Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00546

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00546

 

 

 

2024 03 20 210/МА2024/00546

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 18-ны

өдрийн 183/ШШ2023/04268 дугаар шийдвэртэй

Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Б Ө к- ХХК, Х О к- ХХК нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг Б Ө к- ХХК-д даалгах, өмгөөллийн хөлс 3,500,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагч Б Ө к- ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б-а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагч Б Ө к- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Очир, хариуцагч Х О к- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь Б Ө к- ХХК-тай Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын ---гэрээг 2022 оны 05 арын 19-ны өдөр байгуулж Хан-Уул дүүргийн 2 хороо, 19 хороолол, Чингэсийн өргөн чөлөө, Н- хотхоны -- 61.62 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтай /2 давхарт/ талбайг худалдан авсан. Гэрээний 1.1-д заасны дагуу тус талбайн үнэ 369,720,000 төгрөгийг Б Ө к- ХХК болон Х О к- ХХК-ийн хооронд байгуулсан 12 тоот гэрээний дагуу төлбөрт тооцохоор тохиролцсоны дагуу хариуцагч Х О к- ХХК-д бүрэн төлсөн.

Б Ө к- ХХК нь дээрх талбайн эзэмшилийг надад шилжүүлсэн хэдий ч тус хоёр компани хоорондын асуудлаас болж үл хөдлөх хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахтай холбоотой бичиг баримт материалыг гаргаж өгөхгүй хохироосоор байна. Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Б Ө к- ХХК-д даалгаж, энэхүү маргааны улмаас би өмгөөлөгч хөлсөлж өмгөөллийн хөлсөнд 3,500,000 төгрөг төлснийг хариуцагч нараас мөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х О к- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Ж.Б-а нь Б Ө к- ХХК-тай байгуулсан дээрх  Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээгээр 61.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг захиалан бариулсан. Гэрээний 2.2-т зааснаар татвар болон төлбөрийг манай компани хариуцахаар тохиролцсон. Гэрээний тохиролцооны дагуу Ж.Б-а нь манай компанид гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. Харин Ж.Б-ын өмгөөлөгчид төлсөн хөлс 3,500,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Б Ө к- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани иргэн Ж.Б-атай 2022 оны 05 сарын 19-ний өдөр ---Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-т ...12 тоот гэрээний үүрэг хангагдаж 12 тоот гэрээг дүгнэснээр төлбөр төлөгдсөнд тооцогдоно. Х О к- ХХК-ийн 2022 оны 05 сарын 19-ний өдрийн -захиалгын гэрээг Ж.Б-ад шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж, мөн гэрээний 1.2-т Х О к- ХХК нь 12 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл Б Ө к- ХХК нь Ж.Б-аад ямар нэгэн үүрэг хүлээхгүй" гэж тус тус заасан. Гэвч Х О к- ХХК нь өнөөдрийг хүртэл ---- загварын амины орон сууцыг 444 гэрээнд зааснаар манай компанид хүлээлгэн өгөөгүй тул мөн манай компани нь ---гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Б-ын өмнө ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй.

Б Ө к- ХХК нь 2021 оны 02 сарын 26-ны өдрийн Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээнээс татгалзсаныг 2023 оны 02 сарын 15-ны өдөр 51 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр Х О к- ХХК-д мэдэгдсэн. Ийнхүү гэрээнээс татгалзсанаар Х О к- ХХК-аас үйлчилгээний талбайг шаардах эрхийг шилжүүлж авсан Ж.Б-атай байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нэгэн адил хэрэгжинэ гэж үзэж байна. Дээрх байдлаас манай компани Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид маргаж буй хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй тул үүргийн гүйцэтгэлийг саатуулан барьсан болно. Өнөөдрийн байдлаар дээрх нөхцөл байдал биелэгдээгүй тул нэхэмжлэгчийг үйлчилгээний зориулалттай 61.62 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зардлыг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлсөө харилцан тохиролцон тогтоосон тул үүнийг зайлшгүй гарах ёсто зардал, хохиролд тооцох үндэслэлгүй бөгөөд ---гэрээнд энэ талаар зохицуулаагүй. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан 12, ---гэрээний үүрэг өнөөдрийн байдлаар бүрэн биелэгдээгүй, нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох эрх зүйн үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б Ө к- ХХК-аас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, Н- хотхоны --- барилгын 2 дугаар давхарт байрлах, 61,62 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж нэхэмжлэгч Ж.Б-ад олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өмгөөллийн хөлс 3,500,000 төгрөг гаргуулах болон хариуцагч Х О к- ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,077,500 төгрөгөөс 141,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлөгдсөн 1,936,350 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас, хариуцагч Б Ө к- ХХК-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-ад олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Б Ө к- ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. "Б Ө к-" ХХК-ийн Ж.Б-тай байгуулсан ---гэрээний 1.2-т зааснаар "Х О к-" ХХК нь 12 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл "Б Ө к-" ХХК нь Ж.Б-аад ямар нэгэн үүрэг хүлээхгүй" гэж, мөн гэрээний 2.1-т "Худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн төлбөр 369,720,000 төгрөгөөс урьдчилгаа 250,000,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 20-ны өдөр авсан. Үлдэгдэл төлбөр 119,720,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 01-ний өдөр төлнө" гэж, мөн гэрээний 2.2-т "Уг талбайг "Х О к-" ХХК-ийн 2022 оны 05 сарын 19-ний өдрийн А/21 албан тоотын дагуу захиалгын гэрээг Ж.Б-ад шилжүүлж, тухайн үйлчилгээний талбайн НӨАТ болон бусад төлбөр, тооцооны асуудлыг "Х О к-" ХХК хариуцна" гэж тус тус зохицуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл "Х О к-" ХХК нь 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 12 тоот "Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ"-ний үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг манай компани нэхэмжлэгчийн өмнө хүлээхгүй гэж үзэж байна. Учир нь "Б Ө к-" ХХК нь "Х О к-" ХХК-тай байгуулсан 12 тоот "Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ"-нээс татгалзаж байгааг "Х О к-" ХХК, иргэн Ж.Б-а нарт мэдэгдсэн болно. Хариуцагчийн гэрээнээс татгалзах эрх нь худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайн шаардах эрхийг "Х О к-" ХХК-иас шилжүүлж авсан Ж.Б-ад Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан эрх нэгэн адил хэрэгжих зохицуулалтыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

5.2. Манай компани "Х О к-" ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гэрээгээр харилцан шилжүүлсэн үүргийн гүйцэтгэлийг буцаан өгөх үүрэг үүссэн. Иймд "Б Ө к-" ХХК-аас "Х О к-" ХХК-д шилжүүлсэн худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг өмчлөгчийн хувьд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэн авсан Ж.Б-аас буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Б-ад өмчлөх эрх үүсээгүй бөгөөд манай компани "Х О к-" ХХК нарын хооронд байгуулсан гэрээний үүрэг хангагдаж, гэрээг дүгнэснээр төлбөр төлөгдсөнд тооцогдож гэрээний үүргийн гүйцэтгэл хамааралтай байсныг анхан шатны шүүх хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

5.3. Манай компаниас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг иргэн Ж.Б-ад шилжүүлсэн ч "Х О к-" ХХК-аас 12 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэлгүй саатуулан барьсан. Шүүхийн шийдвэрт талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч мөн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан худалдагчийн саатуулан барих эрхийг анхаараагүй, энэ талаар хариуцагч маргасанд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийн эсрэг үүрэг гүйцэтгэгч мөн шаардах эрх хэрэгжүүлэх боломжтой бол энэ үүргийг биелүүлэх хүртэл хариу үүргээс татгалзах эрхтэй байх ба үүрэг гүйцэтгэгчийн саатуулан барих эрхийг зохицуулдаг. Ийнхүү саатуулах эрхийн хувьд харилцан шаардах эрхүүдэд холбоотой буюу нэг ижил эрх зүйн харилцаанаас үүдэлтэй байх урьдчилсан нөхцөл тавигддаг. Ж.Б-а нь маргаан бүхий үл хөдлөх эд херенгийн төлбөрийг "Х О к-" ХХК-д бүрэн төлсөн гэх боловч "Х О к-" ХХК нь манай компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир бид өмчлөх эрхийг Ж.Б-ад шилжүүлэлгүй саатуулан барих эрхээ хэрэгжүүлснийг анхан шатны шүүх зөрчиж, хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Б Ө к- ХХК-ийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Ж.Б-ад огт хамааралгүй -- гэрээг дурдаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдаж авсан талбайг Ж.Б-ад акт үйлдэж шилжүүлж өгсөн. ---гэрээний 4.3, 4.4-д заасан үүргээ биелүүлэх талаар Б Ө к- ХХК-д хүсэлт гаргахад, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөөгүй. Б Ө к- ХХК нь шүүхэд эвлэрэх хугацаа олгохыг хүсэж шүүх хуралдааныг хойшлуулсны дараа тус компанитай уулзахад Х О к- ХХК-тай маргаантай байгаа учир энэ асуудлаа эхэлж шийдвэрлүүлэх хэрэгтэй байна, танайд 02 сард бичиг баримтуудыг гаргаж өгье гэж санал тавьсныг хүлээн авах боломжгүй учир шүүхээр маргаанаа шийдвэрлүүлсэн. Б Ө к- ХХК нь Ж.Б-ад холбогдуулж саатуулан барих эрх эдлэх боломжгүй бөгөөд Б Ө к- ХХК, Х О к- ХХК нарын хооронд л энэ эрх хэрэгжих боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б Ө к- ХХК нь акт үйлдэн талбайг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн учраас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Б Ө к- ХХК-ийн давж заалдах гомдолд хариуцагч Х О к- ХХК-аас тухайлан тайлбар гаргах тайлбаргүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ж.Б-а нь хариуцагч Б Ө к- ХХК, Х О к- ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, Н- хотхоны -- барилгын 2 давхрын 61.62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Б Ө к- ХХК-д даалгах, өмгөөллийн хөлс 3,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй, бүрэн тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Нэхэмжлэгч Ж.Б-а, хариуцагч Б Ө к- ХХК нарын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан ---худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын ---гэрээний 1.2-т Х О к- ХХК нь №12 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл Б Ө к- ХХК нь Ж.Б-аад ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж гэрээний үүргийг биелүүлэх нөхцөлийг талууд тохиролцжээ.

Энэхүү тохиролцооноос үзвэл хариуцагч Б Ө к- ХХК-аас нэхэмжлэгч Ж.Б-ад гэрээний зүйл болсон 61.62 м.кв талбайн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг нь хариуцагч Х О к- ХХК-тай 2021 оны 02 сарын 26-ны өдөр байгуулсан -Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захилагын гэрээний үүргээ Х О к- ХХК биелүүлсэн эсэхээс шалтгаалах үр дагавартай гэж үзэхээр байна.

 

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б Ө к- ХХК-ийн Х О к- ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж 1,291,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, уг нэхэмжлэлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 сарын 28-ны өдрийн  Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. Иймд хариуцагч нарын хооронд дээрх - гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой эрх зүйн маргаан үүссэн гэж үзэхээр байна.

Уг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа эсэх талаар хариуцагч Б Ө к- ХХК-аас тус маргаан нь анхан шатны шүүхэд хянагдаж байгаа гэж, хариуцагч Х О к- ХХК-аас маргааныг хянан шийдвэрлэж дууссан, Б Ө к- ХХК шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй гэж хариуцагч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Хариуцагч Б Ө к- ХХК-ийн Х О к- ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй учир манай компани уг 61.62 м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэггүй, саатуулан барих эрхтэй гэх татгалзалтай холбоотойгоор нэхэмжлэгч Ж.Б-ын 61.62 м.кв талбайг хариуцагч Б Ө к- ХХК-аас шаардах эрх нь хариуцагч Х О к- ХХК-аас - гэрээний үүргийг хариуцагч Б Ө к- ХХК-ийн өмнө биелүүлснээр үүсэх эсхүл бие даан шаардах эрх үүсэх эсэхийг, мөн хариуцагч нарын хооронд дээрх - гэрээтэй холбоотой үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн эсэхийг тус тус тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

 

6. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан зөрчилд хамаарах бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулгаар гаргасан хариуцагч Б Ө к- ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 183/ШШ2023/04268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б Ө к- ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ