Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 201/МА2024/00007

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, ерөнхий шүүгч Г.Уртнасан, шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2023/01133 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Баясгалан /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: ******* *******" ХХК нь надаас "Caterpillar 3412 DIT" загварын 400 кв хүчин чадалтай цахилгаан үүсгүүрийг 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Цахилгаан үүсгүүрийн үнэ 70 000 000 төгрөгийн урьдчилгаанд 10 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцон урьдчилгаагаа авсан. Худалдагчийн хувьд "Caterpillar 3412 DIT" цахилгаан үүсгүүрийн зарим гэмтлийг "******* ******* тоног төхөөрөмж" ХХК-ийн засварын төвд оношлуулж, материал худалдан авч зарим үйлчилгээг хийлгэснээр хэвийн ажиллагаатай болсныг шалгасны дараа худалдан авагч талд хүлээлгэн өгсөн. Улмаар худалдан авагч тал Дорнод аймгийн Матад суман дахь өөрсдийн уурхай руугаа дээрх цахилгаан үүсгүүрийг авч явсан. Гэрээний 2.3-т зааснаар худалдан авагч нь үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу хоёр хувааж буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 30 000 000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор 30 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон боловч үлдэгдэл төлбөрийг огт төлөөгүй. Баталгаат хугацааны хувьд 176 мото цаг байсныг худалдан авагчийн хүсэлтээр 1 сарын буюу 400 мото цаг байхаар баталгаа гаргаж өгсөн бөгөөд энэхүү үзүүлэлт дуусвал баталгаат засварын хугацаа дуусгавар болохоор гэрээний 3.1-т тодорхой заасан. Гэвч цахилгаан үүсгүүр эвдэрсэн гэх шалтгаанаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөс худалдан авагч тал үндэслэлгүйгээр татгалзаж өнөөдрийг хүрээд байна. Гэрээний 2.5-д "Худалдан авагч тал гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги гүйцэтгэгч талд төлнө." гэж заасан. Нэг хоногийн алдангийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар бодож тооцож үзэхэд 60 000 000 /100*0.1%=60 000 төгрөг болж байна. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тооцоход 683 хоног гарч байна. Үүнийг нэг өдрийн 60 000 төгрөгөөр үржүүлэхэд 40  980 000 төгрөгийн алдангийг худалдан авагч төлөхөөр тооцоо гарч байгаа юм. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу алдангид 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч ******* Хүдэр ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

Үүнд: Манай компани нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 01/19 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг *******тай байгуулж, Caterpillar 3412 DIT загварын 400 кв хүчин чадалтай дизель генератор буюу цахилгаан үүсгүүрийг худалдан авахаар тохиролцсон. Худалдагч нь гэрээний 3.1-д зааснаар 760 мото цагийн баталгаат хугацаа олгож, баталгаат хугацаанд гарсан аливаа эвдрэлийг чанартай, үнэ төлбөргүй засварлах, гэмтэлтэй эд ангийг сольж өгөх, гэрээний 3.2-т тоног төхөөрөмжид доголдол илэрвэл худалдагч нь ажлын 7 хоногийн дотор доголдлыг газар дээр нь арилгах үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ цахилгааны үүсгүүрийн зарим гэмтлийг ******* ******* тоног төхөөрөмж ХХК-ийн засварын төвд оношлуулсан, материал худалдан авч хэвийн ажиллагаатай болсныг шалгасны дараа худалдан авагчид хүлээлгэн өгсөн гэсэн тайлбар гаргасан нь огт ор үндэслэлгүй байна. Учир нь гэрээгээр худалдсан цахилгаан үүсгүүр нь 2004 онд үйлдвэрлэгдсэн маш хуучин тоног төхөөрөмж байсан ба манай компани гэрээнд заасан урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийг худалдагчид төлж, хаа хол Улаанбаатар хотоос өөрийн зардлаар уг тоног төхөөрөмжийг тээвэрлэн 2019 оны 11 дүгээр сарын 20-нд өөрийн уурхайд авчирсан. Аваачсан даруйдаа манай компанийн баяжуулах үйлдвэрийн инженер *******, холбогдох хүмүүс дизель генераторыг шалгаж акт тогтоосон бөгөөд моторын тос, тосны шүүрийг нь солиогүй, антифриз нь дундарч, бохирдож өнгө нь ялгагдахааргүй болсон байсан. Үүнээс гадна агаар шүүгч нь муудсан, аккумляторын гадар хагарсан, түлшний танк бохирдсон, доороо тунадастай зэрэг маш их доголдолтой байсан. Ингээд энэ доголдлын талаар худалдагч *******ад утсаар хэлэхэд тэрээр би тос масло солиулсан гээд гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 13, гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тос масло сольсон гэх баримтуудыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* ХХК-ийн эдийн засагч, нягтлан *******д и-мэйлээр ирүүлсэн байдаг.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр генераторын хөдөлгүүрийг асааж, 155 квт-тай 1 цахилгаан хөдөлгүүрийг залгахад генератор ачаалал их авч байсан. Хөдөлгүүрийг ажиллуулж байхад аваарын дохиолол ажилласан тул унтраасан ба шалгаж үзэхэд хаазны цахилгаан регулятор эвдэрсэн байсан. Бидний зүгээс энэ талаар худалдагчид утсаар хэлж гэрээний зүйлийн доголдлыг арилгахыг шаардахад худалдагч ******* нь сэлбэгийг захиалсан гэж утсаар хэлсэн. ...

Бидний зүгээс ҳудалдагч ******* руу холбогдож эвдрэлтэй цахилгаан үүсгүүрээ ирж ав, бидний урьдчилгаа төлбөрийг буцааж өг гэсэн боловч тэрээр та нар аваад ир гэсэн. Цахилгааны үүсгүүрийг дахин Улаанбаатар хот луу тээвэрлэхэд их хэмжээний зардал гарах ба уурхайн ажил ихтэй тул аваачиж өгөх боломжгүйгээ хэлсэн. ... Одоогоор уг эвдрэлтэй цахилгаан үүсгүүр нь манай компанийн уурхай дээр ямар ч ашиглагдах боломжгүй байдалтай 2 жил болж байна. Ийнхүү гэрээгээр худалдсан дизель генераторын цахилгаан регулятор нь эвдэрсэн, хөдөлгүүр нь асахгүй, олон тооны сэлбэг эд анги нь доголдолтой байсныг Иргэний хуулийн 251.1-д зааснаар уг тоног төхөөрөмж биет байдлын доголдолтой гэж үзнэ. Худалдагч нь гэмтэлтэй эд ангийг сольж өгөөгүй, худалдсан цахилгаан үүсгүүрийн доголдлыг арилгаагүй тул гэрээний 3.1, 3.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Манай компани ямар ч ашиглах боломжгүй, доголдолтой тоног төхөөрөмжийн үнийг худалдагчид төлөх үүрэггүй ба харин ч урьдчилгаа төлбөр болон тээврийн зардлаар хохирч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60 000 000 /жаран сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, ... шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт Гэрээнд зааснаар хөрөнгийг шалгах, туршилт хийж авах үүрэг нь худалдан авагч талд байсан байна. Түүнчлэн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүрэгтэй байсан бөгөөд дээрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Caterpillar 3412 DIT цахилгаан үүсгүүрийг хэвийн хэмжээнд ажиллаж буй эсэхийг шалгахын тулд тухайн үүсгүүрийн хүчин чадлын хэмжээний хэрэглэгчид залгаж үзэх ёстой. Гэвч анх Улаанбаатар хотод шалгах үед ийм хэрэглэгчид залгаж, хүчин чадлыг шалгаагүй. Тухайн газар нь тийм хэмжээний хэрэглэгч байгаагүй учир шалгаж чадаагүй, зөвхөн асаж байгаа эсэхийг нь шалгаад уурхай руу ачуулсан. Уурхай дээр ирэхэд нь хэрэглэгчид залгахад ачаалал дийлэхгүй ашиглах боломжгүй байсан буюу 400 квт-н хүчин чадалтай байж 144 квт-н төхөөрөмжийг ажиллуулж чадахгүй байсан гэж тайлбарладаг.

Мөн шүүхийн шийдвэрт Гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөд илэрсэн доголдол нь эд хөрөнгийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх доголдол байсан талаар болон гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй байсан гэх нөхцөл байдлуудыг хариуцагч тал шүүхэд баримтаар нотолж чадаагүй болно. Иймд хариуцагч нь худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох Caterpillar 3412 DIT цахилгаан үүсгүүрийн үнэ 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч *******ад төлөх үндэслэлтэй гэж үзлээ хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнд Caterpillar 3412 DIT цахилгаан үүсгүүрийн чанар байдлын тухай тусгаагүй. Гэхдээ худалдан авагч ******* ******* ХХК нь тухайн цахилгаан үүсгүүрийг өөрийн компанийн уурхай дээр тоног төхөөрөмж ажиллуулах цахилгаан гаргах зорилгоор худалдаж авсан. Гэвч уг цахилгаан үүсгүүр нь зориулалтын дагуу ажиллуулах боломжгүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Худалдагч ******* нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учир худалдан авагч нь Caterpillar 3412 DIT цахилгаан үүсгүүрийн үнийг төлөх үүрэг хүлээхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

5. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ... Гэрээнд худалдагч өөрөө засварлаж өгөхөөр заасан. ... Доголдлоо арилгаагүй тул бид мөнгө төлөхгүй. ... гэв.

6. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Т.Баясгалан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх хуралдаан хуулийн дагуу явагдсан. Доголдолтой гэдэг зүйлийг аль аль тал ярихгүй байхаар болсон. Бүхэлдээ доголдолтой байгаа эсэх талаар анхан шатны шүүх хуралдаан дээр асуусан. Тэгэхэд асаагч нь доголдолтой байгаа гэж хариулсан байгаа. Мөн нэг утас тасарсан байсан ба үүнийг нь хариуцагч талыг захиалчих. Надад өгөх мөнгөнөөс хасаад өгчих гэдэг талаар нэхэмжлэгч мэдэгдэж байсан. ...Эвдэрсэн гээд байгаа зүйл нь ойролцоогоор 1.5 сая орчим төгрөгийн үнэтэй зарагддаг асаагч нь эвдэрсэн юм шиг байна лээ. Энэ мөнгийг хасаж тооцоод үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх саналыг хүргүүлсэн. Хүлээж аваагүй. Нэхэмжлэгч талаас арга ядаад эргээд Улаанбаатар хотод аваад ирчих засварлаад өгье гэж хэлсэн боловч зардал өндөр гэдэг шалтгаанаар одоог хүртэл авчирч өгөөгүй 3-4 жилийн нүүрийг үзэж байна. ... Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байна. ... гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүрэг 90 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан тус компанитай 2019 оны 10 сарын 25-ны өдөр байгуулсан 01/19 дугаартай Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу "Caterpillar 3412 DIT" загварын 400 кв хүчин чадалтай цахилгаан үүсгүүрийн үлдэгдэл төлбөр 60 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч, ... нэхэмжлэгчийн худалдсан цахилгаан үүсгүүрийг тухайн үедээ асааж үзээд хүлээн авсан боловч уурхай дээр авчиран шалгахад цахилгаан регулятор нь эвдэрсэн, хөдөлгүүр нь асахгүй, олон тооны сэлбэг эд анги нь доголдолтойн улмаас ашиглах боломжгүй, доголдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч доголдлыг арилгаагүй тул тоног төхөөрөмжийн үнийг төлөх үүрэггүй. ... гэх үндэслэлээр маргажээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан буюу худалдах худалдан авах гэрээний үүрэг, эд хөрөнгийн доголдлын талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

5. Хэргийн материалаас үзэхэд, нэхэмжлэгч хариуцагч нар Caterpillar 3412 DIT загварын 400 кв хүчин чадалтай цахилгаан үүсгүүрийг 70 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон, урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 30-нд 30 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-нд 30 000 000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсоны дагуу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 01/19 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Түүнчлэн худалдан авагч тал болох ******* ******* ХХК нь гэрээгээр тохирсны дагуу цахилгаан үүсгүүрийн нийт үнээс 10 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн, мөн худалдан авсан хөрөнгөө 2019 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авсан, үлдэгдэл төлбөр 60 000 000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй үйл баримт тогтоогдсон байх ба энэ талаар зохигч талууд маргаагүй.

6. Нэхэмжлэгч талаас ... цахилгаан үүсгүүрийн зарим гэмтлийг худалдахаас өмнө оношлуулж, материал худалдан авч үйлчилгээг хийлгэн хэвийн ажиллагаатай болгон шалгасны эцэст худалдан авагч талд хүлээлгэн өгсөн. ... гэж, хариуцагч талаас ... нэхэмжлэгчийн худалдсан цахилгаан үүсгүүрийн цахилгаан регулятор нь эвдэрсний улмаас хөдөлгүүр нь асахгүй, олон тооны сэлбэг эд анги нь доголдолтой байсан, энэ талаар худалдагч талд мэдэгдсэн боловч доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй тул үнийг төлөхгүй. ... гэж тус тус мэтгэлцсэн нь талуудын хооронд үүссэн маргааны үндэслэл болжээ.

7. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар гэрээний зүйл болсон цахилгаан үүсгүүр нь 2004 онд үйлдвэрлэгдсэн, өмнө нь ашиглагдаж байсан хуучин тоног төхөөрөмж байсан, мөн нэхэмжлэгч цахилгаан үүсгүүрийг худалдахаас өмнө засвар үйлчилгээ хийж хэвийн ажиллагаатай болгосон, мөн хариуцагч 2019 оны 10 сарын 25-ны өдөр цахилгаан үүсгүүрийг нэхэмжлэгчээс хүлээн авах үедээ асааж үзсэн боловч уг тоног төхөөрөмжийн чанар байдлын талаар харилцан акт үйлдээгүй, гэрээнд энэ талаар тусгаагүй талаар талуудын хэн алин нь үгүйсгээгүй байна.

8. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасны дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ худалдан авсан эд хөрөнгийг нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол доголдлыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, доголдлыг арилгуулах шаардах эрхээ алддаг.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.3, 4.2.4-т тус тус зааснаар худалдан авагч тал уг цахилгаан үүсгүүр нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой буюу техникийн тодорхойлолтыг хангаж буй эсэхийг баталгаажуулах зорилгоор шалгаж, туршилт хийсний эцэст хүлээн авах үүрэгтэй атал уг үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь цахилгаан үүсгүүрийг хүлээн авснаас хойш илэрсэн доголдол нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу бүхэлдээ биет байдлын доголдолтой байсан, уг доголдол гэрээ байгуулах үед байсан болохыг шүүхэд нотолж чадаагүй байх тул хариуцагчийн гаргасан ... гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө биет байдлын доголдолтой байсан. ... гэх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч гэрээгээр тохирсны дагуу цахилгаан үүсгүүрийн үнэ 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч *******ад төлөх үүрэгтэй байх ба нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 30 000 000 төгрөгийг хариуцагч хүлээх үндэслэлгүй гэж үзэн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 138/ШШ2023/01133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Г.УРТНАСАН