Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00445

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00445

 

 

 

 

2024 03 04 210/МА2024/00445

 

БНХАУ-ын иргэн - /Х Ш -/,

- /Л Я-/ нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03692 дугаар шийдвэртэй

БНХАУ-ын иргэн - /Х Ш -/, - /Л Я-/ нарын нэхэмжлэлтэй, Л- ХХК, Б.Б-, Б.Б- нарт холбогдох

Л- ХХК-аас 1,749,281,473 төгрөг, Б.Б-, Б.Б- нараас 900,000,000 төгрөг, Б.Б-өөс 450,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн, 2020 оны 05 сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Очирхуяг, хариуцагч Б.Б-, түүний өмгөөлөгч Л.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Л- ХХК-аас 1,749,281,473 төгрөгийг, хариуцагч Б.Б-, Б.Б- нараас 900,000,000 төгрөгийг, хариуцагч Б.Б-өөс 450,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.2. Л- ХХК-ийн хувьцааг шилжүүлэх гэрээг 2020 оны 05 сарын 09-ний өдөр худалдан авагч талаас Б.М-, БНХАУ-ын иргэн Л З- нар, худалдагч талаас Б.Б- нар байгуулж, Л- ХХК болон түүний эзэмшлийн Төв аймгийн Баянчандмань сум, фермерийн хороололд байх төмрийн үйлдвэр, хаягдал төмрийг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээнд заасан хуваарийн дагуу худалдан авагч талаас 900,000,000 төгрөгийг Б.Б-өд шилжүүлсэн. Гэтэл Л- ХХК болон дээр дурдсан төмрийн үйлдвэр, хаягдал төмрүүд нь Б.Б-ийн эзэмшил, өмчлөлд байдаггүй нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн тогтоолоор тус тус тогтоогдсон.

1.3. Мөн гэрээний 6.1-д А тал нь гэрээнд заасан хөрөнгөө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл гэрээнд заасан бусад үүрэг болон А талын гаргасан баталгаа, амлалтаа зөрчвөл энэхүү гэрээг үргэлжлүүлэх, цуцлах эрхтэй. Мөн хувьцаа шилжүүлэх нийт үнийн 30 хувьтай тэнцэх гэрээний зөрчсөний төлбөр төлнө. Гэрээ зөрчсөний төлбөр нь Б талын бодит хохирлыг барагдуулахад хүрэхгүй бол Б талын төлбөрийг үргэлжлүүлэн авах эрхтэй гэж заасан. Б.Б- нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүнээс гэрээний төлбөр 1,500,000,000 төгрөгийн 30 хувьтай тэнцэх 450,000,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.

1.4. Түүнчлэн хариуцагч Л-" ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зүйлийн талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож шийдвэрлэсэн тул Л- ХХК-аас 1,749,281,473 төгрөгийг гаргуулахгүй.

Иймээс нэхэмжлэгч талын шилжүүлсэн 900,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б-, Б.Б- нар хамтран зарцуулсан, бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

2. Хариуцагч Б.Б-ийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Б.Б-өд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би 2016 онд Л- ХХК-ийн хувьцааг худалдан авах гэрээ байгуулан 2021 оныг дуустал уг компанийг эзэмшиж байсан. Шүүхийн шийдвэрээр миний эзэмшлээс н.С-ийн эзэмшилд шилжсэн. Энэ бүхнийг нэхэмжлэгч тал хожим мэдсэн гэж байна, гэтэл би нэхэмжлэгчтэй 2020 онд гэрээ байгуулсан тул мэдээгүй гэх боломжгүй. Б.М-, С.Г нарын тохиролцсоноор уг 900,000,000 төгрөг нь миний дансаар дамжсан бөгөөд тэр үед Б.Б- гадаадад байсаас мөнгийг хүлээн авах боломжгүй байсан учраас мөнгийг хүлээн авч чадаагүй, ингээд би мөнгийг хүлээн авсан. Энэ мөнгийг Б.Б- захиран зарцуулсан. Үүнээс 300,000,000 төгрөгөөр түүхий эд материал хүлээж авсан учир хасагдах үндэслэлтэй. Мөн 100 тоннын пүүг 50,000,000 төгрөгөөр худалдан авсан. Нэхэмжлэгч нар бүх орлогыг авдаг хариуцагч нар зардлыг хариуцдаг байж болохгүй. Би гэрээнд зөвхөн гарын үсэг зурсан төдий тул торгууль 450,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Б-ийн тайлбар, татгалзлын агуулга: Намайг хариуцагчаар татсан нэхэмжлэлд нэхэмжлэгч нарын үсэг зураагүй байсан тул нэхэмжлэл хуулийн шаардлагаг хангаагүй гэж үзэж байна. Компанийн хувьцаа шилжүүлэх тухай 2020 оны 05 сарын 09-ний өдрийн гэрээнд талууд гарын үсэг зураад байгуулсан болохоор энэ тохиролцоо хийгдсэн. Харин хэлцлийг гэрээнд туссан үг, өгүүлбэрээр тайлбарлах ёстой. Үүнээс тайлбарлавал ирээдүйд болзол тавиад хийчихсэн хэлцэл. Гэрээний 2 зүйлд маш тодорхой бичээд өгчихсөн, энийг яагаад тодруулахгүйг гайхаж байна. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад ч ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагч Л- ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Л- ХХК-ийг хариуцагчаар татах үндэслэл байхгүй, би шүүхийн журмаар маргаж байгаад үйлдвэр дээр ирэхэд хүлээж авахад энэ нэхэмжлэгч гадаадын иргэд байсан. Бид харилцан тохиролцоод ажилласан. Тиймээс ч компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгож байгаа гэжээ.

5. Хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:: 2016 оны 03 сарын 14-ний өдөр Б.Б-, Б.Б- нарын хооронд байгуулагдсан Л- ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 518 тоот магадлалаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул энэ хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Л- ХХК-ийн хувьцааг Б.М- болон БНХАУ-ын иргэн Л З- нарт шилжүүлсэн 2020 оны 05 сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ ч мөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд 2020 оны 05 сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Б.Б- нь 2020 оны 05 сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйг хүлээн зөвшөөрсөн байна. Л- ХХК-ийн хувьцаа шилжүүлэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр 2021 онд гарсан байхад Б.Б- нь гэрээний төлбөрийг авсаар байсан нь гэрээний үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байхыг урьдаас мэдэж байсан гэх ойлголтыг төрүүлж байна. Иргэний хуульд зааснаар Б.Б- нь Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөх гэрээний хариуцлага хүлээх ёстой. Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд түүний дагуу хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: .Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар талуудын хооронд 2020 оны 05 сарын 09-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-өөс 600,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Ш -, Л Я- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000,000 төгрөг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-өөс 450,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хариуцагч Б.Б-ийн нэхэмжлэгч Х Ш -, Л Я- нарт холбогдуулан гаргасан компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагч Л- ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг татгалзлыг баталж, Л- ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн төгрөгийг, хариуцагч Б.Б-ийн төлсөн 13,404,092 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Б-өөс 9,157,950 гаргуулж, нэхэмжлэгч Х Ш -, Л Я- нарт олгож шийдвэрлэжээ.

8. Хариуцагч Б.Б-ийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч Д.Мягмараас 2020 оны 07 сарын 20-ны өдөр БНХАУ-ын иргэн Х Ш-тай Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан шаардах эрхээ шилжүүлсний дагуу Д.Мягмарын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Т-гийн нэхэмжлэгч Д.М-ыг төлөөлөх эрх дуусгавар болсон. Гэтэл Н.Т-гийн эрх дуусгавар болсон байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож дараах тодорхой хүсэлтүүдийг гаргаж, шүүх түүний хүсэлтийг хангасан шүүхийн шийдвэрүүд гарч байсан нь хууль зөрчигдсөн.

8.2. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн нь шийдвэрт, Хариуцагч Б.Б- нь мөнгийг дансаараа хүлээн авсан боловч өөрөө захиран зарцуулаагүй нь түүний Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно... гэж дүгнэсэн атлаа ...хариуцагч Б.Б-ийн хэрэгцээнд захиран зарцуулсан гэх Б.Б-ийн тайлбар үндэслэлгүй ... хариуцагч Б.Б-өөс гаргуулах нь үндэслэлтэй байна гэсэн. 2020 оны 05 сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний төлбөрт авсан 600,000,000 төгрөгийг Б.Б-өөс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт логикгүй, алдаатай ба хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, Б.Б-ийн харилцах дансны хуулга, гүйлгээний утга зэргээр мөнгийг Б.Б- захиран зарцуулсан нь тогтоогдож байхад нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзэхгүйгээр шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

8.3. Шүүхийн шийдвэрт, Иймд хариуцагч Б.Б-ийн нэхэмжлэгч нартай байгуулсан 2020 оны 05 сарын 09-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хувьцааны үнэд шилжүүлсэн мөнгийг хариуцагч, нэхэмжлэгч нар буцааж өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжпэгч, Б.Б- нарын харилцан тохирсон пүүний үнэлгээ, фото зуpar зэрэг болон нэхэмжлэгч нар пүүг хүлээн аваад буцааж өгөөгүй зэргийг тооцож, пүүний үнэ 50 сая төгрөгийг хувьцааны үнийн дүнгээс хасч, нэхэмжлэгч нар үйлдвэрийг эзэмшиж ашигласан 1 жилийн хугацаанд зарцуулсан 1,749,281,473 төгрөгөө Л- ХХК-аас гаргуулан авснаар нэхэмжлэлээс татгалзсан нь хэргийн баримтаар нотлогдсон орлого 317,268,522 төгрөгийг хасч тооцох байсан.

8.4. Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамж буруу тооцож, хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,404,092 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж гэжээ. Хариуцагч Б нь сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 9,157,950 төгрөг төлсөн. Гэтэл Б.Б-өд холбогдуулан 600,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 3,157,950 төгрөг гаргуулахаар биш, харин нэхэмжпэгч нараас Л- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжпэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэмж 9,157,950 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, шийдвэрийг зөвтгөж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Б.Б-ийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил үргэлжилсэн ба энэ асуудлаар хариуцагч тухайн үедээ гомдол гаргаж байгаагүй. Шүүгчийн захирамжаар эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой асуудлаар нэг удаа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг анхан шатны шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцээд хуульд нийцсэн гэж дүгнэсэн. Иймд энэ тухай гомдол нь үндэслэлгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон атлаа эд хөрөнгийг буцаан өгөх ёстой, гэвч эд хөрөнгийг буцаан өгөхгүй байна гэх үндэслэлээр гомдол гаргажээ. Уг хэрэгт Б.Б-эс Б.Б- хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр үйлдвэр болон өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж тайлбарладаг. Өмнө нь өөр хэрэг дээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, бүх хөрөнгийг буцаан шилжүүлэх ажиллагаа хийгдсэн. Анхан шатны шүүхэд ямар нэгэн маргаан байгаа гэж тайлбарласан боловч ямар шалтгаантайг тайлбарлаагүй. Тухайн тайлбарын үндсэн дээр талуудын хооронд гэрээ байгуулагдаж, анхан шатны шүүхийн шийдвэр Б.Б-ийн эсрэг гарсныг мэдсэн атлаа дараагийн төлбөрүүдийг авсан. Шүүх шийдвэртээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон бөгөөд уг шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэд хэдэн алдаатай байна. Гэвч Б.Б-ийн эрхийг зөрчсөн талаарх алдаа шүүхийн шийдвэрт байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн - /Х Ш -/, - / Л Я-/ нар нь хариуцагч Л- ХХК, Б.Б-, Б.Б- нарт холбогдуулан Л- ХХК-аас 1,749,281,473 төгрөгийг, Б.Б-, Б.Б- нараас 900,000,000 төгрөгийг, Б.Б-өөс 450,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Б-ийн зүгээс Л- ХХК, Б.М- болон БНХАУ-ын иргэн L /Л З-/ нарын хооронд 2020 оны 05 сарын 09-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийн оролцогчоос тодруулах ажиллагааг хийгээгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлах замаар эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1. Нэхэмжлэгч 2023 оны 01 сарын 12-ны өдөр хариуцагч Б.Б-, Б.Б- нараас 900,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо ...2020 оны 05 сарын 09-ны өдрийн гэрээний дагуу 900,000,000 төгрөгийг Б.Б- авсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, цаашид биелүүлэхгүй нь илэрхий болоод байна ... 900,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах гэсэн атлаа 2023 оны 11 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд ... иймээс 900,000,000 төгрөгийн шаардах эрхийн үндэслэл нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар шаардаж байна... гэж, мөн нэхэмжлэлд хариуцагч Б.Б-өөс 450,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...гэрээний 6.1-д зааснаар Б.Б-өөс торгууль 450,000,000 төгрөгийг шаардаж байна гэж зөрүүтэй тайлбарлажээ. /2хх 7-11, 141, 153 тал/

Түүнчлэн хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарт ...компанийн хувьцаа болон эрх, түүнд хамаарах эд хөрөнгийг худалдах гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр бөгөөд түүний дагуу хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй... гэжээ. /2хх 36, 107 тал/

3.2. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нар хариуцагч нараас /900,000,000+450,000,000/ 1,350,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж гэрээний үүргийг эсхүл гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шаардсан эсхүл хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа аль нь болох нь тодорхойгүй байна. Мөн нэг асуудлын талаархи нэхэмжлэгчийн тайлбар хоорондоо зөрчилтэй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар нь үндсэн нэхэмжлэлийн үндэслэлтэй нь зөрчилдөж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч тодорхой бус нэхэмжлэлийг шүүх нэгэнт хүлээн авсан бол уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах замаар хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүйг шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

3.3. Мөн нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах гэж тайлбарлажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж байгаа эсэх, уг үндэслэлээ бичгээр гаргах шаардлагатайг анхан шатны шүүх тодруулж, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 67 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй гэж үзнэ.

4. Л- ХХК, Б.М- болон БНХАУ-ын иргэн L /Л З-/ нарын хооронд 2020 оны 05 сарын 09-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор гаргасан хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд нийцсэн эсэхийг шүүх шалгалгүй хүлээн авсан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас тодруулаагүй алдаа гаргажээ.

Хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь уг хэлцлийн үр дагаврыг арилгах, харилцан буцаах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болдог. Хариуцагч уг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох замаар ямар үр дагаврыг арилгахыг хүссэн болон нэхэмжлэгч нараас юу шаардсан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг шалгаж, хариуцагч сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгчээс юу шаардсаныг тус тус тодруулаагүй, өөрөөр хэлбэл шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бус үндэслэлийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болох эсэх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг тодруулж, дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбоотой хуулийг шүүх буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбоотой хуулийг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээх замаар залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,228,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ