Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 206

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: ********** тоотод оршин суух **********-н нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: ************ аймгийн ***********-н Ажлын албанд холбогдох
2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл  ажилгүй байсан хугацааны цалинд 4.823.665 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг  2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, хариуцагч байгууллагын төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч ************* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******** би аймгийн **********-н ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оны 08 сарын 19-ны өдрийн 22 дугаартай, ажлын албаны дарга ********-н гаргасан тушаалаар ажлаас халагдсан. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, 2014 оны 08 сарын 19-ний өдрөөс 2015 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хугацааны цалинг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу гаргуулж байгаа. Миний бие өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. 2015 оны 08 сарын 04-ний өдрөөс 2016 оны 03 сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4.823.665 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ***********нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа боловч Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч ******-н ажилгүй байсан 2015 оны 08 сарын 04-нөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны 4.823.665 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх хэргийн материалтай танилцсан. Ерөнхийдөө эхний удаа нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөх боломжтой. Одоо нэхэмжилж байгаа цалинг гаргаж өгөх боломжгүй, харин ажилдаа орох боломжтой байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ********** нь ************* аймгийн ********-н Ажлын албанд холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл  ажилгүй байсан хугацааны цалинд 4.823.665 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч ************* нь ********-н ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөгджээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг ************нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийдвэрээр *********-г *********** аймгийн *************-н ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2014 оны 08 сарын 19-ний өдрөөс 2015 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 
Улмаар**************** аймгийн **************-н ажлын албаны даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаар тушаалаар *************-г 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн аймгийн ***************-н Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажил хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилсон байна. 
Иймд ********** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу ***********-н 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 6 сар 34 хоногийн олговор 3.526.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.297.415 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 6 дугаар зүйлд зааснаар ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ.
Нэхэмжлэгч**************** нь нийгмийн даатгалын дэвтрээ гээгдүүлсэн ба дэвтрийг нөхөн олгох боломжгүй болох талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан ********** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаанд бичигдсэн цалин 465.433 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бататгаажуулалт хийхийг ********** аймгийн ************-н Ажлын албанд даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нийт 3.526.250 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 71.370 төгрөгийг хариуцагч *************аймгийн **************-н Ажлын албанаас гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ***************-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.526.250 төгрөгийг ************аймгийн **********-н Ажлын албанаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч*****************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.297.415 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар **************-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ************ аймгийн *************-н Ажлын албанд үүрэг болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нийт 3.526.250 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 71.370 төгрөгийг хариуцагч ************** аймгийн ***************-н Ажлын албанаас гаргуулж, төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
     


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ