Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00401

 

 

 

 

 

 

 

 

      2024       02            26                                    210/МА2024/00401

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/03451 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.М-, Д.А-нарт холбогдох,

Гэрээнээс учирсан хохиролд 105,239,804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Н, хариуцагч О.М-, хариуцагч нарын өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

О.М-, Д.А-нар нь А ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 70,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 2,6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, 80,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Зээлийн гэрээний үүрэгт 280,690,824 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, хариуцагч нар нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлбөрийг төлж дуусгасан бөгөөд 3 жил, 2 сар, 23 хоног манай байгууллагыг хохироосон. Өөрөөр хэлбэл, эхний 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд шүүхийн шийдвэр гарах үед тооцогдсон үлдэгдэл төлбөр болох 38,750,000 төгрөгөөс, зээлийн гэрээнд заасан 2,9 хувиар хүү тооцоход 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1073 хоногийн хүү 39,390,289 төгрөг, хоёр дахь 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд шүүхийн шийдвэр гарах үед тооцогдсон үлдэгдэл төлбөр болох 70,000,000 төгрөгөөс, зээлийн гэрээнд заасан 2,6 хувиар хүү тооцоход 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1178 хоногийн хүү 65,849,515 төгрөг, нийт 105,239,804 төгрөгөөр манай байгууллага хохирч байна. Хариуцагч нар зээлийн гэрээгээ шударгаар биелүүлж, санаатай эс үйлдэхүй гаргаж 1178 хоногийн хугацаа хэтрүүлээгүй бол манай байгууллага нь албан ёсны тусгай зөвшөөрөлтэй ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьд О.М-, Д.А-нарын зээлийг ашигласан хугацаанд тухайн мөнгийг өөр этгээдэд зээлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулж дээрх хүүгийн ашиг олох бүрэн боломжтой байсан. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 105,239,804 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Бид малын тэжээлийн ургамлын тариалангийн зориулалтаар А ХХК-аас зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 51 тоот 86,96 м.кв талбайтай 4 өрөө, мөн байрны 00 тоот 52,8 м.кв талбайтай 2 өрөө, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 16-1 дүгээр байрны 17 тоот 146,8 м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг барьцаалсан. Тухайн жил тариалангийн төвийн бүс нутаг байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ганд нэрвэгдэж ургац алдсаны улмаас үйл ажиллагааны орлогоор зээл, хүүг төлөх боломжгүй болж 2016 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 41,250,000 төгрөг, зээлийн хүүд 22,669,559 төгрөг, бүгд 63,919,559 төгрөгийг гэрээний дагуу төлөөд санхүүгийн эрсдэлд орсон. Бид зээлийн өрийн дарамтаас салах зорилгоор зээлийн барьцаанд байгаа 00 тоот 52,8 м.кв байрыг иргэн Д.Б-д 116,160,000 төгрөгөөр худалдан борлуулж зээл, хүүг бүрэн төлж барагдуулах хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А ХХК-ийн удирдлагад гаргасан ч “бэлэн мөнгөө авчирч зээл, хүүгээ төл” гэж хүсэлтийг хүлээж аваагүй, өмчлөгчийн өмч хөрөнгөө захиран зарцуулах хуулийн бүрэн эрхийг хясан боогдуулж, зээлдэгчийн үүргээ гүйцэтгэхэд минь саад учруулсан. Тухайн өдрөөс хойш дахин 136,277,166 төгрөгийн хүүнд барьцааны 2 дахь байр болох 51 тоот 86,96 м.кв байраа алдаж хохирол хүлээсэн. 2016 оны 06 дугаар сараас хойш бүтэн 3 жилийн дараа 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ хугацаанд бид барьцаанд байгаа орон сууцаа худалдан борлуулах хүсэлтийг удаа дараа тавьсан ч мөн л зөвшөөрөөгүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 108,750,000 төгрөг, зээлийн хүү 143,687,166 төгрөг, бүгд 252,437,166 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Бид гэрээний дагуу бэлэн мөнгөөр 63,919,559 төгрөг, барьцааны 00 тоот 52,8 м.кв болон 51 тоот 86,96 м.кв байруудаа худалдан борлуулж 252,437,156 төгрөг, нийтдээ 316,356,715 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр эцэслэн төлж барагдуулан анх авсан 150,000,000 төгрөгийн зээлээ 2,1 дахин нугалж төлсөн. Зээлтэй холбоотой хэрэг маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, бид зээлийн төлбөрийг бүрэн төлж, зээл хаагдаж, зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар эдгээр гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах, шаардах боломжгүй. Ковидын хорио цээрийн улмаас шүүх хуралдаанууд хойшлогдож, шийдвэрлэгдээгүй хэргүүд хуримтлагдаж дараалал ихэссэнээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2 жил 1 сар 15 хоногийн дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хяналтын шатны шүүх хянаж шийдвэрлэсэн. Иймд 105,239,804 төгрөгөөр хохирсон гэх бичгийн баримтгүй, бидний төлөх байсан зээлийг ямар хүнд, хэзээ хэрхэн зээлэх байсан нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар О.М-, Д.А-нарт холбогдох гэрээнээс учирсан хохиролд 105,239,804 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 684,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна.

Бид шүүхээс шийдвэрлэсэн хугацаан дахь төлбөрийг дахин нэхэмжлээгүй тул 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдохгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр биелэгдсэн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1178 хоногт олох байсан хохирлыг Иргэний хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй.

4.б. Хариуцагч О.М- нь эрх бүхий албан тушаалтан байсан тул хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцахад дотоодын банканд багагүй мөнгөн хадгаламжтай, их хэмжээний эд хөрөнгөтэй байсан. Энэ талаарх баримтыг өмнө нь шүүхэд нотлох баримтаар өгч байсан. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад төлбөрөө төлөлгүй 1178 хоног болж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны үл хөдлөх хөрөнгөнүүдээс 1 байрыг нь албадан дуудлага худалдаанд орох үед төлбөрөө төлж барагдуулсан нь тэд төлбөрийн чадвартай байсан атлаа санаатайгаар төлөлтийг удаашруулсан.

4.в. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа бол зээл олгох юм. Иймд хариуцагч нь төлбөрөө хугацаанд нь төлснөөр манай байгууллагад эргэлтийн хөрөнгө бий болж бусад харилцагч нарт зээл олгох боломж үүсдэг. Манай байгууллага нь олон нийтийн мэдээлэл сурталчилгааны хэрэгслүүдээр тогтмол зар тавин харилцагч нараа татдаг бөгөөд зээлийн хүүгийн мэдээлэл нээлттэй ил тод бөгөөд бусад ижил төстэй байгууллагуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг тул зах зээл дээр эрэлт ихтэй.

Иймд манай байгууллага хүүгийн орлого олох бүрэн боломжтой байсан. О.М-, Д.А-нар шиг хүмүүс санаатайгаар төлбөрөө төлөхгүй шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх газар дээр удаашруулсан нь зээл авах хэрэгцээт бусад хүмүүсийн боломжийг хааж, манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.3, 222.7, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн тул хэргийг бүхэлд нь хянан О.М-, Д.А-нараас нэхэмжилсэн 105,239,804 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар аливаа хүн, хуулийн этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэнд холбогдуулж хэдэн төгрөг нэхэмжлэх нь тухайн этгээдэд олгогдсон эрх. Нэхэмжлэгч энэ эрхээ эдлээд 105,239,804 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ 105,239,804 төгрөг нэхэмжилж байгаа бол үүнийг нотолсон нотлох баримтаа бүрдүүлэх ёстой. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргана. Гэтэл хэрэгт ямар ч нотлох баримт байдаггүй, буруутай этгээдийг тодорхойлж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Д.А, О.М- нарт холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 105,239,804 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2020 оны шүүхийн шийдвэрийг хариуцагч Д.А-, О.М- нар нь 2023 он хүртэл хугацаанд биелүүлээгүй, манай байгууллагад хохирол учруулсан тул 1178 хоногийн хүү болох 105,239,804 төгрөгийг гаргуулах, мөн тухайн зээлийн төлбөрийг төлсөн бол өөр бусдад зээл олгож, ашиг олох байсан тул уг хохирлоо гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

1.б. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу бид төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Бид шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж, дээд шатны шүүхэд хандсан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч нь хүүгээр хохирсон гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00435 дугаар шийдвэрээр хариуцагч О.М-, Д.А-нараас зээлийн гэрээний үүрэгт 252,437,166 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,253,658 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх19-24/

 

2.б. Дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1022 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/00382 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /хх25-34/

 

2.в. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2022/09237 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр төлөгч О.М-, Д.А-нар нь төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх116-119/

 

3. Дээр дурдсан 3 шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт уг хуульд нийцсэн.

 

4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарал бүхий маргааныг шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзнэ.

 

5. Түүнчлэн, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр төлөгч нар төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Энэ нь тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийг хариуцагч нар гүйцэтгэж дууссан байх тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн хүүг гэрээнээс учирсан хохиролд тооцон шаардах эрхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/03451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 684,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ