| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0089/э |
| Дугаар | 2019/ШЦТ/93 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох 1934000960092 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 9-31 тоотод оршин суух хаягтай, Б овогт Б.Т гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг авто засварын газрын хажууд Ц.Цэрэнхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Т-ын: “2019 оны 01 сарын 23-ны өдөр машин засаж байсан. Гадаа эмэгтэй дүүгийн хар машин зогсож байсан. Гараад ирсэн чинь хүргэн Цэрэнхүү нь дүүгийн машины ард талын номерыг нь хугалаад зогсож байсан. Намайг заамдаж аваад боосон боогдоод унахдаа Цэрэнхүүг цохисон байгаа. Би бол маргаагүй. Хохирогчид 1000000 төгрөг өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Ц.Цэрэнхүүгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-07 тал/, хохирогч Ц.Цэрэнхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-09-10 тал/, гэрч Б.Түвшиндэлгэрээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-11-12 тал/, гэрч Д.Батчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16-17 тал/, гэрч Б.Ариунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18-19 тал/, гэрч Л.Гантулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20-21 тал/, гэрч Ш.Жаргалсайханаас мэдүүлэг авсэн тэмдэглэл /хх-22-23 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №84 дугаар дүгнэлт /хх-25-26 тал/, Б.Т-ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-45, 50 тал/, хохирлын баримтууд /хх-46-47 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хх-51 тал/, Б.Т-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Б.Т нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг авто засварын газрын хажууд Ц.Цэрэнхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
Хохирогч Ц.Цэрэнхүүгийн: “...машиндаа суух гээд алхаад явж байтал араас манай эхнэрийн ах Түвшиндэлгэр намайг хөөе Цэрэнхүү нааш ир гэж дуудаад чи яахаараа миний дүүгийн машины номерыг авдаг юм гээд бид хоёр маргалдаж муудалцтал хадамын урд талын хашаанаас Б.Т гээд манай эхнэрийн бас нэг ах нь гарч ирсэн. Түвшиндэлгэр нь Б.Тдаа энэ дүүгийн машины дугаарыг хуулаад авчихлаа хүнд хэлэхгүй гэж хэлээд Б.Т над руу дайрч эхэлсэн. Тэгээд Б.Ттай барилцаж аваад Б.Т намайг доороо хийгээд газар унагаж жалганы ховилд чулуун дээр нуруугаараа дараад миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон тэгээд миний хамар муруйж тэр дороо цус их гарсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
Гэрч Б.Ариунболдын: “ ... Цэрэнхүү бууж машиныхаа номерыг тайлж аваад эргэтэл нэг залуу ирээд Цэрэнхүүг бариад авсан тэр залуу Цэрэнхүүгийн эхнэрийн ах дүү нарын нэг байх тэгээд Цэрэнхүү тэр хоёр бие биетэйгээ барилцаад авсан тэгэхээр нь би машинаас буугаад очиж салгасан чинь хашаанаас 2-3 залуу гарч ирээд Жагаа гэл үү ах нь юм уу дүү юм уу Дэлгэрээ тэр хоёрыг би ялгадаггүй юм гарч ирээд надтай барилцаж аваад намайг цохиод унагаасан тэгээд би юу болоод байгааг мэдээгүй цагдаа ирсэн. Тэгээд цагдаагийн газар ирчихээд Цэрэнхүү цагдаагийн газарт үлдэж би түрүүлээд явсан. Маргааш нь би Цэрэнхүүтэй уулзсан чинь Цэрэнхүүгийн нүүр ам нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Гэрч Л.Гантулгын: “... 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд найз Твшинжаргал хүрээд ирээч нэг гупер задлах ажил байна гялс яваад ир гэсэн тэгээд би яваад очсон чинь энэ үед Б.Т нэг хүнтэй маргалдсан байсан юун хүн бэ гэсэн хүргэн нь гэсэн би хашаанд нь байсан гадаа хүмүүс маргалдаад байсан би хашаанаас гарах үед цагдаа ирчихсэн байсан. Би зодоон болох үед хажууд нь байгаагүй хүргэн гэх хүн их л согтуу байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Гэрч Ж.Алтанхуягийн: “ ... Цаад хашаанаас нь Б.Т нь гарч ирээд Цэрэнхүү, Б.Т хоёр ноцолдож бие биенээсээ зууралдаж аваад газар унаж ойчиж дээр доороо орж бие биенийгээ гараараа цохиж зодолдсон яг хэдэн удаа бие биенийхээ хаана цохиод байгааг би ялгаж хараагүй. Би тэгээд Цэрэнхүү газар унасан байсныг татаж салгаж хорьсон сүүлдээ цагдаа ирээд Цэрэнхүүг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №84 дугаар “1.Ц.Цэрэнхүүгийн биед хүзүүний сэртэн, хамар ясны хугарал, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтэл байна. 4.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Дээрх хүзүүний сэртэн ясны хугарал нь хатуу мохоо зүйлээр цохих, дарж шахах үед үүсэх боломжтой. 7. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-25-26 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч нь хохирогч Ц.Цэрэнхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд Ц.Цэрэнхүүгийн биед “хүзүүний сэртэн, хамар ясны хугарал, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэг
Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Т-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг түүнд хуульд заасан шийтгэлийг оногдуулахдаа харгалзан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Б.Т нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ