Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/94

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н-д холбогдох 1934000280107 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Аргалант сум 1 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй С овогт Л.Н  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух өөрийн гэртээ 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр С.Энхчимэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Л.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч С.Энхчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22-25 тал/, гэрч Д.Батцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26-27 тал/, гэрч Ж.Ягаанаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28-29 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №11571 дугаар дүгнэлт /хх-31 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №11536 дугаар дүгнэлт /хх-35 тал/, Л.Н-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42 тал/, аюулын зэргийн үнэлгээ /хх-50-51 тал/, шүүгдэгч Л.Н-н хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч Л.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух өөрийн гэртээ 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр С.Энхчимэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч С.Энхчимэгийн“ Би Төв аймгийн Аргалант сумын иргэн Л.Н гэх хүнтэй гэр бүлийн харилцаатай болоод 6 жил болж байна. Бид хоёр одоо 1 нас гарантай хүүтэй. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр Л.Н нь сумынх нь сургуулийн 40 жилийн ойн баяртай гээд ангийнхантайгаа нийлж архи ууж яваад өглөөгүүр орж ирсэн. Тэгэхээр нь би гадуур архи ууж хонож ирлээ гэж уурлаж унтах гэж хэвтэхээр нь цохиж босгосон. Тэгтэл хадам ээж Ягаан намайг хүүхэд зодлоо гэж уурлаж нуруу руу цохисон. Тэгэхээр нь би хадам ээж Ягааныг цааш нь түлхэхэд Л.Н намайг ээжийг нь зодлоо гэж босч ирээд түлхэж газар унагаж нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Мөн үсдэж унагаж дээрээс цохиж өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /хх-24 тал/,

Гэрч Д.Батцэцэгийн“..2018 оны 09 дүгээр сарын 22-ны өглөөгүүр хадам ээж Ягааны гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь би яваад ороход нөхрийн дүү Л.Н гэрийн баруун талын орон дээр хүүхдээ тэврээд суучихсан зүүн талын орон болохоор хадам ээж Ягаан бэр С.Энхчимэг нар хоорондоо зууралдаад сууж байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа гэхэд хадам ээж Ягаан нь С.Энхчимэгийг миний хүүг архи уулаа гэж зодоод гэж хэлсэн. Тэгээд гэрийн хойморьт ширээний хойн цайны халуун сав хагарсан байхаар нь тэрийг нь шүүрдэж цэвэрлээд хүүхдийг аваад гэрээс гарсан” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

Хохирогч С.Энхчимэгийн биед учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн  №11536 дугаартай “1.С.Энхчимэгийн биед тархи доргилт, баруун хацар, санчигны зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн нь тогтоогдов. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-35 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Н-н эхнэр С.Энхчимэгийн нүүрэн тус газарт нь цохиж түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, санчигны зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Л.Н-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

            Шүүгдэгч Л.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Н-д сануулав.

           

           Шүүгдэгч Л.Н-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Л.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-г 650 /зургаан зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Н-д оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Н-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ