Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-14 тоотод оршин суух Жоожлой Лхачингийн Лхагвацэрэнгийн хүсэлттэй

Охин Л.Тэргэлийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Лхагвацэрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Лхачингийн Лхагвацэрэн миний бие 1989 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрж өссөн. 2010 оноос Т.Батцэцэгтэй хамтран амьдарч, 2012 онд охин Тэргэл төрсөн. 2012 онд миний иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир Т.Батцэцэгийн нэрээр овоглосон. 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуримаа хийсэн. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Т.Батцэцэг хүнд өвчний улмаас нас барсан. Охин Тэргэлийг эцэг Л.Лхагвацэрэн миний нэрээр овоглох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад Л.Лхагвацэрэнгийн шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Л.Лхагвацэрэн, Т.Батцэцэг нар нь хамтын амьдралтай байх хугацаандаа 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин Б.Тэргэлийг төрүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хүсэлт гаргагчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 469 дугаартай тодорхойлолт, тус шүүхийн 2016 оны 06 дугаар 06-ны өдрийн Л.Лхагвацэрэн, Т.Батцэцэг нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон шийдвэр зэргээр тогтоогдож байна.

Т.Батцэцэг нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь №0000180436 дугаартай нас барсны гэрчилгээ зэргээр тогтоогдож  байна.

Иймд Лхачингийн Лхагвацэрэнг 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Тэргэлийн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Тэргэлийн төрсөн эцэг нь Жоожлой Лхачингийн Лхагвацэрэн мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                                                 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН