Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1173

 

 

 

 

 

 

 

 

 

С.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/03720 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Банзрагчид холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Мөнхтуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар,

Хариуцагч Т.Банзрагч,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Банзрагчтай 2007 онд танилцаж, улмаар гэр бүл болж, 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр том охин төрөхийн өмнө Чех улсад гэрлэлтээ батлуулсан юм. Бидний дундаас 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Хүслэн, 2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Хулан нар төрсөн. 2010 оны 6 дугаар сард би Монгол улсад охиноо дагуулаад ирсэн боловч охинд маань агаар таарахгүй байсан учраас 1 сар болоод буцаж явсан. Гэтэл Т.Банзрагч өөр эмэгтэйтэй харилцаатай болсон байсан. Хүмүүс энэ талаар надад ярьж байсан ч би эхэндээ тоогоогүй. Ингээд бага охиноо төрүүлээд 4 хонож байхад нөгөө эмэгтэйгээс нь нөхрийн маань утсанд мессеж ирсэн. Би тэдний харилцааг мэдэж, нөхрийнхөө утасны ярианы хуулгыг авч үзэхэд тэд өглөө 5 цагаас орой 8 хүртэл утсаар харилцдаг байсан. Том охин маань 2 настай, бага охин 6 сартай байхад нь аргагүй шаардлагаар Монгол явуулж нөхөртэйгээ хамт ажил хийж, амьдралаа дээшлүүлэхээр болсон. Гэтэл энэ үеэс нөхөр маань намайг өөр хүмүүстэй хардаж эхэлсэн бөгөөд бидний хооронд хэрүүл маргаан гарч, найз нөхөдтэй хардаж зодож нүдэх болж, харилцаа энэ үеэс муудаж эхэлсэн боловч хүүхдүүдээ авч ирээд, гэр бүлээрээ сайхан амьдаръя гээд 2014 онд нөхөр маань 2 охиноо авч ирэхээр Монгол явсан.

Гэтэл энэ хойгуур би гэр бүлтэй залуутай холбогдоод нөхөртөө үүнийг тайлбарлаж хэлэхэд эхлээд зөвөөр ойлгосон ч маргааш нь намайг ална гэж утсаар хэлсэн. Би нөхөр  зоддог талаар ээж, аав болон хадмуудаа огт хэлж байгаагүй, 7 жилийн дараа ээждээ хэлэхэд намайг хүрээд ир, ээж аавынхаа хажууд ирээд учраа ол гэсэн. Тэгээд ирээд 2 охинтойгоо уулзах гэхэд уулзуулаагүй, Гэр бүлийн хөгжлийн төвд хандахад хүрсэн. Гэтэл уулзуулах болсон орой нь Т.Банзрагч 2 охиныг маань дагуулаад Чех явсан. Иймд одоо Т.Банзрагчаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2007 оны 11 дүгээр сард анх танилцсан. Би 2008 оны 5 сард Чех явж, 2008 оны 11 дүгээр сард эхнэр маань миний араас ирсэн. Бидний дундаас 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Хүслэн, 2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Хулан нар төрсөн. Миний бие өөр эмэгтэйтэй холбогдсон тухайд би эхнэртээ ийм асуудал байхгүй талаар тайлбарлаж хэлж байсан. Мөн эхнэртээ гар хүрч, зодож байгаагүй. Харин эхнэр маань 2013 оны 5 дугаар сараас өөр залуутай холбогдож, гэрээ орхиж явахдаа хүрсэн. Үүнээс болж бид маш ихээр маргалдаж, эцэст нь 2 хүүхдээ авч ирээд гэр бүлээрээ Герман улсад амьдрахаар болсон. 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охидуудаа авахаар Монголд ирсэн, харин эхнэр явахгүй гэсэн. Хүүхдүүдийн бичиг баримтыг цэгцлээд явж байтал нөгөө залуутай холбогдсоноос болж эхнэр нь гэрт ирээд манай эхнэрийг алгадсан байсан.

Миний хувьд худлаа хардаагүй бөгөөд энэ нь бодитой болсон зүйл юм. 2013 оны 11 дүгээр сард ээж нь залгаад охин маань ирсэн, хүүхдүүдээ аваад хүрээд ир гэсэн. Би гайхаад эхнэртэйгээ утсаар яриад яагаад шууд хүүхдүүд рүүгээ ирээгүйг асуусан. Гэтэл манай гэрт ээжтэйгээ, ээжийнхээ нөхрийн хамт бас нэг хүнтэй ирээд хүүхдүүдээ аваад явна гээд хэрүүл хийсэн байсан.

Ингээд маргааш нь Хүүхэд хөгжлийн төвөөс над руу залгасан. Очоод уулзтал мэргэжилтэн Сарантуяа гэдэг хүн намайг эхнэрээ зоддог эсэх талаар асуусан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус төвөөс ямар нэгэн хүчирхийлэл байхгүй байна гээд биднийг явуулсан. 2013 оны 11 дүгээр сарын дунд үед Чех улс руу 2 охиноо аваад явсан. Тэнд би автомашинаа үлдээсэн байсан учраас найз маань Австари улсад тосч авсан. Тэгээд хотоор дүүрэн эхнэр бид хоёрын талаар ярьж байна гэсэн. Би ээжийнхээ эмчилгээний төлбөр гээд 5 000 ам.доллар зээлсэн байснаар тасалбар аваад ирсэн учраас ямар ч мөнгөгүй болсон. Гэтэл С.Мөнхтуяа манай найз Даймаагийн эхнэрт мөнгөтэй картаа надад битгий өгөөрэй гэж хэлээд үлдээсэн байсан. Хүүхдүүд идэх хоолгүй байсан учраас нөхөр нь уурлаж байгаад эхнэрээсээ аваад надад 14 000 билүү 16 000 крон өгсөн. Би уг мөнгөөр хоол хүнсээ аваад хүүхдүүдтэйгээ амьдарч байсан ба 2 хүүхэдтэй учраас ажил хийх боломжгүй байсан. Бидний амьдарч байсан хотод хүн бүр бидний талаар ярьж байсан учраас би хүүхдүүдтэйгээ Чехэд байх боломжгүй болсон.

Нөгөө эхнэртэй маань холбогдсон Магнай гэдэг залуу нь манайд ирээд надаас уучлал гуйсан. С.Мөнхтуяа өөрөө Монгол Улс руу явсан гэдгээ хэнд ч хэлээгүй байсан. Ингээд би цаашаа Голланд явж, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цагаачаар орсон. Гэтэл С.Мөнхтуяа зөрөөд Чех улсад ирсэн байсан. Би буруу юм хийсэн байна, одоо дахиж ийм зүйл байхгүй, хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэж надад хэлсэн. Би Голландад эхний үед маш хэцүү амьдарч байсан ба ажил хийж чадахгүй, хоол унд муутай, 2 охинтойгоо гурвуулаа ханиадтай, цагаач иргэдэд өгдөг өдрийн багахан хоолоор амьдарч байсан.

Хүүхдүүдээ сургуульд оруулж, 1 жил болоход том охин маань хэлний бэлтгэлд явж байхдаа Монгол хэлээ мартаад байсан учраас ирээдүйг нь бодоод Монголдоо буцаж ирсэн. С.Мөнхтуяа бид гурвыг Голланд улсад байхад 2 удаа ирж уулзаад, хэд хоноод явж байсан. Одоо С.Мөнхтуяагаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Би охидуудаа багаас нь өсгөсөн, өвдсөн зовсон цагтаа бид 3 хамт байсан учраас охидоо өгч чадахгүй... гэжээ.

 

Шүүх:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С.Мөнхтуяа, Т.Банзрагч нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Хүслэн, 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр охин Б.Хулан нарыг эцэг Т.Банзрагчийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар С.Мөнхтуяа, Т.Банзрагч нар цаашид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Банзрагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, талууд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Банзрагчаас 70 200 төгрөг гаргуулж С.Мөнхтуяад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Шүүх Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн төвийн дүгнэлтийг үндэслэсэн гэжээ. Шинжээч дүгнэлтээ хүүхдийн асрамжийг тогтоохдоо эцэг эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг шалгах тестийн оноогоор дүгнэлт гаргаж шийдэж байгаа нь хэтэрхий учир дутагдалтай юм. Дүгнэлт гаргахдаа шинжээчид нь хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн байранд 2 талыг байлцуулан эцэг, эх хүүхдүүд хоорондын харилцаа хандлага, ээнэгшин дассан сэтгэл зүйн байдлыг тодруулах зорилготой ажиглалт явуулсан бөгөөд уг ажиглалт хийхээс 7 хоногийн өмнө ээнэгшиж дассан сэтгэл зүйн байдлыг тодруулахдаа хүүхдүүдийг ааваас нь тусдаа ээжийнд нь байлгаж байгаад ажиглалт хийх санал тавьсан хэдий ч саналыг хүлээн авалгүйгээр өөрсдийн өрөөнд ажиглалт хийснээр хүүхдүүдийг өөрөөрөө чөлөөтэй сэтгэх бодох боломжийг хязгаарлан айдас дарамт хүчирхийллийн орчинд ажиглалт хийж дүгнэлтээ гаргасан.

Тухайлбал: Б.Хүслэн: “ээжээ та намайг яагаад авахгүй байгаа юм, та ааваас одоо намайг аваад явъя гээд гуйгаач” гэж хэлж байгаагаас харахад ээжийгээ ямар их санаж байгааг илтгэхээс гадна өрөөний хаалга онгойх бүрд хаалга руу эмээсэн байдалтай харж "аав сонсчихвол намайг зодно" гэж хэлж байснаас дүгнэлт хийхэд хүүхэд хүчирхийллийн орчинд айдас дарамтанд байдаг нь тодорхой харагдаж байна. Бага насны хүүхэд айдастай сэтгэл санааны болон бие махбодийн дарамт хүчирхийлэлд байна гэдэг үнэхээр ноцтой зүйл юм. Б.Хүслэн охины дээрх ярианаас дүгнэлт хийхэд аав нь гар хүрдэг болох нь харагдаж байна.

Мөн дүгнэлтэнд; Т.Банзрагчийн сул талыг эзэмшсэн мэргэжилгүй гэсэн бол С.Мөнхтуяагийн хувьд эзэмшсэн мэргэжилтэй ч сул тал нь дээд боловсролгүй гэх ялгааг гаргахаас гадна өөрийн нэр дээр орон байр байхгүй гэж сул тал дээр тодорхойлсон. Гэтэл С.Мөнхтуяа өөрийн нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар гудамжны 540 тоотын гэрчилгээг /хх110/ шинжээчид өгсөөр байтал өөрийн орон байргүй гэж дүгнэлтэд худал тусгасан. Дүгнэлт эргэлзээтэй, нотлох баримтад үндэслээгүй хүүхдийн ээнэгшсэн сэтгэл зүйн байдлыг сайтар нөлөөлөлгүйгээр ажиглалтаа хийгээгүй учраас шинжээч нарыг шүүх хуралд оролцуулахаар хүсэлт гаргасан, шүүх хурлын өдөр уулзалттай гэсэн тайлбарыг мэдэгдэх хуудаст бичиж өгсөн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Охин Б.Хүслэн 2 настайгаас, охин Б.Хулан 8 сартайгаасаа одоо амьдарч байгаа гэртээ өвөө, эмээтэйгээ хамт амьдарч байгаад, 2014 оны 12 сараас хойш аавтайгаа хамт амьдарч байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа учир бага насны хүүхдүүдийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх, тодорхой шалтгаан байхгүй байхад өсөж дассан орчныг солих нь хүүхдэд муугаар нөлөөлөх боломж үүсгэх талтай тул Т.Банзрагчийн асрамжинд үлдээж шийдвэрлэв гэжээ. Гэтэл охидуудыг надтай уулзуулахгүй байсан учир 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн хамтарсан уулзалт зохион байгуулж, уг уулзалтаар Т.Банзрагчид, С.Мөнхтуяаг охидуудтайгаа уулзах эрх нь нээлттэй, хүүхдүүдийн болон эхийн эрхийг дур мэдэн битгий хасаад зөрчөөд бай гэдэг талаар ярилцсан. Т.Банзрагчийг хүүхдүүдийг ээжид нь хэлэлгүйгээр гадагшаа авч явж болохгүй талаар хэлэхэд тэрээр маргааш хүүхдүүдийг уулзуулъя, гадагшаа явах бодол байхүй талаар ярьсан.

Гэтэл маргааш нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Буянт-Ухаа боомт дахь иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас Т.Банзрагч 2 хүүхдээ аваад Чех оргон зугтаасан гэсэн мэдээллийг ирүүлсэн. Улмаар миний бие Чех улсад Т.Банзрагчийн араас хүүхдүүдтэйгээ уулзахаар очиход Голланд улс руу 2 хүүхдийг авч зугтсан. 2015 оны 12 сард Монголд улсад Т.Банзрагчийн араас ирж хүүхдүүдтэй уулзах гэсэн боловч уулзуулахгүй байсан тул 2015.12.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл өгсөн.

Шүүхийн шийдвэр гартал худал, үнэн ярьж эхний хойшилдог шүүх хурал дээр өмгөөлөгчөөр нь уулзалт товлуулсан ч өнөөдрийг хүртэл уулзуулахгүй эрхийг минь зөрчсөөр байсан. Гэтэл эсрэгээр 2014 оны 12 сараас хойш хүүхдүүд Т.Банзрагчид байгаа мэтээр дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай. Хэргийн 52-56, 109-125 дахь талуудад хүүхэдтэй уулзах гээд очсон талаарх ярианы бичлэг өгсөн бөгөөд өмгөөлөгчтэй хамт хүүхэд байгаа газар 3 удаа очиж 5 сарын хугацаанд маш олон удаа утсаар ярьж, уулзах оролдлого хийсэн ч худал ярьж уулзуулаагүй. Шүүх хүүхэдтэй уулзуулахыг даалгуулах захирамж хүртэл гаргаж хүүхдүүдийг 2 удаа авах хугацаанд эмчилгээ хийлгэж шүдийг нь үзүүлж охин Б.Хүслэнгийн бэлэг эрхтэнээс цус гарсан байсан учир нарийн шинжилгээ хийлгэж сувилуулж байтал ахин хүүхдүүдийг уулзуулахгүй болсон.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг үндэслэн хүүхдийн асрамжийг тогтоохдоо нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь: Хүүхдийн насны байдал, эцэг эхийн халамжийн хувьд 4, 6 настай бяцхан охидыг ээжтэй нь уулзуулахгүй бэтэгрүүлэн байж хүүхдийн эрхийг зөрчсөөр байгааг зөвтгөх үндэслэлгүй, өнгөрсөн хугацаанд хүүхэдтэй 2 удаа уулзах үед хүүхэд хичнээн царай алдсаныг харж ухаарч эхийн хайр халамж бяцхан хүүхдүүдэд хичнээн үгүйлэгдэж байгааг анзаарч эх хүн элэгээ эмтлэн байж эмчилгээ сувилгаа хийлгэхэд Т.Банзрагч нь эсрэгээр хүүхдүүдийг уулзуулахгүй болгосон.

Хүүхдийн ирээдүйг төлөвлөн 2016 оны 2 дугаар сарын 03-нд Б.Хүслэн охин ирэх 9 сард сургуульд орох тул сургалт хүмүүжлийн одон төвтэй уншуулж, бичүүлж, бодуулж сургахын тулд сургалтын гэрээ хийж 230 000 төгрөгийг төлсөн баримт байгаа. Ахуйн нөхцөл бололцооны хувьд С.Мөнхтуяа нь өөрийн нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар гудамжны 540 тоотын гэрчилгээтэй, өөрийн гэсэн ажилтай, орлоготой сард 720 000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, “Жим Эрдэнэ” ХХК-тай хийсэн хөдөлмөрийн гэрээ, томилсон тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, С.Мөнхтуяагын нэр дээрх хадгаламжийн дэвтэр Хас банкны мэргэжлийн үнэмлэх зэргийг хавсарган өгсөн бол Т.Банзрагчийн хувьд орлого тодорхойлсон ямар ч баримтыг хэрэгт өгөөгүй, мэргэжилгүй, өөрийн нэр дээр орон байргүй болно. Ёс суртахууны байдлын хувьд Т.Банзрагч нь С.Мөнхтуяад гар хүрч байсан, нялх биетэй байхад нь хүүхэнтэй холбогдож байснаа тайлбарлан ярьсан. Чех улсад байнгын хүчирхийлэлд байсан. 2 хүүхдээ авч Чех улс руу оргон зугтаасан. Эдгээрт дүгнэлт хийж хүүхдүүдийг эх С.Мөнхтуяагийн асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Мөнхтуяа нь Т.Банзрагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаснаас хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, хоёр хүүхдийг өөрийн асрамжид авна гэсэн тайлбар гарган маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл С.Мөнхтуяа, Т.Банзрагч нар 2007 оноос хамтран амьдарч, 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Хүслэн, 2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Хулан нар төрсөн, хамтран амьдрах боломжгүйн улмаас 2014 оны 9 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

/хх-ийн 5-7 дугаар тал/

 

Шүүх талуудын гэрлэлт цуцлуулах хүсэл зоригийг харгалзан нэхэмжлэлийн  шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэснийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Харин талуудын хооронд үүссэн бага насны хоёр хүүхдийн асрамжийн талаарх маргаантай холбогдуулан шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж, хүүхдийн байгууллага, сэтгэл зүйч оролцсон бүрэлдэхүүнээр дүгнэлт гаргуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

/хх-ийн 60,61, 68-98 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж эцэг эхийн болоод хүүхдүүдийн амьдарч буй ахуйн нөхцөл, 2014 оноос хойш эцгийн асрамжид байгаа нөхцөл байдлыг харгалзан тэдний одоогийн амьдарч буй болон өсөж дассан орчин, бусад нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй гэж үзээд хоёр хүүхдийг эцэг Т.Банзрагчийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн зохигчид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болохгүйг дурдаж Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/03720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Мөнхтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Т.ТУЯА