Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00547

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00547

 

 

 

2024 03 20 210/МА2024/00547

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 18-

ны өдрийн 182/ШШ2024/00336 дугаар шийдвэртэй

С.Б-ын нэхэмжлэлтэй, ШШГЕГ-ын-харьяа БТБГ-холбогдох

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 27-ны өдрийн 000 тоот- шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2008 оны 03 сарын 20-ны өдрийн 001 дугаар-тай гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөрт ногдох хэсгийн төлбөрийг бүрэн биелүүлснийг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхшүр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 27-ны өдрийн 000 тоот- шийтгэх тогтоолоор Ц.Т-ийг ЭХТА-ын 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.17, 148 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, У.Э-, С.Б-, Д.Д- нарыг ЭХТА-ын 148 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож ял оногдуулж, хохиролд 11,630,989,549 төгрөгийг 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж 1875 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Нэг шүүгдэгчийн төлбөл зохих төлбөр 2,907,747,387 төгрөг болсон. Шийтгэх тогтоолын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхээс 2008 оны 03 сарын 20-ны өдөр 001 дугаар-тай гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 11,515,304,088 төгрөгийг бодитоор төлж барагдуулсан байдаг. У.Э-, Д.Д- нараас өөрт ногдох хэсгийн төлбөрийг бүрэн биелүүлснийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 002 тоот- шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 0003 дугаар магадлалаар тус тус тогтоосон.

Дээрх шийтгэх тогтоолоор Ц.Т-д цаазаар авах ял оноосныг гүйцэтгэж шүүхийн шийдвэр биелэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д зааснаар талийгаачид ногдох хэсгийн үүрэг дууссаныг С.Б-аас гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж хүний эрхэнд халдаж байгаа үйлдэл юм. Надад ногдох төлбөр 2,907,747,387 төгрөгийг бүрэн биелүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гадаадад зорчих эрхээ сэргээлгэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан ч татгалзсан хариу өгсөн.

Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 27-ны өдрийн 000 тоот- шийтгэх тогтоолын дагуу С.Б-ад ногдох төлбөр 2,907,747,387 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулсныг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг ШШГЕГ-ын-харьяа Банк төлбөр барагдуулах газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 27-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 08 сарын 06-ны өдрийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 12 сарын 10-ны өдрийн 01 тоот- тогтоолоор шүүгдэгч Ц.Т-, Д.Д-, С.Б-, У.Э- нараас 11,630,989,549 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж 1875 хохирогчид олгох, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг хохиролд хувь тэнцүүлэн тооцож олгохыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд заасны дагуу битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохирогч нарын хохиролд тооцож олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль, журмын хүрээнд зохион байгуулж байгаа.

Нэхэмжлэгч С.Б-ын болон бусад төлбөр төлөгчийн хуваарьт болон эзэмшлийн хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй. Худалдан борлуулж хохиролд тооцсон хөрөнгийг Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч С.Б-ын хуваарьт хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрт ногдох төлбөрийг мөнгөн болон өөрийн хөрөнгөөр барагдуулаагүй, шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс 281,221,142.5 төгрөг төлөгдөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ц.Т- нас барсан буюу С.Б- нь өөрт ногдох төлбөрийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б- нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 27-ний өдрийн шийтгэх тогтоолд заасан төлбөрийн өөрт оногдох 2,907,747,387 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсныг тогтоож, түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагч ШШГЕГ-ын-харьяа Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийтгэх тогтоолд ялтан Ц.Т-, Д.Д-, С.Б-, У.Э- нар нь 2005 оны 04 сараас эхлэн хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах хугацаанд иргэдийн мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр татан төвлөрүүлж, уг мөнгөн хөрөнгөөс хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, ашигт малтмалын лиценз, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг худалдан авах, бусад худалдаа, үйлчилгээний ажиллагаанд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх зэргээр хадгаламж эзэмшигч нарын мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэж үзэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохирогч нарын хохиролд хувь тэнцүүлэн тооцож олгохыг шүүхээс шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль, журмын хүрээнд зохион байгуулж байна.

Нэхэмжлэгч С.Б-ын болон бусад төлбөр төлөгчийн хуваарьт болон эзэмшлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй болно. Худалдан борлуулж хохиролд тооцсон хөрөнгийг Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч С.Б-ын хуваарьт хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрт ногдох төлбөрийг мөнгөн болон өөрийн хувийн хөрөнгөөр барагдуулаагүй.

Шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс 281,221,142.5 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ц.Т- нас барсан буюу С.Б нь өөрт ногдох төлбөрийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр дуусгавар болгох хуулийн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэгдсэн эд хөрөнгийг бүрэн хурааж дуусаагүй байсан. Эд хөрөнгийг хураагдаж дуусаагүй байхад хувь хүний хөрөнгөд үйл ажиллагаа явуулах ёсгүй гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Хураагдсан эд хөрөнгөөс 400,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгийг худалдан борлуулаад үлдсэн төлбөрийг барагдуулах боломжтой. Үлдэгдэл төлбөрийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гаргасан тооцоогоор 281,000,000 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 115,000,000 төгрөг гэсэн ба үлдэгдэл төлбөрийн үнийн дүн зөрүүтэй, маргаан гарч ирсэн. Үлдсэн эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулбал төлбөр бүрэн барагдах боломжтой гэж шүүх үзсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч ШШГЕГ-ын-БТБГ-холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 27-ны өдрийн 000 тоот- шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2008 оны 03 сарын 20-ны өдрийн 001 дугаар-тай гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөрт ногдох хэсгийн төлбөрийг бүрэн биелүүлснийг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй гэж маргажээ.

 

3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 27-ны өдрийн 005 дугаартай- Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Т-ийг бусдыг санаатай алах гэмт хэрэг, мөн Ц.Т-, У.Э-, Д.Д-, С.Б- нарыг бүлэглэн бусдыг залилж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулан, хохиролд 11,630,989,549 төгрөгийг 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж 1,875 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 03 сарын 20-ны өдрийн 001 дугаар-тай гүйцэтгэх хуудас олгогдсоноор шийтгэх тогтоолыг биелүүлэх ажиллагаа явагджээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг худалдан борлуулах журмаар 11,630,989,549 төгрөгийн хохирол барагдуулах ажиллагааг гүйцэтгэснээс 281,221,142 төгрөгийн хохирол барагдаагүй, уг хохирлыг хураагдсан хөрөнгөөс барагдуулах ажиллагаа үргэлжилж байгаа нь зохигчийн тайлбар, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 0/0000- тоот албан бичгээр тус тус тогтоогджээ.

 

4. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 005 дугаартай- шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 006 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 0003 дугаартай магадлалаар У.Э-, Д.Д- нар шийтгэх тогтоолд заасан төлбөрийг бүрэн барагдуулсныг тогтоож, тэдгээрт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллага эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаагүйг талуудын зарчимд үндэслэн явагдсан иргэний хэргийн талууд хүлээн зөвшөөрч дуусгавар болгосон гэж үзэхээр байна. Харин хохирол барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг С.Б-ад холбогдуулан явуулж байгааг тэрээр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

5. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрөөс 281,221,142 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байхад уг ажиллагааг зөвхөн С.Б-ад холбогдуулан явуулж буй нь үндэслэлгүй, төлбөрт хураагдсан Төв аймгийн Борнуур суманд орших 402,484,450 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үлдэх төлбөрийг барагдуулах боломжтой гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар эс биелүүлбэл албадан гүйцэтгэх журамтай. Хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол биелэгдэж дуусаагүй, төлбөр барагдуулах ажиллагаа явагдаж байх тул уг төлбөрийг хариуцвал зохих этгээд болох С.Б-ыг мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

Төлбөрийг шийтгэх тогтоолд заасан шүүгчдэгч нарын хувийн эд хөрөнгөөр барагдуулах ажиллагаа хийгдээгүй нь нэхэмжлэгчийн зүгээс шийтгэх тогтоолд заасан төлбөрийн өөрт ногдох хэсгийг бүрэн биелүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдээр хохирол барагдуулах ажиллагааг гүйцэтгэснийг шүүгчдэгч нарын хувийн эд хөрөнгөөс хувь тэнцүүлэн гаргуулж төлбөрийг барагдуулсан гэж дүгнэхгүй.

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Б-ыг шийтгэх тогтоолоор тогтоосон 11,630,989,549 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлж, түүнд хамаарах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/00336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ШШГЕГ-ын-БТБГ-холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 27-ны өдрийн 000 тоот- шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2008 оны 03 сарын 20-ны өдрийн 001 дугаар-тай гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөрт ногдох хэсгийн төлбөрийг бүрэн биелүүлснийг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ