Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2016/0126/И/ |
Дугаар | 202 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 202
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** банкны ********* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************** тоотод оршин суух *************, ************ нарт холбогдох
1200018908 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 29.395.602,8 төгрөг, хүү 3.978.796 төгрөг, нийт 33.374.398,8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** банкны ********** салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч **********, хамтран үүрэг гүйцэтгэгч ***********нар нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ***** банкны ****** салбартай байгуулсан ********** тоот Зээлийн шугамын гэрээний дагуу 15.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2%-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, мөн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны ****** банкны********салбартай байгуулсан ******* тоот зээлийн гэрээний дагуу 12.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 27.6%-ийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар тус тус зээл авсан. Зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйн улмаас зээлийн хугацааг сунгаж нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаж 2015 оны 10 сарын 16-ны өдөр ******* тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Зээлдэгч нь ******** болон ******** тоот Зээлийн шугамын болон зээлийн гэрээний 3.2, 3.4.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч ********, ********* нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч нарын хүсэлт болон нөхцөл байдлыг харгалзан зээлийн нөхцөлийг өөрчилж, зээлээ хугацаандаа төлөхийг сануулсан боловч зээлдэгч нар нь ********* дугаар гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг 2015 оны 11 сарын 16-ны өдрөөс хойш төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 148 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн 1. ****** аймгийн *********сумын ****** багийн ********тоотод байршилтай ********* улсын бүртгэлийн дугаартай 153 м.кв амины орон сууц, 1767 м.кв талбайтай ******* улсын дугаартай газрын хамт, 2. ***** улсын дугаартай Honda HRV маркийн суудлын автомашин, 5 ханатай гэр, зурагт, буйдан, гол тогооны ком, угаалгын машин, эргэлтийн хөрөнгө зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 1. 2016 оны 04 сарын 12-ны байдлаар зээлдэгчийн ******** тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 29.395.602,8 төгрөг, хүү 3.978.796 төгрөг байгаа ба Зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 324.822 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж өгнө үү. 2. Барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ***** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч **********нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: **********, хамтран зээлдэгч ****** нарт 15.000.000 төгрөгийн зээлийг 2013 онд, 12.000.000 төгрөгийн зээлийг 2014 онд тус тус олгосон. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөхгүй, зээлийн хугацаа дууссантай холбоотойгоор манай банкны зүгээс нэг шугамын зээлийг сунгаж өгөөд өөрөө 2015 оны 10 сард хүсэлт гарган хоёр зээлээ нэгтгүүлэн шинээр эргэн төлөлтийн хугацаа тохирч, эхний 6 сард зөвхөн хүүгээ төлж байгаад авлагаа цуглуулж бүх зээлээ төлнө гэж хүсэлт гаргасны дагуу манай салбарын зүгээс төв салбар руу хүсэлтийг нь уламжлаад шийдүүлсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 148 хоног хугацаа хэтэрсэн байгаа учраас манайх зээлдэгчээр үндсэн зээл 29.395.602 төгрөг, хүү 3.978.976 төгрөг, тэмдэгтийн хураамж 324.822 төгрөг, нийт 33.699.220 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч *******, **********нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *********, ********** бид ****** аймаг дахь ****** банкнаас 2001 оноос хойш тасралтгүй гарааны зээлээс эхлэн бизнесийн зээл хүртэл өсгөж 15 жил харилцаж зээл авсан. Энэ хугацаанд харилцахдаа нэг өдөр ч зээлийн хэтрэлтгүй, тухай бүр нь, яг цагт нь зээлээ төлсөөр ирсэн. 2014 оноос хойш ар гэрт маань гачигдал гарч, эхнэр ******* маань хүнд өвдөж би гэртээ өвчтэй хүн харах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж асрах болсноор хөдөө, сумынханд зээлсэн бараа, гурил будааны үнэ, мөнгө төгрөгийн авлагаа цуглуулж авч чадалгүй, түүхий эд, ноос ноолуурын ханш унасан зэргээс шалтгаалан бизнесийн ажил маань зогссон. Ингээд тус банкнаас авсан зээлийнхээ хүүг 2015 оны 11 сараас хойш хийж чадахгүй байсаар зээлийн хүү өсөж, ****** банк шүүхэд хандсан. Бид үлдсэн өр авлагаа 2016 оны 06 сард цуглуулж, 2016 оны 07 сарын 01-ний дотор тус банкны хүүг бүрэн барагдуулж, 07 сарын 01-ний өдрөөс хойш үндсэн төлөлтөө хүүний хамт графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч *********нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би ***** банктай 2001 оноос эхлэн 15 жил гаруй хугацаанд хамтран ажиллаж байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд амьдралын бэрхшээлээс болоод төлж чадахгүй байгаа. Барьцаа хөрөнгийн хувьд манайх 3 хүүхэдтэй ам бүл тавуулаа. Тэр барьцаа хөрөнгийг аваад үлдэх санаатай байгаа. Би хүмүүсээс авах авлагаа цуглуулж хүүгээ төлчихөөд эргээд шинээр зээлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна. Бөөнөөр бол төлөх боломжгүй. Өөр татгалзаж, санал зөрсөн зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
********банкны ******* салбар нь ************, ********* нарт холбогдуулан ******** тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 29.395.602,8 төгрөг, хүү 3.978.796 төгрөг, нийт 33.374.398,8 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
************, ***********нар нь ****** банкны ********** салбараас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 15.000.000 сая төгрөгийг 24 сарын хугацаатай авсан болох нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ********дугаартай Зээлийн шугамын гэрээ,
Өрхийн хэрэглээний зориулалтаар 12.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ********* дугаартай Зээлийн гэрээгээр тус тус нотлогдож байна.
Улмаар зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж нөхцөл өөрчлүүлэх хүсэлтийн дагуу *********банкны ********салбар нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай Зээлийн нэмэлт гэрээг байгуулсан байна.
Нэхэмжлэгч *******банкны ************ салбар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ********* дугаартай Зээлийн нэмэлт гэрээний 2.1 дэх хэсэгт гэрээнд дурдагдаагүй Үндсэн гэрээний бусад заалтууд хуучин хэвээр мөрдөгдөхөөр заасан байна.
2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ********* дугаартай Зээлийн шугамын гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ****** дугаартай Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд гэрээ цуцлах нөхцөлийг зохицуулсан байх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.1-д зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд хэсэгчлэн болон бүрэн биелүүлээгүй, 5.1.4-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг зээлдэгчээс шаардахаар заажээ.
Зээлдэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ********* дугаартай Зээлийн гэрээний 3.2.1, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******** дугаартай Зээлийн шугамын гэрээний 3.4.1 дэх хэсэгт заасан зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөхгүй, зээлийн хугацаа дууссантай холбоотойгоор манай банкны зүгээс нэг шугамын зээлийг сунгаж өгөөд, өөрөө 2015 оны 10 сард хүсэлт гарган хоёр зээлээ нэгтгүүлэн шинээр эргэн төлөлтийн хугацаа тохирч, эхний 6 сард зөвхөн хүүгээ төлж байгаад авлагаа цуглуулж бүх зээлээ төлнө гэж хүсэлт гаргасны дагуу манай салбарын зүгээс төв салбар руу хүсэлтийг нь уламжлаад шийдүүлсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй...” гэх тайлбар, хариуцагчийн “...банкнаас авсан зээлийнхээ хүүг 2015 оны 11 сараас хойш хийж чадахгүй байсаар зээлийн хүү өсөж, Хас банк шүүхэд хандсан...” гэх тайлбарууд, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нь зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахыг хүссэн болох нь “...2016 оны 07 сарын 01-ний дотор тус банкны хүүг бүрэн барагдуулж, 07 сарын 01-ний өдрөөс хойш үндсэн төлөлтөө хүүний хамт графикийн дагуу төлж барагдуулна. Бөөнөөр бол төлөх боломжгүй. Өөр татгалзаж, санал зөрсөн зүйл байхгүй...” гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Манайх өөрийнх нь хүсэлтийн дагуу 2015 оны 04 дүгээр сард шугамын зээлийн гэрээг сунгаж өгсөн, дараа нь 2015 оны 10 сард хоёр зээлийн гэрээг нь нэгтгэж өгсөн. Энэ байдлаар яваад байвал улам хүнд нөхцөлд орох болно...” гэж тайлбарлан хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан байна.
Иймд хариуцагч *********, ******** нараас үндсэн зээл 29.395.602,8 төгрөг, хүү 3.978.796 төгрөг, нийт 33.374.398,8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********банкны ******* салбарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч ****-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.822 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ********, ********** нараас 33.374.398,8 төгрөгийн тэмдэгтийн хураамж 324.822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******банкны ****** салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар *******тоот зээлийн гэрээний үндсэн зээл 29.395.602,8 төгрөг, хүү 3.978.796 төгрөг, нийт 33.374.398,8 төгрөгийг хариуцагч *********, ******* нараас гаргуулж********банкны ***** салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.822 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ***********, ******** нараас 33.374.398,8 төгрөгийн тэмдэгтийн хураамж 324.822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******банкны ********* салбарт олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ