцүү байсан. Ингээд байраа буцаая, 10.000.000 төгрөгөө авъя гэтэл миний истана маркийн машиныг дамжуулан хүнд худалдсан байсан. Тухайн худалдаж авсан н.Батбаяр гэдэг хүн нь Сутайн 1-56 тоотод оршин суудаг. н.Батбаяраас машинаа буцааж авах гэтэл миний истана маркийн машиныг баруун хойд буланд сэвтүүлсэн байсан. н.Батбаяр надаас 250.000 төгрөг нэхэмжилсэн. Аккумлятор авч тавьсан гэх зэргээр би түүнийг нь өгөөд машинаа авсан. Ингээд 10.250.000 төгрөгөө Баасанжавын Гүнжинлхамаас авах гэтэл чи байрнаасаа гарангуут би хүнд зараад бэлэн мөнгийг чинь гаргаж өгнө гэсэн. Үүнд нь итгээд 2016 оны 01 дүгээр сарын 10-нд тус 2 өрөө байрыг чөлөөлж өгсөн боловч одоог хүртэл миний 10.000.000 төгрөгийг гаргаж өгөхгүй намайг өдий хүртэл хохироож байна. 2016 оны 01 дүгээр сараас удаа дараа мөнгөө нэхсэн боловч худал хэлж зугтаад иргэнийхээ хувьд би шүүхэд хандана гэхэд шүүхээр явах юм бол чамд юу ч өгөхгүй чи миний дансанд хийж надад өгсөн биш Баянмөнхийн дансанд хийсэн гэж хэл амаар доромжилж байсан. Миний бие Баасанжавын Гүнжинлхам, Баянмөнх нарт өгсөн 10.000.000 төгрөг болон дээр дурдсан истана маркийн машиныг дамжуулан худалдан авсан гэх н.Батбаярт өгсөн 250.000 төгрөгийн хамт тус тус нэхэмжилж байна. Мөн шүүхийн шатанд гарах зардлуудыг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Гүнжинлхам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Гүнжинлхам миний бие нэхэмжлэгч Н.Батдэлгэртэй худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй мөн миний нэр дээр улсын бүртгэлийн газар ямар ч үл хөдлөх эд хөрөнгө байхгүй ба миний дансанд Н.Батдэлгэрээс ямар ч мөнгө орж ирээгүй болно гэжээ.
Хариуцагч Ц.Баянмөнхийн шүүх хуралдаанд ирүүлсэн бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай гэрээнд: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 24-07 тоотод байрлах 3 давхар 9 айлын орон сууцны 2 давхарын 6 тоотод байрлах 42 м2 2 өрөө орон сууцыг бид худалдах, худалдан авахаар тохиролцсон боловч тохиролцоонд хүрээгүй тул урьдчилгаа болгож өгсөн 10.000.000 /арван сая/ төгрөгнөөс 500.000 төгрөгийг 5014030270 тоот дансанд бэлнээр тушааж, үлдэгдэл 8.000.000 /найман сая/ төгрөгийг бэлнээр өгсөн болно. 10.000.000 төгрөгний урьдчилгааны 1.500.000 төгрөгийг байрны түрээс тог, цахилгаан, халаалт, усны мөнгөнд суутгасан болно. Худалдаж авахаар тохироод иргэн Н.Батдэлгэр нь тухайн байранд 3 сар амьдарсан нь үнэн болно. Бидний хооронд байрны болон мөнгөний талаар ямар нэгэн маргаан санал гомдолгүй болно. Хэрэв маргаан гарвал бид өөрсдөө хариуцах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батдэлгэр нь Б.Гүнжинлхам, Ц.Баянмөнх нараас орон сууцны урьдчилгаа төлбөр 10.250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Орон сууцны урьдчилгаа төлбөр 10.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Гүнжинлхам биелүүлж, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг 5014030270 тоот дансаар, 8.000.000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч Н.Батдэлгэрт хүлээлгэн өгч, 1.500.000 төгрөгийг байрны түрээс, тог, цахилгаан, халаалт, усны мөнгөнд суутган авсан талаар Говь-Алтай аймгийн тойргийн нотариатчаар батлуулсан эвлэрлийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид эвлэрснийг шүүх батлах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 178.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 150.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батдэлгэрт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух Нянцангийн Наранцэцэгийн Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 20 дугаар байр 3-19 тоотод оршин суух Баасанжавын Гүнжинлхам, Цэвэгсүрэнгийн Баянмөнх нарт холбогдох орон сууцны урьдчилгаа төлбөр 10.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 178.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 150.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батдэлгэрт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН