Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 120

 

М.Чинбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Уянга,

хохирогч Ж.Бөхбат, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Жанил,

 ялтан М.Чинбаатар, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг, 

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Жанилын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Чинбаатарт холбогдох 201625013501 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Их Монгол овгийн Мягмардаваагийн Чинбаатар, 1992 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 28 дугаар гудамжны 513 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УХ92051498/,

 

М.Чинбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадаа хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, Ж.Бөхбатын нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь доод эрүү ясны хугарал буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Чинбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Чинбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийг баривчлах ялын 1 хоногтой тэнцүүлэн тооцож солихыг мэдэгдэж, М.Чинбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Жанил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Хохирогч болох миний төрсөн хүү Ж.Бөхбатын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулж, сэтгэл санаа бие махбодийг нь хохироосон. М.Чинбаатарын найз нөхөд манай хүүхдийг согтуу дарамталж  байгаагаас харахад өөрийн үйлдсэн хэрэгт дүгнэлт хийхгүй байна гэж үзэж байна. М.Чинбаатарыг нийгмээс тусгаарлаж, ял шийтгэл оногдуулах ёстой байсан. Иймд М.Чинбаатарын албадан ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ж.Бөхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эрүүгээ хадуулж, хагалгаанд орсон. Намайг энэ хүн цохисноос болж эрүүл мэндээрээ маш их хохирсон. Найзууд нь намайг дарамталж байсан...” гэв. 

 

Ялтан М.Чинбаатар тус шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүүхдийг нь гэмтээж, хохироосонд эцэг хүний хувьд гомдолтой байгаа байх. Би хуулийн дагуу бүх хохирлыг барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Ж.Бөхбат 17 настай, насанд хүрээгүй хүүхэд хэрнээ тэр үед согтуу, бааранд сууж байсан. Би зүгээр байхад нь цохиогүй. Би гэм буруутайгаа ойлгож байна. Хохирогчтой ямар нэг хувийн сэдэлт байгаагүй. Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Ялтны өмгөөлөгч Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд М.Чинбаатар нь өөрийн гэм бурууг хүлээж, хохирогчоос уучлалт гуйсан. Анхан шатны шүүх М.Чинбаатарт хуульд заасан албадан ажил хийлгэх ял оногдуулсан. Шийтгэх тогтоол нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Прокурор С.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйл нь албадан ажил хийлгэх, эсвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих гэсэн сонгох санкцитай. Анхан шатны шүүх М.Чинбаатарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, нотлох баримтын хүрээнд хохирлыг барагдуулсан зэрэг байдлыг харгалзан, албадан ажил хийх ял оногдуулсан нь үндэслэлтэй юм. Харин шийтгэх тогтоолыг уншиж судлахад зарим зүйлс алдаатай байгаа нь харагдаж байна. Тухайлбал тогтоох хэсэгт “Содномдаржаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ” гэж М.Чинбаатарын нэрийг буруу бичсэн байсан. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

М.Чинбаатарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг үндэслэлтэй зөв тогтоож чадаагүйгээс М.Чинбаатарын үйлдлийг ямар үндэслэлээр хувийн сэдэлттэй гэж зүйлчилсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

   Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд насанд хүрээгүй хохирогч Ж.Бөхбатын “... М.Чинбаатар Лхагвагаас чамд мөнгө байгааг мэдэж байна, мөнгөө гаргачихаач гээд байхаар нь би М.Чинбаатарт “та боль л доо” гэж хэлээд Лхагваг явъя гэсэн. Тэгтэл намайг “энэ муу их зэвүүн пизда” шүү гээд гэдэс рүү өвдөглөсөн. Дараа нь баруун хөлийн шилбэ рүү өшиглөхөд нь би доошоо тонгойтол баруун гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу нэг удаа хүчтэй цохисон... Би М.Чинбаатартай муудалцсан зүйл байхгүй...” /хх 16/, гэрч Э.Лхагвацэрэнгийн “...Надад мөнгө байхгүй байсан тул Чинбаатарт мөнгө байхгүй гэж хэлээд зогсож байтал Бөхбат намайг явъя гэж хэлсэн. Тэгтэл Чинбаатар Бөхбатыг “чи яв аа, чамтай ярих юм байхгүй ээ” гэхэд Бөхбат “чиний газар байгаа юм уу” гэж маргасан. Тэгээд Чинбаатар Бөхбатыг 1 удаа нүүр лүү нь цохисон...” /хх 19/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд чухам ямар хувийн таарамжгүй харьцаа бий болсон, хохирогч ямар буруутай үйлдэл хийсэн болох нь тодорхойгүйгээс гадна гудамж талбайд үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.

            Иймд гэмт хэргийн сэдэлтийг зөв тогтоосны эцэст хэргийг зүйлчлэн, гэм буруугийн талаар дүгнэлт хийх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Чинбаатарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Монгол хэлний найруулга зүйн алдаатай, хууль зүйн үг хэллэгийн хувьд оновчгүй байдлаар бичигдсэн, мөн нээлттэй явуулах шүүх хуралдааныг ямар үндэслэл шалтгаанаар хаалттай хийсэн нь тодорхойгүйгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгчийн нэрийг буруу бичсэн зэрэг алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.