Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын Үүд сум дах сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат, 1978 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын  5 дугаар баг, 6-4 тоотод оршин суух, Боржигин овогт Гарамгайбаатарын Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, 

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч Г.Ганцэцэг нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би И.Чинбаатартай 2011 онд танилцаж гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Би ханьтайгаа 4 дагавар хүүхэдтэй ханилсан бөгөөд хамт амьдарч байх хугацаандаа 2014 оны 01 сарын 29-нд охин Амин-Эрдэнийг төрүүлсэн.  Охиноо төрөх үед гэрлэлтийн баталгаагүй байсан учраас миний бие нь өөрөөрөө овоглон гэрчилгээ авсан. Миний хань Чинбаатар нь 2014 оны 01 сард шүүхээс хорих ялаар шийтгүүлж, хорих ангид ял эдэлж байгаад 2016 оны 03 сарын 11-ны өдөр суллагдан ирсэн. Үүнээс хойш бид гэрлэлтээ мөн батлуулаагүй байсан бөгөөд нөхөр маань тархины гэмтлийн улмаас харваж 2016 оны 06 сарын 06-нд нас барсан. Одоо охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж халамжаас авах гэтэл ааваараа овоглоогүй учраас боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд 2014 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн охин Г.Амин-Эрдэнийн эцгээр Ичинхорлоогийн Чинбаатарыг тогтоож өгнө үү. Гэрч нар намайг 4 хүүхэдтэй Чинбаатартай ханилж, дараа нь охиноо төрүүлсэн талаар мэдүүлсэн байна.  Миний хамгийн том хүүхэд аав дээрээ байдаг бөгөөд над дээр ирэн очин байдаг. Талийгаачийг байх үед ам бүл 6, 4 хүүхдийн хамт амьдардаг гэж явдаг байсан бөгөөд том хүүхдээ аав дээр нь байдаг болохоор байнга амьдрах ам бүл багтдаггүй юм гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь 2014 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн охин Г.Амин-Эрдэнийн эцгээр Ичинхорлоогийн Чинбаатарыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үндэслэл нь:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь Ичинхорлоогийн Чинбаатартай 2011 оноос эхлэн хамтын амьдралыг зохиож, тодорхой шалтгааны улмаас хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдарч, энэ хугацаандаа охин Г.Амин-Эрдэнийг төрүүлж өсгөсөн байх ба тэднийг Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хамтын амьдралыг зохиож, үргэлжлүүлж, ажиллаж амьдарч, үр хүүхдээ төрүүлж, өсгөж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан Уул багийн Засаг дарга П.Даваажаргалын “ Гарамгайбаатарын Ганцэцэгийн охин 2 настай, Чинбаатарын Амин-Эрдэнэ нь  тэжээгчээ алдсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт,

2014 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн охин Ганцэцэгийг Амин-Эрдэнийн төрсөний гэрчилгээний хуулбар,

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын дарга И.Батсүрэнгийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн  “ Тус сумын 5 дугаар багийн иргэн Ичинхорлоогийн Чинбаатар, Гарамгайбаатарын  Ганцэцэг нар нь 2012 оноос 2016 он хүртэл хамт амьдарч байсан бөгөөд 2014 оны 01 сарын 29-ний өдөр Чинбаатарын охин Амин-Эрдэнэ  төрсөн, 2014, 2015 оны  хүн амын тооллогоор 4 хүүхдийн хамт, 6 ам бүлээр тоологдсон байна” гэсэн 03/332 тоот,

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг, охин Амин-Эрдэнэ, И.Чинбаатар нарын хамт авахуулсан гэрэл зураг /И.Чинбаатарыг хорих ангиаас суллагдсаны дараа авахуулсан зураг гэж шүүх хуралдаанд тайлбарлав/,

Ичинхорлоогийн Чинбаатар 2016 оны 06 сарын 06-ны өдөр өвчний учир нас барсан гэсэн нас барсаны бүртгэлийн 0000185295 тоот гэрчилгээний хуулбар,

гэрч Ичинхорлоогийн Нарангэрэлийн шүүхэд өсгөн “ Ганцэцэг нь миний төрсөн дүү Чинбаатарын эхнэр юм. Манай дүү Чинбаатар нь 2011 оноос эхэлж хамтран амьдарч байсан бөгөөд Ганцэцэг нь одоо өөрийн 4 хүүхэд, манай дүүгийн  охин Амин-Эрдэнэтэй нийлээд 5 хүүхдийн хамт Эрдэнэ суманд амьдарч байна. Манай дүү Чинбаатар нь  2014 онд хэрэгт холбогдож хоригдоод явсаны  дараа Амин-Эрдэнэ төрж байсан. Тэгээд 2016 оны 03 сард суллагдаж ирээд 6 сард нас барсан учраас  Чинбаатар нь охин Амин-Эрдэнээ өөрөөрөө овоглож чадаагүй байх” гэсэн мэдүүлэг,

гэрч Т.Энхтуяагийн шүүхэд өгсөн “ Ганцэцэг нь миний нас барсан ахын эхнэр байгаа юм. Тэрээр Чинбаатартай 2011 онд танилцаж, хамт амьдарч байх хугацаандаа 2014 оны 01 сарын 29-нд охин Амин-Эрдэнийг төрүүлсэн. Амин-Эрдэнэ нь миний ахын хүүхэд мөн байгаа юм. Ах маань хорихоос сая 3 сард гарч ирээд өвчний улмаас 6 сард нас барсан” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд 2014 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн охин Ганцэцэгийн Амин-Эрдэнийн эцгээр Содномцэрэн овогт Ичинхорлоогийн Чинбаатарыг /РД: ЕН81020811/ тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-т зааснаар нэхэмжлэгч Г.Ганцэцэгийн хүсэлтээр, 2014 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн охин Ганцэцэгийн Амин-Эрдэнийн эцгээр Содномцэрэн овогт Ичинхорлоогийн Чинбаатарыг /РД: ЕН81020811/ тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөг төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД