Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 286

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж-23, Түшиг төвийн 3 дугаар давхарт байрлах, МоЭнКо ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Дарив сумын Дулаан ОНӨААТҮГазарт холбогдох

нүүрсний үнэ 11.253.600 төгрөг алданги 5.626.800 төгрөг нийт 16.880.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Түвшинзаяа /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МоЭнКо ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  “МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн Дарив сумд байрлах Хөшөөтийн нүүрсний ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бөгөөд олборлолт эхэлснээс хойш Ховд болон Говь-Алтай аймгийн ойролцоох сумдуудад хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 08-03/0015 дугаартай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “МоЭнКо” ХХК нь 625.2 тонн эрчим хүчний нунтаг нүүрсийг Говь-Алтай аймгийн Дарив сумын “Эрчим хүч” ОНӨААТҮГазарт нийлүүлсэн. “МоЭнКо” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нүүрс худалдан авагч талд нэхэмжлэх хүргүүлсэн, уурхайн ахлах нягтлан М.Гантулга 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дарив сумд очиж уулзан тооцооны үлдэгдлийн баталгаа, нүүрсний борлуулалтын авлагын задаргааг танилцуулан эрх бүхий этгээдүүдээр баталгаажуулсан. 2015 оны 12 дугаар сараас хойш төлбөрөө төлөхгүй байсан тул 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр уурхайн нягтлан Д.Эрдэнэхүү нэмэлт зардал гарган 2 дахь удаагаа Говь-Алтай аймгийн Дарив сумд очиж, нүүрс худалдан авагч талын эрх бүхий хүмүүстэй уулзсан. Уулзалтаар 2016 оны 3, 4 дүгээр сард багтаан нүүрсний төлбөрөө бүрэн барагдуулна гэж амласан боловч өнөөдрийн байдлаар төлбөрөө төлөөгүй байна. Түүнчлэн гэрээний 3.5-д “Худалдан авагч тал энэ хэсгийн 3.2-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөх ёстой тухайн төлбөр тус бүрээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч талд төлнө” гэж заасны дагуу 2015 оны 12 сарын 01-нээс 2016 оны 05 сарын 09-ний байдлаар нийт алданги 905.914,80 төгрөг болж байна. Иймд гэрээний дагуу худалдан авсан 625.2 тонн нүүрсний үнэ болох 11.253.600 төгрөг, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги 905.914,80 төгрөг, нийт 12.159.514,80 төгрөгийг Говь-Алтай аймгийн Дарви сумын Эрчим хүч ОНӨААТҮГазраас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч МоЭнКо ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмандах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа алдангийг дутуу тооцож гаргасан байх тул залруулж байна. Гэрээний 3.5-д "Худалдан авагч тал энэ хэсгийн 3.2-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөх ёстой тухайн төлбөр тус бүрээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч талд төлнө" гэж заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт алданги 9059,148 төгрөг болж байна. Нэг өдрийн алданги 56268 төгрөг ба 161 хоногт үржүүлбэл 9059,148 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул гүйцэтгээгүй үүргийн дүн болох 11.253.600 төгрөгийн 50 хувь нь 5626800 төгрөг ба өмнө 905914,80 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн тул одоо 4.720.886 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжилж байна. Иймд одоо үндсэн төлбөр 11.253.600 төгрөг, алданги 5.626.800 төгрөг нийт 16.880.400 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч МоЭнКо ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МоЭнко ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Дарив сумын Эрчим хүч ОНӨААТҮГазарт нүүрс худалдах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 625.2 тонн эрчим хүчний нунтаг нүүрсийг нийлүүлсэн. Худалдан авагч талын гаргаж өгсөн төлбөрийн хуваарийн дагуу төлбөрийг хэсэгчлэн төлөөд 2015 оны 11 дүгээр сард бүрэн төлж барагдуулна гэсэн хуваарь гаргасан. Үүнээс хойш МоЭнКо ХХК-ийн Хөшөөтийн уурхайн ахлах мэргэжилтэн нүүрсний төлбөрийг барагдуулах талаар гурван удаа уулзахад одоогийн байдлаар төлбөр төлөх боломжгүй байна. Иймд 2016 оны 4 дүгээр сар хүртэл хойшлуулж өгөх талаар ярилцаж, хүсэлт тавьж хүсэлтийг хүлээж авсан. 2016 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүлээгээд төлбөрөө барагдуулахгүй байхаар нь дахин уулзаж ярилцаж төлбөрөө төлөх шаардлага тавьсан. Гэтэл одоо хүртэл барагдуулахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн төлбөр 11.253.600 төгрөг, алданги 5.626.800 төгрөг нийт 16.880.400 төгрөгийг нэхэмжилж байна. Анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа алданги дутуу бодож гаргасан байсан. Тийм учраас 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өнөөдөр эцсийн байдлаар 16.880.400 төгрөгийг Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрчим хүчний газраас гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Дарви сумын Дулаан ОНӨААТҮГазрын дарга З.Баянбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дарви сумын Эрчим хүч ОНӨААТҮГазар нь Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг МоЭнКо ХХК-тай сүүлийн хориод жил нүүрсний гэрээ хийж тус сумын хөдөлмөрчдийг дулаанаар хангаж ирсэн билээ. 2015 оны 08 дугаар сард тус МоЭнКо ХХК гэрээ хийж /625.2тонн/ нүүрс авсан боловч тус аж ахуйн нэгж нь алдагдалтай өртэй байсан тул төлж чадаагүй нь үнэн болно. МоЭнКо ХХК-ийн нэхэмжилж буй 11.253.600 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төлж дуусгах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан зохигчдын тайлбар, татгалзал, тэдгээрийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад нэхэмжлэгч МоЭнКо ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

МоЭнКо ХХК нь Говь-Алтай аймгийн Дарив сумын Дулаан ОНӨААТҮГазарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг болох нүүрсний үнэ 11.253.600 төгрөг алданги 5.626.800 төгрөг нийт 16.880.400 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Энэ шаардлага нь гэрээний үүрэг байх ба шүүх хэргийг шийдвэрлэхийн тулд талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй явдалд хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байгаа эсэх зэрэг хууль зүйн тодорхой нөхцөл байдлуудыг авч үзлээ.

Зохигчдын тайлбар, нотлох баримтаас үзэхэд МоЭнКо ХХК болон Говь-Алтай аймгийн Дарив сумын Дулаан ОНӨААТҮГазрын хооронд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №08-03/0015 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Хариуцагчийн өмгөөлөгч татгалзалаа үндэслэхдээ хувьцаа эзэмшигчдын шийдвэрээр компанийг гэрээ хэлцэл байгуулах эрхийг Ж.Оюунчимэгт олгосон байхад түүнээс өөр хүн гэрээнд гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир үндсэн төлбөрөө төлж, алдангийг зөвшөөрөхгүй байна гэжээ. Энэ үндэслэл нь гэрээний талын эрхийн чадамжтай холбоотой үндэслэл байх тул зарим хэсэг нь хүчин төгөлдөр байх хууль зүйн боломжгүй юм. Харин дээрх гэрээ нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримт зэргээс үзэхэд талуудын хооронд хэлцэл хийгдсэн, нийлүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлсэн болох талаарх баримтууд болон худалдан авагч талын гаргасан баталагаа, уулзалтын тэмдэглэл зэргээс үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан үндэслэл бүхий нөхцөл байдал байна гэж үзэхээр байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно. Дээрх гэрээ нь хууль зүйн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байх ба гэрээ нь “...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэсэн заалтад нийцэж байх тул худалдагч буюу нэхэмжлэгч тал нь хуульд заасны дагуу гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тал нь 11.253.600 төгрөгийн нүүрсийг хариуцагч талд хүлээлгэж өгсөн болох нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, нүүрсний борлуулалтын авлагын задаргаа, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн уулзалтын тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн томилолтоор ажилласан тайлан, болон зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Харин хариуцагч байгууллага нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авсан нүүрсний үнийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Говь-Алтай аймгийн Дарив сумын Дулаан ОНӨААТҮГазар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нүүрсний үнэ 11.253.600 төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн бөгөөд харин алданги 5.626.800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №08-03/0015 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний 3.5-д “худалдан авагч тал энэ хэсгийн 3.2-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөх ёстой тухайн төлбөр тус бүрээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч талд төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний 3.5-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, 5.626.800 төгрөгийн алданги нэхэмжилсэн байгааг улс орны болон орон нутгийн төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг багасгаж анх нэхэмжилсэн 905.914,80 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Иймд Говь-Алтай аймгийн Дарив сумын Дулаан ОНӨААТҮГазраас нүүрсний үнэ 11.253.600 төгрөг алданги 905.914,80 төгрөг нийт 12.159.514,80 /арван хоёр сая нэг зуун тавин есөн мянга таван зуун арван дөрвөн төгрөг наян мөнгө/ төгрөгийг гаргуулж МоЭнКо ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4.720.885,20 /дөрвөн сая долоон зуун хорин мянга найман зуун наян таван төгрөг хорин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Дулаан ОНӨААТҮГазрын дарга  З.Баянбатад 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон  99756783 дугаарын утас руу залгаж мэдэгдсэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 301.500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Дулаан ОНӨААТҮГазраас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 12.159.480,80 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 209.502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МоЭнКо ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийг 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Дулаан ОНӨААТҮГазраас нүүрсний үнэ 11.253.600 төгрөг алданги 905.914,80 төгрөг нийт 12.159.514,80 /арван хоёр сая нэг зуун тавин есөн мянга таван зуун арван дөрвөн төгрөг наян мөнгө/ төгрөгийг гаргуулж МоЭнКо ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4.720.885,20 /дөрвөн сая долоон зуун хорин мянга найман зуун наян таван төгрөг хорин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 301.500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Дулаан ОНӨААТҮГазраас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 12.159.480,80 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 209.502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МоЭнКо ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН