Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 180

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр бүрэлдэхүүнтэй,

хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Н.Нарангэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х-,

иргэдийн төлөөлөгч Б.Б-,

гэрч Э.С-, Э.Б-,

шинжээч эмч Ш.Цэцэгмаа,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

         Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Г-ийн Б-д холбогдох эрүүгийн 1810000000000 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Улсын 89 дугаар зууханд галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг Сургуулийн 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Б- овогт Г-ийн Б-,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 00 дугаар гудамжинд баз ах Б.П-той маргалдан улмаар түүнийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж түлхэж унагаан алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                               

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг

Шүүгдэгч Г.Б-аас: “...Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаа тараад эхнэр хүүхдээ авахаар Пүрэвдорж ахын гэрт очсон. Намайг очиход Пүрэвдорж ах шалан дээр хэвтэж байсан. Би “та яагаад эхнэр хүүхдүүддээ агсам тавиад байдаг юм бэ” гэхэд Пүрэвдорж ах “харин ах нь шөнөжин агсам тавьсан байна” гэж хэлсэн. Намайг гэрт нь байхад Пүрэвдорж ах гэрээсээ орж гараад байсан. Тэгээд зайлцгаа гээд гэрээсээ хөөж эхлэхээр нь би эхнэрийгээ “хоёулаа хөөгдөн барин гэрт нь байж байхаар харъя” гэж хэлээд эхнэрээ аваад гарах гэтэл Пүрэвдорж ах “эгчийгээ аваад зайлахгүй яасан юм бэ, би эгчийг чинь очиж ална” гэсэн. Тэгэхээр нь би эгчийг очоод зодчих вий дээ гэж бодоод Пүрэвдорж ахыг тайвшруулахаар араас нь очоод “та яагаад дандаа ийм асуудал гаргадаг юм бэ” гэхэд “чамд миний амьдрал хамаагүй лалар минь” гэж хэлээд миний ам руу салаавч өгсөн. Тухайн үед би Пүрэвдорж ахыг цааш түлхэхэд арагшаа унасан. Тэгээд босч ирээд дахиад над руу дайрахаар нь би түлхсэн. Гэтэл Пүрэвдорж ах босоод хашааны булан тойрч байгаад унасан. Тэгээд босохгүй байхаар нь охиндоо “Хишигсүрэн эгчийг дуудчих Пүрэвдорж ах уначихаад сэрэхгүй байна гэж хэлсэн. Удалгүй Хишигсүрэн эгч ирсэн...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х-гээс: “...Талийгаач, Б- хоёрын хооронд  хувийн өр авлага, өш хонзон байхгүй. Болортуяа миний хамгийн том ахын охин. Болортуяа тухайн үед жирэмсэн байсан. Тэгээд төрөхөөсөө өмнө манай гэрт ирсэн. Талийгаач урьд шөнө нь шөнөжин архи ууж, агсам тавьж хоносон. Б- эхнэрээ авахаар манай гэрт ирэхэд ийм зүйл болсон байсан. Миний хувьд гомдол саналгүй. Б- нь бага насны 2 хүүхэдтэй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х-гийн: “...Болортуяаг чи эндээс зайл, энд яах гэж ирсэн юм, муу гичий минь, эгчийгээ аваад зайл гэхээр нь Болортуяа та яагаад дандаа манай эгчийг ингэж зовоож байдаг юм вэ, та  тэгж хөөгөөд байх юм бол аваад явчихаж чадна, хамгаалах ах дүүгүй гэж бодоо юу гээд маргалдсан. Б- гэрт ирээд 2 цаг орчим болоод л эхнэр хүүхдээ аваад  гэртээ харихаар явсан юм. Б- байх үед эхнэр Болортуяа болон намайг та хоёр эндээс зайл гээд байхаар нь Б- зөрүүлээд та яахаараа жирэмсэн  эмэгтэй хүн загнадаг юм, болиоч гэсэн чинь чи битгий хуцаад бай, муу пизда минь гэж хэлээд Б- нараас түрүүлээд гараад явсан. Тэгэхээр нь би Б-, Болортуяа хоёрыг та хоёр одоо яв, яв, битгий хэрүүл хий, мөрөөр нь орхичих, тэгж байгаад өөрөө зүгээр болчихдог юм гэж хэлээд гаргасан. Талийгаач гарсаны дараа 5 орчим минут болоод тэд нар гарсан. Би гэртээ 2 настай хүүхэдтэйгээ үлдсэн. Б- нар гараад явсаны дараа ойролцоогоор 10 орчим минутын дараа 6 настай охин Солонго нь уйлчихсан гэрт орж ирээд Пүрэвээ агаа уначихсан босож чадахгүй байна, таныг хүрээд ир гэж байна гэж хэлэхээр нь би яараад гүйгээд гартал гудамжны зүүн үзүүрт шонгийн модны харалдаа Б- талийгаачийг өвдөг дээрээ түшүүлээд суулгачихсан зогсож байсан. Яасан бэ? гэсэн чинь Б- “Пүрэвээ ах ухаан алдчихлаа, сэрэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би өргөж дийлэхгүй байна, усны тэрэг аваад ирээч гэж хэлсэн. Энэ үед дэргэд нь Б-ын эхнэр Болортуяа, талийгаачийн төрсөн дүү Пүрэвжав нар хараад зогсож байсан. ...Б- цээжнээс нь би хөлнөөс нь өргөөд тэргэнд суулгаад гэрт авчираад гэрийн баруун талын орны урд газарт хэвтүүлээд хөл, гарыг нь барьсан чинь ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Анх унасан газарт очих үед болон тэргэнд суулгаад гэрт оруулах үед аль алинд нь талийгаач ямар ч хөдөлгөөнгүй байсан. Ямар ч хөдөлгөөнгүй байгаад байхаар нь би айгаад орилоод “юу болсон юм бэ” гэсэн чинь Б- “эгчээ би харин нэг удаа цохичихсон юмаа” гэж хэлсэн. Болортуяа хажуу талаас нь харин Пүрэвээ ах салаавч гаргаад байсан юм гэж хэлсэн...Б- эрүүл байсан. Ажлаасаа буугаад ирлээ гэж гэрт орж ирж байсан. Ер нь архи дарс ууж байхыг нь хараагүй юм байна... Болортуяа хэрэг болохын урьд өдөр манайд ирж хоносон. Тэр өдөр талийгаач архи уусан. Хэрэг болдог өдөр архи уусан. Тэрнээс өмнө архи уугаагүй, хүргэнтэйгээ хамт ногооны ажил хийж байсан юм. Хэрэг болохын урьд өдөр, мөн тухайн өдөр хэнтэй архи уусан эсэхийг мэдэхгүй байна, гарч яваад архи уучихаад л ороод ирдэг байсан.... архи их уугаад ирэхээр хүний ааш авир өөрчлөгдөөд явчихдаг юм билээ, их ширүүн догшин авиртай болчихсон байсан. Эгч нь 2004 оноос хойш байнгын архи уудаг хүнтэй хамт амьдарч ирсэн хүн шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Гэрч Э.С-ын: “...Тэгээд би хүүхдүүдийнхээ хувцас хунарыг угаахаар гадаа ойр зуурын юм янзалж байтал явган хаалгыг гаднаас нь зогсоо зайгүй цохиод байхаар нь би яасан юм бол гэж бодоод очоод хаалга тайлтал Б-ын охин “Пүрэвээ ах ухаан алдаад уначихлаа, аав цохичихлоо” гэж хэлсэн. ...Би унасан гэх газар руу хашааны үүдэнд зогсож байгаад  хартал Б-, Болороо хоёр талийгаачийн дэргэд байсан бөгөөд Болороо нь Б-ын куртикийг барьчихсан зогсож байсан. Б- болохоор талийгаачийг өргөөд босгох гээд байгаа юм уу гэмээр араас нь тэвэрчихсэн, талийгаач хагас суугаа байдалтай байх шиг байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

Гэрч Э.Б-гийн: “...тэгэхээр нь би эгчийгээ аваад явна гэж хэлээд талийгаач Пүрэвдорж ахтай маргалдсан. Тэгсэн намайг цохих гээд гараа сарвайлгаад байсан би өөдөөс нь та жирэмсэн хүн цохих гээд байгаа юм уу гэж хэлсэн чинь намайг цохиогүй. Тэгээд танай эгч чинь надтай үлдэнэ шүү гээд орилоод байсан. Тэгэхээр нь би та дүүг нь явахаар алах гээ юу гэж хэлсэн. Манай нөхөр за за одоо явъя. Энд хөөгдөн барин байх албатай юм уу ахиж энд битгий ирээрэй гэж хэлсэн. Харин Хишигсүрэн эгч за одоо яв яв ахиад наад чинь агсам тавих гээд байх шиг байна гэж хэлсэн. Харин манай нөхөр талийгаач Пүрэвдорж ахтай маргалдсан асуудал байхгүй. харин та одоо архи дарсаа болиод тохитой томоотой байгаач гэж хэлсэн. Харин зөрүүлээд манай нөхөрт муу банди минь чи одоо надад үг хэлэх болоогүй шүү гээд агсарч орилоод гараад явсан. Бид нар гэртээ харихаар явж байгаад дэлгүүрийн үүдэнд таарсан бөгөөд талийгаач та нар яваагүй юм уу, эгчийгээ аваад явахгүй яасан юм, би одоо очоод эгчийг чинь ална гээд гэр рүүгээ алхаад явсан. Тэр хооронд над руу салаавч гаргаад байсан бөгөөд гэр рүүгээ алхаад явах үед манай нөхөр Б- “Хишигсүрэн эгчийг зодох гээд байгаа юм биш үү гээд куртикээ надад тайлж өгөөд араас нь дагаад булан тойрсон. ...би араас нь очиход талийгаач газарт сууж байсан бөгөөд би “алив та босоорой, гэрт чинь хүргэж өгье” гэж хэлсэн чинь “байж бай, байж бай” гэж хэлсэн. Тухайн үед ухаантай байсан. Б-ыг чи Пүрэвээ ахыг өргө гэж хэлсэн чинь өргөөд жаахан яваад шонгийн тэнд суулгасан. Өргөөд дийлэхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Амирлангийн: “...би хашааны хаалгаа хаахаар очтол манай хашааны яг үүдэнд хойд талд гэр нь байдаг дандаа архи уугаад гудамжны үзүүрт сууж байдаг согтуу ах, урт хар куртик өмссөн залуутай хэрэлдээд байсан. Урт хар куртик өмссөн ах “чи манай эхнэрт салаавч гаргалаа” гэж хэлээд согтуу ахын цээж рүү хоёр гараараа нэлээд хүчтэй түлхсэн чинь нөгөө согтуу ах толгойны ар талаараа газарт унасан. Манай үүдэнд цеметэн зам байдаг бөгөөд цеметэн дээр толгойгоороо унасан. Тэгсэнээ нөгөө согтуу ах өөрөө босоод явж байтал урт хар куртиктэй ах дахиад маргалдаад цээж рүү нь түлхсэн чинь нуруугаараа газарт унасан. Хоёр дахь удаагаа унахад толгой нь арай газар хүрээгүй байх шиг байсан. Хоёр дахь удаа унах үед би сайн хараагүй. Нөгөө согтуу ах дахиж босоод манай хашааны араар яваад орчихсон. Тэгсэн чинь урт хар куртиктэй ах араас нь дагаад явсан. Хажууд нь нэг эгч, бас нэг эмэгтэй хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар  хуудас/,

Гэрч Н.Пүрэвжавын: “...гэр рүүгээ явган алхаад очиж байтал манай гудамжны зүүн үзүүрт Болортуяа, Б-ын куртикийг барьчихсан зогсож байсан. Цаана нь манай ах Пүрэвдорж баруун хажуу талаараа хэвтэж байсан. Ах бол ямар ч хөдөлгөөнгүй байсан. Б- хоёулаа өргөөд гэр рүү нь оруулъя гэхээр нь би ч өөрөө архи уучихсан байсан болохоор “үгүй ээ би ч бас согтуу байна” гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 2405 дугаартай цогцост хийсэн задлан шинжилгээний шинжээчийн дүгнэлт / хх-ийн 65-67 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны  өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/,

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 06-14 дүгээр хуудас/,

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 15-18 дугаар хуудас/,

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23 дугаар хуудас/,

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчийн мэдүүлсэн мэдүүлгүүд

Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Пүрэвээ ах өнөө, маргаашгүй төрөх хугацаа нь болчихсон жирэмсэн эхнэрийг маань хэл амаар доромжлоод “чи бол нэр хүндгүй муу янхан, гичий” гэж хэлээд салаавч гаргаад эхнэрийг маань цохих гээд гараа өргөөд далайгаад байхаар нь би салгасан. Тэгсэнээ би одоо очоод эгчийг чинь ална чи аваад яваарай гэж хэлээд гэр рүүгээ явахаар нь би эгчийг зодчих байх гэж бодоод араас нь очоод “Пүрэвээ ах та байж бай, би тантай ганц хоёр юм яриадахъя” гэсэн чинь намайг байж бай муу лалар минь чамд хамаагүй гэж хэлээд салаавч гаргаад ам руу чихэхээр нь “та одоо яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд цээж рүү нь алгаараа түлхсэн чинь хойшоо саваад явган хүний боржур цементэн дээр толгой хэсгээрээ унасан. Тэгсэнээ хагас суугаа байдлаар босоод толгойгоо гараараа бариад байж бай, байж бай гэж хэлсэнээ буцаад унаад өгсөн. ...талийгаач дахин босоогүй, ухаан ороогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 184 дүгээр шүүгчийн захирамж /хх-ийн 99 дүгээр хуудас/

-Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

  Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

         Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 000 дугаар гудамжинд баз ах Б.П-той маргалдан улмаар түүнийг түлхэж унагаан алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Х-гийн “...Б- нар гараад явсаны дараа ойролцоогоор 10 орчим минутын дараа 6 настай охин Солонго нь уйлчихсан гэрт орж ирээд Пүрэвээ агаа уначихсан босож чадахгүй байна, таныг хүрээд ир гэж байна гэж хэлэхээр нь би яараад гүйгээд гартал гудамжны зүүн үзүүрт шонгийн модны харалдаа Б- талийгаачийг өвдөг дээрээ түшүүлээд суулгачихсан зогсож байсан. Яасан бэ? гэсэн чинь Б- “Пүрэвээ ах ухаан алдчихлаа, сэрэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би өргөж дийлэхгүй байна, усны тэрэг аваад ирээч гэж хэлсэн. Энэ үед дэргэд нь Б-ын эхнэр Болортуяа, талийгаачийн төрсөн дүү Пүрэвжав нар хараад зогсож байсан. ...Б- цээжнээс нь би хөлнөөс нь өргөөд тэргэнд суулгаад гэрт авчираад гэрийн баруун талын орны урд газарт хэвтүүлээд хөл, гарыг нь барьсан чинь ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Анх унасан газарт очих үед болон тэргэнд  суулгаад гэрт оруулах үед аль алинд нь талийгаач ямар ч хөдөлгөөнгүй байсан. Ямар ч хөдөлгөөнгүй байгаад байхаар нь би айгаад орилоод “юу болсон юм бэ” гэсэн чинь Б- “эгчээ би харин нэг удаа цохичихсон юмаа” гэж хэлсэн. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

     гэрч Э.С-ын “...Б-ын охин “Пүрэвээ ах ухаан алдаад уначихлаа, аав цохичихлоо” гэж хэлсэн. ...Би унасан гэх газар руу хашааны үүдэнд зогсож байгаад хартал Б-, Болороо хоёр талийгаачийн дэргэд байсан бөгөөд Болороо нь Б-ын куртикийг барьчихсан зогсож байсан. Б- болохоор талийгаачийг өргөөд босгох гээд байгаа юм уу гэмээр араас нь тэвэрчихсэн, талийгаач хагас суугаа байдалтай байх шиг байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Э.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Амирлангийн “...би хашааны хаалгаа хаахаар очтол манай хашааны яг үүдэнд хойд талд гэр нь байдаг дандаа архи уугаад гудамжны үзүүрт сууж байдаг согтуу ах, урт хар куртик өмссөн залуутай хэрэлдээд байсан. Урт хар куртик өмссөн ах “чи манай эхнэрт салаавч гаргалаа” гэж хэлээд согтуу ахын цээж рүү хоёр гараараа нэлээд хүчтэй түлхсэн чинь нөгөө согтуу ах толгойны ар талаараа газарт унасан. Манай үүдэнд цеметэн зам байдаг бөгөөд цеметэн дээр толгойгоороо унасан. Тэгсэнээ нөгөө согтуу ах өөрөө босоод явж байтал урт хар куртиктэй ах дахиад маргалдаад цээж рүү нь түлхсэн чинь нуруугаараа газарт унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар  хуудас/, гэрч Н.Пүрэвжавын мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 2405 дугаартай цогцост хийсэн задлан шинжилгээний шинжээчийн

 

  1. Б.П-ийн цогцост дух, зүүн чамархай, дагзны хуйх, баруун чамархайн булчин, цээж, эрүү, зүүн шанаанд цус хуралт, дух, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй байжээ.
  5. Талийгаачийн цусанд 5,7 промилл, ходоодны шингэнд 6,2 промилл, шээсэнд 5,9 промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
  6. Цус нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байна.
  7. Талийгаач нь тархины суурийн зүүн дунд тараагуур судасны цүлхэн хагарсны улмаас их тархины хоёр тал бөмбөлгийн дотор гадаргуу, дух, чамархай, дагз, суурь, бага тархины дээд гадаргуугийн аалзан хальсан доор болон зүүн хажуу ховдолд цус харваж нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

     Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: “...Духны зулгаралт, цус хуралт, цээжний гэмтлүүд хуучин буюу хэрэг болохоос өмнө 2-оос дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Эрүү, зүүн шанаа, зүүн чамархай, дагзны хуйх, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд шинэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэмтлүүд юм. Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй. ...Тархины судасны цүлхэн нь 2 тохиолдолд  хагарч болно. Нэгдүгээрт ямар нэгэн байдлаар доргилт үүсэн үед хагарна. Хоёрдугаарт судсанд цусны үзүүлэх даралт ихэссэн үед хагарна. Хүн архи уусан үед судас агшиж судсанд үзүүлэх даралт ихэсдэг бөгөөд энэ үед цүлхэн хагарч цус харваж болно. ...би дүгнэлтэндээ угааж хусахад арилахгүй гэж оруулсан нь цус харвалт болсон гэдгийг харуулах зорилгоор тусгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн 6227 дугаартай мөр судлалын шинжилгээ

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өмдний зүүн халаасны дардаг товч, халаасны дэгээ товч татаж чангаах хүчний үйлчлэлээр хуучин тэнийж, урагдсан байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй.
  2. Саарал өмдөнд  5х4мм хэмжээтэй, ягаан  өмдөнд гарсан 8х3мм, 4х1 мм, 17х5мм, 22х5мм хэмжээтэй 4 ширхэг, хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт байна. Бор цамцанд 1х1мм-12х5мм хэмжээтэй, 113 ширхэг эдэлгээний явцад гарсан хуучин цоорол байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 06-14 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

               Шүүгдэгч Г.Б- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт  авагдсан Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны  өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. /хх-ийн 81 дүгээр хуудас/,

          Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь ашигласныг, мөн биеэ хамгаалж чадахгүй гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг мэдсээр байж амь насыг нь хохироосныг ойлгоно.

          Хохирогч Б.П- нь амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой байсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 2405 дугаартай цогцост хийсэн задлан шинжилгээний шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан “...Талийгаачийн цусанд 5,7 промилл, ходоодны шингэнд 6,2 промилл, шээсэнд 5,9 промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.Цус нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. /хх-ийн 67 дугаар хуудас/...”гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Гэвч тухайн хэрэг учрал болох үед амь хохирогчийн биеэ хамгаалах чадвартай байсан эсэх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х-гийн: “...Болортуяаг чи эндээс зайл, энд яах гэж ирсэн юм, муу гичий минь, эгчийгээ аваад зайл гэхээр нь Болортуяа та яагаад дандаа манай эгчийг ингэж зовоож байдаг юм вэ, та  тэгж хөөгөөд байх юм бол аваад явчихаж чадна, хамгаалах ах дүүгүй гэж бодоо юу гээд маргалдсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 32  дугаар хуудас/,         гэрч Э.Б-гийн: “...тэгэхээр нь би эгчийгээ аваад явна гэж хэлээд талийгаач Пүрэвдорж ахтай маргалдсан. Тэгсэн намайг цохих гээд гараа сарвайлгаад  байсан би өөдөөс нь та жирэмсэн хүн цохих гээд байгаа юм уу гэж хэлсэн чинь намайг цохиогүй...Бид нар гэртээ харихаар явж байгаад дэлгүүрийн үүдэнд таарсан бөгөөд талийгаач та нар яваагүй юм уу, эгчийгээ аваад явахгүй яасан юм, би одоо очоод эгчийг чинь ална гээд гэр рүүгээ алхаад явсан. Тэр хооронд над руу салаавч гаргаад байсан бөгөөд гэр рүүгээ алхаад явах үед манай нөхөр Б- “Хишигсүрэн эгчийг зодох гээд байгаа юм биш үү гээд куртикээ надад тайлж өгөөд араас нь дагаад булан тойрсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Амирлангийн: “...би хашааны хаалгаа хаахаар очтол манай хашааны яг үүдэнд хойд талд гэр нь байдаг дандаа архи уугаад гудамжны үзүүрт сууж байдаг согтуу ах, урт хар куртик өмссөн залуутай хэрэлдээд байсан. Урт хар куртик өмссөн ах “чи манай эхнэрт салаавч гаргалаа” гэж хэлээд согтуу ахын цээж рүү хоёр гараараа нэлээд хүчтэй түлхсэн чинь нөгөө согтуу ах толгойны ар талаараа газарт унасан. Манай үүдэнд цеметэн зам байдаг бөгөөд цеметэн дээр толгойгоороо унасан. Тэгсэнээ нөгөө согтуу ах өөрөө босоод явж байтал урт хар куртиктэй ах дахиад маргалдаад цээж рүү нь түлхсэн чинь нуруугаараа газарт унасан...” /хх-ийн 48 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр амь хохирогч Пүрэвдорж нь бусадтай маргалдаж хэрүүл маргаан үүсгэх, салаавч гаргах зэрэг хууль бус, зүй бус үйлдэл гаргах, архи уух гэх мэт идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийж байснаас хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдал буюу бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг мэдсээр байж гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

             Энэ хэргийн шүүгдэгч Г.Б- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг дурдав.

Шүүх, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х-гээс баримтаар нэхэмжилсэн хохиролгүй боловч шүүгдэгч Г.Б- нь оршуулгын зардалд 7.000.000 /долоон сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х- нь шүүгдэгч Г.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо шүүх хуралдаанд болон бичгээр илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх, шүүгдэгч Г.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж нийт 125 /нэг зуун хорин тав/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Г.Б-ын эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Б- овогт Г-ийн Б-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ыг 5 /тав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 5 /тав/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ын цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ТУЯАТ

 

ШҮҮГЧИД                                                      Х.ОДБАЯР

 

                                                                                                       Д.АЛТАНЖИГҮҮР