Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00431

 

 

 

 

 

 

 

 

     2024       03            01                                    210/МА2024/00431

 

 

Г.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/03624 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч У ХКК, Т ХХК-д тус тус холбогдох,

Ажилласан хугацааны цалин, алданги 45,073,125 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М, хариуцагч У ХКК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Э.Б- итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр У ХКК-ийн 100 хувийн эзэмшлийн Т ХХК-д гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТУЗ-ын 07 тоот тогтоолоор компани 2020 оны бизнес төлөвлөгөө /УБХК-ийн боловсруулсан урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэн/, төсвийн зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлуулж, хувиараа такси үйлчилгээ эрхлэгч нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, хөрөнгө оруулалт татах талаарх судалгааг нарийвчлан хийж, үйл ажиллагааг эрчимжүүлэн ажилласан. Гэвч дэлхий нийтийн цар тахал ковид-19 өвчний тархалттай холбоотой хөрөнгө оруулалтын ажлууд зогсч, компани санхүүгийн эх үүсвэргүй ажилласаар байсан. Энэ нөхцөл байдлыг У ХКК нь тухайн үеийн гүйцэтгэх захирал Ж.Б-, дэд захирал Б.М-, ТУЗ-ын дарга Б.Б-а нар болон нийслэлийн холбогдох удирдлагуудад удаа дараа мэдээлж, цаашид хэрхэх талаар байнга зөвлөлдөж, тухайн цаг хугацаанд хийж болох, бүхий л арга хэмжээг авч ажилласан. Үүний үр дүнд компани ажилтан албан хаагчтай, оффистой, 2020 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан 4,9 га газартай, 670,000,000 төгрөгийн үнэ бүхий 1000 такси тоноглох хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжтэй, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал руу такси үйлчилгээ эрхлэх тусгай эрх, Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болж, цаашид үйл ажиллагаагаа тогтворжуулж орлого олох боломжтой болсон. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөж У ХКК-д дэд захирлаар ажиллах болж, улмаар мөн оны 5 сард дээрх ажлаа өгснөөр эдгээр ажлууд зогсч өдийг хүртэл ямар нэгэн идэвхитэй үйл ажиллагаа явуулаагүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан бичгээр У ХКК-ийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/68 тоот албан бичгээр дээрх цалингийн өр төлбөрийг хариуцахгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, охин компанийнхаа өрийг хариуцахгүй атлаа авлагыг нь хариуцаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Т ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан контрактын гэрээний 4.6-д заасны дагуу хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэн ихэд хүлээцтэй хандаж байсан боловч миний хөдөлмөрийн хөлсийг хариуцан төлөх байгууллага нь тодорхойгүй байна. Миний 15 сарын ажилласан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, Иргэний хуульд заасны дагуу алдангийг тооцвол /нийт 444 өдөр/ алданги нь 15,024,375 төгрөг, үндсэн цалин хөлс 30,048,750 төгрөг, нийт 45,073,125 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч У ХКК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 40,565,388 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, хамтран хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 4,507,737 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч У ХКК-ийн тайлбарын агуулга:

Манай компани нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны A/202 дугаар захирамжийн дагуу У- үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 100 хувийн охин компани болох Улаанбаатар такси каб ХХК-ийг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон удирдлагын багийг бүрдүүлэх хүртэлх хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Т ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй. Г.А- нь Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Б-атай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирлын контрактын гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгсөн. Г.А- нь Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хариуцсан ажлаа хангалтгүй гүйцэтгэж, Т ХХК-ийг өр төлбөрт оруулж, хууль зөрчсөн шийдвэрүүдийг гаргаж байсан. Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А- нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9 дэх хэсэгт заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай контрактын гэрээ байгуулсан бөгөөд уг контрактын гэрээний 1.3-т ТУЗ-өөс батлагдсан компанийн зардлын болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр орлогоороо цаашид үйл ажиллагаагаа эрхлэн явуулах зохицуулалттай байсан. Гэтэл Г.А- нь ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар такси каб ХХК-ийн батлагдсан төсвийн хүрээнд ажиллаагүй, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээгүй, үйл ажиллагааны орлого олоогүй байдаг. Тодруулбал, У ХКК нь Г.А-той гэрээ байгуулан Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулаагүй. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй” гэж заасны дагуу Т ХХК-ийн толгой компани болох У ХКК нь Г.А-ын ажиллаж байсан хугацааны цалин, хөлсийг хариуцах боломжгүй тул Г.А-ын охин компанид ажилласан хугацааны үндсэн цалин хөлс 30,048,750 төгрөг, алданги 15,024,375 төгрөг, нийт 45,073,125.00 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Э.Б-ий тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан. Улмаар хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр компанийн тамгыг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр компанийн эд хөрөнгийг надаас хураан авсан. Тамга эд хөрөнгө хураан авч ажил, үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон тул компанийг төлөөлөх боломжгүй болсон. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш 30 хоног нэгэнт өнгөрсөн тул миний бие Э.Б- нь Т ХХК-ийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХКК-д холбогдох ажилласан хугацааны цалин, алданги 40,565,388 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай, хамтран хариуцагч Т ХХК-д холбогдох ажилласан хугацааны цалин, алданги 4,507,737 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540,590 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогооос 157,274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-од буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, талуудын мэтгэлцэх тэгш эрхийг хангаагүй, шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр бичгэн хэлбэрээр албажиж гарахдаа уншин сонсгосноос өөрөөр гарсан үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч Г.А- нь ажлаа хүлээлгэн өгөхдөө ажлын холбогдолтой төсөл хөтөлбөр холбогдох байгууллагуудтай харилцаж байсан бичиг баримт, тушаал, шийдвэр, гэрээ, хэлэлцээр зэрэг бүхий л баримтуудыг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Э.Б-д хүлээлгэн өгсөн ба эдгээр бичиг баримтыг ажил хүлээн авсан гүйцэтгэх захирал Э.Б-ээс хариуцагч “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК авсан тул нэхэмжлэгч Г.А- нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтууд болох тухайн цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй болсон.

Иймд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх үзлэг хийлгэх, гэрч байцаалгах зэрэг хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх хүсэлтүүдийг удаа дараа хүлээн авахаас татгалзсан ба уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй хэмээн нэхэмжлэгчийн нотлох баримт цуглуулах тэгш эрхийн үндсэнд мэтгэлцэх эрхийг хязгаарласан.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов гэж танилцуулсан атал шүүхийн шийдвэр бичгэн хэлбэрээр албажиж гарахдаа уг хэрэгсэхгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй.

5.3. Шүүх Т ХХК-ийг хариуцагчаар татан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба шүүхэд Э.Б- нь би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд тамга гэрчилгээгээ У ХКК-д 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн тул компанийг төлөөлөх эрхгүй болохоо мэдэгдсэн хариу өгсөн атал Улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй учир шүүхээс шүүх хуралдаанд оролцуулахаар мэдэгдсэн.

Иймд Э.Б- нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Д-т итгэмжлэл олгож, шүүх хуралдаан давхацсан хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан атал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагч Э.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д- шүүх хуралдаанд оролцож, талууд тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн.

5.4. Нэхэмжлэгч Г.А- нь Т ХХК-н гүйцэтгэх захирлаар ажиллах байх хугацаанд гүйцэтгэсэн ажлуудыг шүүхэд нотлох баримтаар гарган өгч, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн атал шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй болно.

У ХКК /100%/ үүсгэн байгуулсан охин компани Т ХХК-ийн дээрх тусгай эрхийг болон бүх байгуулагдсан тендерийг гэрээг цуцлуулсан. 2 удаагийн үйлдлээр Олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бөгөөд шүүхийн журмаар үзлэг хийлгэх хүсэлт гаргахад олон нийтэд нээлтэй үйл баримтыг үзлэг хийх шаардлагагүй гээд хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдаанаар уг нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нотлох баримтыг хэлэлцсэн атлаа Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн Хараат болон охин компанийн нэгдэл хэсгийн 6.6 дах заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасныг үгүйсгэсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрт заагаагүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч У ХКК-ийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой хамааралтай бүх хүсэлтийг хангаж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Хурал нэхэмжлэгч талын хүсэлтээр хойшилдог. Шүүх хэрэгт ач холбогдолтой хүсэлтүүдийг ялгаад нэхэмжлэгч, хариуцагч нарын эрхийг хангаж байсан.

Э.Б-ий тамгыг нь хурааж авсан зүйл байхгүй, өөрийнхөө компанийн ТУЗ-д өгөх байсныг толгой компанийнхаа мэргэжилтэнд өгсөн байсан. Т ХХК-ийн зүгээс компанийнхаа тамга тэмдгийг авмаар байна гэж хандсан зүйл нэг ч байхгүй. Ямар нэгэн байдлаар Э.Б-ийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Контрактын гэрээ нь үр дүн шаарддаг. Г.А- үр дүнгүй ажилласан гэдэг нь шүүхийн шийдвэрт дурдсан байгаа нотлох баримтуудаар компанийг өр төлбөрт оруулж, компанийг хангалтгүй удирдсан байгаа юм. Манай компани Г.А-ын ажлыг дүгнэх эрх хэмжээ байхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Э.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцоогүй. Э.Б-, Г.А- нар нь Т ХХК-ийн ТУЗ-ын гишүүн. Бодит байдал дээр эд хөрөнгөө бүрэн хүлээлцэж амжаагүй байгаа юм. Анхан шатны шүүх намайг компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш, хариуцагч биш гэж үзэж байгаа бол хариуцагчийн статусыг тодорхойлох ёстой. Би хэргийн оролцогч мөн эсэх нь тодорхойгүй байсан учраас гомдол гаргах ямар ч боломж байгаагүй. Анхан шатны шүүх мэтгэлцэх эрхээр хангаагүй. Тухайн өдрийн шүүх хуралдаанд хурал давхацсан тул хүсэлтээ илэрхийлсэн боловч мэтгэлцэх эрхээр хангаагүй тул хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч У ХКК, Т ХХК-д тус тус холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 45,073,125 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч У ХКК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 40,565,388 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан, Т ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 4,507,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхээс Т ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.Б-д нэхэмжлэлийг гардуулж, зохигчийн эрх үүргийн тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулжээ. /хх121-132/

 

4. Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Э.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д- нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлснийг, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/16266 дугаар шүүгчийн захирамжаар О.Д-ыг Т ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх169-171/

 

4.а. Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Энхбаярын Билгүүн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш бүртгэлтэй байгаа тухайд талууд маргахгүй байна.

 

4.б. Т ХХК-ийн тамга тэмдэг нь У ХКК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд хадгалагдаж байгаа тул Т ХХК-аас хуулийн этгээдийн шаардлага хангасан итгэмжлэл олгогдох боломжгүй байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4.в. Т ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.Б-ээс Т ХХК-ийг төлөөлүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр О.Д-т 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосныг буруутгах үндэслэлгүй. /2хх164/

 

5. Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Э.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ыг хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотолсон баримтыг анхан шатны шүүхэд хүргүүлсэн байхад шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзнэ.

 

6. Шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, талуудад мэтгэлцэх боломж олгоогүй, хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Э.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн байна.

 

7. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/03624 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,315 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ