Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 2-р багт оршин суух Цэнджав Баарангийн Мөнх-Эрдэнэ, Ундрах Баасанхүүгийн Батчимэг нарын хүсэлттэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 2-р багт оршин суух Ундрах Гандангийн Баасанхүү, Сульчинбэсүд Дуламсүрэнгийн Янжмаа нарт холбогдох

үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Батчимэг, хариуцагч Д.Янжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Батчимэг нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бид хоёр охин Жаргалмааг өөрийн аав, ээждээ үрчлүүлж байсан. Аав, ээж маань өндөр настай болсон тул охин Жаргалмааг өөрсдийн асрамжид авч, үрчлэлтийг хүчингүй болгуулж, өөрсдөөрөө овоглох хүсэлттэй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагч Г.Баасанхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ундрах овогтой Гандангийн Баасанхүү миний бие өөрийн хоёр дахь охин Б.Батчимэгээс гарсан охин Жаргалмааг 2006 оноос хойш өөрийн гар дээр асран хамгаалж байна. Охин Батчимэг маань тус сумын 2 дугаар багийн иргэн Б.Мөнх-Эрдэнэтэй гэр бүл болсон юм. Эцэг, эх бид нарын нас өндөр болж, биеийн эрүүл мэнд, хүүхэд асран хамгаалах чадвар муу боллоо. Иймд охин Жаргалмааг эцэг Б.Мөнх-Эрдэнэ, эх Б.Батчимэг нарыг гар дээрээ үрчлэн авахыг хүссэн хүсэлтийн дагуу тэдэнд үрчлэн өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охин Б.Жаргалмаагаа өөрийн нэр дээрээ авах хүсэлттэй байна. Охин Б.Жаргалмаа нь 2006 онд төрсөн. Тухайн үед бид хоёр хурим хийгээгүй байсан учраас өвөөгийнх нь нэрээр овоглосон байсан. Одоо өвөө, эмээ нь хүүхэд асран хамгаалах чадваргүй болсон. Иймд Б.Жаргалмааг эцэг эх болох Б.Мөнх-Эрдэнэ, Б.Батчимэг бидний нэрээр овоглож, бидний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн охин Б.Жаргалмаагаа нэр дээрээ авах хүсэлттэй байна. Бид хоёртой төрсөн цагаасаа хойш хамт амьдарч байгаа. Төрсний бүртгэлийг бүртгүүлэхдээ өвөөгийх нь нэрээр овоглосон. Эмээ, өвөө нь нас өндөр болсон учраас хүүхэд асран хамгаалах чадваргүй болсон гэжээ.

Хариуцагч Д.Янжмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр бид хоёр нас өндөр болсон, нөхөр өвчтэй байгаа учраас хүүхдийнхээ охин Б.Жаргалмааг эцэг, эх болох  Б.Мөнх-Эрдэнэ, Б.Батчимэг нэрээр овоглуулах саналтай байна гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Батчимэг нарын шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Б.Батчимэг нь 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Жаргалмааг төрүүлсэн болох нь Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/000947 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаартай тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай тодорхойлолт  зэргээр тус тус тогтоогдож байна.

Үрчлэн авагч Баасанхүү тус шүүхэд “...Иймд охин Жаргалмааг эцэг Б.Мөнх-Эрдэнэ, эх Б.Батчимэг нарыг гар дээрээ үрчлэн авахыг хүссэн хүсэлтийн дагуу тэдэнд үрчлэн өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасны дагуу Б.Мөнх-Эрдэнэ, Б.Батчимэг нарын хүсэлтийг хангаж, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцон хүүхдийг асран тэтгэх үүргийг эцэг Баарангийн Мөнх-Эрдэнэ, эх Баасанхүүгийн Батчимэг нарт хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баасанхүүгийн Жаргалмааг 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ундрах Гандангийн Баасанхүү, Дуламсүрэнгийн Янжмаа нар үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар Б.Жаргалмааг эцэг Баарангийн Мөнх-Эрдэнэ, эх Баасанхүүгийн Батчимэг нарын асрамжид шилжүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                                                 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН