Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00455

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00455

 

 

2024 03 04 210/МА2024/00455

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 03-ны

өдрийн 183/ШШ2023/03012 дугаар шийдвэртэй

Д.Д-ын нэхэмжлэлтэй, Ц.Э-од холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний үр дагаварт 880,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2010 оны 07 сарын 19-ний өдөр БНХАУ-ын иргэн С-, Х Ю В-  нараас гадаадын хөрөнгө оруулалттай "Р-" ХХК-ийн хувьцааг худалдан авахаар худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулан тус компанийн 100 хувийн хувьцаа, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт худалдан авч компанийн оноосон нэрийг "М М Н -" ХХК болгон өөрчилсөн.

Үүний дараа компаниа худалдах болсон бөгөөд компанийг бусдад худалдахын тулд Ц.Э-ын нэр дээр шилжүүлсэн. Үүнээс хойш хариуцагч нь компани зарагдахгүй байна, худалдан авагч олдохгүй байгаа гэсэн шалтгааныг хэлж байсан. Сүүлд очиж уулзахад компанийг чинь зарчихсан, чамд ямарч хамаагүй, би өөрийнхөө юмыг авсан гэж хэлсэн тул маргаан үүсч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад компанийг 880,000,000 төгрөгөөр Ц.Э- худалдан борлуулсныг хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Д- нь Ц.Э-ын компанийн ажилтан байсныг гэрчүүд нотолно. Энэхүү яригдаж буй компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний талаар нэхэмжлэгч тал ярьдаг. Мөн хуулийн байгууллагад худал өргөдөл гаргасан ба Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс энэ хүний хууран мэхэлсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт шилжүүлснийг прокурорын газар хэргийг хаасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь ямарч үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.Э-оос 189,051,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлээс 690,949,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,731,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Э-оос 1,103,205 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитой тогтоож чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шийдвэрт, Иргэний хуулийн 399 дугээр зүйлийя 399.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хэлцэл даалгаврын гэрээний шинжийг агуулаагүй, даалгаврын гэрээ байгуулагдсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул даалгаврын гэрээ гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэсэн.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан Даалгаврын гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагыг хуульд тусгаагүй бөгөөд талууд аман тохиролцоо хийсэн байдаг. Хариуцагчаас ...нэхэмжлэгч Д.Д- нь Р- ХХК-ийн 100 хувийн хувъцааг худалдан авсан эх үүсвэрээ нотлоогүй, бид уг компанийн хувъцааг худалдан авахын тулд БНХАУ-ын иргэнээс зээл авч худалдан авсан, тухайн үед нэг хүний нэр дээр олон лиценз байх боломжгүй тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй Р- ХХК-ийн хувъцааг Д.Д-ын нэр дээр бүртгүүлсэн гэж тайлбарладаг. Энэхүү тайлбар нь үндэслэлгүй, бодит бус болох нь нэхэмжлэгч Р- ХХК-ийг БНХАУ-ын иргэдээс шилжүүлэн авахаас өмнө Ц.Э- уг компанийн хувьцаа эзэмшигчээр огт бүртгэгдэж байгаагүй нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогддог.

Мөн шийдвэрт, нэхэмжлэгч нь ... 2019 оны 07 сарын үед Хятад улсын иргэдэд 880 сая төгрөгөөр худалдсан байдаг... гэх мэдүүлгийг үндэслэн хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 880,000,000 төгрөг шаардсан нъ үндэслэлгүй гэжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан даалгаврын гэрээний үүргээ биелүүлж 2019 оны 07 сард М М Н- ХХК-ийн 100 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэнд 880,000,000 төгрөгөөр худалдсаныг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Энэ тохиолдолд хариуцагч гэрээний үүргээ биелүүлж хувьцааг худалдсаны үнэ 880,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт пь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан бөгөөд хариуцагч Ц.Э- нь нэхэмжлэгчийн даалгаврыг биелүүлснээ хүлээн зөвшөөрсөн учир нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбараар нотлогдож буй хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хуульд нийцсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт Шүүх арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж шүүх дүгнэж уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрийн санаачлагаар сэргээсэн. Гэвч шүүгч шийдвэртээ ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээснийг тайлбарлаагүй, энэ тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад өөрийн санаачлагаар сэргээсэн шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд энэ тухай хүсэлт ирүүлээгүй, нотлох баримтгүй нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй хууль бус шийдвэр юм.

Талууд 2015 оны 07 сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, М М Н- ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Ц.Э- 2015 оны 07 сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр уг гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 07 сарын 06-ны өдрөөр дуусахаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 7 жилийн дараа гаргасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 сарын 07-ны өдрийн Прокурорын мэдэгдэх хуудсыг шүүхэд ирүүлсэн нь шаардах эрхийн хугацаанд хуулийн байгууллагад хандсан болохыг нотолж чадаагүйг шүүх дүгнэсэн.

Шийдвэрт, талууд худалдах, худалдан авах гэрээний шинжийг илэрхийлсэн гэж дүгнэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчид юу ч амлаагүй, мөн ашиг хүртээх талаар хэлцэл хийгээгүй ба зөвхөн өөрийн эзэмшлийн компанийг буцааж авсныг шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Ц.Э-ын хамтран ажилладаг хүн биш болохыг, мөн ажилтан нь болохыг гэрчүүд гэрчилдэг. Мөн М М Н - ХХК нь Ц.Э-ын өмч бөгөөд хэн ч үл маргах журмаар 2015 онд өөрсдийн эзэмшиж байсан хувьцаануудаа шилжүүлж өгсөн тухай гэрчүүд гэрчилсэн.

Улмаар 2010 оноос анх уг компанийг худалдаж авснаас хойшхи хугацааны татвар, хураамжийг зөвхөн Ц.Э- төлсөн байдаг. Энэ талаархи нотлох баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлгийг нотолгооны ач холбогдолтой гэж үзэлгүйгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Гомдолд дурдсанаар хятад иргэдтэй эрх зүйн харилцаанд орсон гэж шүүхэд мэдүүлсэн. Тухайн үйл ажиллагаа нь 2010 онд компанийн хувьцааг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй. Гэрч н.Амгаланбаатар нь 2010 онд компанийн хувьцааг худалдан авахтай холбоотой харилцааг гүйцэтгэсэн ба өөрийнх данснаас мөнгийг шилжүүлсэн гэдэг. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 880,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч тал даалгаврын гэрээний харилцаа үүсч, компанийн хувьцааг худалдахын тулд хувьцааг Ц.Э-ын нэр дээр шилжүүлж ашиг хуваахаар тохиролцсон гэх боловч энэ талаархи баримтаа гаргаагүй. 2010 оноос эхлэн маргаан бүхий лицензийн төлбөрийг хариуцагч Ц.Э- төлсөн, энэ талаар баримт хэрэгт авагдсан. Иймд маргаан бүхий бичиг баримт нь Ц.Э-ынх бөгөөд өөрийн найдвартай гэсэн ажилтанд итгэсний үндсэнд хариуцуулж өгсөн. 2015 онд Ц.Э- нь компанийн цөөнгүй ажилтнууддаа эзэмшүүлж байсан хувьцаагаа буцааж авсан. Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Гэрэлмаа нь шүүхэд гэрчээр асуугдах гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас очиж чадаагүй учраас тайлбараа бичгээр ирүүлсэн. Гэтэл тухайн баримтыг анхан шатны шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Иймд хэргийн бодит байдал эдгээр нотлох баримтуудаар нотлогдоно гэжээ.

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

2015 онд компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэнтэй холбоотой шүүхийн дүгнэлт гарсанд нэхэмжлэгч шаардлага гаргаагүй. Хариуцагчийн гомдолд өөрийн компанийг Д.Д-аас буцаан авсан мэтээр, тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2010 оноос хойш Ц.Э- төлсөн гэж худал тайлбарласан. 2015 онд Ц.Э- өөрийн нэр дээр шилжүүлээд л төлбөр төлсөн ба энэ талаарх баримт хэргийн 164 талд авагдсан. Тусгай зөвшөөрлийг хятад улсын иргэнд 880,000,000 төгрөгөөр худалдсан гэдгээ хариуцагч өөрөө тайлбарласан бөгөөд 2020 онд цагдаагийн байгууллагад хандаж, хэргийг шалгаад хэрэг бүртгэлт нээхээс татгалзсанаар 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуульд зааснаар зөрчигдсөн эрхээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн нэхэмжлэл гаргах эрх үүсдэг учир 2022 онд нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Тухайн үед ажиллаж байсан н.Гэрэлмаагийн тайланг шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэж хариуцагчийн гомдсон ба хуульд тайлбар гэдэг нотлох баримт байхгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Ц.Э-од холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний үр дагаварт 880,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй, бүрэн тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн агуулгатай тайлбар, татгалзлыг хариуцагч талаас гарган маргажээ. Хариуцагчийн уг тайлбарыг шүүх бүрэлдэхүүн сонссоноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулсан байна.

Хариуцагч мөн анхан шатны шүүх хуралдааны төгсгөлд гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргажээ.

 

5. Хариуцагч талаас ... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгч яагаад компаниа буцааж авья гэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм бэ ... гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

6. Хариуцагчийн дээрх тайлбар, татгалзалтай холбоотойгоор нэхэмжлэгч талд нэмэлт тайлбар, нотлох баримт гаргах шаардлагатай эсэхийг шүүх нэхэмжлэгч талаас тодруулаагүй, хэргийн оролцогчийг энэ талаар мэтгэлцэх боломжоор хангаагүй атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг мэтгэлцэх ажиллагаанд эрх тэгш оролцох боломжоор хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

7. Дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Д-ын төлсөн 3,612,695 төгрөг, хариуцагч Ц.Э-ын төлсөн 1,104,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ