Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 127

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                  

             

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Г.Э-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Г-ийн Э-од холбогдох 19100010500000 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 15 дугаар гудамж 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт Г-ийн Э-,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э-нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Т-тэй маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Э-оос: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Н.Т-ийн “...нэг ухаан орсон чинь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа спорт цогцолборын ертөнцийн зүгээр ард талд эзэнгүй хашааны тэнд Э- намайг зодож байсан тэгэхээр нь чи яагаад намайг зодоод байгаа юм гэсэн чинь чи намайг машинаас түлхэж унагаасан гээд байсан тэгээд байж байтал цаанаас Ганцэцэг машинтай ирэхээр нь бид хоёр машинд суусан. Би машины хойно сууж явж байхдаа Э-оос яагаад намайг зодсон юм гэхэд чи намайг машинаас унагаасан гээд байсан тэгэхээр нь за яахав машины чинь дугаар 2655 билүү гэсэн над руу уурлаж урд талын суудлаас босож ирээд намайг цохиод зодоод эхэлсэн тэгээд гэрийн гадаа ирээд чи намайг ганц цохьчих гээд байсан тэгэхээр нь би чамайг цохихгүй гээд гэрлүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

 

Гэрч Г.Ганцэцэгийн “...манай нөхөр машинаа зогсоо гээд байсан тэгсэн чинь машины хаалга онгойсон тэгэхээр нь би зогссон чинь манай нөхрийг Төгөлдөр машинаас түлхээд унагасан тэгэхээр нь хөөе явъя гэсэн чинь манай нөхөр чи Намжилмааг хүргэж өгчихөөд хүрээд ир гэхээр нь би Намжилмаа, Бүжинханд нарын хамт яваад өгсөн. Би Намжилмааг хүргэж өгчихөөд буцаад ирсэн чинь тэр хоёрын хувцас нь аймар шороо болчихсон Н.Т-ийн нүүр цус, Г.Э-ын дух нь цус болсон байдалтай байсан тэгэхээр нь тэр хоёрыг машинд суулгаад явж байсан чинь Төгөлдөр машины урд суучихаад шүлсээ хаяад машины дугаар хэлээд үг хаяад байсан. Манай нөхөр Н.Т-тэй дахин машин дотор зодолдоод байхаар нь би машинаа зогсоосон, машинаас буугаад зодолдоод эхэлсэн тэгэхээр нь салгаад буцаж машинд суулгаад Н.Т-ийг гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

 

Гэрч М.Бүжинхандын “...Э- Ганцэцэгийг машинаа зогсоо гээд байсан тэгсэн чинь машины хаалга онгойсон тэгэхээр нь би эргээд харсан чинь машинаас Төгөлдөр Э-ыг гараараа цохиод гаргасан. Э- бид нарыг Намжилмааг хүргэж өгчихөөд хүрээд ир гэхээр нь тэр хоёрыг тэнд нь үлдээгээд явсан. Намжилмааг хүргэж өгчихөөд хүрээд ирсэн чинь тэр хоёр зодолдчихсон хамаг хувцас нь шороо болсон байдалтай Төгөлдөр газар суучихсан нүүр нь цус болчихсон, Э- зогсоод байж байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг машинд суулгасан тэгээд Төгөлдөрийг хүргэж өгөхөөр гэр лүү нь явж байтал тэр хоёр маргалдаад эхэлсэн тэгээд машин дотор зодолдоод байхаар нь машинаа зогсоосон чинь тэр хоёр машинаас буугаад нэгнийгээ цохиод байгаа юм уу заамдаад байгаа юм уу гэмээр барьцалдаад байхаар нь салгаад буцаж машинд суулгаад Төгөлдөрийг гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

      Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дугаар  сарын 03-ны өдрийн шинжээчийн №958 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд    Шүүгдэгч Г.Э-нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...намайг цохиод авахаар нь би эхнэрийг машинаа зогсоо гэж хэлээд зогсоогоод машинаас Төгөлдөртэй барьцалдаад буусан тэгээд би эхнэрийг Намжилмааг хүргэж өгчихөөд хүрээд ир гээд Төгөлдөртэй хамт тэндээ үлдсэн тэгсэн чинь Төгөлдөр намайг гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд гараараа цохиод газар унагаад нүүр лүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр барьцалдаж байж байгаад салаад байж байтал манай эхнэр ирж бид хоёрыг  машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед Н.Т- машины ард суучихаад шүлсээ хаяад машины дугаар хэлээд би чамайг хаанаас ч олно гэх мэтээр үг хаяад байхаар нь би эргэж хараад машины хойно сууж байсан Төгөлдөрийн цээж лүү нь гараараа цохьсон тэгээд бид хоёр дахин барьцалдаж машинаас буусан Төгөлдөр надтай барьцалдаж байх үедээ газар унахаар нь би нуруу руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгсэн чинь манай эхнэр бид хоёрыг салгаад машинд суулгаж авч яваад Н.Т-ийг гэрт нь хүргэж өгсөн. Манай эхнэр болон эхнэрийн найзыг доромжлоод намайг гараараа хацар руу цохьсон учраас би Н.Т-ийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохиж, газар унасан байхад нь нүүрлүү нь хөлөөрөө 2 удаа, нуруу руу нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/  

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 42 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/

-Боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг /хх-ийн 45-52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Э-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

         Шүүгдэгч Г.Э-нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Т-тэй маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Г.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, гэрч М.Бүжинхандын мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 958 дугаартай “...Н.Т-ийн биед хамрын ясны цөмөрсөн далд хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэн, баруун нүдний зовхинд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

       Энэ хэргийн шүүгдэгч Г.Э-нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

   Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч Г.Э-нь хохирол төлбөрт 500.000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Н.Т- нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 67 дугаар хуудас/ байх тул Г.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Э-нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Х- овогт Г-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Э-од мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Э-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ