Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00444

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00444

 

 

 

 

 

2024 03 04 210/МА2024/00444

 

Г.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны

өдрийн 102/ШШ2023/04522 дугаар шийдвэртэй

Г.Ц-ын нэхэмжлэлтэй, Ю И- ХХК-д холбогдох

Гэрээнээс учирсан хохиролд 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ю- эмнэлэгт анх удаа үзүүлж, үр шилжүүлэн суулгах зөвлөгөө авч, улмаар үр шилжүүлэн суулгуулахаар болсон. Ийнхүү бэлтгэл хангахаар 20 төрлийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд үр шилжүүлэн суулгахаар болсон тул холбогдох эмчилгээнүүдийг эмчийн зааврын дагуу хийлгэсэн. Үр шилжүүлэн суулгах хагалгаанд орж тус эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлсэн.

Эмчийн хяналтад байсан бөгөөд үр шилжүүлэн суулгах ажиллагаа амжилтгүй болсныг надад хэлсэн. Учрыг лавлахад та миомтой байсан байна гэсэнд маш их гомдолтой байна. Миний хувьд маш их зориг хүч, сэтгэл санаагаа бэлтгэн байж уг ажиллагааг хийлгэсэн. Гэтэл тус эмнэлэг нь хариуцлагагүй хандаж, мэргэжлийн алдаа гаргасан гэж бодож байна. Иймээс тус эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас учирсан үйлчилгээний болон бусад зардалд 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгдсэн. Хариуцагч нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага бөгөөд орчин үеийн технологи ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэг нь гэрээгээр тохиролцсон үйлчилгээ нь эрсдэлтэй, үр дүн баттай биш болохыг үйлчлүүлэгч ойлгож, уг ажиллагааг өөрийн хүсэлтээр хийлгэсэн ба үр дүнд хүрэх баталгааг гаргаагүй. Нэхэмжлэгч нь урьдчилж танилцуулсан мэдээлэл, эрсдлийн талаар ойлгож зөвшөөрсний үндсэн дээр төлбөрөө төлсөн. Үр шилжүүлэн суулгах ажиллагаа үр дүнгүй болсон ч олон үе шаттай хэрэгжсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, ажилтнуудын хөлс, бусад үйлчилгээний зардал зэрэг нь төлбөрт тооцогддог. Мөн үр дүнгээс үл хамааран төлбөрийг буцаан төлөхгүй тухай урьдчилж анхааруулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Анх өндгөвчний эсийг нөөцөд хөлдөөж хадгалуулсан бол дахиад хийлгэх боломжтой байсан ч үйлчлүүлэгч өөрөө хөлдөөж хадгалуулахыг хүсээгүй. Хэрвээ хөлдөөж хадгалуулсан бол гарах зардлын төлбөр ижил гэдгийг ойлгуулж хэлсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Ю- ХХК-иас 15,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Ц-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийг хүлээсэн үүргээ зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй нэхэмжлэгч нь эмчилгээний зардалд төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь маргааны гол зүйл нь жирийн өвчин эмчлүүлэх үйлчилгээ биш үр шилжүүлэн суулгах" онцгой төрлийн үйлчилгээ юм. Үүнд эмчилгээ үйлчилгээ зохих ёсоор буюу стандартын дагуу хийгдсэн эсэх нь маргааныг шүүхээс шийдвэрлэхдээ харгалзан үзэх нөхцөл нь дараагийн асуудал.

 

Шүүхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 40 дүгээр зүйл, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдийн хүсэл зориг-ийн илэрхийлэл, гэрээний агуулга-д ач холбогдол өгч дүгнэлт хийсэн бол нэхэмжлэгчийн биеийн байдал, янз бүрийн хууч өвчнөөс шалтгаалж, тэр тусмаа хариуцагчийн тодорхойлж байсан 0,5 мм хоргүй миом нь нөхөн үржихүйд нөлөөлөхгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоны цаад утгыг бодитой тодорхойлж асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтай байссан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн насны хүнд "үр шилжүүлэн суулгах" үеийн үр дүнгийн талаархи талуудын хүсэл зоригийг анхан шатны шүүх дутуу үнэлсэн нь "Лабораторид тогтоосон үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгах зөвшөөрлийн маягт, "Нөхөн үржихүйн туслах технологи хэрэглэхийг ойлгож мэдэн сайн дураараа зөвшөөрсөн зөвшөөрлийн маягт"-аар нэхэмжлэгч бүх эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн гэх утгатай дүгнэлт хийхгүй байсан. Уг маягтад нөхөр Д.Б- гарын үсэг зураагүй байхад ийм дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм.

 

Шинжээчийн дүгнэлтэд үр шилжүүлэн суулгах-д хэдэн насны хүнд, хэдэн хувийн магадлалтай байдгийг бидэнд тоогоор тайлбарлаж, ойлгуулсан бол зөвшөөрөх эсэх, үр дүн багатай ажиллагаанд их мөнгө зарцуулах эсэхээ бодох нэхэмжлэгчийн хүсэл зориг тодорхой байх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэртийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Г.Ц- нь хариуцагч Ю И- ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгчид үр шилжүүлэн суулгах ажиллагааг зохих ёсоор хийсэн эсэхийг тогтоолгохоор тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн  захирамжаар Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн салбар зөвлөлийг шинжээчээр томилсон. Шинжээч 2023 оны 06 сарын 20-ны өдөр дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ...0,5 см хэмжээтэй миом нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

5. Шүүх 2021 оны  захирамжаар шинжээч томилохдоо шинжээчээс 8 асуулт асууж, шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлаж, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ажиллагааг явуулахаар захирамжид заажээ. Гэвч шүүхээс шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч хүлээх үүрэг, хариуцлагыг нь сануулж баримтжуулаагүйгээс шинжээч шүүхийн асуусан 8 асуултын 4 асуултад хариулаагүй, заасан хугацаанд дүгнэлтийг шүүхэд ирүүлээгүй зэрэг зөрчил гаргажээ.

 

6. Анхан шатны шүүх шинжээч томилсон даруй Шүүхийн шинжилгээний тухай /2009 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж гарын үсэг зуруулаагүй, мөн шинжээчийг 2023 онд дүгнэлтээ гаргахаас өмнө Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг нь сануулж гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх шинжээчээс Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тодруулаагүй, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

7. Зохигчийн маргааны үйл баримтыг бүрэн тогтоох ажиллагааг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй, уг ажиллагаа дутуу хийгдсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буруу явуулсан, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэргийн талаар бүрэн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/04522 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ