| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0059/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 10.2., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
иргэдийн төлөөлөгч Ж.П-,
шүүгдэгч С.Т-, түүний өмгөөлөгч И.Жамъян, П.Төрбат
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С- овогт С-гийн Т-т холбогдох эрүүгийн 181002360000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 56 дугаар байрны 0 тоотод түр оршин сууж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С- овогт С-гийн Т-,
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Т- нь 2018 ны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 56 дугаар байрны 0 тоотод гэртээ хамтран амьдрагч Ц.М-г хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, олон тооны шарх гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг
Шүүгдэгч С.Т-аас: “...Би 10 дугаар сарын 10-ны өглөө СӨХ-ийн заслын ажил хийж байсан. Би ажилдаа өглөө гараад, орой нь ажлаасаа буудаг. Би өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би орой ажлаа тараад гэртээ очиход манай эхнэр хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Талийгаач хүүхдийн сүү аягалах гээд зогсож байхад нь хүүхэд орон дээр уйлаад сууж байсан. Би “ хар ус хаанаас уусан бэ” гэхэд манай эхнэр намайг харчихаад нөгөө өрөө рүү орсон. Би хүүхдээ угжаар хооллох гэтэл яаж хооллохыг мэдэхгүй байсан. Тэгээд би эхнэрээ сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ хөл рүү нь 3 удаа өшиглөсөн гэдгээ мэдэж байна. Тэгээд би хүүхдээ тэврээд байж байтал надтай ажиллаж байсан Шашка гэх манай байрны залуу манайд орж ирсэн. Би Шашкагаас хүүхэд яаж угждаг талаар асуухад “би мэдэхгүй, дүүгээсээ асууя” гэсэн. Тэгээд Шашка дүүгээсээ “хүүхдийн сүү яаж найруулах вэ” гэж асуухад дүү нь “50 грамм бүлээн усанд найруул” гэж хэлсэн. Тэгээд би 50 грамм усанд сүүг нь найруулаад хүүхдээ хооллоод унтуулсан. Миний уур хүрээд хүүхдийнхээ утсыг авч гараад Шашкатай хамт архи уусан. Би хүүхдүүдийг хүрээд ирэхээр нь архиа ууж дуусгаад Шашкаг гадаа гаргаж өгсөн. Би архи уусан орой нь эхнэрээ зодсон юм шиг байна. Энэ талаараа би сайн мэдэхгүй байгаа...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гээс: “...Би амь хохирогчийн том ах. Талийгаач Т- нар нь 1999 онд танилцаж гэр бүл болсон. Би 2-3 удаа талийгаачийг ээжийн гэрт ирсэн байхад нь нүүр нь хөхөрсөн байсныг харж байсан. Би талийгаачтай ганцаарчлан уулзаад “чи Т-аас салсан нь дээр юм биш үү” гэж хэлж байсан. Манай талийгаач үг дуу цөөтэй хүн учир хүнтэй их яриад байдаггүй. Хамгийн сүүлд 10 дугаар сарын 10-ны орой 16 цагийн үед намайг ажил руугаа явж байхад талийгаачтай тааралдахад талийгаач надаас “та хаашаа явж байгаа юм бэ гэж асуусан” би “ах нь ажил руугаа явж байна” гэж хэлсэн. Тухайн үед би талийгаачтай хэдэн үг солиод л ажил руугаа явсан. Би нэг зүйлийг их гайхаж байна. Талийгаачийг “байнга согтуу байдаг” гэж ярьж байна. Би талийгаачийг согтуу байхыг нь энэ амьдралдаа үзэж байгаагүй, архи үнэртүүлээд явж байсныг нь ч хараагүй. Би өөрөө ч архи, тамхи хэрэглэж үзээгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцахад маш олон хавирга хугарсан байсан. Талийгаачийг хүүхдүүд нь орон дээр хэвтүүлээд арга хэмжээ авсан байхад яагаад ийм зүйл болсон гэдгийг ойлгохгүй байна. Өчигдөр Т-ын өмгөөлөгч намайг дуудаж уулзсан. Хохирол төлбөрт 4.000.000 төгрөг өгсөн. Бусад баримтуудыг цуглуулж чадаагүй. Манай ээж хэвтэрт байгаа. Энэ хүмүүс миний дүүг согтуу байсан гэж буруутгаж байна. Үүнийг ойлгохгүй байна. Миний сэтгэл санаа хэцүү байгаа тул ярьж болохгүй байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гийн: “...хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд гэрийнх нь гадаа бид хоёр тааралдаж уулзсан.... архи хэрэглээгүй эрүүл байсан. Та хаачих гэж байгаа юм бэ гэж надаас асуухад нь ах нь ажил руугаа явж байна гэж хэлэхэд би байрны гаднах газарт унасан навчийг цэвэрлэх гэж байна гэж яриад би цаашаа салаад ажил руугаа явсан... нүүрэнд нь лав ил харагдах шарх гэмтэл сорви байгаагүй ээ. Би хааяа нэг дүүгийнхээ гэрт ороход яг л нөхрийнхөө харцаар байдаг, эмэгтэй хүүхэд юм чинь ах дээшээ суу гэж хэлдэг ч үгүй , нөхрийнхөө дарамтад л амьдраад, өөрийн гэсэн ямар ч мэдэлгүй амьдраад байгаа юм шиг надад санагдсан. Нөхрийнхөө талаараа юу ч ярьдаггүй, нүүр ам хөхөрчихсөн байхад хүртэл юм хэлдэггүй... Төрсөн дүүгээ алдсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл оршуулгын зардалд зарцуулсан 4.004.750 төгрөг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23,26 дугаар хуудас/
Гэрч Д.М-ын: “...Тэр өдөр 10 цагаас 14 цаг хүртэл 31 дүүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд навч, хог цэвэрлэж байгаад харьсан. Мөнхөө, О--, Жамаал 3 үлдсэн... тэр өдөр Ц.М-гийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй....Тэр өдөр гэртээ байж байгаад өөрийнхөө хариуцдаг 33 дугаар байрыг цэвэрлээд ер нь л гэртээ байсан. Т- байгаагүй харин Мөнхөө байсан.Мөнхөө ер нь уух дуртай архи сайн ч даадаг. Би мэдэхгүй байна. Мөнхөө хааяа архи уучихсан үед нөхөр нь чи уучихсан юм уу гэж асуухад Мөнхөө үгүй гээд нуугаад байдаг байсан. Ц.М- нь архи уучихсан үедээ ямар ч аашгүй, би уумаар байна л гээд байдаг. Яагаад тэгээд байдгыг нь би мэдэхгүй. Элдвийн ааш байхгүй, даруухан, хий гэсэн ажлаа л хийдэг. Би архинд дуртай юм болов уу гэж бодсон. Ц.М- ажлаасаа надтай дотно байдаг. Манай бэр их давруу юм, мөнгө их нэхдэг гэж хэлдэг байсан. Нөхрийнхөө талаар ярьдаггүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Гэрч Ц.Н-гийн: “...ямар нэг чанга чимээ, хэрүүл маргаан сонсогдоогүй. Би тэр өдөр ажил дээрээ бүтэн байсан. Нөхөр нь 22 цаг 30 минутын орчимд намайг 00-н өрөө рүү ороход зөрөөд гарч байсан. Мөн хүүхдүүд нь бэр нь 21 цаг өнгөрөөгөөд гарч явж байсан би тэр үед дэгүүрээс орж ирж байсан болохоор хаалганы нь хажуугаар явахад нөхөр нь нялх хүүхэд тэврээд сандал дээр сууж байгаа харагдсан. Тэгээд би ажил дээрээ байж байгаад шөнө 00 цаг өнгөрөөгөөд гарахад цагдаа нар ирчихсэн байсан. Хэрүүл маргаан ер нь сонсогдоод байдаггүй. Архи дарс уудаг хүмүүс гэдгийг харж байгаагүй. Нөхөр нь 20 цаг 30 минутын үед орос жижүүр Шашкатай хамт гэрээсээ гарч явж байсан. Нөхөр нь авгайгаа их зоддог гэж сонссон... тэр өдөр эхнэртэй нь үүдээр орж гарч байхдаа тааралдсан биед учирсан гэмтэл гэх зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/
Гэрч Ж.Э-ын: “...Талийгаач бол хүнтэй хэрэлдээд байх хүн биш их даруу, дуугай хүн. Хоорондоо яадаг байсныг нь би сайн мэдэхгүй, байруудыг хариуцдаг....Т- хардаад байдаг гэж талийгаач өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ц-ийн: “...ер нь л 2000 оноос хойш С.Т- нь миний эгчийг байнгын дарамтанд байлгадаг мөн байнга л архи уудаг, уухаараа манай эгчийг зодчихдог, 7 хоногт л нэг удаа манай талийгаач эгчийн нүүр нь хавдаж хөхөрчихсөн явдаг. Тэр болгонд цагдаад өгье гэхээр манай эгч өөрөө хэрэггүй гээд дургүйцээд С.Т-ыг өмөөрөөд байдаг байсан юм. 2017 оны 06 дугаар сард талийгаач эгчийгээ С.Т-аас салгах гээд ээж Халиухаагийн гэрт аваачихсан байхад хүртэл шөнө орой гэхгүйгээр ээжийн гэрч очиж зодоод л аваад явчихдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ц-ын: “...энгийн үедээ бол хэвийн харьцаатай байдаг. Харин архи дарс уусан үедээ бол Т- манай дүүг цохичих гээд байдаг. Бид нар байхгүй байх үед далдуур уохиод зодчихдог юм. Надад бол ямар нэг зүйл хэлдэггүй мөртлөө л хааяа нүд, нүүр орчим нь хөхөрчихсөн байдаг байсан. Би тухайн үед Т- тэгсэн үү гэж асуухад огт юу ч хэлдэггүй дуугай л байгаад байдаг уг хүн нь өөрөө дуугай талын хүн байгаа юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч С.Н-ын: “...Т-, Мөнхөө гэх хүмүүсийг таньж мэднэ. С.Т- миний төрсөн дүү байгаа юм харин Ц.М- нь түүний эхнэр буюу манай бэр байгаа юм... гэр бүлийн асуудлаа надад яриад байдаггүй. С.Т- нь хар бор ажилдаа маш сайн, илүү дутуу зангүй, миний үгнээс гардаггүй ахыгаа болохоор хүндэлдэг юм байлгүй дээ. С.Т- нь нэг уурлавал маш их хүчтэй уурладаг. Тэрнээс биш хэр бараг уурлаад байдаггүй. Аль аль нь надтай согтуу таарч байгаагүй учраас би мэдэхгүй байна. сүүлийн үед ах дүү нараас Ц.М- архи уугаад байгаа гэж сонсогдсон...”гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ц-гийн: “...би өөрөө тусдаа гараад Орхон аймагт 9 жил амьдарч байгаа. Тэр болгон би Улаанбаатар хотод ирж очоод байж чаддаггүй. Ээжтэйгээ гар утсаар ярьж эгчийнхээ яаж амьдарч байгаа талаар нь асуух болгонд л нөхөр нь эгчийг чинь зодчихсон байна, нэг ярихад манай гэрт байгаа нэг ярихад аваад явчихсан гэж ярьдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Гэрч М.-ын: “...тэгээд 20 цаг өнгөрч байхад кино дуусаад аав руу утсаар ярихад ээж архи уугаад тасарчихсан унтаж байна гэхээр нь утсаа таслаад 20 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд жижиг өрөөний шалан дээр ээж дээшээ харсан байдалтай унтаж байсан аав наад талын өрөөнд “Хараа” нэртэй архи тавьчихсан уугаад сууж байсан тэгээд аав дүү бид хоёр луу агсраад та хоёрын төлөө би бүх насаараа зүтгэж байна ээж чинь архи уугаад хэвтэж байна гээд үглээд байхаар нь би за за бид оройтлоо одоо гэр лүүгээ харьлаа та маргааш манайд хүрээд ирээрэй гэж хэлээд эхнэр хүүхэд бид 3 гэр лүүгээ явсан тухайн үед манай дүү Баярсайхан гэрт үлдсэн. Тэгээд гэртээ дөнгөж ороод байж байхад дүү Баярсайхан утсаар ярьж ээжийн зүрх нь цохилохгүй байна хурдан хүрээд ирээч гэсэн. Тэгээд би эхнэрийн хамт гэрт ирэхэд аав унтчихсан байсан ээжийг харахад царай нь цайчихсан байхаар нь 103 руу залгаж түргэн тусламж дуудсан. Түргэн ирээд нас барчихсан байна гэж хэлсэн. Өдөр хүүхдээ үлдээгээд явахад ээж архи уугаагүй байсан. Ээж элэгний хатуурал С вирустай байсан. Эмнэлэгийн хяналтанд байж байгаад одоогоос 3 жилийн өмнө больсон. Хэзээ ямар давтамжтай уудаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ер нь архи их уудаг байсан. Ээж гэрт согтуу ирэхээрээ аавтай хэрэлдэж, маргалддаг байсан тэрнээс болж аав цохиж байсан асуудал гарч байсан нарийн сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Б-ы: “... Тэнгис кино театрт кино үзчихээд 21 цаг өнгөрөөд ирэхэд аав том өрөөнд ганцаараа архи уугаад сууж байсан. Ээж Ц.М- жижиг өрөөний шалан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Баяржаргал ахын хүүхэд орон дээр унтаж байсан. Тэгээд аав ажлаа хийж байгаад орж ирэхэд ээж чинь архи уучихсан тасарчихсан байдалтай шалан дээр хэвтэж байна. Тэгээд бид нарыг яах гэж ээжийгээ ганцааранг нь үлдээсэн юм. Тэгээд ээж чинь архи уучихсан байна гээд бид нарыг загинаад байсан. Ээжийгээ өргөөд орон дээр хэвтүүлэх гэсэн чинь аав орон дээр хэвтүүлж яах гээд байгаа юм газар хэвтэж байг гээд бид нарыг загинаад байсан. Тэгээд аав ээжийг сэрээх гээд ус нүүр рүү нь цацаад байсан. Тэгэхээр нь би болиулаад аавыг унтуулах гээд орон дээр сууж байхад ах Баяржаргал, эгч Нандинцэцэг нар хүүхдээ аваад харих гээд яваад өгсөн. Тэгээд би аавыг хэвтүүлээд гэрлээ унтраагаад хэсэг сууж аавыг унтахыг хүлээж унтахаар нь гэрлээ асаагаад нойл орчихоод эргээд орж ирээд ээж рүү харсан чинь ээжийн царай сонин болчихсон амьсгалахгүй байх шиг байхаар нь би амаар нь хиймэл амьсгаа хийгээд цээжин дээр нь дарсан чинь амьсгалахгүй байхаар нь ах Баяржаргалын гар утас руу нь залгасан. Тэгээд манай ах гэр рүү ирэхдээ түргэн дуудсан байсан. Тэгээд ах Баяржаргал түргэний эмчтэй хамт орж ирээд түргэний эмч үзээд нас барчихсан байна гэсэн. Тэгээд манай ах дуудлага өгсөн. Гэрт ирэхэд чимээтэй хурхираад амьсгалж байсан. Бид нар өргөх гэж оролдоогүй. Бид нар хүүхдээ үлдээгээд явахад ээжийн толгой болон биед нь гэмтэл байгаагүй. Харин 21 цагийн үед гэрт ирэхэд ээж жижиг өрөөний шалан дээр дээшээ харсан байдалтай хэвтсэн, зүүн мөр нь хөхөрсөн, зүүн шанаа нь хөхөрсөн, зүүн гарны тохойн хэсэгт бага зэрэг хөхөрсөн байсан. Толгойг нь би анзаарч хараагүй. Аав С.Т-, ээж Ц.М- хоёр таарамж муутай байдаг учир хэрүүл маргаан хийхээрээ заримдаа уурлаад ээжийг зоддог байсан. Зодохдоо гараараа цохиж зоддог. Намайг аав цохиж зодож дарамталж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-гийн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 10 цагаас эхлэн Мөнхөө, О--, Жамалхаан бид нар 31 дүгээр байрны хойд талын навчийг цэвэрлэсэн. Орой 19 цаг 30 минутын орчимд О-- бид 2 Мөнхөөг амьдардаг байрных нь орцных нь гадаа хүргэж өгөөд явсан... Бид нарыг хамт навч цэвэрлэж байхад гэнэт л согтоод эхэлсэн яг архи ууж байхыг нь бол хараагүй.... хаанаас авч уусан талаар асуухад хэлэхгүй байсан. Навч цэвэрлэж байхдаа хэн нэгэнтэй уулзаагүй. Биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй. Гэрээсээ дахин гарч ирэээгүй бид гадаа түүсэн навчаа хогийн сав руу хэсэг хугацаанд зөөж хийж байсан юм. Тэр хугацаанд Мөнхөө нь хэн нэгэнтэй архи уугаагүй, маргасан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
Гэрч Френк О--гын: “...Би 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд жижүүрээр ажиллаж байна. Тухайн өдөр Мөнхөө нь нэг харсан чинь согтоод байсан. Ийш тийш яваагүй байж согтоод байсан. Тэгээд орой 19 цаг 30 минутын орчимд бүр их согтоод мод налаад зогсож байсан. ... тэгээд гэртээ ор гээд байрных нь орц руу орох хүртэл би хараад зогсож байсан. Ямар нэгэн асуудалгүй орсон. Нараа бид 2 гадаа цуглуулсан навчаа хогийн сав руу хийх хүртэл дахин гарч ирээгүй... дараа нь өвсөн дундаас 0,33 граммын архины шил гараад ирсэн яг тэр орчимд гадны ямар нэгэн хүн яваагүй... тэр үед Мөнхөөгийн биед шарх гэмтэл ёстой байхгүй байсан... нэг удаа Мөнхөө нь нөхөртөө туслах гээд ирэхэд нь нүүр нь битүү хөхөрсөн байсан яасан бэ гэж асуухад бөөр өвдөөд гэж хэлж байна бөөр өвдөхөд хүний нүүр тийм болохгүй. Би тэр үед зодсон байж магадгүй гэж бодож байсан. ...талийгаач нь хэнд ч хоргүй, тайван, хэзээ ч хэрүүл хийдэггүй, дуу цөөтэй хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,
Шинжээч Ц.Нандинцэцэгийн: “... дээрх гэмтлүүд учирсан тохиолдолд хөдөлгөөн хийх боломж багатай. Дотуур цус алдсан хэмжээ болон олон хавирганы хугарал гэмтэл зэргээс үзэхэд нас барахын өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.”гэх мэдүүлэг /хх-ийн83-84 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд
2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 05-11 дүгээр хуудас/,
2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 12-17 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 2258 дугаартай шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 93-96 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 5967 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 10784 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 12311 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 05/739 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 10786 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 10785 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 5967 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 5962 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 120 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 5963 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 123 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 05/740 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 126 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 5964 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128 дугаар хуудас/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 985 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 135 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчийн мэдүүлсэн мэдүүлгүүд
С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрийнхээ хойд талд СӨХ-д подволд заслын ажил хийж байгаад цайны цагаар буюу 13 цаг өнгөрөөгөөд гэртээ орж цай ундаа уухад гэрт Ц.М- ганцаараа байсан. Тэгээд би цайгаа уучихаад ойролцоогоор 20-30 орчим минутын дараа гэрээсээ гараад буцаад ажил руугаа явсан... Тэгэхээр нь би чи хаана уухаараа ингэж их согтдог юм бэ гэж загинаад орон дээр байсан ач охин уйлаад байхаар нь би очиж тэвэрч авсан тэр үед эхнэр нөгөө өрөө рүү буюу унтлагын жижиг өрөө рүү ороод шууд газарт унасан. Тэгэхээр нь би хойноос нь очоод хүүхддээ сүү өгөөч ээ гэж хэлээд зүүн хөлнийх нь гуя орчимд нь 2-3 удаа өшиглөөд хүүхэд угжаач ээ, би энийг чинь мэдэхгүй байна гэж хэлсэн чинь миний өөдөөс ямар нэг юм хэлээгүй. Тэгээд би байж байтал хамт ажилладаг найз Шашка манай гэрт орж ирэхээр нь охины сүүг яаж найруулдаг юм бэ гэж асуухад мэдэхгүй, би нэг дүүгээсээ асууя гэж хэлээд гар утсаараа дүү рүү гээ залгаж асуухад тэр утсаар ярьсан дүү нь 50 грамм ус хийж байгаад хуурай сүүг нь дээрээс нь хийдэг гэж хэлсэн. Тэгээд Шашка хүүхдийн сүү авч найруулаад бүлээн болгож байгаад би ач охиндоо өгсөн чинь охин унтчихаар нь би орон дээр нь хэвтүүлээд Шашкааг дагуулан гэрээсээ гараад хүү Баярсайханы гар утсыг байрныхаа урд талын тоглоомын талбайд байрлах ТҮЦ-ний залууг гуйж байгаад 10.000 төгрөгөнд барьцаанд тавиад хажуу талынх нь хүнсний дэлгүүрээс 1 шил 0.5 граммын “Хараа” архи худалдаж аваад буцаад гэр рүүгээ Шашкааг дагуулан ороод бид хоёр хувааж уусан. Уг архи дуусаагүй сууж байтал гаднаас Баяржаргал, Баярсайхан, Нандинцэцэг нар орж ирэхээр нь яг цагийг нь сайн мэдэхгүй байна. Та нар яах гэж ээжийгээ ийм согтуу байхад нь хүүхдээ орхиж явсан юм, сүүг нь газарт асгачихсан байна гэж загинасан... Хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Урьд өмнө нь уудаг ч гэсэн тийм болтлоо согтож байгаагүй ээ. Биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Нүүрэн хэсэг нь зүгээр байсан. Хэрэв шарх гэмтэл байсан бол би яасан юм гэж хэлэх байсан. Ц.М- хана түшиж явж байгаад өрөө рүү ороод л шууд газарт унаад хажуу тийшээ буюу ор луу харж баруун тал руу харсан байдалтай хэвтсэн. Би резинен БНХАУ-д үйлдвэрлэсэн гадуур 10.000 төгрөгөөр худалдаалагддаг гуталтай байсан. Хүүхдүүд л ус цацсан байх би бол ус цацаагүй ээ. Яг хэзээ ус цацсаныг би санахгүй байна. Ямар ч байсан ус цацсан санагдаж байна. Ц.М- өрөө рүү ороод газарт унахад амьсгаатай байсан... Хүүхдүүд л цамцыг нь тайлсан байх. Дотор цамцыг нь бол би босооч ээ гэж татахад урагдсан. Талийгаачийн үс самнахаар унадаг байсан. Би үснээс нь татаж зулгаагаагүй. Шашка болон манай хүүхдүүдээс өөр хүн манай гэрт ирээгүй. Хэнтэй архи уусан талаар нь би мэдэхгүй байна. Өөрөөс нь асуухад ганцаараа гэртээ уусан гэж хэлж байсан. Бид хоёр архи хувааж уугаагүй. Хүүхдүүд 20 цагийн орчимд орж ирсэн. Тэр үед Ц.М- газарт л хэвтэж байсан. Би оройтоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Өмнөх хэд хоногийн өмнө ганцаараа архи уусан байсан. Хэн нэгэнтэй бол маргалдаж зодолдсон зүйл байгаагүй. Хүүхдүүд намайг сэрээгээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-152 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 171 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Т-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч С.Т- нь нь 2018 ны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 56 дугаар байрны подволын 0 тоотод гэртээ хамтран амьдрагч Ц.М-г хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, олон тооны шарх гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гийн өгсөн мэдүүлэг,гэрч Д.М-ын мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Ц.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Ц.Ц-жийн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч Ц.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, гэрч Ц.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,гэрч М.Б-ын мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Б-ы мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/, гэрч Б.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/, гэрч Френк О--гийн мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 2258 дугаартай цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн
Шинжээч Ц.Нандинцэцэгийн: “... Дээрх гэмтлүүд учирсан тохиолдолд хөдөлгөөн хийх боломж багатай. Дотуур цус алдсан хэмжээ болон олон хавирганы хугарал гэмтэл зэргээс үзэхэд нас барахын өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Хэд хэдэн удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, унах үед үүсэх боломжгүй. Цээжний битүү гэмтэл болох цээжний зүүн талын 1-10 дугаар хавиргануудын хугарал, цээжний баруун талын 1-4 хавиргануудын хугарал, хугарал орчмын гялтан болон булчингийн цус хуралт, зүүн уушигны авчилт, баруун уушигны доод дэлбэнгийн ар гадаргууд голомтлог няцрал гэмтлүүдийн улмаас үүсгэгдэнэ...”гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 5967 дугаартай шинжээчийн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 10784 дугаартай шинжээчийн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 12311 дугаартай шинжээчийн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 5962 дугаартай шинжээчийн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 5964 дугаартай шинжээчийн
2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 05-11 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 12-17 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Т- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт авагдсан Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 985 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. /хх-ийн 135 дугаар хуудас/,
Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон... хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулахаар, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь ашигласныг, мөн биеэ хамгаалж чадахгүй гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг мэдсээр байж амь насыг нь хохироосныг гэж тус тус ойлгохоор хууль тогтоогч тайлбарлажээ.
Хохирогч Ц.М- нь амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой, биед нь олон тооны шарх гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 2258 дугаартай цогцост хийсэн задлан шинжилгээний шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан “...Талийгаачийн Ц.М-гийн биед цээжний зүүн талын 1-10 дугаар хавиргануудын хугарал, цээжний баруун талын 1-4 дүгээр хавиргануудын хугарал, хугарал орчмын гялтан болон булчингийн цус хуралт, цээжний баруун, зүүн хөндийн цус хуралдалт, зүүн уушигны авчилт, баруун уушигны доод дэлбэнгийн ар гадаргууд голомтлог няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн жижиг голомтлог аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны цус хуралт чамархайн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, шанаа, хацар, эрүүнд зулгаралт, эрүү, мөр, цээж, гуя, шилбэ, өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогджээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч С.Т- болон амь хохирогч Ц.М- нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч 2000 оноос хойш нийт 18 жил хамтран амьдарсан, 2 хүүхэдтэй хуульд заасны дагуу тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд байсан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16.1 дүгээр хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж заасан хүний халдашгүй эрхийг зөрчиж Ц.М-гийн амь насыг хохироосон шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.
Шүүгдэгч С.Т- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гээс гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал хохиролд нэхэмжилсэн 4.005.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гээс гэмт хэргийн улмаас үүссэн гэмт хэргийн хор уршиг сэтгэл санааны хохиролд 50.000.000 / тавин сая/ төгрөг нэхэмжилсэнийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгч С.Т-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Амь хохирогч Ц.М-гийн насанд хүрээгүй хүүхэд М.Баярсайхан нь 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн нь тогтоогдож /хх-ийн 196 дугаар хуудас/ байх бөгөөд түүнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Гэр бүлийн тухай хуулинд зааснаар Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Т-ын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх нийт 98 /ерэн найм/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Хараа” 0.5 граммын архины шил 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан “үс” зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1.С- овогт С-гийн Т-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар С.Т-ыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар С.Т-т оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Т-ын цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан “Хараа” архины шил, үс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.
6. 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн насанд хүрээгүй М.Баярсайханд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шийдвэрлэхийг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар харьяа дүүрэг болох Хан-Уул дүүргийн засаг даргад даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ
ШҮҮГЧИД С.БАЗАРХАНД
Х.ОДБАЯР