Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00395

 

 

 

 

 

 

 

 

     2024         02            26                                    210/МА2024/00395

 

 

С.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03814 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б-эд холбогдох,

131,083,333 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр С.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаанд буцаан төлөхөөр тохиролцож, С.Б-ийн хаан банкны 5040225045 тоот дансанд шилжүүлсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 40, 50 мянгат /15170/ Самбуугийн гудамж 13/2 бар, 000 тоотод байрлалтай Ү-2202022059, 00623147 улсын бүртгэлийн дугаартай, 44.52 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Гэтэл зээлдэгч С.Б- нь гэрээний 3.6-д зааснаар сар бүрийн 17-ны өдөр хүүгээ төлнө. Үндсэн мөнгөө 3 сарын дараа төлнө гэсэн гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний хугацааг сунгаж өгөөч, хүүгээ төлөх болно гээд 2023 он хүрсэн. Гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй бүтэн 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн. Иймд Иргэний хуулийн 281, 225 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээний үндсэн төлбөрт 70,000,000 төгрөг, хүүнд 10,733,333 төгрөг, алдангийн хамт 131,083,333 төгрөгийг хариуцагч С.Б-ээс гаргуулна. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

С.А-тай зээлийн гэрээг байгуулан 70,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээг байгуулснаас хойш зээлийн гэрээний эргэн төлөлтийг тодорхой хэмжээгээр төлсөн. Тухайлбал, өөрийн хадам ээж болон найзынхаа дансаар дамжуулан нэхэмжлэгчийн данс руу мөнгө шилжүүлж байсан. Хадам ээж болон найз нь одоогоор Улаанбаатар хотод байхгүй байгаа учраас тэдний дансны хуулгыг гаргуулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б-ээс нийт 95,500,000/ерэн таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, үлдсэн 35,583,333 /гучин таван сая таван зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б- энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 40 50 мянгат/15170/, Самбуугийн гудамж, 13/2 байр, 000 тоотод байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2202022059 дугаарт бүртгэлтэй 44,52 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,041,900 төгрөгөөс илүү төлсөн 158,334 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 705,650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Миний бие зээл олгосон өдрөөс хойш С.Б-ээс нэг ч төгрөг аваагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний бие хариуцагч С.Б- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөгийг надад өгсөн тохиолдолд түүнийгээ нотлох хэрэгтэй гэж тайлбарласан. Анхан шатны шүүх нь миний эзэмшлийн Хаан банкны 5374120203 тоот дансны хуулгыг шүүгчийн захирамжаар гаргуулан хэрэгт хавсаргасан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүлийн 40.2 дахь хэсэгт хэрэгт ач холбогдолтой миний дансны хуулгыг нотлох баримтаар үнэлээгүй. Шүүх хариуцагч С.Б-ийг надад 20,000,000 төгрөгийг төлсөн гэж үндэслэлгүйгээр дүгнэлт хийж үндсэн зээлээс 20,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр С.Б-ийн данснаас 20,000,000 төгрөг нэхэмжлэгчийн данс руу орсон. Нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч С.Б-эд холбогдуулан 131,083,333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Талууд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, С.А- нь 70,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, С.Б- нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ./хх 4/

 

2.а. Мөн өдрийн барьцааны гэрээгээр С.Б-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 40, 50 мянгат /15170/ Самбуугийн гудамж 13/2 байр, 000 тоот хаягт байршилтай 44.52 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгч талд барьцаалж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 

/хх 5-7/

 

3. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаар маргаагүй, харин зээлээс эргэн төлсөн эсэх талаар маргасан байна.

 

3.а. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч нь “...Би чамайг залилаагүй, битгий цагдаад хандаарай гэж 20,000,000 төгрөг өгсөн...” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд хариуцагчаас 20,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тайлбарласан байх тул “...зээлээс 20,000,000 төгрөгийг хүлээн аваагүй...” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч С.А-ын эзэмшлийн Хаан банкны 5374120203 тоот дансны хуулгаар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5011190694 тоот данснаас нэхэмжлэгчийн дансанд 20,000,000 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогдсон, хариуцагч уг мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарласан. /хх 64, 89/

 

3.б. Дээрх шүүх хуралдааны тэмдэглэл болон С.А-ын банкны дансны хуулгыг харьцуулан дүгнэхэд хариуцагч С.Б- нь нэхэмжлэгч С.А-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй бөгөөд нэхэмжлэгч нь уг 20,000,000 төгрөгийн орлогыг хариуцагч шилжүүлээгүй гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

4. Иймд хариуцагч нь үндсэн зээлд 70,000,000 төгрөг, 3 сарын хүүд 10,500,000 төгрөг, нийт 80,500,000 төгрөг төлөх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Хариуцагчийн төлсөн 20,000,000 төгрөгийг хасахад 60,500,000 төгрөг үлдэж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 50 хувиар тооцож 30,250,000 төгрөгийн хамт, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 90,750,000 төгрөг гаргуулах тооцоо гарч байх боловч хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь зүйтэй гэж үзэв.

 

5. Түүнчлэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03814 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,868 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

                                                       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ