Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1172

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02778 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХ нь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч “ХХХ” ХХК-тай харилцан тохиролцож, 20 ширхэг хүрэмийг нийт 750 000 төгрөгөөр оёж өгөхөөр харилцан тохиролцсон. Захиалагч нь урьдчилгаа мөнгө өгч чадахгүй нь ажлаа хийж бай явцын дунд өгье гэсэн. ХХ нь, хүнээс мөнгө зээлээд ажлаа эхлүүлээ гэхэд зөвшөөрсөн. Хүрэм оёх явцад компанийн төлөөлөгч ХХХХ өөрөө ирж 3 ширхэг хүрэм авч явсан. Үлдсэн 17 ширхэг хүрэм бэлэн болсон боловч захиалагч холбогдоогүй. Тэмцээн зохион байгуулж буй маркетингийн ажилтан болох ХХХХХ-той ярихад ХХХХ ажлаас гарсан, холбогдох хүмүүс нь мөнгийг өгнө гэсэн. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай ажил дээр ирж 17 хүрэм авч явсан, тэмцээн нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болж өнгөрсөн. Тэмцээний дараа ХХХХХ руу залгатал мөнгийг чинь өгөхгүй гэж байна гэсэн. Хэд хоног хүлээсний эцэст ХХХХ ярьж, хөлсийг чинь хувааж өгье гэсэн. Тэрээр тэмцээн зохион байгуулж байгаа “ХХХ” ХХК-ийн ажилтан бөгөөд манай компанитай ХХ гэрээ байгуулсан. Иймд “ХХХ” ХХК-иас гэрээний үнэ болох 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ХХХ” ХХК-иас 750 000 төгрөгийг гаргуулж ХХт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХ” ХХК-иас 24 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХт буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“ХХХ” ХХК нь иргэн ХХөөр 20 ширхэг куртка оёулсан боловч хэмжээ жижиг байснаас захиалгын шаардлага хангаагүй учир одоо хүртэл манайх ашиглаагүй. Энэ талаар ХХт хэлэхэд 130 000 төгрөг хасч өгье гэж тохиролцсон. Ингээд 620 000 төлөх болсон ч шүүхийн шийдвэр 750 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2778 дугаар шийдвэрт гомдол гаргаж, 130 00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг хэлэлцэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж байх тул хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 750 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл болон маргааны үйл баримтын талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч ХХ нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд захиалагчийн хүсэлтээр 20 ширхэг хүрэм /куртка/ оёж нийлүүлэх, ажлын хөлсөнд нийт 750 000 төгрөгийг хариуцагч “ХХХ” ХХК уг ажлыг хүлээн авснаар төлөх үүрэг тус тус хүлээжээ.

/хх-ийн 22 дугаар тал/

 

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд нэхэмжлэгч ХХ уг гэрээгээр тохирсон ажлыг захиалагч талд хүлээлгэн өгсөн нь гэрэл зургаар бэхжүүлсэн нотлох баримт, түүний тайлбараар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нөгөө талаар хариуцагч тал “захиалсан бүтээгдэхүүн шаардлага хангаагүй, хэмжээ таараагүй тул ашиглаагүй” гэх үндэслэл зааж давж заалдах гомдол гаргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.8 дахь хэсэгт зааснаар үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул  доголдолтой ажлыг хүлээлгэн гэж үзэхгүй. Түүнчлэн талууд ажлын хөлснөөс 130 000 төгрөгийг хасч тооцохоор тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг энэ үндэслэлээр өөрчлөх боломжгүй юм.

 

Шүүх хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Т.ТУЯА