Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 247

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, иргэн Б.М*******гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон Үндэсний статистикийн хорооны дарга нарт холбогдох “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 тоот тушаал, Үндэсний статистикийн хорооны тамгын даргын 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6/31 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.М******* намайг ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хөлсийг хариуцагч нараас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******, Үндэсний статистикийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* нарын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Б.М*******гийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга нарт холбогдох захиргааны хэргийн ажиллагааны явцад талууд дараах нөхцөлөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав. 

Нэхэмжлэгч “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 дугаар тушаал, Үндэсний статистикийн хорооны тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6/31 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.М******* намайг ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч нараас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэсэн дээрх шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд: 

1. Нэхэмжлэгч Б.М******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч нараас гаргуулах шаардлага болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох шаардлагуудаас татгалзаж, 

2. Хариуцагч Үндэсний статистикийн хороо нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 дугаар тушаал, Үндэсний статистикийн хорооны тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6/31 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.М*******г урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Багануур дүүргийн Статистикийн хэлтсийн мэргэжилтнээр эгүүлэн томилохоо хүлээн зөвшөөрч талууд энэхүү гэрээг байгуулав.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг хэргийн оролцогчдод урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг талууд харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байна.  

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Б.М*******гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга нарт холбогдох захиргааны хэрэгт Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.М*******г урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Багануур дүүргийн Статистикийн хэлтсийн мэргэжилтнээр эгүүлэн томилохоор, нэхэмжлэгч Б.М******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч нараас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалгуулах шаардлагаас татгалзах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА