Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0215/И |
Дугаар | 239 |
Огноо | 2016-08-24 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 239
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагчийн салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Шинэболд, П.Хэрлэн-Ундрах нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,788,443.06 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д.Шинэболд, П.Хэрлэн-Ундрах нар нь Хадгаламж банктай 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн N№02 тоот цалингийн гэрээг байгуулж 4,000,000.00 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 02 дугаар баг, Төмөр замын 01-22 тоотод орших зурагт, хөргөгч, угаалгын машин зэрэг гэрийн тавилга бүх эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 2,403,055.46 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 723,831.86 төгрөг нийт 3,205,450.00 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Д.Шинэболд, П.Хэрлэн-Ундрах нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бүрэн дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нарын үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,596,944.54 төгрөг;
Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл: 177,675.86 төгрөг;
Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 13,822.66 төгрөг;
Нийт зээл, хүүний үлдэгдэл: 1,788,443.06 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна.
1. Хариуцагч Д.Шинэболд, П.Хэрлэн-Ундрах нараас зээлийн нийт төлбөрт 1,788,443.06 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтанд дурьдсан эд хөрөнгүүдээс болон бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
2. Монгол Улсын “Тэмдэгтийн хураамжийн” тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Д.Шинэболд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 12 сард багтаан дангаар төлж барагдуулахаар хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх хамтран хариуцагч П.Хэрлэн-Ундрахаас татгалзаж, хариуцагч Д.Шинэболдын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шйдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг, Төмөр замын гудамж 1-22 тоотод оршин суух Гоо овогт Дашцэрэнгийн Шинэболд /РД:ЕЕ89070611/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие хадгаламж банкнаас 2012 оны 01 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгний цалингийн зээл авсан. Уг зээлийг төж байгаад 2013 оны 06 сраас хойш эрхэлсэн тодорхой ажилгүй болсон учраас зээлээ төлж чадахгүй болсон. Уг нэхэмжилсэн мөнгө болох 1,788,443.06 төгрөгийг 2016 оны 12 сард багтаан бүрэн төлж барагдуулах болно. П.Хэрлэн-Ундрах нь намайг зээл авахад батлан даасан ба уг мөнгийг хэрэглээгүй. Би өөрөө уг зээлийг хэрэглэсэн. Иймд П.Хэрлэн-Ундрахыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Би өөрөө уг зээлийг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагч нь, хариуцагч хариуцагч Д.Шинэболд, П.Хэрлэн-Ундрах нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,788,443.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Шинэболд, П.Хэрлэн-Ундрах нар нь Хадгаламж банктай 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн N№02 тоот цалингийн гэрээг байгуулж 4,000,000.00 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зээлийг авсан байна. Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн үлдэгдэл 1,596,944.54 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 177,675.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 13,822.66 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 1,788,443.06 төгрөгийн төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгуулага нь хариуцагч П.Хэрлэн-Ундрахыг хамтран хариуцагчийн үүргээс чөлөөлөх, хариуцагч Д.Шинэболд нь нэхэмжлэгчийн шаардлага 1,788,443.06 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 12 багтаан бүрэн төлж барагдуулах талаар тайлбрыг тус тус ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагчийн салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Шинэболдод холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,788,443.06 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Цолмонтуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,788,443.06 төгрөгийг 2016 оны 12 сард багтаан бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь П.Хэрлэн-Ундрахыг хамтран хариуцагчийн үүргээс чөлөөлснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, 1,788,443.06 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь 21,783 төгрөгийг хариуцагч Д.Шинэболдоос гаргуулж улсын орлого болгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД