Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00468

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00468

 

 

2024 03 11 210/МА2024/00468

 

Г.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-

ний өдрийн 101/ШШ2023/05391 дугаар шийдвэртэй

Г.Д-ийн нэхэмжлэлтэй,Г.У М.З- нарт холбогдох

Гэрээнээс татгалзсаны үр дагавар 13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.З-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, хариуцагч М.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2021 оны 10 сард фэйсбүүкээс газар худалдах тухай М.З-ын зарыг үзээд түүнтэй холбогдож Баянзүрх дүүргийн 22 хороо, а тоот- газрыг худалдаж авахаар тохиролцож 13,000,000 төгрөгийг Б.Э-ийн 5000000000 тоот дансанд шилжүүлсэн. Газрын гэрчилгээ М.З-д бус Г.У-ын нэр дээр байсан тул 2021 оны 10 сарын 13-ны өдөр Г.У-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

2021 оны 12 сард Баянзүрх дүүргийн Газрын албанаас эзэмшилд шилжих боломжгүй тухай хариу өгсөн бөгөөд маргаан бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, газрыг албадан чөлөөлүүлэх газрын албаны шийдвэр гарсан байдаг. Энэ газар нь анхнаасаа хууль зөрчиж олгогдсон буюу илт хууль бус газар гэдгийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, дүүргийн Засаг даргын захирамжаар тогтоосон учраас газрын төлбөрт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг хариуцагч М.З-, Г.У- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.У-ын тайлбар, татгалзлын агуулга: Уг газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн  захирамжаар эзэмшсэн бөгөөд М.З-д газраа худалдсан. Шүүх 2022 оны 08 сарын 18-ны өдөр тухайн газар эзэмших эрхийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон. М.З-тай хийсэн гэрээ хүчин төгөлдөр, нэрээ л шилжүүлээгүй байсан. Г.Д- гэрээнээс татгалзаж байгаа бол авсан, өгснөө харилцан буцаах ёстой. М.З- газрын маргаантай байвал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Харин мөнгөө буцааж авъя гэж байгаа бол өгсөн хүнээсээ авах ёстой учраас нэхэмжлэлийн Г.У-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч М.З-ын тайлбар, татгалзлын агуулга: Энэхүү газрыг 2021 оны намар зарын дагуу Г.У-тай холбогдон худалдаж авахаар болж, газрын үнэд 13,340,000 төгрөг төлсөн. Газар дээрээ амьдрах зорилготой байсан ч амьдрах боломжгүй болсон учир гэрээгээ цуцалья гэж Г.У-т гэсэн. ИнгээдГ.У М.З- бидний хэн аль нь зар тавьсан. Зарын дагуу Г.Д-, Г.У- нар тохиролцон гэрээ байгуулж, төлбөрийг М.З-д шилжүүлэхээр болж би хамтран амьдрагч Б.Э-ийн дансаар мөнгийг хүлээн авсан.

Харин Г.У-т өгсөн мөнгөө бүрэн буцааж аваагүй ба 13,340,000 төгрөг өгч 13,000,000 төгрөгийг авсан. Г.У- нь мөнгө төлөх үүргийн дагуу М.З-д мөнгийг хүлээлгэж өгөхийг Г.Д-т зөвшөөрсөн нь зөрүү мөнгө өгөх шаардлагагүйгээр өөрт нь ашигтай байсан. Нэхэмжлэгч нь биднээс мөнгөө буцааж авбал миний өгсөн мөнгийг Г.У- надад өгөх болно. Маргаан бүхий доголдолтой газар зарсан Г.У-аас мөнгийг гаргуулж Г.Д-т олгуулах нь зүйтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М.З-аас 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-т олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Г.У-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч М.З-ын давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Г.У-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны  захирамжаар Баянзүрх дүүргийн 22 хороо, Баруун Алтан өлгийн 36-612а тоот, 321 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, улсын бүртгэлийн Э-00000 дугаарт бүртгэсэн, газар эзэмших эрхийн  гэрчилгээ олгогдсон байдаг. Ийнхүү бүртгэлтэй газрыг Г.У-аас М.З-д худалдан авч 2021 оны 09 сарын 10-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан газрын үнэд нийт 13,340,000 төгрөг төлсөн.

Гэвч талууд удалгүй гэрээг цуцлахад Г.У- нь газраа худалдсаны дараа газрын үнийг М.З-д төлөхөөр тохиролцсон. Үүний дараа 2021 оны 10 сарын 13-ны өдөр Г.У-, Г.Д- нар Газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулан Г.Д- нь 2021 оны 10 сард нийт 13,000,000 төгрөгийг М.З-ын эхнэрийн дансаар шилжүүлсэн байдаг. Энэ ньГ.У М.З- нарын дээрх тохиролцооны дагуу газрын үнийг Г.У-ын өмнөөс Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар шилжүүлснийг М.З- хүлээн авсан. Нэхэмжлэгч нь Г.У-тай байгуулсан Газрын эрх шилжүүлэх гэрээ-нээс татгалзаж төлсөн төлбөрөө буцаан шаардсан тул гэрээний дагуу ашиг олсон Г.У-аас төлбөрийг буцаан гаргуулах үндэслэлтэй байтал анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 18-ны өдрийн шийдвэрээр дээрх газрын Г.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчиж эрхийн доголдолтой хөрөнгийг бусдад худалдсан этгээд нь хариуцагч Г.У- тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг түүнээс гаргуулахаар хуульчилсан атал шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч М.З-аас 13,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг, хариуцагч Г.У-аас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч М.З-ын гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв, бодитоор шийдвэрлэсэн. Г.Д- нь газар худалдаж авахаар М.З-тай холбогдсон бөгөөд түүний эхнэр гэрчээр оролцохдоо газрын мөнгийг авсан гэдгээ зөвшөөрдөг. М.З- өмнө нь тус газрыг Г.У- гэдэг хүнээс худалдаж авч байсан бөгөөд нэр дээрээ шилжүүлээгүй байгаа тул шууд Г.У-аас Г.Д-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү газар нь ямар нэгэн байдлаар бусдад шилжих боломжгүй эрхийн доголдолтой газар гэдэгтэй талуудын хэн аль нь маргааггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад хариуцагч М.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагчГ.У М.З- нарт холбогдуулан газар эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, газрын үнэд төлсөн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагч М.З-аас 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч М.З- нь газрыг худалдахаар нийтэд санал гаргасан, уг саналыг нэхэмжлэгч хүлээн авч түүнтэй хэлцэл хийж газрын үнийг төлөхөөр хэлэлцэн тохиролцсоноор Г.Д-, М.З- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Хариуцагч нар урьд байгуулсан газар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж Г.У- нь газраа бусдад худалдсаны дараа М.З-д газрын үнийг буцаан төлөхөөр тохиролцсон. Энэ дагуу Г.У- газраа Г.Д-т худалдахаар гэрээ байгуулж мөнгийг би авсан гэх хариуцагч М.З-ын татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүйг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч Г.Д-, хариуцагч М.З- нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхтэй холбоотойгоор газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хариуцагч Г.У-тай байгуулсан нь нэхэмжлэгч Г.Д-, хариуцагч М.З- нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үгүйсгэхгүй юм. Түүнчлэн хариуцагч Г.У- нь өөрийн эзэмшлийн газрыг худалдахаар нийтэд зар тавьж, нэхэмжлэгчтэй хэлцэл хийсэн, газрын үнийг өөртөө авсан хариуцагч М.З-ын үйлдлийг үгүйсгэж маргаагүй байна.

 

6. Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ хариуцагч М.З- биелүүлээгүй, биелэгдэх боломжгүй нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 18-ны өдрийн  шийдвэр, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 сарын 20-ны өдрийн  захирамжаар хариуцагч Г.У-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон баримтаар тогтоогдсон байна.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч М.З-тай байгуулсан газар эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн, улмаар хариуцагч М.З-д шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй болохыг шүүх зөв тогтоож, дүгнэсэн байна.

 

7. Харин шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардсаныг зөв дүгнэсэн атлаа хариуцагч М.З- нь газрыг нэхэмжлэгчид шилжүүлэх эрхгүй этгээд тул талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй гэсэн зөрчилтэй дүгнэлт хийжээ. Улмаар анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна. Талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дагаврыг хариуцагчаас шаардсан байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

8. Хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Г.Д-, хариуцагч М.З- нарын хооронд газар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх тогтоосон учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд нь М.З- биш Г.У- гэх хариуцагч М.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй. Хариуцагч М.З- нь гэрээний үнийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хүлээн авсан байх тул уг төлбөрийг хариуцагч Г.У-тай өмнө нь байгуулсан гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэх тохиролцооны дагуу шилжүүлэн авсан гэх татгалзал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч М.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/05391 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.З-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ