Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2019/0391

 


“Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5, 48 дугаар зүйлийн 48.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн. “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” А/78 дугаар захирамжийг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Ц нар давж заалдах гомдолдоо: “... “Х х” ХХК-д Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5/06 дугаар албан бичгийг хүргүүлсэн талаар гаргаж өгсөн нотлох баримтууд юм. Орхон аймгийн Шуудан үйлчилгээний газраас ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19/33, 19/35, 19/36 дугаар албан бичгүүдээр бүртгэлийн дэвтрийг хуулбарлан хавсаргаж ирүүлсэн. Уг тодорхойлолтод дээрх албан бичгийг шуудан үйлчилгээний газар хүлээж авсан нь үнэн болно хэмээн дурдсан. Хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтууд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5/06 дугаар албан бичгийг “Х х” ХХК-д хүргүүлсэн болохыг нотолж байхад, анхан шатны шүүхээс дээрх 5/06 дугаар албан бичгийг “Х х” ХХК нь хүлээн аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон хэмээн дүгнэж үүнээсээ үүдэн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг Захиргааны байгууллага хуульд заасны дагуу явуулаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх газар ашиглах эрх үүсээгүй, эрх зүйн харилцаа үүсээгүй хэмээн дүгнэсэн атлаа, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хэмээн үзэж уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Орхон аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар[1] Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дэх орон сууцны 7 дугаар хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар “Х х” ХХК-д 3 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар мөн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар[2] “...уг газрыг албан ёсны актаар хүлээн авч гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг тухайн аж ахуй нэгжээс шаардаж мэдэгдсэн боловч шаардлагыг биелүүлээгүй, мөн эрх олгосон шийдвэр гарсан өдрөөс хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14-04-020/162 дугаар дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар ашиглуулах эрх олгосон дээрх А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

  1. Маргаж буй А/78 дугаар захирамжийн “...газраа албан ёсны актаар хүлээн авч гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг тухайн аж ахуй нэгжээс шаардаж, мэдэгдсэн боловч шаардлагыг биелүүлээгүй...” гэх үндэслэлийн тухайд:

          Нэхэмжлэгчээс “...газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажиллагааг явуулалгүй удаашруулсан, уг ажиллагаа нь хариуцагчийн үүрэг бөгөөд тухайн үүргээ хэрэгжүүлэх хариуцагч болон холбогдох этгээдүүдэд хандаж байсан...” гэж, хариуцагчаас “...холбогдох хууль тогтоомжид газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох талаар тухайн этгээд өөрөө хүсэлт гаргах үүрэгтэй, ...гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар удаа дараа хариуцагчийн зүгээс шаардсан боловч нэхэмжлэгчээс хариу ирүүлээгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

          Газрын тухай хуулийн 32, 33, 44 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргасны дагуу тухайн шатны Засаг дарга газар ашиглуулах шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоор хуульчилжээ.

          Хариуцагчаас “Газрын тухай хуульд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 28, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 дугаар албан бичгүүдээр гэрээ байгуулан гэрчилгээ авч газраа баталгаажуулахыг удаа дараа “Х х” ХХК-иас шаардаж мэдэгдсэн” гэж тайлбарлах боловч шүүхээс Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015-2018 оны ирсэн, явсан, өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл[3], явуулсан бичиг хүлээлцэх дэвтэр[4] /2016/ зэргээс үзэхэд уг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 28[5], 2017 оны 256[6] дугаартай албан бичгүүдийг нэхэмжлэгч хүлээн авсан гэдэг нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагч уг албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэдгээ нотолж чадахгүй байх тул Орхон аймгийн Засаг даргын “Х х” ХХК-д газар ашиглах эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм.

          Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс тухайн маргаж буй газартай холбогдуулан хариуцагч байгууллагад хүсэлт гаргаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар зөв дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчээс 2017 оны 06 дуггар сарын 14-ний өдөр, мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” талаар хүсэлт гаргасан байхад хариуцагч уг хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр 2018 оны А/78 дугаар захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 5/06 дугаар албан бичгийг “Х х” ХХК-д хүргүүлсэн болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэж дурдсан ба Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгож, сонсох ажиллагааг явуулах талаар хуульчилсан.

          Уг хуулийн зорилго нь захиргааны акт гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд тайлбар санал гаргах боломжийг олгоход орших бөгөөд хариуцагчийн 2018 оны 5/06 дугаар албан бичгийг Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газар хүлээн авсан гэдэг нь үнэн боловч уг албан бичгийг нэхэмжлэгчид гардуулсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

          Мөн хавтаст хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “газрын асуудлаар хүлээн авч уулзсан” гэх фото зураг авагдсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...төсөл нь хэрэгжих боломжтой эсэх, хөрөнгө оруулалтыг хийж чадах эсэх асуудлаар уулзсан” гэх тайлбар зэргээс үзвэл тухайн үед хариуцагчаас нэхэмжлэгчтэй тохиролцон газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох боломжтой байжээ.

           “...эрх олгосон шийдвэр гарсан өдрөөс хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14-04-020/162 дугаар дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэлийн хувьд:

          Мэргэжлийн хяналтын Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “...газрын гэрээ байгуулан гэрчилгээ авахыг мэдэгдсэн боловч биелүүлээгүй, газраа 2016 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй зэргийг үндэслэн “Х х” ХХК-д газар ашиглуулах тухай шийдвэр гаргасныг хүчингүй болгуулах” тухай 14-04-20/162 дугаар дүгнэлт[7] гаргасныг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр[8] хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...байвал түүнийг дахин нотлохгүй”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан бөгөөд Мэргэжлийн хяналтын Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 14-04-20/162 дугаартай дүгнэлт нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, үүнтэй хариуцагч маргаагүй тул шүүхээс тухайн асуудал дээр дахин дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

          Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, “40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасныг зөв тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэжээ.

          Тодруулбал, дээрх хуулийн зохицуулалтаар иргэн, хуулийн этгээд газрыг гэрээний үндсэн дээрх зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших /ашиглах/ бөгөөд эрхийн гэрчилгээ олгогдсон өдрөөс иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол аймгийн Засаг дарга газар эзэмших /ашиглах/ эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхээр байхад хариуцагч нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээгээ аваагүй гэж үзсэн атлаа нэхэмжлэгчийг газар ашиглах эрхийн гэрчилгээтэй байсан мэтээр үзэж, “Х х” ХХК-д газар ашиглуулах эрх олгосон өөрийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөрчилтэй захиргааны актыг гаргасан гэж үзэхээр байна.

          Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалт нь газар ашиглах гэрээг байгуулсны үндсэн дээр газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан этгээд тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол уг газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх заалт бөгөөд нэгэнт газар ашиглах эрхийн гэрчилгээгүй этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй юм.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...шүүх эрх зүйн харилцаа үүсээгүй, газар ашиглах эрх үүсээгүй гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн байна гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй” гэж дурдсан бөгөөд газар ашиглах эрх олгох, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох гэх ойлголтууд нь тусдаа өөр өөр үр дагаврыг агуулах ба газар ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй гэснээр газар ашиглах эрх олгосон шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул уг гомдлыг хүлээн авахааргүй байна.

          Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хамааралгүй, ерөнхийлөн зохицуулсан хуулийн зүйл, заалтыг баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 4.2.6, ...27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5, 48 дугаар зүйлийн 48.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3,...” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-14 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-35 хуудас

[3] Хавтаст хэрэг 2-81 хуудас

[4] Хавтаст хэрэг 2-86 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-26 хуудас

[6] Хавтаст хэрэг 127 хуудас

[7] Хавтаст хэрэг 1-38 хуудас

[8] Хавтаст хэрэг 2-6 хуудас