Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00512

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00512

 

 

 

 

2024 03 15 210/МА2024/00512

 

Т Б-ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний

өдрийн 101/ШШ2023/05523 дугаар шийдвэртэй

Т Б-ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б Б.У нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 155,987,858.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насанбаяр, хариуцагч Д.Б-, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Б Б.Унар нь Т Б-тай 2018 оны 06 сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 98,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Б.У-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө А/1 байр, ББ тоот- 73.4 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар зээл авснаас хойш үндсэн зээлд 29,474,496 төгрөг, зээлийн хүүд 24,477,721.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 258,617.48 төгрөг, нийт 54,210,834.96 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нар 2019 оны 02 сарын 24-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй ба зөрчил үүссэн. Зээлдэгч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохоо зөвшөөрдөг бөгөөд төлбөр барагдуулах амлалт, хүсэлтийг банкинд удаа дараа гаргаж байсан ч үүргээ биелүүлээгүй. Иймд Д.Б Б.У нараас үндсэн зээл 68,525,504 төгрөг, хүү 78,952,146.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,510,206.84 төгрөг, нийт 155,987,857.5 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Бид 2018 оны 06 сарын 18-ны өдөр Т Б-наас 98,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан нь үнэн. Зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, А/1 байр, ББ тоот- 73.4 м.кв байрыг барьцаалсан. Бидний танил Н Г- ХХК-ийн захирал С.Э нь аймгуудад цэвэрлэх байгууламж барих тендерт шалгарсан ба цэвэрлэх байгууламжийн санхүүжилт хийгдэхээс өмнө мөнгө хэрэг болсон тул туслахыг хүссэн бид энэ зоригоор зээл авсан. Энэхүү зээлээс бид хувьдаа нэг ч төгрөг хэрэглээгүй бүгдийг нь С.Э-т бэлнээр өгсөн. Зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 29,474,496 төгрөг, үндсэн хүүд 24,477,721 төрөг, нэмэгдүүлсэн хүүд 258,717 төгрөгийг тус тус төлсөн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б Б.У нараас 155,987,858 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т Б-ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.У-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204021588 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны ББ тоот- 73.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,008,090 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б Б.Унараас 1,008,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т Б-ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нар нь Т Б-тай 2018 оны 06 сарын 19-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 98,000,000 төгрөгийг зээлсэн ба зээлийн гэрээний үүрэгт 54,210,834 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон. Хариуцагч нар 2019 оноос эхлэн зээлээ төлөөгүй талаар нэхэмжлэлд дурджээ. Энэхүү нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 6.2.1-д зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол, мөн 6.2.2-т Зээлдэгч зээлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, өөр этгээдэд дамжуулан зээлдүүлсэн бол банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцална гэж заасан ч гэрээнд ийнхүү зааснаар гэрээг цуцлалгүй, зээлдэгчид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэх нөхцлийг бий болгож, зээлийг 2023 оны 09 сарыг хүртэл хүү тооцож төлүүлсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг зөрчжээ.

4.2. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч нар зээлийн тооцооллын талаар маргаагүй гагцхүү уг зээлийг өөрсдөө авч ашиглаагүй, бусдад өгч хохирсон гэх тайлбараа нотлоогүй гэжээ. Хариуцагч нар нь шүүхэд энэ талаар тайлбар гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй байхад ийнхүү маргаангүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Шүүхээс 2023 оны 12 сарын 05-ны өдөр хариуцагчийн гар утсанд мессэж үлдээж шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн ч хариуцагч нар 2023.11.11-ний өдрөөс 2023.12.27-ны өдрийг хүртэл Монгол Улсад байгаагүй тул шүүх хуралдааны товыг мэдэж чадаагүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан. Гэтэл шүүх хуралдааны товыг шүүхээс хариуцагч нарт мэдэгдэж чадсан эсэхийг анхаарч үзээгүй, мөн нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаагүй байхад хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168. дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасан зохигчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй сайн дураар зээлийн гэрээ байгуулж, зээлийн буцаан төлөх үүрэг хүлээн зээл авсан учир уг зээлээ бусдад өгсөн эсэх нь зээлийн гэрээнд хамааралгүй. Гомдолд 15,000,000 төгрөгийг зээлээс хэрхэн тооцож хассан нь тодорхойгүй гэсэн боловч банк уг мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцсон. Банк нь хадгаламжийн мөнгөнд хүү төлдөг учраас уг хадгаламжаар олгож буй зээлийг авсан зээлдэгч нь зээл, хүүгээ төлөх үүрэгтэй. Бидний зүгээс зохих арга хэмжээгээ авсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т Б-ХК нь хариуцагч Д.Б Б.У нарт холбогдуулан үндсэн зээл 68,525,504 төгрөг, зээлийн хүү 78,952,147 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,510,207 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 155,987,858 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Т Б-ХК нь Д.Б Б.У нартай 2018 оны 06 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т Б-ХК нь 98,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлдүүлэх, Д.Б Б.У нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Зээлдүүлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгө болох 98,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн, энэ талаар талууд маргаагүй.

 

4. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ... зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг С.Э-т өгсөн, нэг ч төгрөгийг өөрсдөө хэрэглээгүй гэх татгалзал нь үндэслэлгүй. Хариуцагч Д.Б Б.Унар хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр юм. Иймд хариуцагч нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Хариуцагч нар авсан зээлээ бусдад шилжүүлэн өгсөн нь тэдгээрийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй тул энэ тухай давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын зээлийн төлбөрт нийт 54,210,834 төгрөг төлснийг хасч, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 68,525,504 төгрөг, зээлийн хүүд 78,952,147 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,510,207 төгрөг, нийт 155,987,858 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй буюу анхан шатны шүүх хариуцагч нарын төлөх үүргийг зөв тодорхойлж, хариуцагч Д.Б Б.У нараас 155,987,858 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т Б-ХК-д олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Мөн хариуцагч нар 2022 оны 05 сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч хэрхэн хуваарилсан нь тодорхойгүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс хасах байсан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч уг төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцсон нь хэрэгт авагдсан Зээл, хүүгийн тооцооны хуудсаар тогтоогдсон байна.

 

6. Т Б-ХК болон Д.Б Б.Унар 2018 оны 06 сарын 19-ний өдөр 385100058859 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Б.У-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны ББ тоот-од байх, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 73.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэж, зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй байна. Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг гардан авч хариу тайлбараа 2023 оны 11 сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан болон 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 15:00 цагт товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг хүлээн авсан тухай баримт хэрэгт авагджээ. Хариуцагч нар 2023 оны 11 сарын 11-ний өдрөөс 12 сарын 27-ны өдрийн хооронд Монгол Улсад байгаагүй, улмаар шүүх хуралдааны товыг хүлээн аваагүй гэх хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн давж заалдах гомдол илт үндэслэлгүй, хариуцагч нар шүүх хуралдаанаас 4 хоногийн өмнө товыг хүлээн авчээ.

Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй. Мөн хариуцагч нар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй учир шүүх тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчөөгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/05523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937,890 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ